Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#42 | Бидний сэтгэлгээний алдаа

#42 | Бидний сэтгэлгээний алдаа

Бидэнд хүрдэг мэдээ их олон тохиолдолд худал байх нь бий. Гэвч худал мэдээллээс зайгаа бүрэн барьж чадлаа ч тулгарч байгаа асуудалд тохирохгүй хариу үйлдэл үзүүлэх нь түгээмэл үзэгдэл юм. Энэ үед мэдээлэл хэчнээн үнэн байгаад нэмэргүй болж, чихний хажуугаар чухал мэдээлэл дэмий өнгөрч, салхинд туугдана. Үүний учир нь та бидний ургуулан бодох чадвар сайн байж болох ч бодитоор тооцоолох чадвар их муу байдагт оршино.

Жишээ нь бид дэлхийг идэж барахааргүй их том гэж боддог. Сансар луу хүн нисгэсний дараа, дэлхийг гаднаасаа эрхий хуруугаар дарах хэмжээний жижигхэн байсан гэж сансрын нисгэгч Нейл Армстроны хэлсэн үг бий. Энэ хэлснийг нь батлах харанхуйд бяцхан цэнхэр толбо чинээ харагдах дэлхийн фото зураг олон байх ч тэр зураглал хэзээ ч бидний толгойд жинхнээсээ буусан удаагүй. Хэнбугайн ч толгойд дэлхий бол хязгааргүй уудам мэдрэмжийг төрүүлдэг. Магадгүй нэг онгоцоор дэлхийг бүтэн тойроод харуулах захиалгат аялал байдаггүй учраас юм болов уу? Манай гэрээс Хөвсгөл нуур хүртэл машинаар явбал өдөртөө лав хүрэхгүй. Хархорумаас Улаанбаатар орох гэж оройдоо гарч шөнөжин тайван боловч зогсолтгүй явахад өглөө үүрээр нэг юм орж ирж байсан юм. Гэтэл Хархорумаас Улаанбаатар хүртэлх зай нь дэлхий байтугай түүний 7 тив, тэр дундаас Ази тив дотроо ч өчүүхэн багад тооцогдох, ердөө л Монгол улсын дунд хавьцаа орших хоёр цэгийн хоорондох урт билээ. Иймд дэлхий бидний сэтгэлд их томоор буух нь аргагүй юм.

Одоо харин өөр өнцгөөс харж үзье. Манай байшингаас миний амьдардаг гудамжны эцэст байдаг шуудангийн газрын хоорондын зай 10-аад км. Дугуйгаар явахад ойролцоогоор 25 минут зарцуулдаг, харин машинаар явбал 9-10 минутын дотор хүрнэ. Алхвал… цаг 30 минут л зарцуулна байх. Харин энэ хөндлөн замыг хэрвээ босоо болгоод намайг эгц дээшээ дугуйтай явж байна гэж төсөөлвөл би 25 минутын дотор дугуйтайгаа Эверест оргилд хүрч чадна. Түүгээр ч зогсохгүй, тэр оргилоос дээш 1 км гаруй газрыг туулсан байх болно. Ердөө 25 минутын дотор би дэлхийн хамгийн өндөр цэгээс дээш өндөрлөгт давхиж явахдаа амьсгалах аргагүй болж багтарч эхлэх юм. Хэрэв тусгай амьсгалын багажгүй бол хэт бага агаарын даралтын улмаас минутын дотор хүчилтөрөгчийн дутагдалд орж баттай ухаан алдах юм аа. Энэ цэгийн яг дээд талд озоны давхарга орших ба хэрэв тэнд очиж үзвээс бүх амьд биетийг дотроо хадгалж байгаа дэлхийн гадаад давхарга газрын гадаргаас 25 минутын л зайд оршдгийг мэдэх боломжтой. Дэлхий тэгэхээр бидний бодсон шиг тийм ч уудам, уужуу ертөнц биш бололтой.

Бидний төсөөлөл ихэнх тохиолдолд тийм ч оновчтой байдаггүй. Би Америкийн хэмжих систем хэрэглэх болсноос хойш 1 миль газрыг хэдийгээр ойролцоогоор 1.6 км-тэй тэнцүүг мэддэг ч одоо хэрнэ 6.5 миль газрыг 10 км гэж шууд төсөөлж чаддаггүй юм. 10 км, 11 км хоёрын хоорондохыг метрлэхгүйгээр ялгах баримжаа ч надад байхгүй. Дэлхийгээс нар хүртэл 150 сая км зайтай гэдэг мэдээ бий. Гэхдээ энэ хэмжээ таны толгойд бууж байна уу? Уг зайг 150 биш 151 сая болчихвол бидэнд хэр өөр сонсогдож байна? 150 сая 151 сая км хоорондоо бараг ялгаагүй сонсогдож байгаа биз. Тэгвэл энэ хоёр тооны зөрүү болох 1 сая км тийм бага зай гэж үү? Амьдрал дээр танил чинь хүрч ирээд “Би чамаас 1 сая км-ийн зайд амьдардаг” гэж хэлвэл найз чинь дэлхий дээр амьдардаг байх ямар ч боломжгүй. 1 сая км тийм л хол зай.

Бага ангид 1 литрийг 1000 см куб-тэй тэнцүү гэж бид бүгдээрээ л заалгацгааж байсан. Тэгвэл 10 литр хэдэн см куб вэ? (Хариугаа 10 сек-ын дотор явуулаад үзээрэй, таныг алдана би гэж мөрийцье). Энэ хэмжигдэхүүнийг их сургуульд байгалийн шинжлэх ухаанаар мэргэших болсон хэдэн оюутнаас бусад нь мартчихсан байдаг, тийм биз? Тэгвэл ядаж дунд ангийн химийн хичээл дээр pH-ийн тухай үзэж байснаа санаж байгаа байх. 1-14 хүртэлх заалтаар шингэн бодисыг хэр шүлтлэг эсвэл хэр хүчиллэг гэдгийг хэмжих энэ нэгж усны pH-ийг 7-той тэнцүү гэдэг. Хэрэв 7-оос их pH-тэй бол шүлтлэг, харин 7-оос доош бол хүчиллэг болно гэж багш наснаасаа олон хэлж байсан. Хүчиллэг гэх үгийг харин сонсох болгонд “хүчиллэг бороо” санаанд ороод байдаг юм. “Үс чинь халцарч унана шүү” гээд бороонд норж чаддаггүй гэж Солонгосчуудын тухай багш нар их ярьдаг байсансан. Энгийн борооны ус 5.6 pH-тай байна, харин хүчиллэг борооных 4.2-4.6 байдаг. Хэрэв борооны усыг 5.6 гэж, хүчиллэг борооны усыг 4.6 гэдэг юм бол энэ хоёрын хоорондох хүчиллэгийн зөрүү 1 болж байна. Гэхдээ энэ тоо юуг илэрхийлж байгаа юм бэ? Борооны ус хэр зэрэг хүчиллэг болоход түүнийг “хүчиллэг” гэж нэрлэх вэ? гэж та асуух хэрэгтэй. 1 гэдэг тоо их сонсогдохгүй байгааг мэдэж байна, гэхдээ бодит амьдрал дээр 4.2-4.6 pH-тай борооны ус 5.6 pH-тай уснаас 10-14 дахин хүчиллэг байдаг юм. Харин одоо их ялгаатай сонсогдож байгаа биз?

Иймэрхүү буруу тооцоолон төсөөллийн үр дүнд сонины гарчигт “2100 он гэхэд дэлхий 2 градусаар хална” гэдгийг уншаад инээд чинь хүрэх болно. Өглөөгөөс орой хүртэлх температур 10 байтугай градусаар хэлбэлзэлж, Улаанбаатарын хаврын өглөө шуурч байснаа өдөр нь бороо орж, тэр нь цас болоод, шөнө нь мөстөж хонодог өдрүүдээ та магадгүй бодож эхлэх биз. Нөхөд өө! Бидний сэтгэлгээ бол гамшиг. Зарим тохиолдолд хэчнээн боловсрол эзэмшлээ ч угаас сайтар бодож үзэхээс нааш төсөөлөгдөх боломжгүй зүйлс их бий. Үр дүнд нь “далайн түвшин 90 см-ээр ихэссэн байна” гэхэд жилийн хур тунадасны хэмжээ угийн л тиймэрхүү байдаг шүү дээ мэтийн зүйл бодоод суух хүмүүс хэтэрхий олширч байна. Миний төсөөлөлд чинь нэмэрлэж чадах зүйл бол 90 см гэдэг жирийн нэг өдөр далайн эрэг дээр сууж байхад чинь гэнэт харагдах усны түвшин одоо байгаагаасаа 90 метрээр нүдэн дээр чинь өсөх их хэмжээний усыг илтгэж байгаа юм.

Харин одоо цаг хугацааг ярихгүй өнгөрч болохгүй. 2100 оны тухай хангалттай их сонслоо. Энэ бол бидний амьдралд хамааралгүй, ирээдүйд байгаа он цаг. Яг л хэзээ ч болохгүй юм шиг. Энэ он цагт болох зүйлсийг бид өдөр тутмын машинууд нисдэг болох, роботын эрин үе эхлэх, магадгүй хоосон агаараас хүнс гаргаж авах гэх мэтээр төсөөлнө. 2100 байтугай 2050 оны талаар ярихад энэ нь яг л далайн нөгөө талд байдаг хэний ч мэдэхгүй, мэдээд ч хэрэггүй нэг жижигхэн орны эзэн хааных нь ариун цэврийн өрөөний суултуурны талаар ярьж байгаа мэт хол санагддаг, тийм биз. Хэрэв надад 2050 онд муу зүйл тохиолдоно гэж хэн нэгэн хэлсэн бол би ч бас л хэсэг бодож байгаад хаячих байсан байх. Гэхдээ 2050 он бүр 2100 он ч гэсэн бидний ихэнхийн хувьд амьдралын маань нэг хэсэг болох нь тодорхой. Төрөөд үхэхийн хооронд л бид 2100 оныг үзэх болно. Хүн төрөлхтөн үүссэнээс хойшхи 195 мянган жил дэлхийн насны 0.0004%-тай тэнцүү. Харин нэг хүний амьдрал тэр 0.0004 хувийнх нь хорин мянганы нэгтэй тэнцүү. Ийнхүү бодоод үзвэл 2100 он хүртэлх хугацаа бидний бодсон шиг тийм ч урт биш.

Бидэнд хийх зүйл дэндүү их, харин хугацаа маш бага үлдээд байна.

#43 | Подкаст | Шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх лекц

#43 | Подкаст | Шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх лекц

#41 | Том Цэнхэр

#41 | Том Цэнхэр