Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#48 | Нохой, муур бас эмэгтэй

#48 | Нохой, муур бас эмэгтэй

Хүн төрөлхтний, тэр дундаа Барууны түүхэнд шашин, философийн хувьд хоёуланд нь ертөнцийг хоёр хуваана. Эрэгтэй ба эмэгтэй. Хүн ба байгаль. Эхнийх нь хоёр дахиа захирах агаад энэ соёлын тэгш бус байдал өнөөг хүртэл амьд сэрүүн. Ихэнх соёлд эмэгтэйчүүд гэр орон, үр хүүхдээ харахад илүү үүрэг хүлээх ба тэднийг “сэтгэл хөдлөлтэй”, “асрагч”, “тэтгэгч” гэх үгнүүдтэй холбож ойлгодог байна. Эмэгтэйчүүд засгийн газар, бизнес, өндөр албан тушаалд маш бага хувиар, харин доогуур цалинтай, доод статусын ажилд маш их хувиар хөдөлмөр эрхэлдэг ажээ. Хөвгүүдийг “охин шиг” гэж дуудахыг бүх хүмүүс “сул дорой”, “хүчгүй”, “өөртөө итгэлгүй” гэх үгстэй автоматаар холбон ойлгож, доромжлол гэж хүлээж авдаг.

S&P 500 компаниудын 4% нь л эмэгтэй CEO-той.
— Дэлхийн Банк (2016)
АНУ-ын компьютерийн систем, програм хангамжийн ажиллах хүчний 31.5%-ийг л эмэгтэй ажилчид бүрдүүлдэг.
— Department of Labor (2016)

Энэ хорвоо дээр эмэгтэй хүн болон байгаль хоёр бол хэрэглэгдэх эд зүйл мэт үзэгддэг. Хүн болон түүний иргэншил байгалийг эд зүйл гэж үздэг шиг эрэгтэй хүн болон түүний “хүч” нь эмэгтэйчүүдийн эмэгтэйлэг чанараас дээгүүр үнэлэгдэнэ. Эмэгтэйчүүд бол яг л амьтан шиг агнагдаж, араас нь элдэж хөөж байж авч, эдэлж хэрэглэгдэх эд зүйл, эр хүн юм хийснийхээ төлөө авдаг шагнал юм. Сайтар бодож үзвэл эмэгтэй хүнийг хүн биш амьтан шиг үздгийг илэрхийлэх олон хэрэглүүр үгс бий - “birds” (шувуухай), “chicks” (ангаахай), муужгай, “bitches” (гичий), “vixens” (өлөгчин). Эмэгтэйчүүдийг ийнхүү “амьтанчлах” нь соёлын нэгээхэн хэсэг, энгийн үзэгдэл болсон тул эдгээр үгсийг хэрэглэхдээ одоо болон хойч үе яг юуг юугаар төлөөлүүлж хэлээд байгаагаа бодож үздэггүй нөхцөлд очсон байна.

Үүнтэй яг төстэйгөөр амьтдыг мөн ижил замаар хувь амьтных нь хувьд бус нийтээр нь дорд үзэх хүчтэй соёлыг бид бүтээжээ. Амьтдын талаар ярихдаа хүн “идэш”, “тоглоом”, “тээгч”, “мал”, “түүхий эд” гэгчлэн хэлнэ. Хэрэв эмэгтэй хүний эрхийн төлөө тэмцэж эрчүүдтэй адил тэнцүү гэх соёл рүү шилжих нь ёс зүйн хувьд зөв гэж үзвэл амьтад дээр ч энэ ёс зүйн асуудлыг гаргаж ирэх хэрэгтэй болно. Хэрвээ хоёр асуудал нэг ёс зүйн асуудлын улмаас доройтож байхад нэгнийх нь асуудлыг бид шийдвээс хоёр дахь асуудлыг зүгээр орхиж болохгүй. Эс бөгөөс энэ нь цагаан арьст болон хар арьст хүмүүс ижил тэгш эрхтэй мөртлөө Ази хүмүүст өөр хууль үйлчилнэ гэдгээс ялгаагүй хэрэг болох юм.

Үүнийг уншингаа таныг юу гэж бодож байгааг таах гээд үзье. Хэчнээн адил ёс зүйн асуудал байлаа ч мал гэх амьтныг хүртэл эмэгтэйчүүдтэй нэг адил тус бүрт нь үнэ цэнэтэй, өөрийн гэсэн эрхтэй болгоно гэдэг дэндсэн хэрэг гэж бодож байж магадгүй. Хэрэв тийм бол таны энэ бодол таны эмэгтэй хүн болон амьтантай үүсгэсэн холбооны зөрүүнээс л үүдэлтэй. Энэ бол логик сэтгэлгээ биш. Жишээ нь таны хувьд ээж тань хаа нэг Африкийн жижиг оронд хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйгээс илүү үнэ цэнэтэй байх болов уу. Магадгүй энэ хорвоо дээрх бүх хүмүүсээс ч илүү үнэ цэнэтэй байж мэднэ. Харин ээжийн тань бусад хүмүүсээс ялгарах ялгаа нь зөвхөн тантай үүсгэсэн холбоо юм. Та ээжийгээ тусдаа, онцгой нэгэн гэж боддог нь тэр хүн бусад ямар ч хүнээс илүү эрхтэй байх ямар нэг ер бусын шинж чанарыг өөртөө агуулдгаас бус харин гагцхүү та тэр хүнтэй бий болгосон холбоогоо тийм их хэмжээнд үнэлж буйд л оршино. Харин амьтны хувьд та тийм холбоог бий болгоогүй учраас та тэдний эрхийг хайхрахгүй байгаа хэрэг. Гэвч энэ нь амьтад хүнтэй адилхан эрх эдлэх эрхгүй гэсэн үг биш. Амьдрал дээр маш олон хүмүүс нохой муурандаа өөрийн үр хүүхэд шигээ хайртай байх тохиолдол бий. Тэр муур хүний хүүхдээс онцгойдоо тэгэж хайрлуулж байгаа хэрэг бус харин тухайн муур, хүн хоёрын холбоо гүн байгаад бүх зүйл оршиж байна. Гэвч тэдгээр хүмүүс муураа өвөр дээрээ суулгаж өхөөрдөнгөө тавган дээрээ үхрийн мах тавиад идэхдээ юу ч боддоггүй, бүр аз жаргалтай байдаг. Харин ертөнцийн нөгөө талд үхэртэй андын холбоо тогтоосон хүн хэзээ ч үхрийн мах идэх тухай төсөөлж үл чадна. Харин муурны мах идэхийг юман чинээ бодохгүй байж мэдэх юм.

Энэхүү эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үндсэн сууринаас урган гарч амьтны эрхийг хамгаалах үзэл санааг экофеминизм гэж нэрлэдэг. Тэдний хувьд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг бид ямар ч амьтнаас түрүүлж тавих нь магадгүй бидний эмэгтэйчүүдтэй үүсгэсэн холбоо нь хамгийн гүн бөгөөд илүү нандин тул түүнийг хамгаалахыг хичээж буй хүмүүс төдий чинээ олон байх аж.

Тэгвэл энэ санаанаас дахин өөр нэгэн дүгнэлтийг хийж болно. Хэрэв бидний харилцаа холбоонд өгдөг ач холбогдол логикоос илүү хүчтэй юм бол хүн байгальтай харьцах холбоогоо одоогоосоо илүү гүнзгийрүүлэхээс нааш түүний төлөө тэмцэх хүн гарын арван хуруунд багтсан хэвээрээ л байх болно. Харин харилцаа холбоо зөвхөн цаг хугацааг хамт өнгөрүүлснээр л бий болох боломжтой зүйл билээ. Өнөөгийн хурдацтай хотжих соёл тэгвэл биднийг байгалиас улам холдуулж байна уу?

#49 | Бүсээ чангалах цаг айсуй.

#49 | Бүсээ чангалах цаг айсуй.

#47 | Антропосин

#47 | Антропосин