Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#36 | Үхлийн жор

#36 | Үхлийн жор

“Амжилтанд хүрэх 7 алхам”

-Өглөө эрт босох

Шинжлэх ухааны судалгаанаас үзвэл өглөө эрт боссон хүн илүү өндөр бүтээмжтэй байдаг. *Үргэлжилсэн статистик*

-Хамгийн түрүүнд ороо хураах

Ороо хамгийн түрүүнд хураачих л юм бол та түүнээс аугаа их мотиваци авна. **Нөгөө статистик үргэлжилсээр л**

-Аан тийм, миний өөрийн мэдэлгүй хэлсэн бас нэг үг байсныг би өөр нэг хүний блог дээрээс эш татсан хэлбэрээр олж үзэв. “Өнөөдрийн амралт маргаашийн амжилтын үндэс болно.” Тэгэхээр амраад байх нь байна.

Иймэрхүү зүйлсийг сонсох бүрт ойлгомжгүй, өөртөө эргэлзсэн мэдрэмж төрж, өөрийн эрхгүй тэр зүйлийн эх сурвалж нь ном байвал хааж, подкаст байвал унтраачихаад оронд нь дуртай хөгжмөө сонсоод, бодолдоо хөтлөгдөөд цааш алхах юм аа. Би зүгээр л хүн байхыг хүснэ.

Хувь хүний хөгжлийн тухай лекц ямар их олшроо вэ? Түүнийг сонсохыг хүсдэг хүмүүс ихссэний дохио биз. Өглөө яаж эрт босох вэ? Мэдэхгүй, орой эрт унтдаг юм уу, яадаг юм. Зорилгоо яаж тодорхойлох вэ? Мэдэхгүй ээ, дотроос чинь нэг зүйл асахгүй бол, чамд хамгаалах юмсан гэж хүсч, хүслээр чинь асдаг гал байхгүй бол хиймэл зорилго тавьж яах гэсэн юм бол? Зорилгодоо яаж хүрэх вэ? Би мэдэхгүй. Өөрийнхөө амьдралын зорилгыг ч тодорхойлоогүй явна. Тодорхойлох ч шаардлагагүй биз ээ. Тэр аяндаа мэдлэг туршлага зузаараад ирэхэд тодроод ирэх биз. Хүн чинь аалз, аалз шүү дээ. Хүний амьдралд баримтлах ёстой гурван зарчим бол цаг барих, өөр юу юу гэнэ ээ? Өөрөө зарчимсаг хэрнээ тийм зарчмыг гаргаж ирж тоолох сөхөө байсангүй ээ.

Тийм зорилго, зарчимгүй хүн бол хамхуул шиг хийсч яваа нэгэн биз гэнэ. Гэхдээ бүгдээрээ өглөө босоод яг адилхан зүйлийг ижилхэн давтамжтай хийдэг нийгэмд яг хэн нь хамхуул болоод байгаа хэрэг вэ?

Жингээ хасах 7 арга, аз жаргалтай байхын тулд хийх 5 алхам, бодлоо цэгцлэх 3 арга замууд гээд л. Хүмүүс бид өөрсдийнхөө оригиналь хувилбарыг засч залруулж байж санаа амрах юм. “Надад нэг л зүйл буруу байна.” “Би хангалттай сайн биш байна…” 7-хон алхам хэрэгжүүлээд аз жаргалд хүрчихнэ гэхээр их үнэмшилгүй. Гэхдээ хүмүүс тийм зүйлст татагддаг нь өөрөө өөрийгөө хангалттай биш гэж үзсэний улмаас “засварлах” чин хүслээс үүдэлтэй. Харин үнэхээр тэдгээрийг хийгээд л аз жаргалтай болчихдог бол, зөвхөн хэдхэн алхмуудыг гүйцэтгээд л амьдрал амар жимэр байдагсан бол хүн бүрт төрөхөд нь нэг нэг ном аваад өгчих хэрэгтэй. Насаараа түүнийг уншаад аз жаргалтай байхыг ерөөвөл бас сайшаалтай. Магадгүй тэд үнэхээр тусалдаг ч байж мэднэ. Үнэхээр хэрэгждэг ч байж мэднэ. Хэрэгжүүлж үзээгүй учраас би мэдэхгүй юм. Гэхдээ амьдралаас өөрөө суралгүйгээр, ухаарч мэдэлгүйгээр, хорвоог өөрийн биш бусдын номлолын нүдээр харах сонголтыг хийх нь хэтэрхий үрэлгэн бас хайран юм. Яах гэж төрсөн юм бэ? Номон дээр гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөвөл аз жаргалтай болно гэсний төлөө л гэр бүлдээ илүү цагийг гаргах гэж үү? Албан шаардлагаар уу?

Албан тасалгаа ногоон өнгөтэй байвал хүнийг тайвшруулдаг гэж байна. Тийм ээ, үнэн байх. Гэвч үүнийг өрөөгөө санаатайгаар эсвэл санамсаргүй байдлаар тас хар өнгөөр будчихаад дараа нь олон өөр өнгө туршиж байгаад ногоон өнгийг олсон хүн л дэлхий дээрх ногоон өнгийг хамгийн ихээр таашаадаг хүн болно. Анхны сонголт нь шууд ногоон өнгө байсан хүн хэзээ ч хар өнгөний барааныг, ногоон өнгөний гэгээлгийг олж мэдрэхгүй. Тийм байтал хүмүүст ногоон өнгийг бүр анхнаас нь санал болгох хэрэг байв уу? Бид ч бас бараан гэгээлгийн ялгааг хэлж чадахгүй байж ногоон өнгө рүү шуналтах хэрэг байдаг юм уу? Гэвч бид алдаа гаргахыг хүсэхгүй. Хар өнгийг сонгомоор байвч хэтэрхий аймхай юм л даа. Бусдад шүүмжлүүлэхээс, бас нэг л эрсдэлтэй алхам хийчихвэл магадгүй хэзээ ч босч ирэхгүй байх гэж эмээсэндээ хорвоогийн тоосыг ганц нэг хөдөлгөсөн болоод үхэх юм. Гэвч үхэл өөрөө унах, босох, инээх, цөхрөхийн алийг нь ч хийлгэхгүй мэдрэмжгүй байдлын эцсийн хязгаар байхад номлол дүүрэн мэдрэмжгүй амьдралыг өөрийг нь үхэл гэж нэрлэчихвэл хэн намайг буруутгах вэ.

Өөрийн хийх зүйлсийг, мөн итгэл үнэмшлийг өөрөө тодорхойлсон нэгэн байхыг хүснэ. Хийж байгаа зүйл минь бидний потенциалийг дүүргэх хэмжээний хангалттай дээд түвшнийх биш байсан ч яах вэ. Өглөө эрт босоод ороо хураахаасаа өмнө шүдээ угаах нь заримдаа надад яагаад ч юм илүү сайхан. Надад үүнийг батлах шинжлэх ухааны нотолгоо үгүй. Шинжлэх ухааны хувьд тэр нь бидэнд илүү мотиваци өгдөггүй байсан ч яах вэ. Бид аяндаа суралцна. Аяндаа ороо эхлээд хураавал илүү сайхан байхыг олж мэдэх болно. Үгүй байсан ч яах вэ, тэр л биз. Түүнийг мэдэхгүй бүхий л амьдралынхаа турш шүдээ угаасаар байгаад үхвэл бас л тэр л биз. Бид зүгээр л мэдрэх мэдрэхүйтэй, сэтгэх тархитай төрчихөөд түүгээрээ биш өөр хэн нэгний мэдрэхүй, сэтгэхүйгээр хорвоог мэдрэх нь хэтэрхий эрх чөлөөгүй мэт санагдана. Олж мэдэх ёстой бол олж мэднэ. Боломж байгаа дээр унах үедээ уначихаад, цөхрөх үедээ цөхөрчихөөд амьдралаас ухаарах зүйлсээ ухаарчихаад үхье.

#37 | Нэг жилийн ойн блог

#37 | Нэг жилийн ойн блог

#35 | Учир шалтгаантай сэтгэх нь

#35 | Учир шалтгаантай сэтгэх нь