Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#35 | Учир шалтгаантай сэтгэх нь

#35 | Учир шалтгаантай сэтгэх нь

Шүүмжлэлт сэтгэлгээг учир шалтгаантай сэтгэх гэж нэрлэвэл илүү оновчтой санагддаг юм. Учир нь шүүмжлэлт сэтгэлгээ буюу critical reasoning бол  монголчуудын биенийгээ шүүмжлэх оргүй хоосон шүүмжлэл биш, харин түүнээс сэтгэлгээний хавьгүй өндөр түвшин шаарддаг учир зүйн логик дэс дараалалтай бодох чадварыг хэлнэ.

Учир шалтгаантай сэтгэлгээ байхын ач холбогдлын талаар ярилцъя.

Шинжлэх ухааны хувьд

Аавын минь харах өнцөг:

Шүүмжлэлт сэтгэлгээ нийгэмд байхгүй байх аваас шинжлэх ухаан цааш хөгжих үндэсгүй болно. Бид урьд өмнө хийсэн бүтээлүүдийг шинэчилж, няцаахыг нь няцааж үгүйсгэхийг нь үгүйсгэх бүрэн эрхтэй бас боломжтой учраас л шинжлэх ухаан цааш хөгжих боломжтой болно оо. Хэрэв шинжлэх ухаанд “туйлын үнэн” гэж байвал түүнийг үгүйсгэх огт боломжгүй болох ба тэр үед л шинжлэх ухаан нь утгаа алдаж шашинтай нэн төстэй болох юм.

Задлан шинжилгээ:

Үүнээс үзэхэд шашин нь туйлын үнэн гэгч зүйлтэй юм байна. Би шашин судлаач биш ээ. Гэхдээ шашны тэр олон урсгалууд яагаад байдаг юм бол? Буруу бол намайг чөлөөтэй зөвтгөөрэй (бид бүгд нэгнээсээ суралцах гэж л энд байна). Миний мэдэхээр Христ болон Католик шашин хоёул Есүсийг шүтдэг, гэхдээ хоёр өөр урсгал гэж явдаг нь нэгнийх нь туйлын үнэн нөгөөхийнхөө туйлын үнэнтэй зөрчилддөг учраас юм болов уу. Учир нь хэзээ ч аль нэг шашны сургаалийг тэр чигт нь үгүйсгээд, шашныг шинэчилж өөрчилсөн хэрнээ яг адилхан шашин хэвээр байлгах арга байхгүй биз ээ. Харин биологийн шинжлэх ухаанд эс яаж үүсдэг тухай хэд хэдэн онол дэвшигдээд туршилтаар (миний мэдэхээр) нэгээс бусад нь бүгд няцаагдсан тул одоо эс хаанаас бий болдог тухай ганц онол л байсаар байна. Тэр бүх онолууд бүгд эсийн тухай гэсэн нэг шүхэр дор харъяалагдана.

Гэхдээ тэр туршилтаар дэмжигдсэн онол бол зүгээр л онол. Одоогоор хэн ч няцааж чадаагүй байгаа учраас л түүнийг өнөөгийн хүмүүс “үнэн” гэж итгэж байгаа юм. Үүнээс үзвэл бидний өнөөдөр итгэдэг бүх “үнэнгүүд” нь харьцангуй буюу зөвхөн өнөөдөртөө л “үнэн” юм. Гэвч тэр “үнэн” шүүмжлэлт сэтгэлгээ оршин байгаа цагт хэзээ ч туйлынх биш бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт үгүйсгэгдэж, худал болж болзошгүйг бид мөн хүлээн зөвшөөрөх ёстой.

Нийгэм, хувь хүний хувьд

Блогийн фото зурагчин Б. Хангай  Instagram: @hann.bold.cr2

Блогийн фото зурагчин Б. Хангай

Instagram: @hann.bold.cr2

Худал мэдээллийг нийгмээс үтэр түргэн зайлуулах боломжтой болно. Олон нийтийн сүлжээнүүдээр дамжих их хэмжээний  мэдээллийг бүгдийг нь үнэн хэмээн хүлээн авбал нийгмийн масст өөрт аюул тулгарна. Худал мэдээлэл нь анд нөхрийг дайсан болгож харагдуулж болно, бүтээлч нэгнийг худалч болгож гүтгэж чадна. Жишээ нь би нэгэн вэбсайтаас согтууруулах ундаа хэрэглэх нь хүний насыг уртасгана гэх шинжлэх ухааны судалгааг иш татсан мэдээг олж уншсан юм. Тэгээд санаандгүй байдлаар тэр судалгааг нь олоод уншчихлаа. Гэтэл уг судалгаа хүн дээр биш хархан дээр хийгдсэн байгаад зогсохгүй туршилтанд хэрэглэгдсэн хархны тоо нь 10 хэдхэн ширхэг байсан даа. Туршилтанд 30-аас доош тооны үзүүлэлтийг хангалтгүй гэж үздэг ба нэг ёсондоо уг судалгааг бид ач холбогдолтой гэж үзэх бараг боломжгүй юм. Гэтэл мэдээллийн тэрхүү сайт олон нийтэд бичсэн мэдээлэлдээ хархны талаар огт дурьдаагүйн дээр анхдагч судалгаан дээр хүн гэдэг үг ч байхгүй байтал дураараа гуйвуулан бичсэн байсан. Үүнээс үзвэл мэдээллийг нягталж үзэхгүй хүлээж авах нь наад зах нь өөрийн тань эрүүл мэндийг үгүй хийнэ.

Тархи угаалт. Тархи угаалт. Тархи угаалт. Бид олон ч удаа тэгэж хэлдэг дээ. Ер нь бодоод байвал тархи угаадаг хүн нийгэмд байна гэдэг нөгөө талаар тархиа угаалгадаг нийгмийн масс байсаар байгаагийн л илрэл юм даа. Улс төрчдийг бүгдийг нь худалч гэдэг ч тэдний мэдээжийн худалд итгэн сонгосон нь бидний л мэдлэгийн түвшин, тархины шүүлтүүрийн хэмжээг хэр том байгааг харуулна.

Бодит байдал мэдээж миний дүрсэлж бичиж байгаагаас төвөгтэй, өөр олон учир шалтгаантай.  Гэхдээ шүүмжлэлт сэтгэлгээ бол аливаа зүйлд “нүдээ тас аниад итгэ” биш харин энэ зүйл үнэн худал эсэхийг нягталж шүүх, мэдээллийн шүүлтүүр болох чадвар учраас энэ чадварт шамдан суралцсанаар нийгэм өөрөө “гэгээрэх” буй заа.

Гарах арга зам

1.     Сэрэмжтэй байдал

            Мэдээлэл авч байгаа эх сурвалжийг найдвартай эсэхийг нягталж харах хэрэгтэй. Хувь хүн, албан байгууллага, олон нийтийн гуравдагч эх сурвалж аль нь болохыг нягтлах хэрэгцээ их байна. Монголд төдийгүй олон улсад сурвалжлагч нарт итгэх нь бэрх болсон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. АНУ-ын Вашингтон мужийн Маках индиан омгийг нийгмийн цөөнх гэдгээр нь далимдуулж олон нийтийн итгэлийг хүлээсэн шударга гэгч Seattle News хүртэл халим агнах асуудал дээр нэг талыг барьсан, цагаан арьстнуудыг зөвтгөсөн мэдээлэл бэлтгэн хүргэж байсан удаа цөөнгүй. Тиймээс авч байгаа мэдээллээ зүгээр л тархиндаа оруулах биш сэрэмжтэй байдлыг баримтлан үгүйсгэгдэж болзошгүй гэсэн дохиог суулгаж байх хэрэгтэй.

2.     Олон ургальч байдлыг дэмжих

Хэрэв мэдээллийг худал ч байж болно гэхдээ мэдээд авахад илүүдэхгүй гэсэн сэрэмжтэй байдлаар хүлээж авч сурвал та хэн рүү ч дайрч давшлахгүй, мөн асуудлын нөгөө талыг хэн нэгэн ухан ярих цагт аливаа асуудлыг олон талаас харах боломж нээгдэнэ. Ихэнх тохиолдолд цор ганц үнэн гэж байдаггүй гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй. Ямар ч асуудал олон талтай, тал бүрт хүний ашиг сонирхол нуугдаж байдаг. Ингэснээр асуудлыг олон талаас харах чадварт суралцах ба энэ нь шүүмжлэлт сэтгэлгээний гол түлхүүр болно.

3.     Боловсрол

Учир шалтгаантай сэтгэх үндсэн арга бол боловсролоо дээшлүүлэх байж болзошгүй. Юу ч мэдэхгүй хүн мэдээлэлд үндэслэлтэй хандах бараг боломжгүй гэж би айж байна. Жишээ нь цаг уурын өөрчлөлтийн талаар ярилаа. Хариуд нь Нью Иоркийн өвөл жил ирэх тусам хүйтэрч сэрүүсээд байхад юун дэлхийн дулаарал гэх үгийг сонслоо. Ийнхүү хариулсан хүнийг учир шалтгаантай сэтгэж байна гэж бид андуурч нэрлэж болохгүй. Шинжлэх ухааны нэршил нь “дэлхийн дулаарал” биш “цаг уурын өөрчлөлт” байдгийн шалтгаан нь дэлхийн дундаж температур л өсч байгаа болохоос биш дэлхийн өнцөг булан бүрт дулаарал явагдаад байгаа хэрэг биш. Зарим газрын дундаж температур буурсаар байна, харин заримынх нь өссөөр байна, тэгээд дунджаар дэлхий халж байгаа хэрэг л дээ. Үүнийг мэддэггүйгээс болоод мэдээлэлд сөргөөр ханддаг хүмүүс олширч. Нэг тод жишээ нь Хятан улс болон Хятад улс хоёрыг ялгадаггүй монголчууд Хятан улсын түүхийг ярих монгол түүхчээ харааж зүхэж байгаа нь энэ нь нэн төстэй.

Боловсролдоо анхаарах цаг нэгэнт болжээ. Чаддаггүй юм аа гэхэд хэлэх үгээ буруу биш байгаа даа гэж ичиж айх хэрэгтэй байна даа.

Энэхүү чадварыг хэрхэн хөгжүүлэх талаар дараагийн нэг дугаараар подкаст хийнэ гэдгээ уншигчиддаа амлая. Блог хэлбэрээр хүргэснээс хамаагүй олон жишээ, тайлбартай байх тул илүү хүртээмжтэй байх болов уу. 

#36 | Үхлийн жор

#36 | Үхлийн жор

#34 | Шийдэгдэхгүй асуудал

#34 | Шийдэгдэхгүй асуудал