Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#47 | Антропосин

#47 | Антропосин

Уншигч та бүгдийн энэ сарын амар амгаланг эрье! Ухаарлын 7 хоног цаашдаа урьд урьдынхаасаа илүү чанартай, логик, үнэн мэдээнд суурилсан эсээ хэлбэрийн нийтлэлүүдийг үргэлжлүүлэн хүргэж байхыг зорилгоо болгосон тул надтай хамт шинийг сурч, хамтдаа хөгжихийг уншигч танаас хичээнгүйлэн хүсье. Хэрэв та энэ нийтлэлийг одоо уншиж байгаа бол бид одоо хийж байгаа ажлуудаа илүү сайжруулахын тулд юуг хадгалж үлдэж, юун дээр илүү анхаарах ёстойг ЭНД дарж мэдэгдэнэ үү.


Хүн хийсэн зүйлдээ хариуцлага үүрэх үүрэгтэй. Хүүхэд төрүүлсэн бол асарч халамжилж, хайраар дутаахгүй байх, сэтгэлийг сэвтүүлвээс өөрийн дотор хэчнээн харанхуйлав ч уучлалт гуйх, эвдэлсэн бол засаж, нураасан бол буцааж барих ёсон бий. Үүнийг хүн төрөлхтөн болоод амьтны ертөнц хоёуланд нь үйлчлэх бичигдээгүй хууль буюу “ёс зүй” гэж нэрийддэг. Харин асуудал томрохын хэрээр үүргээ хэчнээн ухамсарлав ч засаж залруулах гэдэг яг юу гэсэн утгатай гэдэг нь ойлгомжгүй болдог юм байна. Жишээ нь хүнийг буудаж унагасан хойноо яаж тэр буруугаа засах вэ? Үхсэн хүнийг босгох боломжгүй шиг засах боломжгүй зүйлст хариуцлага яаж хүлээх юм бэ? Ингэхэд ийм л болохоор шүүх, шорон гэж шийтгэх газар байдаг юм уу?

Хэрэв шорон буцаах боломжгүй ёс зүйгүй үйлдэл хийгсдийг хорих газар юм бол дэлхийн ихэнх хүмүүсийг хорих цаг ирсэн байж болзошгүй.

Хүн төрөлхтөн дэлхийн нийт ургамлын 25%-тай тэнцэх хэмжээг дангаараа ургуулж байна. Хуурай газрын гуравны нэг нь газар тариалан болсон.
— Krausmann et al. 2013
Жирийн үед амьтан устаж үгүй болдог нь үнэн. Гэвч амьтад түүхэн дэх жирийн үеэсээ 7 дахин их хурдтайгаар устаж алга болж байна.
— Vos et al. 2015; Ceballos et al. 2015
2014, 2015, 2016, 2017, 2018 онууд бол дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил ээлж дараалан болж түүхэн рекордыг эвдлээ.
— NOAA; NASA

Эдгээр энгийн фактууд нь хүн төрөлхтний аливаа юмсыг сүйрүүлэх чадварыг ил тодоор илтгэнэ. Харин хариуцлага хүлээхдээ бид тийм ч гарамгай биш. Одоохондоо үхсэн хүнийг амилуулж чаддаггүй шиг, цаг хугацааг мөн буцааж чаддаггүй бидэнд ер нь хяналтандаа байлгаж чаддаг нэг ширхэг зүйл байдаг гэж үү? Бид бол ердөө л хийсэн ажлынхаа бурууг нэг нэг рүүгээ чихдэг нусгай жаалууд.

Би нэг зурагт хуудас үзэж байсан юм. Байгаль нь ямар сайхан гээч. Тэнд нар мандаж байна, улбар шар өнгийн туяа нь тэнгэрийн хаяаг шаргалтуулаад уулсын дээрх үүлс хүртэл улбар өнгөтэй тийм нэг амар амгалан, сайхан.

sun rise.jpg


Хуудсаа эргүүллээ. Энэ удаа нэлээн хэдэн хүн зогсож харагдана. Зогсож байгаа газраасаа авахуулаад уул овоо шиг их юм барьж, гол горхи нь хогоор дүүрч, уулс битгийхэл цаана нь мандаж байгаа нар нь харагдахгүй.

Үүнийг үзээд зогсож байсан надад хүртэл байгаль хамгаалах үүргээ хүлээнэ гэдэг юу гэсэн үг вэ гэх асуултыг дахин бодогдуулах болов. Тэр хоёр зураглалын ялгаа нь зөвхөн хүн байсан. Байгалийн сайхан зураг гэхээр ямар ч хүнгүй, харин гайтай муухай зураг болгон нь дотроо хүнтэй. Байгаль хамгаална гэдэг тэгвэл хүнийг байгалиас зайлуулах ажил юм гэж үү? Зарим экологичид хэлэхдээ бид байгаль экологид ийм их хор хөнөөл учруулж байгаа нь бид хэтэрхий олуулаа, хэтэрхий их юм хэрэглээд байгааг илтгэж байна гэдэг. Тиймээс л дэлхий нийтийн томоохон улсуудаас эхлээд хэн хэдэн хүүхэдтэй болохыг хүртэл зааж эхэлсэн хэрэг. БНХАУ нэг хүүхдийн бодлого явуулж, хоёр хүүхэдтэй болвол түүнийхээ төлөө төрд нэг удаагийн их хэмжээний татвар төлөх хууль хэрэгжүүлж байсан. Тэдний хэлж байгаагаар бид дэлхийн экосистемд нөлөөлөх нөлөөллөө багасгах хэрэгтэй юмсанж. “Бага юм хэрэглэ, бага хувцас ав, гялгар уут битгий хэрэглэ, амьдарч байгаа байраа битгий томруул, нэгээс олон хүүхэд битгий төрүүл” гэх мэт. Өөрөөр хэлбэл дэлхий дээр аль болох байхгүй юм шиг л амьдар. Тэгэж байж бусад амьтад аж төрөх бага ч гэсэн газартай болно. Тэгэж байж дэлхий арай илүү удаан оршин тогтноно.

Харин нөгөө нэг хэсэг экологичид хүний энэ их сүйрүүлэх хүч дэлхийн байгальд бид ямар их нөлөөтэйг илтгэж байна гэх юм. Дэлхийн байгалийн системийг нэгэнт хүн төрөлхтөн давамгайлж байгаа учир би цаашид байгалийг өөр аргаар “захирах” хэрэгтэй юмсанж. Эдгээр экологичид Антропосин буюу “Хүний эрин үе” гэх геологийн эрин зууны нэршлийг ашиглахыг хүсч байна. Дэлхийн байгаль экологийн бүх системийг хүнтэй холбогдуулан ойлгуулах энэ нэршил сонсогдож байгаагаасаа хамаагүй их хүч, эрх мэдлийг хүн төрөлхтөнд олгоно. Хэрэв энэ эрин үеийг албан ёсоор Антропосин болговол дэлхийн дотоод бүтцэд явагдах бүх өөрчлөлтөнд хүн хариуцлага хүлээх, байгалийн нөөцийг хянаж, одоо болон ирээдүйн байгальд юу хэрэгтэйг тодорхойлох эрх мэдэлтэй болно гэсэн үг. Энэ нь өнгөрсөн үед тарьсан хэргээ залруулж, ирээдүйд болох гамшгаас сэргийлэх гээд байгалийн бүх зүйлийг хүнд хамааруулж өмчлөх утга санааг давхар илэрхийлж байгаа юм. Хүн төрөлхтөн оршин байгаа газар, цаг, мөч бүрт байгалийн өөрчлөлт бүр хүний эрх мэдэлд байна.

Жишээлбэл би 1-р курст байхдаа нэг шар шувууны тухай мэдээ уншаад нүдэндээ итгэж өгөөгүй. Вашингтон мужийн ой шугуйгаар амьдрах толбот шар шувуу Америкийн төв хэсгээс сүүлийн үед их хэмжээгээр нүүж ирээд байгаа бэгбаатар шувуунаас болж байх газаргүй болсоор ховордсон амьтны жагсаалтанд бүртгэгдэх болсон байлаа (Дэлгэрэнгүй унших). Байгаль экологичид хааяа экосистемийг бүхлээр нь аврахын тулд байж боломгүй гэмээр зүйл хийдэг гэдгийг л тэр үед би ойлгож билээ. Судлаачид толбот шар шувууг аврахын тулд бэгбаатар шувуудыг буудаж эхэлсэн юм. Энэ бол Антропосин буюу хүний эрин үед биднийг амьдарч байгааг амьтны ертөнцөд зарласан үйл явдал байсан ба ийм байгалийн залруулгыг хүн хийхийг энэ төрлийн экологичид зөвтгөнө. Тэд хэлэхдээ хүн төрөлхтөн экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд ажлаа л хийж байна гэнэ.

Толбот Шар Шувуу (Spotted Owl)   Credit:  All About Birds (2016)

Толбот Шар Шувуу (Spotted Owl)

Credit: All About Birds (2016)

Бэгбаатар  Credit:  "Baby Barred Owls at Bog Garden” (2015)

Би одоохондоо аль талд зогсож байгаагаа хэлж мэдэхгүй нь. Гэвч үндсэн суурь зарчмынхаа дагуу бэгбаатар шувууг яагаад анхнаасаа Америкийн төвөөс баруун эрэг рүү нүүх болсныг олж мэдэх нь зүй ёсны хэрэг байсан юм. Анхдагч судалгаа хийгээгүй ч мэдээнүүд нэг л зүг рүү заагаад байсан нь Америкийн төв болон зүүн эргийн хүн амын өсөлт, ойгүйжилт, хотжилт байсан юм. Хэрэв бэгбаатар хүнээс болж нутаггүй болж Вашингтоныг зорьсон бол хэчнээн байгалийн тэнцвэрийг хадгалж байсан ч түүнийг буудах эрх экологичдод байгаа гэж үү? Асуудлын суур нь Америкийн зүүн эргийн хүмүүс байхад цаашдаа хэчнээн жил бэгбаатарыг буудах замаар экологийн тэнцвэрийг хангах гэсэн юм бол? Ингээд бодохоор хүн бол байгалийг захирах нь бүү хэл “Антропосин” гэдэг нэршлийг дэлхийн геологийн эрин үед өгөх эрхтэй нэгэн нь биш юм. Магадгүй энэ нэрний ард хүн ямар их сүйрлийг дэлхийд авч ирээд байгааг илтгэх хүч оршиж байгаа ч хүн төрөлхтөн нэг дүрсгүй жаалаас байгалийг ёс зүйтэйгээр захирах хэмжээний том хүн болсон цагтаа л энэ эрин зууныг өөрийнхөө нэрээр нэрлээсэй билээ.

#48 | Нохой, муур бас эмэгтэй

#48 | Нохой, муур бас эмэгтэй

#46 | Эдийн Засаг | Дотоодын бараагаа авах уу, гадны бүтээгдэхүүн авах уу?

#46 | Эдийн Засаг | Дотоодын бараагаа авах уу, гадны бүтээгдэхүүн авах уу?