Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#49 | Бүсээ чангалах цаг айсуй.

#49 | Бүсээ чангалах цаг айсуй.

2016 оны Монголын эдийн засгийн хямралыг валютын хямрал гэж нэрлэхэд нэг их буруудахгүй байх. 2016 оны парлиаментын сонгуулиар АН-д уурссан иргэд парлиаментын суудлын 85%-ийг МАН-д шилжүүлсэн энэ үе бол Монгол улсын эдийн засгийн ид хямралын үе юм. Эдийн засгийн дундаж өсөлт нь 9.6% гэгдэж байсан орон тэр жил 1.6%-ийн өсөлттэй байв. Тухайн үед 8%-ийн орон сууцны зээл, дэд бүтэц, Улаанбаатар болон хөдөө орон нутаг хоорондын зам тавилт гээд л яг намаар нь яривал 2012-2016 оны хооронд АН их л юм хийсэн мэт харагдаж байсан. Гэхдээ сүүлийн хэдэн жилийн эдийн засгийн хэт удаан өсөлт, 2016 оноос хойш барьж буй засгийн газрын төсвийн хумих чанартай бодлого зэргийг эргэж харвал тэдний үндэс суурь нь 2012-2016 оны хооронд тавигдсан харагдана.

-Дэлхийн Банк 2018

-Дэлхийн Банк 2018

2012 онд Монгол улсын засгийн газар 1.5 тэрбум ам.долларын зээл авсныг Чингис бонд гэж нэрлэдэг. Бонд гэдэг нь урт хугацааны өрийн бичиг юм. Эхний 500 сая доллар нь 5 жилийн хугацаатай, удаах 1 тэрбум доллар нь 10 жилийн хугацаанд эргэн төлөгдөх ёстой өр билээ. Монгол бонд олон улсын зах зээл дээр арилжаалагдахдаа тун тааруу, учир нь хууль, улс төрийн хувьд тогтвортой бус оронд тооцогддог ба уул уурхайн түүхий эдийн үнээс шууд хамааралтай тогтворгүй эдийн засагтай орон гэж бас үздэгт оршино. Харин Чингис бонд амжилттайгаар зогсохгүй тун эрэлттэй арилжаалагдсан нь өмнөх жилүүдийн 17.5%-ийн эдийн засгийн өсөлт, илүү чангатгасан санхүүгийн хууль, дээрээс нь 1.5 тэрбум долларын үнэтэй Чингис бонд өндөр хүүтэй байснаас болно. Япон улсын бондын хүү 1.3% орчим хэлбэлзэж байхад Чингис бондын хүү 5%-тай байсан нь Монголд хөрөнгө оруулах эрсдэл хэр их байгааг бас харуулж буй хэрэг юм. Энэ зээл хачирхалтай нь 1 жилийн дотор урсаад алга болчихсон. 2013 оны үед 1.5 тэрбум доллараас 340 сая доллар л үлдсэн байсан гэдэг мэдээ бий. Нийт бондын санхүүжилтын дийлэнхийг нь дэд бүтэц болон зам, гүүрийн төсөлд хэрэглэсэн гэдэг. Энэ нь хэр оновчтой сонголт байсан эсэхийг дор үргэлжлүүлэн тайлбарлах болно.

Бонд гаргалт Чингисээр зогсолгүй 2013 онд Монгол улс Хөгжлийн Банкаар дамжуулж 300 сая ам.долларын өртөгтэй 10 жилийн хугацаатай Самурай бондыг гаргасан билээ. Хачирхалтай нь 2013 онд бид бас санхүүгийн тогтвортой байдлын хуулиндаа шинэчлэл хийж, улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40%-аас дээш байхыг хориглосон байсан юм л даа. Энэ нь шинэ хууль байсан бөгөөд ганцхан жилийн өмнө нь улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 50%-аас хэтрэхгүй байх гэж хуулинд заасан байсныг шинэчилсэн юм. Гэтэл Самурай бондыг гаргахаас өмнө бид энэ 40%-даа аль хэдийнэ хүрчихсэн байсан. Тэгэхээр яаж Самурай бонд хуулийн дагуу гарсан бэ гэдэг их хачирхалтай. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу Самурай бонд бий болох ямар ч боломжгүй байтал хаанаас ч юм болгочихсон байдаг. Тэр үед УИХ энэ хуулиа өөрчилж 60% болгоё гэж байгаад олонхийн саналаар чадаагүй билээ. Ер нь хуулиа өөрсдөө мөрдөхгүй байх, ганцхан жилийн өмнө гаргасан хуулиа тэр дор нь дахин дахин өөрчлөх замаар зээл авах явдал нь олон улсын зах зээлд Монголын хууль, улс төрийн орчин бол нэн тогтворгүй гэх дохиог өгсөн байж мэднэ. Энэ нь зөвхөн тухайн үедээ бус дараа үед ч олон улсын зах зээлд бонд арилжаалахад ирээдүйд төвөг удах нь гарцаагүй юм.

Энэ үйл явдлуудтай давхцаад 2012 оноос эхлээд уул уурхайн түүхий эдийн үнэ унаж эхэлснийг хүн бүр мэдэх биз ээ. Үнэ унаж эхлэхэд гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө татаж эхлэх тул гадаад валют Монголд хомсдож эхэлсэн байж таарна. Энэ хомсдол нь гадаад валютаар арилжаалгадсан Чингис болон Самурай бондын эргэн төлөлтийг нэн төвөгтэй болгосон гэх таамгийг дэвшүүлж байна. Эсрэгээрээ гадны хөрөнгө оруулалт унаж, доллар хомсдож, төгрөгийн ханш суларч, долларын үнэ өсөхөд монгол төгрөгийн ханшийг тодорхой түвшинд барих гэсэн засгийн газрын оролдлого нь гадаад зах зээл дээр бонд гаргах байсан ч байж мэдэх юм. Гэхдээ засгийн газрын гол үүрэг төгрөгийн ханшийг барихтай холбоогүй учраас энэ таамгийг няцаахад гэмгүй. Аль нь ч алийгаа анх үүсгэсэн байлаа гэсэн бонд гаргана гэдэг чинь Монгол улс гадаад валютын хомсдолд л орсныг гэрчилж буй хэрэг. Учир нь төв банк төгрөг хэвлэж чадах учраас Монгол орон мөнгө хэрэгтэй үед төгрөгийн хомсдолд орох айдасгүй боловч гадаад валютыг гадаад зах зээлээс босгохоос өөр замгүй билээ.

2016 оны сонгууль МАН-ын талд шийдэгдсэн нь одоо бодоход нэг их гайхахаар зүйл биш юм л даа. 2012-2016 оны АН-ын засгийн эрхэнд гараад хэрэгжүүлсэн зүйлс ард иргэдийн дургүйцлийг ихээхэн төрүүлсэн биз. Тухайн үед бид дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 21%-тай дүйцэхүйц хэмжээний мөнгийг зөвхөн бондын хүүнд төлж байлаа шүү дээ. Эдийн засаг өмнөхөөсөө эрс муудаж, төгрөгийн ханш унасантай холбогдуулан импортын бараа үнэтэй болж, дотоодын бизнесүүд хумигдаж эхэлсэн байна. Дээрээс нь уруудаж яваа эдийн засагт ихээхэн нэмэр болж байсан Оюу Толгой компаний 65%-ийг эзэмшдэг Рио Тинто групптэй Монголын засгийн газар нийт ашгийг хэрхэн хувааж авах талаар маргаан гаргаж, далд уурхайны төслийн хөрөнгө оруулалтыг хойшлуулсан нь эдийн засгийн өсөлтийг бүр ч удаашруулав. Ийнхүү аж ахуйн нэгж, тэр дундаа уул уурхайн компаниудаас авах татварын хэмжээ тэдний орлогыг дагаад буурах тул улсын төсөв хэцүүхэн байдалд орсон байх магадлалтай.

Үүнтэй яг давхцаад хэрэгжүүлсэн төслүүдээ эргээд харвал бондоос орж ирсэн мөнгийг бид ухаалаг зарцуулаагүй нь харагдана. Эс бөгөөс юу боллоо гэж улсын нийт орлогын 21%-ийг хүүд төлөх билээ? Гадаадын зээлээс орж ирсэн мөнгийг засгийн газар Улаанбаатар болон хот хоорондын зам барих төсөл рүү дийлэнхийг нь хийсэн байна. Зам барих бол урт хугацааны хөрөнгө оруулалт бөгөөд дэд бүтцийн хувьд шийдэгдэх ёстой гол асуудлын нэг гэж хүмүүс тухайн үед шуугицгааж байсан. Зам л баригдчихвал ийш тийшээ явах тээврийн үйлчилгээ сайжирч, худалдаа арилжаа дээшилнэ гээд л… Энэ нь эргээд эдийн засгийн өсөлтийг авч ирнэ гээд л… Тийм их хөрөнгө оруулалт орсон хэрнэ Улаанбаатарт 2019 онд бид түгжирсэн яг хэвээрээ. Гэхдээ бүр нэмэр болсон байлаа ч зам бол зам. Зам бол бизнес, аж ахуйн нэгж биш. Энэ бол урт хугацаанд эдийн засгийг дэмжиж ажиллах үүрэгтэй, иргэдийн амьдралыг арай илүү төвөг багатай болгох дэд бүтцийн сайжруулалт болохоос биш шууд үйлдвэрлэлийн технологийг сайжруулж, боловсролыг дээшлүүлж, бизнесүүдийг өргөжүүлж, эргэж ашиг өгдөг бизнесийн салбар биш юм. Тиймээс зам гүүрийн төсөлд “явсан” мөнгө эргэж ашиг авч ирэх нь битгий хэл зардлаа огт төлж чадахгүй төсөл болсон байж мэднэ. 1.5 тэрбум ам.долларын зээлийг маш өндөр хүүтэйгээр гадаад зах зээл дээрээс босгочихоод эргэж эдийн засгийг хөл дээр нь тэнцвэртэй байлгаж, эдийн засгийн эргэлтэнд оруулах мөнгийг зүгээр л иргэдийн хоолны ширээн дээр нэмж хоол тавихгүй цэвэр асфальт үйлдвэрлэхэд ашигласан хэрэг. Ийнхүү америк доллар болон иений буцаан төлөлтийг жил бүр хийх болоход нийт Монгол дахь гадаад валют хорогдсон байна. Бид өнөөдөр хүртэл өдөрт $200,000-ийг зөвхөн хүүнд төлдөг. Доллар яагаад тэгэж их өссөн нь тэгэхээр тийм ч их гайхахаар зүйл биш ажээ. Цаашлаад засгийн газрыг энэ долларын хомсдлоос гаргах боломжтой ганц газар нь Монгол улсын Төв Банк буюу Монгол Банк болно. Монгол Банк нь мөнгөний тогтвортой бодлого явуулж инфляцийг тогтвортой түвшинд барих зорилготой байгууллагын хувьд тодорхой хэмжээний гадаад валютын нөөцтэй байна. Харин засгийн газар ийнхүү орлогын хомсдолд орсон хэрнээ өндөр хүүтэй бондын эргэн төлөлт болоход Төв Банк өөрт байгаа америк долларын нөөцөө ашиглах болсон гэж би хардаж байна. Учир нь Олон Улсын Валютын Сангаас гаргасан датаг харвал 2016 оныг хүртэл Монгол Банкны гадаад валютын нөөц буурсаар байсан. Энэ нөөцийн зарим нь төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад зарцуулагдсан байж болно, гэвч төлөх ёстой өрөнд үлдсэн нь бас явсан нь гарцаагүй биз.

Монгол банкны гадаад валютын нөөц аяндаа дуусах цаг ирсэн билээ. Анхнаасаа Чингис болон Самурай бондуудыг гаргах үед л олон улсын сонин хэвлэлд Монгол улс тэдгээрийг эргэн төлөх гадаад валютын хангалттай нөөцтэй эсэхийг бичээчид сонирхож байсан. Бидэнд тийм нөөц байсангүй. Ингээд 2016 онд Монгол улс Олон Улсын Валютын Сангаас (ОУВС) 5.5 тэрбум ам.долларын тусламж авах шаардлагатай болсон (Дэлгэрэнгүй унших). Аливаа улс орон гадаад валютын хомсдолд орж байдал нэн хэцүүдэхэд ОУВС гадаад валютаар тусламж үзүүлдэг үүрэгтэй. Гэхдээ тэд зүгээр л хоосон мөнгө өгчихдөггүй. Хүнд байдалд орсон улс (энэ тохиолдолд МУ) төсвөө их хэмжээгээр танах, Төв банк нь засгийн газраасаа тусдаа, дан мөнгөний бодлогоо явуулах буюу төрийг үрсний хэмжээгээр санхүүжилт олгохгүй байх замаар өрийн хэмжээг бууруулах гэх нарийн нөхцлүүдийг тавьсны үндсэн дээр гадаад валютын нөөцийг олгодог. Үүнийгээ мөн эргэн төлөх учиртай. Ингээд 2016 оны сонгууль дуусахад МАН засгийн эрхэнд гарч төрөөс төсвийн хумих бодлого явуулж эхэлсэн юм. Юмс өмнөх шигээ бэлэн байхаа больж, төрөөс үзүүлэх тусламж багассан билээ. Жишээ нь хүүхдийн мөнгө гэхэд хүүхэд бүрт бус харин ар гэрийн амьжиргааны түвшингээс хамааран олгодог болж, өмнөх тэтгэлэг тэтгэмжийн хөтөлбөрүүд хаагдаж, тэтгэврийн насыг нэмэх гээд төсвийн таналт хаа сайгүй. Эдгээр нь 2019 оны эцэс хүртэл үргэлжлэх амлалттай юм. Учир нь ОУВС-ын 5,5 тэрбум ам.долларын тусламж нь 2019 онд дуусгавар болно.

Энэ бол бидний ОУВС-аас авсан анхны тусламж биш. Энэ бол сүүлийн 28 жилд 6 дахь удаагаа авч буй тусламж бөгөөд бахархаад байх зүйл огт биш.

Гэхдээ ОУВС-ийн тусламж хүртэл хангалттай байгаагүй бололтой. МУ 2017 онд дахиж хэд хэдэн бонд гаргасан. 2017 оны 3-р сард МУ 5.5 жилийн хугацаатай, 6%-ийн хүүтэй, 650 сая ам.долларын бонд гаргасан. Мөн яг тухайн сард 7 жилийн хугацаатай 600 сая ам. долларын бонд мөн гаргасан байна (Дэлгэрэнгүй унших). Энэ нь өнөөх л 2012 онд гаргасан 5 жилийн хугацаатай Чингис бондын хугацаа дуусч түүнийхээ өрийг 2018 онд төлөх цагт мөнгө байгаагүйтэй л холбоотой. Урд хормойгоо ар хормойгоороо, юу юу гэдэгсэн билээ дээ… Бонд гэдэг хугацаа дуусах хүртэл хүүгээ төлсөөр зээлсэн нийт дүнгээ дуусгавар хугацааны эцэст төлж барагдуулдаг онцлогтой. Хугацаа дуусах өдөр ирэх тусам иргэд дээр ирэх татварын дарамт, ачаалал улам ихсэх болно.

Хэрэв эдгээр бондуудын дуусах хугацааг бодоод үзвэл 2022 онд 1 тэрбум долларын Чингис бонд, 2024 онд 300 сая долларын Самурай бонд, мөн дээрээс нь Чингис бондын өрийг төлөх гэж авсан бусад бондуудын дуусгавар хугацаа 2022-2024 оны хооронд байгааг анзаарч буй заа. Өнгөрсөн хугацаанд зөвхөн хүүд өдрийн $200,000 төлөх хангалттай хэцүү даваа байлаа. Иргэдийн орлогын татварыг прогрессив татвар болгож, хадгаламжаас хүүгийн татвар авах нь ихэсч ард иргэдийн нуруундаа үүрэх ачаа ихэссээр л байсан. Харин Эдгээр хэд хэдэн тэрбум давсан бондын дуусах хугацаа бүгд нэгэн зэрэг давхцахад 2022-2024 оны эдийн засгийн байдал ямар байхыг үнэндээ төсөөлөхөд хэцүү байна. Тэр үед ямар ч хүн, нам засгийн эрхийг гартаа авсан байлаа ч бондын хугацаа эдгээр онуудад дуусч хүндхэн үе ирэх нь ойлгомжтой. Саяхан түүхий эдийн үнэ өсөхөд эдийн засаг дагаад сэргэсэн ч энэ аюулыг давахад дорвитой нэмэр болж чадахгүй. Одоогийн улс төрийн нам хоорондын болон нам доторх маргаан, тэмцэл ирээдүйн МУ-ын эдийн засагт сайныг авч ирэхгүй нь мөн тодорхой болов уу.

Ямар ч байсан нэг зүйл гарцаагүй. 2022 он гарах нь гарцаагүй. Татвар өсч, халамж буурч, иргэд бүсээ чангалах цаг айсуй.

#50 | Бид хэнээр дурсагдах вэ?

#50 | Бид хэнээр дурсагдах вэ?

#48 | Нохой, муур бас эмэгтэй

#48 | Нохой, муур бас эмэгтэй