Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#34 | Шийдэгдэхгүй асуудал

#34 | Шийдэгдэхгүй асуудал

1930-аад оны үеэр АНУ-ын Висконсин мужийн өмнөд хэсгийн фермийн аж ахуй эрхэлдэг газрын өнгөн хөрс нь далай руу алдагдаж үгүй болж байгааг мэдсэн юм. Ингээд 1933 онд фермерчдийг ирж буй 5 жилийн турш өөр арга барилыг ашиглан ногоо, будаа тариалахыг санал болгоод тэгснийх нь хариуд тэднийг шаардлагататй тоног төхөөрөмжөөр хангана гэсэн амлалтыг мужаас нь өгөв. Харин 5 жилийн хугацаа өнгөртөл өнгөн хөрсний асуудал шийдэгдээгүй хэвээр. Учир юу вэ гэвэл фермерчдэд шууд эдийн засгийн ашиг өгөөгүй л бол мужаас санал болгосон тусгай арга барилыг нэвтрүүлсэн хүн алга байсан юм. 

Дараагийн 5 жилийн турш боловсролын асуудалтай Висконсин муж тэмцэж, фермерчдэд өнгөн хөрс байхгүй болохын аюулыг таниулахыг оролдсон билээ. Гэхдээ тэр асуудал шийдвэрлэгдээгүй хэвээрээ үлдсэн.

Хүмүүс хэлэхдээ боловсрол чухал гэдэг. Би ч мөн тэгэж л боддог байлаа шүү дээ. Байгаль орчин ч гэлтгүй ер нь л бидэнд тулгарч буй асуудлуудыг хүмүүс шийдвэрлэх хүсэлгүй байдаг шалтгааныг би ердөө боловсролтой холбож ойлгодог байсан юм. "Хүмүүс мэдэхгүй учраас л буруу зүйл хийдэг" гэж олон ч хэлж байсан даа. Тэдэнд зүгээр л яагаад болохгүй вэ гэдгийг л ойлгуулчихвал буруу сонголт хийхгүй байх хэмээн найддаг байв. Гэвч сүүлийн үед ажаад байхад мэддэг мөртлөө асуудал шийдвэрлэх сонирхолгүй хүмүүс их олон байдаг юм байна. Тусгай дугаар болгон блог 27-д би ядуурал, эрх мэдлийн бай болсон хүмүүстэй ёс зүй, зөв буруугийн ялгааны талаар ярьж болдоггүй талаар бичсэн. Харин одоо бол эрх мэдэл, ядуурлын бай болоогүй ч олон нийтийн асуудлыг өөртөө хамааруулж ойлгодоггүй хүмүүс бидний дийлэнх нь байдгийг, тэднийг яагаад тийм бодлогогүй гэмээр боловч "албаар" тийм шийдвэр гаргадаг шалтгааныг ухаарч эхлэх шиг.  Долоо хоногийн өмнө Mr. Do-ийн тамхины ишний хаягдлын талаарх видеог үзэж суухдаа бүх хүмүүс бурууг нь мэддэг ч тухайн үйлдлийг хийхдээ ичдэггүйг л олж харлаа.

 

Висконсины фермерчдийн асуудал ч тэр Монголын тамхичид ч тэр боловсрол гэхээсээ илүүтэй өөр нэг зүйлээр дутаад байх шиг. Сайтар тунгааж үзвэл Висконсин болон Улаанбаатарын 2 нийгэм хоорондоо ганц зүйлээрээ л их төстэй юм. Ой модыг тайрч хаяад оронд нь үхэр оруулчихаад борооны ус, хаягдал хад чулуу, болон муудсан хөрсийг олон нийтийн гол руу урсгачихсан хэрнээ тэр фермерчин нийтэд хүндлэгдсэн хүн хэвээр байсан. Тамхины ишийг машиныхаа цонхоор тоомжиргүй чулуудчихсан ч тэр хүнийг бусад нь урьд нь яаж хүндэлдэг байсан тэр хэвээр хүндэлсээр байсан. Асуудлын гол нь ердөө энэ биш гэж үү? Яагаад бид тэднийг хүндэлсээр байгаа юм бол оо?

Бидний нийгмийн үнэ цэнэд логикийн их том асуудал байх шиг байна л даа. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг хичнээн гэмгүй хүнийг цааш харуулж, цаазаар авч, тарчлаан зовоосон бол гэдэг ч АНУ-д айлчилж ирэхэд нь түүнтэй "сельфи" хийснээ гайхуулсан хүмүүс маш олон байсан нь үнэхээр хачирхалтай. Яг л ямар нэг гайхалтай зүйл бүтээсэн хүнтэй уулзсан мэт, олон жил уулзаагүй эцэг эхээ харсан мэт тэр хүмүүс авирлаж байсан даа. АНУ-ын ерөнхийлөгч Трамп цаг уурын өөрчлөлттэй тэмцэх амлалт болох Парисын хэлэлцээрээс гарна гэдгээ хэлснийхээ дараа амлалтаа биелүүлээд гарахад зарим хүмүүс "Хийнэ гэдгээ хийдэг жинхэнэ эр хүн" гэж байсан шиг л инээсэн ч багадахаар сэтгэлгээний доройтол.  Стив Жобсыг Апплыг бүтээснийх нь төлөө бүтээлч сэтгэлгээг нь тэнгэрт тултал магтах боловч өөрийн хүүхдийг хүлээн зөвшөөрөөгүй эцэг гэдгийг нь хэн ч тоож ярьдаггүй нь ч бас сонирхолтой хэрэг. Аппл компаний хөгжиж буй гуравдагч ертөнцийн орнуудын иргэдийн хөдөлмөрийг хэрхэн шулдгийг мэдсэн ч хэн ч юу ч хэлдэггүй нь гайхалтай. Бидний үнэ цэнэ хаана буухаараа тэгтлээ доройтдог юм бол? Үүнээс үзэхэд зарим зүйлсийг бид бусдаас илүү үнэ цэнэтэй буюу чухал гэж хардаг байх нь. Магадгүй алдар нэр гэдэг зүйл зарим хүмүүсийн хувьд муу муухай бүх зүйлээс илүү үнэтэй байдаг биз. Үгүй байсан бол дарангуйлагчтай уулзсандаа баярлах сэтгэл ер нь хэнд яагаад төрөх юм бэ? 

Ингээд бодохоор асуудал шийдвэрлэх нь маш нарийн төвөгтэй зүйл болж таарч байна. Түүнийг шийдвэрлэх үндсэн зарчим нь нийт массын үнэ цэнийг өөрчилснөөр л боломжтой болох байх л даа. Олон нийтэд тулгамдсан асуудалд ямар ч шалтгаангүйгээр сөрөг үйлдэл хийж байгаа иргэнийг ижил хэмжээнд хүндлэхээ зогсоосон тохиолдолд л үйлдэгч этгээдэд ичих сэтгэл төрж эхлэх бололтой. Бодоод үз л дээ. Тамхины иш хаяхад эргэн тойрны хүмүүс нь өөрийн эрхгүй чичилж, нийгмийн доог тохуу болгодог тогтолцоотой байсан бол хэн иш байтугай үнсээ тоомжиргүй салхинд хийсгэх юм бэ?

#35 | Учир шалтгаантай сэтгэх нь

#35 | Учир шалтгаантай сэтгэх нь

#33 | Зөв үнэлгээ бол хүч

#33 | Зөв үнэлгээ бол хүч