Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#45 | Үг, Үйлдэл Хоёр

#45 | Үг, Үйлдэл Хоёр

18-р блог “Өөрчлөлтийг хармаар байгаа бол өөрөө л тэр өөрчлөлт нь бай. Гандигийн сургаалиас” гэх эсээндээ би нэг найзынхаа тухай ярьж байсан: “Өнгөрсөн долоо хоногт найзтайгаа ярилцаж суув. Хогийг дахин боловсруулах нь чухал гэдгийг мэддэг ч найз маань хогоо ялгаж хаядаггүй юм. Учрыг асуувал бусад хүмүүс ялгахгүй байхад өөрийн хогийг ялгалаа гээд эцсийн үр дүн өөрчлөгдөхгүй; 7 тэрбум хүн хог хаяж байхад 1 хүн хог хаяхгүй байлаа гээд дэлхий хоггүй болчихгүй гэв.” Энэ түүхийн бүрэн эхийг блог 18-аас үргэлжлүүлэн уншаарай.

Энэ түүхийг ухаарлын 7 хоногтоо дахиж сөхөх хэрэгтэй болж байна. Яг энэ найз маань гадаад оюутнуудад зориулсан үдийн цайг сар бүрийн бүтэнсайн өдөр бэлтгэдэг нэг байгууллагын зохион байгуулагчаар ажилладаг юм. Танилцсан өдрөөсөө тэр найз маань “Заяа, чи ирэх хэрэгтэй. Бид нар хамтдаа их олон сайхан зүйл ярилцаж цагийг зугаатай өнгөрүүлдэг” гэж хэлдэг болсон билээ. Ингээд би хааяа завтай үедээ энэ үдийн цайнд нь очдог болоод 2 жил болж байна. Анх очсон өдрөөсөө эхлээд очих тоолондоо хэрэглэх сав суулга, халба сэрээ нь бүгд хуванцар байсныг нь анзаарахгүй байж чадсангүй. Өөрөөр хэлбэл хүн бүр хоолоо идэж дуусаад нэг удаагийн хуванцар аяга, халбага, сэрээнээс авахуулаад бүгдийг нь хогийн сав руу чулууддаг байсан юм. Ямар их хаягдал гарч байсан гээч. Эхний удаад би тэнд байсан хуванцар сэрээгээр нэг удаагийн тавганд ирсэн хоолоо үг дуугүй зүгээр л зооглочихов. Харин хоёр дахь, гурав дахь удаагаа очихдоо ойр хавийн хүмүүстээ “Хм, бүх юм нь яагаад хуванцар байдаг байна аа” гэж гомдолсон үг унагах болсноо анзаарав. Түүнээс хойш харин найз дээрээ очоод “Роб, хэрвээ чамд энгийн төмөр халбага сэрээ, бас шаазан аяга байвал надад түр өгөөч” гэж хэлэх болсон юм. Тэр үйл ажиллагаанд оролцох болгондоо шаазан аяга бусдаас “түр зээлэх” надад эвгүй байдаг байсан ч “Одоо дүүрч дээ, өөр яах билээ” гэж бодоод, явахдаа харин хэрэглэсэн эд зүйлсээ угааж байранд нь тавьчихаад гарч оддог байсан юм.

Тухайн үед надад бусад хүмүүсийн хэрэглээ огт хамаа байгаагүй. Би эхлээд өөрийгөө засах зорилготой байсан бөгөөд энэ байгаль дэлхийд өөрийнхөө үзэл санааны эсрэг зүйл хийчихгүйг хичээж явсан хэрэг. Гэтэл удалгүй тэр үйл ажиллагаа байршлаа өөрчлөөд илүү талбай томтой, олон нийтийн өөр нэг газар зохион байгуулагдах болов. Надад хүссэн ч шаазан аяга гаргаж өгөх хүн ингээд олдохгүй боллоо. Тэр үед л би Роб дээр очоод “Энэ үйл ажиллагаанд яагаад заавал хуванцар аяга таваг, сэрээ, халбага, хутга хэрэглэдэг юм бэ?” гээд шулуухан асуусан юм. Роб харин “Энэ чинь 50-100 хүний том үйл ажиллагаа. Өөр юу хэрэглэх юм?” гэдэг байгаа. Би тэгэхэд нь “Би хуванцар хэрэглэмээргүй байна. Надад шаазан таваг хэрэгтэй байна” гэвэл “Заяа, чи шаазан тавганд хоол идмээр байгаа бол уучлаарай, энд тийм боломж алга. Гэхдээ гарт чинь хуванцар таваг байгааг харвал чи наадхандаа идэх гэж байгаа бололтой. Өөрөө өөрийнхөө хэлсэн үгтэйгээ зөрчилдөөд байгаа юм биш үү” гэсний дээр инээгээд “You’re a walking contradiction (үг үйлдэл 2 нь зөрдөг хүн)" гэв. Би харин бодит байдлыг олоод хэлчихсэн хүний урдаас хариу юу ч хэлж чадаагүй. Түүний хэлдэг үнэн.

Энэ үйл явдал ойролцоогоор 1 жилийн өмнө болж өнгөрчээ. Тэр үед үнэхээр л би өөрөө өөрийнхөө хэлснээс эсрэг зүйл хийгээд явж байна гэж өөрийгөө буруутгах сэтгэл төрсөн. Магадгүй би шаазан аяга байхгүй байсан учраас зүгээр л тэр үйл ажиллагаанаас үсрээд гараад явах ёстой байсан юм болов уу? Яг л эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм шиг. Хэрэв чи байгальд ээлгүй хуванцар бүтээгдэхүүн үнэхээр хэрэглэмээргүй л байсан юм бол яагаад хуванцар таваг гартаа барьсан байсан юм? Ингээд бодохоор чи нээрээ л үг үйлдэл хоёр нь зөрдөг зүгээр л худалч нэгэн болж байгаа хэрэг бус уу, чи анхнаасаа хуванцар хэрэглэхгүй гэж хэлсэн чинь худлаа л байсан юм байна тийм үү? гэх асуултууд ухааныг минь манантуулах болжээ.

Энэ явдал 2018 оны 3-р сард болсон бөгөөд үүнээс хойш би уг оны 12-р сар хүртэл тэр үйл ажиллагаанд эргэж очсонгүй. Учир нь оччихвол би Робын хэлдгээр өөрөө өөрийнхөө хэлсэн үгнээс зөрчих юм шиг санагдаад байсан юм. Энэ хугацаанд би их удаан бодож бас янз бүрийн юм туршиж үзэв. Блог 18-ыг уншиж үзвэл уг блог яг 2018 оны 3-р сарын төгсгөлд бичигдсэн байгааг та анзаарна. Тухайн үед би өөрийгөө цахилгаан шат хэрэглэхгүй, кофе шоп-д зөвхөн өөрийн аяганд уух зүйлээ хийлгэж уух гэх мэтийн сонголтуудыг хийх даалгавраар шахаж байсан нь ч мөн тодорхой харагдана. Миний өөрийгөө шахсан энэ байдал Робын хэлдгээр 7 тэрбум хүний эсрэг юу ч биш гэдгийг би үргэлж мэддэг байсан. Намайг цахилгаан шат хэрэглэхгүй байлаа гээд АНУ-ын эрчим хүчний хэрэглээ огт буурахгүй нь үнэн. Гэхдээ эдгээр жижиг туршилтуудынхаа ард гарч чадах эсэхээ л үзмээр байсан юм. Би Робтой хэзээ ч санал нийлж байгаагүй. Тиймдээ ч тэр туршилтуудынхаа ард нь л гарчихвал магадгүй Робын намайг дуудсан “үг үйлдэл нь зөрөгч” гэх үгийг худал гэж өөртөө итгүүлж чадна гэж бодсон байж мэднэ. Роб бол ганц хүний үйлдэл юуг ч өөрчлөхгүй гэж надад өмнө нь олон удаа хэлж байсан хүн. Харин би нэг хүний хичээл зүтгэл хэзээ ч зөвхөн тухайн хүнээр л дуусдаг гэдэгт итгэдэггүй төрлийн хүн. Миний хичээл зүтгэл хэзээ ч талаар болохгүй бөгөөд намайг хичээж байгаа цагт бусад хүмүүс миний хийж байгаа зүйлсийн утга учрыг ойлгож, өөрчлөгдөж, өөр олон хүмүүс надтай нэгдэж тэмцэнэ гэсэн итгэл дотор байсаар байсан.

Гэхдээ харамсалтай нь би үг үйлдэл хоёр нь зөрдөг хүн биш гэдгээ өөрөө өөртөө баталж чадаагүй юм. Яаж ийж байгаад л кофены аягаа гэртээ орхичихсон өдрүүд гарч ирээд байлаа. Зарим үед 12 цагаас дээш хугацааг сургууль дээрээ өнгөрүүлчихээд 5 давхар луу дээш өгсөнө гэдэг давагдахгүй даваа шиг санагдана. Би үнэндээ өөрөө өөртөө үнэнч байж чадахын хувьд чадсан уу гэвэл чадсан. Эдгээр өдрүүдэд би шатаар мацсан, аягагүй тул амгүй гээд дараагийн ажил руугаа юу ч болоогүй юм шиг яваад өгдөг байлаа. Гэхдээ үр дүнд нь би өмнөх шигээ сэргэлэн цовоо биш, харин ядарч сульдсан бөгөөд ирээдүйд хэзээ нэгэн цагт өөрийнхөө үгнээсээ ухрах цаг ирнэ гэдгээ мэдсэн тэр өдөр л Робтой анх удаа санал нийлж “Тийм ээ, үг үйлдэл хоёр нь зөрөх хүн яах аргагүй мөн юм байна. Өнөөдөр биш юм аа гэхэд хэзээ нэгэн цагт би тийм зүйл болох нь үнэн” гэж хүлээн зөвшөөрсөн.

Энэ үр дүн гэвч миний санасан шиг урам хугарахаар бас биш байв. Робын надад оноож өгсөн хоч нь оновчтой гэмээр үнэн байсан ч тэрээр энэ үгийг надад хэлж, басамжлах эрхтэй хүн нь биш гэдэг нь туршилтын үр дүнд бас илхэн болсон билээ.

2018 оны 12-р сард оны хамгийн сүүлийн үдийн цайнд очиход тэд яг л хуучнаараа хуванцар тавгаар үйлчилж байгааг харлаа. Би хуванцар тавгандаа хоолоо тайван идэв. Яагаад гэвэл би бол үг, үйлдэл хоёр нь зөрдөг баатар шүү дээ. Ирснийг минь хараад Роб над дээр ирээд: “Удаан уулзсангүй шүү” гэх мэтийн зүйл ярьж байгаад удалгүй бид 2 өнөөх л хуванцар тавагны асуудал руу орчихов.

-Танай байгууллага Сиатл аль 7-р сард хуванцар соруул, халбага, сэрээ хэрэглэхийг хориглосныг мэдээгүй гэж үү? Энэ чинь хууль бус.

-Мэднэ ээ, гэхдээ үүнийг яг ч хууль бус гэж хэлж болохгүй. Тэр хууль чинь бизнес эрхлэгчдэд зориулагдсан юм. Бид бол ашгийн бус байгууллага. Тэгэхээд тэр хууль бидэнд хамаагүй.

-Хуванцар байгальд ямар муу гэдгийг мэдэхгүйдээ та нар хуванцраар хүмүүст үйлчлээд байгаа юм уу?

-Сонсооч, 100 хүний тавгийг энэ үйл ажиллагаа дууссаны дараа угаана гэдэг чинь хэцүү ажил. Тэгээд ч хэн гэрээсээ 100 ширхэг шаазан таваг ийшээ зөөгөөд явж байх юм бэ?

-Тэгвэл юу гээч, хэрвээ тусламж хэрэгтэй бол би үлдээд аяга таваг угаах сайн дурын ажил хийж болж байна. Танайх хэдэн зохион байгуулагчтай билээ? 5 уу? 100 таваг гэхээр хүний 20 таваг л юм байна. 20 таваг гэрээсээ авч ирэхгүй байна гэдэг чинь харин зүгээр залхуурсан хэрэг биш гэж үү?

-Тийм ээ, залхуурсан байж болох л юм. Тэгээд юу гэж? Байгаль орчны төлөө юм хий гэж байгаа бол тэр зүйл чинь эхлээд хийхэд амархан байх хэрэгтэй биз дээ? Надад ямар ч ашиггүй юмыг би яагаад өөртөө төвөг удаж хийх ёстой юм?

-Яагаад гэвэл одоо хийж байгаа зүйл чинь буруу учраас. Яагаад гэвэл хүмүүс ямар ч сонголтгүй болохоороо байгаа сонголтыг л хийхээс өөр аргагүй болдог учраас. Би хуванцар хэрэглэмээргүй байна. Гэхдээ надад яг одоо хуванцар хэрэглэх эсвэл өлсөж үхэх гэсэн 2 л сонголт байна. Энд байгаа бүх хүмүүс хуванцар хэрэглэхийг хүссэндээ хэрэглээд байгаа юм биш шүү дээ. Чи тэдэнд өөр сонголт олгохгүй байгаа учраас л хуванцар хэрэглэж байгаа юм. Чи миний хуванцрыг амьдралаасаа авч хаяна гэдэг миний хувийн сонирхол, эрх ашигт халдаад байна. Харин чи энэ үйл ажиллагааны зохион байгуулагч байж бусад зохион байгуулагч нартаа хуванцраас өөр таваг авчраарай гэж хэлэхэд л байдал өөр болно, тийм биз дээ. Бусдын хүсэл сонирхлыг хүндэтгэхийн тулд иймхэн зүйл хийх тийм хэцүү байна уу? Би ганцаараа биш, энд байгаа өөр олон хүмүүс чамайг тэгвэл баярлана.

Роб харин хариу үг дуугаараагүй. Би “Чи надад хоёрхон сонголт өгснөө ойлгож байна уу?” гэж дахиж асуух хэрэгтэй болов. Харин Роб “Тийм ээ” гэсэн юм.

Мэдээж энэ яриа дээрхээс удаан сунжирсан. Гэвч миний болон Робын хэлсэн үгсийн утга санаа алдагдаагүй.

Энэхүү ярианы дараа уг байгууллага 2019 оны 1-р сараас эхлэн “compostable“ буюу ургамлаар хийгдсэн, хэрэглээд дууссаны дараа эргээд задарч хар хөрс болдог нэг удаагийн аяга, сав суулга худалдаж авч байхыг зөвшөөрсөн юм. Би энэ удаа Робыг гэрээс нь шаазан аяга авч ирүүлж угаалгах хэмжээний том түлхэц өгч чадаагүй ч сар бүр ирэх 100 зочдын ядаж хэрэглэсэн бүтээгдэхүүнүүдээс хаягдал огт гаргахгүй болгож чадлаа. Энэ оны хамгийн анхны үдийн цайнд би өнгөрсөн бүтэнсайн өдөр очсон билээ. Бүх юм яг төлөвлөсний дагуу байсан ба ирсэн зочдын ярианы сэдвийн дийлэнх нь байгаль орчин хамгаалах талаар байсан юм. Нэг хүний итгэл үнэмшил, хичээл зүтгэл зөвхөн тэр хүнтэйгээ хамт талаар болдоггүй. Энэ бол 1 хүний үйлдэл 100 хүний үйлдэлд шууд нөлөөлсөн үр дүн байсан бөгөөд сайн бодож үзвэл 2 жил толгойгоо гашилгасны эцсийн дүн нь байсан юм. Роб дахиж нэг хүний үйлдэл тэр хүний л үйлдэл гэж надад хэлэхгүй байх, яагаад гэвэл энэ өөрчлөлтийг хийх нь Робын өөрийнх нь гаргасан шийдвэр байсан юм шүү дээ.

2019.01.20

2019.01.20

Би өнгөрсөн бүтэнсайн өдөр инээмсэглэхээс өөр зүйл хийгээгүй. “Чамайг баяртай байгааг харах сайхан байна, Заяа” гэж Робыг хэлснийг бодвол өмнөх үдийн цайнууд дээр би тийм ч жаргалтай харагдаагүй бололтой.

Зарим үед бид сонголтгүйдээ өөрт таалагдахгүй сонголт хийх шаардлагатай болдог. Харин яг тэр үед бид хүмүүсийг өөрчлөгд гэж хэлэхээс илүүтэйгээр бидний дотор нь амьдарч байгаа нийгмийн систем өөрөө алдаатай байгааг анзаарах хэрэгтэй. Тэр системийг өөрчлөхөөс нааш хүмүүс зөвхөн тодорхой цэг хүртэлх өөрчлөлтийг хийх боломжтой байдаг бололтой. 18-р блогт дурьдсан жишээнүүд ч үүнтэй санал нийлэх биз. Хэрэв Мартин Лутр Кинг эцэст нь амиа алдсаны дараа хар арьстнуудын эрхийг хамгаалах хууль батлагдаагүй бол түүний тэмцлээс үл харгалзан нийгэм өөрчлөгдөхгүй байсан. Өнөөгийн нийгэм бүрдэх үндэс нь нэг хүнээс эхтэй байж болох ч нийгмийн систем тэр өөрчлөлтийг хүлээж авахаас нааш хүмүүс үг үйлдэл хоёроо нэг шугамд барьж явах нь ихээхэн хүндрэлтэй болно. Тиймээс системийг тэр чигт нь өөрчлөгдөх хүртэл хүчтэй түлхэх ганцхан сонголт л бидэнд үлддэг бололтой.

#46 | Эдийн Засаг | Дотоодын бараагаа авах уу, гадны бүтээгдэхүүн авах уу?

#46 | Эдийн Засаг | Дотоодын бараагаа авах уу, гадны бүтээгдэхүүн авах уу?

#44 | 2018-аас 2019 он руу | Шинэ жилийн тусгай дугаар

#44 | 2018-аас 2019 он руу | Шинэ жилийн тусгай дугаар