Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#50 | Бид хэнээр дурсагдах вэ?

#50 | Бид хэнээр дурсагдах вэ?

Одоогоос 7 үеийн дараах хойч үе маань бидний талаар ийм түүхийг өгүүлээсэй гэж хүснэ.

“Эрт урьдын цагт урьд өмнө үзэгдэж байгаагүй аюулыг олж харсан нэг үеийн хүмүүс амьдран суудаг байжээ. Тэд уг аюулт бэрхшээлтэй цуцалтгүй тэмцэж, дэлхийг хойч үедээ өвлүүлж үлдээхдээ амьдрахад аль болох аюул багатай байхаар тооцоолж, нөөцийн хомсдлоос үүсч болох ирээдүйн дайнаас урьдчилан сэргийлэхийн тулд арвилан гамнаж, эрх чөлөө болон ардчилсан нийгмийг үр хүүхдүүддээ үлдээсэн гэдэг. Энэ үеийн хүмүүс бол тэдний өмнөх үеийн хийсэн хар гайг арилгахыг зорилгоо болгож, урт хугацаанд алсын хараагаа төвлөрүүлсэн хамгийн онцгой үе билээ. Тэд дэлхийг галд шатаж байхад зүгээр хараад суугаагүй. Тэд богино хугацааны ашиг сонирхолдоо хөтлөгдөөгүй. Тэд бол өнөөдөр бидний амьд байгаагийн шалтгаан юм.”

Хэрвээ 7 дахь үе гэж байх бол, ийм түүх өгүүлэгдэх нь гарцаагүй. Учир нь бид дээрх түүхэнд өгүүлэгдсэн хүмүүс шиг байх нь 7 дахь үе оршин тогтнох шаардлагатай нөхцөл болох юм.

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама цаг уурын өөрчлөлтийг “ёс зүйн асуудал” гэж хэлсэн нь хамгийн оновчтой нэр болсон санагдана. Цаг уурын өөрчлөлт бол нэгэнт зөвхөн байгаль орчны асуудал байхаа болиод улс төр, эдийн засаг болоод орчин үеийн хүн төрөлхтний нийгэм, соёлын оршин тогтнолд заналхийлж буй асуудал болоод удаж байна. Тиймээс дэлхийн дулаарлыг аль категорт хамааруулж ойлгох нь хамаагүй болж, гагцхүү энэ асуудал юуг илэрхийлэх вэ гэдэг илүү чухал асуудал байж мэдэх юм.

Дэлхийн хүнсний эрэлт 2050 онд одоогийнхоос 14%-аар ихсэх төлөвтэй боловч эсрэгээрээ хүнсний нийлүүлэлт 10 жил тутам 2%-аар буурна. Энэ нь өлсгөлөн, хүнсний хомсдол руу дагуулж хүнсний үнийн шок, нийгмийн тогтворгүй байдлыг бий болгох төлөвтэй.
— Scientific American 2019
Далайн түвшний өсөлт болон цаг уурын гэнэтийн өөрчлөлтүүд ихсэх нь дэлхийн зарим нутаг дэвсгэрийг хүн амьдрах нөхцөлгүй болгоно. 2050 оны байдлаар 50-250 сая хүн дэлхийн дулаарлаас болж шилжин суурьших хэрэгтэй болно.
— Scientific American 2019

Өнөөдөр бид цаашид хүн төрөлхтөн болоод зарим соёл хэр удаан амьд байх вэ гэдэг асуултанд хариулах эгзэгтэй үед амьдарч байна. Асуудлын гол нь одоо гаргах дэлхийн дулаарлын шийдвэр бидэнд биш, харин бидний хойно үлдэх, одоо төрөөгүй байгаа хүмүүсийн дэлхий ертөнцөд үйлчлэх хуулийг өмнөөс нь шийдэх учраас үүн шиг хүний эрхэд халдсан дэлхийн хэмжээний өөр асуудал байхгүй биз. Одоо эдийн засгийн өсөлтөнд бүх анхаарлаа хандуулах аваас ирээдүйд арлын орны бүх иргэд цагаачлагч болж орогнуулах нутаг хайж, хоолны хомсдлын улмаас дайн гарч болзошгүй талаар хүчтэй яригдсаар байна. Эдгээр асуудлын дийлэнх нь магадгүй одоо амьд байгаа ихэнх хүмүүст нэг их хамаа байхгүй биз. Эцсийн эцэст бид төд удалгүй үхэх нь үнэн. Харин ирээдүйн үр хойчдоо бид юу үлдээх вэ, тэдэнд хэн болж дурсагдах вэ? Ер нь дэлхийн дулаарал бол хүн төрөлхтний хувьд бидний ёс зүйн үнэлэмж, үнэ цэнэ хаана байгааг тодорхой харуулах орчин цагийн шалгуур гэдгийг бид ойлгох хэрэгтэй.

Өнгөц харвал улс орон бүр энэ асуудлыг хайхарч байгаа мэт харагдана. Дэлхий нийтээрээ дэлхийн дулааралтай тэмцэнэ гэж НҮБ-аас олон улсын хурал зохион байгуулж улс орнууд гарын үсэг хэд хэдэн удаа зурсан байх нь бий. 1992 оны НҮБ-ын Цаг Уурын Өөрчлөлтийн Конвенц анх Рио Де Жанерод байгуулагдсан билээ. Ийнхүү Киотод 1997 онд анхны хэлэлцээр хийгдэж, дараа нь Копенхагенд 2009 онд, сүүлд 2015 онд Парист 155 гаруй орон цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхээ амлаж гарын үсэг зурсан ч тодорхой үр дүнд хүрэхгүйгээр барахгүй, хүлэмжийн хийн 24%-ийг дангаараа ялгаруулсан АНУ сүүлд нэрээ татан авч, оролцохгүйгээ мэдэгдсэн нь бид энэ ёс зүйн шалгалтанд унаж байгааг илтгэнэ. Гэтэл өнөөгийн дэлхийн дийлэнх орнуудын үндсэн баримталдаг үнэт зүйлс нь “энх тайван”, “хүний эрх”, “ардчилал”, “эрх тэгш байдал”, “нийгмийн хариуцлага” гэх юм. АНУ өөрийгөө Вьетнамын дайнаас эхлээд өнөөдрийг хүртэл дэлхийн хаана дайн болж байна тэнд явж байдгийн шалтгаан нь дэлхийн томоохон орны хувьд нийгмийн хариуцлага, энх тайвны төлөө хийх ёстой зүйлээ хийж байна гэж зөвтгөдөг атал ёс зүйн маш энгийн ийм асуудалд тийм хариу өгч байгаа нь уг орны хүний эрх тэгш байдал болон хариуцлагын төлөө хэр их санаа зовдгийн гашуун үнэнийг харуулах ажээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жеорж Буш, Билл Клинтон, Барак Обама, Доналд Трампын удирдлага дор Афганистаны дайн 17 жил үргэлжилж байна. Обама Ирак болон Афганистаны дайныг дуусгавар болгохоо амласан боловч дахин сонгогдсоныхоо дараа дайныг үргэлжлүүлсэн. Доналд Трамп Афганистаны дайныг “утгагүй алан хядалт” гэсэн боловч 4000 нэмэлт цэрэг ерөнхийлөгч болсныхоо дараа явуулсан.
— Finn 2018

АНУ-ын энэхүү жишээ нь зөвхөн Доналд Трампаас хамаарсан бодлогогүй, сахилгагүй, саяхан тохиолдоод өнгөрсөн асуудал биш. Одоогоос 10 жилийн өмнөх 2009 оны Копенхагений уулзалтын үр дүнд ч мөн улс орнууд дэлхийн дундаж температурийг 2С градусаас дээш өсгөж болохгүй буюу дээд хязгаарыг 2С градуст барина гэж шийдвэрлэсэн билээ. 2С градус их сонсогдохгүй байж мэдэх юм. Харин Энэтхэгийн далайд оршдог жижигхэн арлын орон болох Мальдивын ерөнхийлөгч Мохамед Нашийд хэлэхдээ 1.5С градусаас хэтрэх л юм бол өөрийнх нь улс тэр чигтээ далайд живэх бөгөөд иргэдийнх нь хувьд энэ бол “цаазын ял” гэсэн байдаг юм.

Гэхдээ тэрээр хязгаарыг 1.5С болгож чадаагүй. Энэ нь АНУ болон Европын хөгжингүй улс орнуудын “эдийн засгийн өсөлт” гэдэг гуравхан үгээр тайлбарлагдах байр суурьнаас үндсэндээ үүдэлтэй.

Anything above 1.5 degrees, the Maldives and many small islands and low-lying islands would vanish. It is for this reason that we tried very hard during the course of the last two days to have 1.5 degrees in the document. I am so sorry that this was blatantly obstructed by bid-emitting countries.
— Mohamed Nasheed, President of the Maldives
[The draft text] asks Africa to sign a suicide pact, an incineration pact in order to maintain the economic dominance of a few countries. It is a solution based on values, the very same values in our opinion that funneled six million people in Europe into furnaces.
— Lumumba Stanislaus Di-aping, lead negotiator of the G-77 group of developing countries

Ёс зүйн доройтол.

Тухайн хүчирхэг орнууд 1.5С градусаар яагаад хязгаараа тогтоогоогүйг магадгүй нэг л зүйл тайлбарлаж чадна байх. Өмнөх “Амь” эсээнд дурьдсан шиг хүн төрөлхтний номер 1 зорилго ХЭЗЭЭ Ч хүний тэгш эрх байгаагүй. Үүнийг бид ёс зүйн доройтол гэж нэрлэж болно. Бидний хуулийн систем “хүн алсан бол шоронд суух” гэх мэтчилэн хариуцлагыг алан хядагчаар хүлээлгэдэг шугамаар ажилладаг боловч олон улсын хэлэлцээр энэ зарчмаар хэзээ ч амжилттай болоогүй нь их сонин. Энэ нь улс орнуудын ёс зүйн хандлага хүн төрөлхтний сайн сайхан буюу ирээдүйгээ бодсон нийтийн төлөөх нэгдмэл үнэт зүйл дутсаных биз ээ. Тийм ээ, ирээдүйн иргэдийн төлөөх шийдвэрийн улмаас өнөөдөр зарим бизнесүүд хаалгаа барих дээрээ тулна. Зарим нь ажил хаялт зарлана. Зарим улс нүүрс авах оронгүйгээс болоод экспорт нь тэгийг заана. Зарим нь улам ядуурч, хоосрох дээрээ тулна. Гэвч эдгээрийн тэнцвэрийг, ялангуяа баян хоосны ялгааг бууруулах, ажилгүйдлийн тэтгэмж олгох гэх мэт үүргийг гүйцэтгэх төр гэж анхнаасаа яагаад байдаг билээ? Эдгээр шалтгаануудын аль нь ч дэлхийн дулаарлын эсрэг босоод тэмцэхийг зогсоох ёс зүйн хангалттай шалтгаан болж чадахгүй байна. Та хар даа, дэлхийн атмосфер бол бүх хүний дундын өмч юм. Өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх хүний. Өнөөдөр халуун шүршүүрт орох, машин барих, гэртээ халаагууртай байх гээд маш энгийн зүйлс тэдгээрийг яг адилхан хэрэглэх эрхтэй өөр хүмүүсийн амьдралыг шалтгаангүйгээр үгүй хийж байгааг та бид яаж зөвтгөх вэ?

Ирээдүйд төрсөн хүмүүс магадгүй доорх түүхийг өгүүлэх байх.

“Эрт урьдын цагт бидний өвөг дээдэс жаргалтайгаар амьдран суудаг байсан юм. Тэдэнд дутагдаж гачигдах зүйл байсангүй. Тэд шийдвэр гаргах хүчтэй болсон цагтаа богино хугацааны таашаал, амархан амьдрахыг зорилгоо болгосон учир өөрт нь бага ч гэсэн төвөг удсан бүхнийг урт хугацаанд ямар хор уршигтайг нь мэдсээр байж хүлээж авч чаддаггүй байв. Тэд наргиан цэнгээн бүтээхэд нөөцөө ашиглаж, бас хоорондоо хэн нь хамгийн их дайнд хэрэглэгдэх сайн буу бүтээхээ үзэлцэж уралддаг байлаа. Магадгүй тэд ирээдүйд дайн болно гэдгийг мэдсэн учраас биднийг нөөцгүй ч гэсэн сайн зэвсэгтэй байгаасай гэж хүссэнийх биз. Нэг үгээр хэлбэл тэд хамгийн сул, эрх дураараа жиргэсэн үе байсан бөгөөд хэчнээн тэрбум хүн тэдний уршгаар тарчилж зовж, залуугаараа үхсэн байлаа ч нүүрэндээ гэмгүй инээмсэглэл тодруулан амьдарч чадсан гэдэг юм билээ.”

#51 | Асаалттай Мод From Paradise To Hell

#51 | Асаалттай Мод From Paradise To Hell

#49 | Бүсээ чангалах цаг айсуй.

#49 | Бүсээ чангалах цаг айсуй.