Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#46 | Эдийн Засаг | Дотоодын бараагаа авах уу, гадны бүтээгдэхүүн авах уу?

#46 | Эдийн Засаг | Дотоодын бараагаа авах уу, гадны бүтээгдэхүүн авах уу?

Сар шинэтэй холбогдуулан сошиал хуудсуудаар бэлэг сэлтнээс авахуулаад өмсөх зүүх хүртэл Монгол брендүүдээ л аваарай гэх уриалга газар авсныг олж харав. Хүмүүсийн тэр уриалга монгол бахархалтайгаа холбоотой юм уу гэхээр яг ч үгүй юм. Гар цайлгах бэлэг битгий өг гэсэн өөр нэг уриалгаас харвал энэ нь туйлдсан ард түмэн монгол бахархлыг түгээх биш харин эдийн засагтаа л санаа нь зовнисондоо улсынхаа төлөө дуугаа нэгтгэж байгаа хүмүүсийн хичээл зүтгэл ажээ. “Олж байгаа хэдэн цаасаа Монголдоо эргэлдүүлмээр байна. Гадагш нь гаргаад гадны хэдэн хүнд өгчихмөөргүй байна” гэсэн хүмүүс их олон байсныг анзаарлаа.


Нүүр хуудсан дээрх уриалга

Нүүр хуудсан дээрх уриалга

Тэр яриануудаас өдийг хүртэл дутаж явсан ч гэсэн бас илүү үггүйгээр хэдхэн зүйлийг тодорхой болгомоор санагдлаа. Манай орон бол импортлодгоосоо ихэнхдээ багыг экспортлодог орон. Энэ оронд үйлдвэрлэгдээд гадагш нь худалдаалдгаасаа илүү ихийг бусад орнуудаас, тэр дундаа БНХАУ-аас, оруулж ирдэг. Харин 2014 оноос эхлэн энэ үйл явц эсрэгээрээ болж бид сүүлийн 4 жилийн турш илүү ихийг экспортлох болсон байна. 2017 онд нийт экспорт 6200 сая ам доллар байхад импортын хэмжээ 4000 сая гаруй ам доллар байсан. Харин дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжих нэрийдлээр иргэдийг гадны бараанаас илүү үнэтэй бараа худалдан авахуулах нь Монголын эдийн засагт сайн зүйл авч ирнэ гэдэг нэлээн эргэлзээтэй.

Монгол Банк мөнгөн дэвсгэртийг хэдийг л бол хэдийг үйлдвэрлэх эрхтэй цор ганц байгууллага. Хүсэх юм бол тэд хэдэн сая триллионоор нь монгол төгрөгийг хэвлэж чадна. Тэгэхээр монгол дэвсгэртээ дотооддоо хадгалж байж эдийн засаг хөгжинө гэдэг их явцгүй санаа юм. Хэрэв гадны улс орон бидний мөнгийг аваад тэр чигтээ алга болоод оронд нь бид нарт бүтээгдэхүүн үйлчилгээ өгөөд байгаа юм бол бидэнд түүн шиг ашигтай наймаа гэж байхгүй болно. Эцсийн эцэст мөнгөн дэвсгэрт хэвлэх шиг зардал багатай бүтээгдэхүүн гэж байхгүй.

Жинхэнэ асуудал руугаа орцгооё. Монголын хамгийн том экспортлогч орон бол Хятад. Мөн хамгийн том импортлогч орон маань ч мөн Хятад. Тэгэхээр Хятадаас бараа бүтээгдэхүүн худалдаж авахын тулд тухайн улсын мөнгөн тэмдэгтийг бид ашиглах ёстой тул монгол төгрөгөөрөө бид юань худалдаж авна. Гадаадын мөнгөн тэмдэгтийн эрэлт ийнхүү өссөнөөр юаний ханш өсч, эсрэгээрээ монгол төгрөгийн ханш унана. Ханш унах нь бүх талаараа муу зүйл яг ч биш. Монгол төгрөгийн сул ханш нь монгол бүтээгдэхүүнүүдийг Хятад дахь хэрэглэгчдэд илүү хямд болгох тул Монголын экспортийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Эсрэгээрээ юань үнэтэй болохын хэрээр Хятадаас орж ирэх бүтээгдэхүүн үнэтэй болох тул Монгол орны Хятадаас орж ирэх импорт буурах ёстой. Таныг хүссэн хүсээгүй Хятад бүтээгдэхүүн авахын тань хэрээр тэр бүтээгдэхүүн чинь Монголын зах зээл дээр үнэтэй болж, та оронд нь тэр хүсээд байгаа монгол бүтээгдэхүүнээ авах нь илүү хямд сонголт болох ёстой юм. Хэрэв эдийн засгийн энэхүү механизм үйлчилсний дараа Монголын экспорт өсөхгүй, Хятад барааны дэргэд монгол бараа илүү үнэтэй хэвээр байгаа бол энэ нь Монгол дахь үйлдвэрлэгчид ердөө бүтээгдэхүүний үнэ, чанараараа өрсөлдөх чадваргүй байгаагийн л илрэл. Харин чанаргүй боловч үнэтэй барааны эцсийн хохирогчид нь худалдан авагчид л байдаг.

Гэвч энэ байдлаас үл харгалзан гадны мэдэхгүй хүнээс биш хөршөөсөө юм худалдаж авахыг илүүд үздэг нэлээдгүй хэрэглэгчид бий. Энэ тохиолдолд өнгийж харах хэрэгтэй гол асуудал бол дотоодын компаниа гадны компаниас яаж ялгах вэ гэх асуулт юм. Бид дотооддоо бүтээж байгаа зүйлсийн хэр их нь яг монгол вэ гэдгийг үнэндээ ялгаж чадахгүй нөхцөл байдалд амьдардаг. Lhamour брендийг авч үзье. Уг компаний бүтээгдэхүүн тус бүрт орсон орцуудыг судлаад үзвэл удалгүй нийт орцын нэлээдгүй нь гадаад орноос импортлогдсон болохыг та олж мэдэх болно. Энэ компаний бүх биеийн кофе скраб гэх бүтээгдэхүүн байна. Кофег Өмнөд Америкийн Бразил мэтийн оронд эдийн засгийн хувьд ашигтай байх нөхцөлтэй ургуулдаг болохоос биш Монгол оронд ургуулах нөхцөл байхгүй, ургасан ч эдийн засгийн хувьд ашигтай байх боломжгүй. Иймд дотоодын монгол брендүүдийн үйл ажиллагаа нь ч импортын бараанаас шууд хамааралтай нь ойлгомжтой болно. Хэрэв гадны орон руу мөнгөө урсгахгүй гэж гадаадын бүтээгдэхүүнээс татгалзах зорилгоор илүү үнэтэй дотоодын бүтээгдэхүүнийг сонгож байгаа бол та хувь хүний санхүүгийнхээ хувьд алдаа хийж буй хэрэг. Хүссэн хүсээгүй та худалдан авалт хийх тоолондоо импортын ямар нэг бүтээгдэхүүнийг давхар худалдан авч буй хэрэг буюу мөнгөний гадагш урсгалыг хаах боломж танд байхгүй. Энэ нь зөвхөн Монгол оронд бус дэлхий нийтэд тулгамдаж буй асуудал юм. АНУ-д анх iPod үүсч бий болсон ч уг бүтээгдэхүүний доторх эд ангийн 80 гаруй хувь нь өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрийн 44 өөр оронд үйлдвэрлэгддэг юм. Хэрэв Америк бүтээгдэхүүнийг зөвхөн АНУ-д л үйлдвэрлэгддэг гэж боддог бол та эндүүрч байна. Энэ бүтээгдэхүүний дийлэнх нь БНХАУ-д үйлдвэрлэгддэг учир iPod-ийг Америк биш, Хятадаас оруулж ирдэг гэж хэлэхэд хэлсдэхгүй. Энэ байдалд дургүйцсэн Америк иргэд iPod-ийг худалдаж авахыг эсэргүүцэж, нийт ард иргэдээ өөрт байгаа iPod-ийг алхаар нүдэж устга гэж видео ч хүртэл интернэтээр цацаж байсан. Гэвч iPod-ийн маркетингийг хийдэг 14000 Америк ажилчид хэрэв хүмүүс iPod хэрэглэхээ зогсоовол ажилгүй болох нь бас гарцаагүй. Эсрэгээрээ Японы Toyota машины эд ангийн 80% нь АНУ-д үйлдвэрлэгддэг. Хэдийгээр эцсийн бүтээгдэхүүн болох машин нь Японоос орж ирдэг боловч АНУ-д дийлэнх эд анги үйлдвэрлэгддэг нь уг бүтээгдэхүүнийг iPod-оос ч илүү Америк бараа болгож байгаа юм. Toyota нь ийнхүү маш олон АНУ-д амьдрагсдыг унах машинаар хангаад зогсохгүй, эд анги үйлдвэрлэгч Америк компаниудын ажиллагсдыг ажлын байраар хангадаг буюу эргээд эдийн засгийг нь хөгжүүлэхэд ихээхэн нэмэр болдог гэсэн үг болно.

Үүнтэй төстэйвтөр жишээ нь Оюу Толгой компани байж болзошгүй. Энэ компаний ердөө 33%-ийг Монголын засгийн газар эзэмшдэг бол үлдсэн 66%-ийг гадаадын Рио Тинто гэгч байгууллага эзэмшдэг. Тэгэхээр уул шугамандаа энэ компанийг монгол гэж нэрлэх боломжгүй. Гэвч уг байгууллага Монголын 14000 гаруй иргэдийг ажлын байраар хангаж, Монголын экспортонд зэсийн баяжмалын нийлүүлэлтээрээ их томоохон үүрэг гүйцэгтгэдэг.

Ингээд бодохоор Монгол бренд гэж яг юу юм гэдэг асуулт гарч ирнэ. Бид нар яг Америк, яг Хятад, эсвэл яг Монгол бараа худалдаж авах боломжтой гэж үү? Бид оронд нь гадны бүтээгдэхүүнээс үүдэлтэй Монголд бий болж буй ажлын байруудын талаар давхар бодолцох хэрэгтэй. Хэдийгээр шошго нь гадаад боловч тэдгээр бүтээгдэхүүнүүдийн ачаар л өнөөдөр бид дэлгүүр, хоршоо, оффисууддаа хэдэн зуун хүн ажлын байртай, эмнэлэгтээ машин, техник технологитой, ажилдаа явахдаа өмсөх хувцастай, гал тогоондоо хөргөгчтэй, банкиндаа хадгаламжтай, хадгаламжаар чинь зээл авч хөрөнгө оруулалт хийх бизнес эрхлэгчидтэй, эрхэлсэн бизнесээрээ бүтээгдэхүүн үйлчилгээгээ бүтээж экспортлож олох ашигтай, олсон ашиг нь Монголын эдийн засагт авч ирэх эерэг үзүүлэлттэй, өөрөөр хэлбэл зөвхөн дотооддоо үйлдвэрлээд хэрэглэх байснаасаа хамаагүй бага зардлаар илүү боломжийн амьдралаар амьдрах нөхцөл бүрдсээр байгаа юм.

Чанаргүй боловч үнэтэй дотоодын барааг зөвхөн Монгол байсных нь төлөө худалдан авч байгаа бол түүнээс илүү оновчтой сонголт бий. Тэр мөнгөө оронд нь банкинд хадгалуул. Дотоодын бизнес өргөжиж хөгжиж чадахгүй байгаагийн гол шалтгаан бол хөрөнгө оруулалт, харин хөрөнгө оруулалт хадгаламжаас шууд хамааралтай. Хадгаламж их байгаа газар хөрөнгө оруулалт ихсэж, экспорт өсдөг нь олон орны эдийн засгийн үзүүлэлтээс харагддаг энгийн үзэгдэл. Японы иргэдийн хадгаламжийн түвшин орлогын 20% байхад АНУ-ынх 5% байх жишээтэй. Япон улсын экспорт импортоосоо бага зэрэг илүү байдаг (Хятад улс ч мөн ялгаагүй) бол АНУ-ын экспорт үргэлж импортоосоо доогуур байдаг. Харин та ямар сонголт хийх вэ?

#47 | Антропосин

#47 | Антропосин

#45 | Үг, Үйлдэл Хоёр

#45 | Үг, Үйлдэл Хоёр