Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#33 | Зөв үнэлгээ бол хүч

#33 | Зөв үнэлгээ бол хүч

Хүний дотоод сэтгэл рүү өнгийж хараагүй байж оноо өгч хүмүүсийг эрэмбэлэх дуртай бид. Тэдний бодит чадварыг олж нээгээгүй байж дорд үзэх ч бас дуртай. Байгууллагуудыг эрэмбэлнэ. Хүмүүсийг эрэмбэлнэ. Чадвар, чадавхийг эрэмбэлнэ. Оюун ухааныг хэмжинэ. Бид энэ эрэмбэ тогтоосон нийгэмд ямар их ач холбогдол өгдөг юм бэ. Бид одоогийн байгаа байдлыг яагаад тэгтлээ чухалчилдаг юм бэ.

Бодит явдлаас сэдэвлэн бичив #1.

Нэг охин бага ангидаа шинэ сургуульд шилжиж ирээд урьд нь үзэж байгаагүй хэдэн хичээл үзэхээр болсон юм. Өмнө нь үзэж байгаагүй хичээл учраас мэдээж ангийнхнаасаа хоцорно, шалгалт авбал унаж л таарах байсан тул хичээлийн эхний өдөр шалгалтандаа уначихав. Бүр хүний урманд ганц ч оноо авч чадсангүй. Тэгэхээр багш нар болон ангийнхан нь тухайн охиныг юу гэж үнэлэсэн нь ойлгомжтой: "Тэр хичээлдээ муу юм байна." Хичээлийн хоёр дахь өдөр тэр охин хичээлээ сайн ойлгохын тулд хамгийн урд суудалд суусан. Хамгийн голын эгнээний эхний ширээнд хамгийн түрүүнд ганцаараа ирсэн юм шүү дээ. Гэтэл өөр нэгэн охин хажууд нь суухаар ирэхдээ өөрийгөө бас урд суумаар байна, гэхдээ хичээлдээ сайн хүүхэдтэй суумаар байна гэж хэлэхгүүтээ нөгөө охиныг ширээнээс нь түлхээд унагачихав. Хөөрхий дөө, охин босч ирээд түрүүлж авсан ширээгээ хамгаалж, чимээгүй гүрийж суусаар урдлын суудлаа өөр хүнд алдахыг зөвшөөрсөнгүй. Хажуугийн охин нь шинээр ирсэн тэр охиныг бодвол шалгалтан дээрээ С үнэлгээтэй байсан юм л даа. Зарчмын хувьд тэр бүдүүлэг хүүхэд бол шинээр ирчихээд шалгалтандаа ноль авсан охиноос илүү ухаантай, илүү ихийг мэддэг хүн учраас хоёр охиныг харьцуул гэвэл С үнэлгээтэй охин дээгүүр үнэлэгдэх ёстой бөгөөд шинээр ирсэн охины шалгалтанд унасан учир шалтгаан хэнд ч хамаагүй.

Цаг хугацаа өнгөрсөн. Шинээр ирсэн охин 9 сараас хойш өдрийн цагаар давтлага авсаар, бага балчир хэрнээ шөнө орой болтол сууж гүрийсээр л явсан. Өвөл болж 12-р сар гарахын алдад дахин шалгалт авахад А- үнэлгээ авч дөнгөхөд бүдүүлэг хүүхэд маань С-тэйгээ л явж байдаг. Гэтэл хажуугийн бүдүүлэг охин юу гэсэн гээч. "Чам шиг хүмүүс гоё юм өө." Гэхдээ эхний өдрөөр үнэлгээ дууссан бол шинэ охины хичээл зүтгэл хэнд хамаатай байх гэж.

Бодит явдлаас сэдэвлэн бичив #2

12-р ангийн хүүхдүүд дүүрсэн газар юмсанж. Бүгд л шилдэг их сургуульд суралцах хүсэлтэй. Тэр дунд нэг хүү ганцаараа чимээгүй, бусдаас ичиж байгаа мэт зайдуу зогсоно. Тэрээр нэг л зүйлийн талаар санаагаа зовоон бодож ажээ. Ярилцлага нь англи хэл дээр. Улсын сургуулийн англи хэлтэй тэрээр уг ярилцлагыг хэрхэн амжилттай өгөх вэ? Өөр олон хүүхдүүд байх ба дийлэнх нь хувийн сургуулийн хүүхдүүд бөгөөд зарим нь эцэг эхтэйгээ хүртэл англиар ярих аж. Түүнд ганцхан хүсэл эрмэлзэл гэдэг зүйл л байх ба ирээдүйд хийх зүйлээ маш тодорхой мэдэж, түүнийхээ тухай бодоход л нүд нь гялалзах юм. Гэтэл хар гайгаар ярилцлагыг нь ямар шалгуураар авчихав аа. Хүсэл эрмэлзэл, ирээдүйд хийж бүтээх төлөвлөгөөнийх нь талаар нэг ч асуулт ирээгүйн дээр шалгалтаас харсан ганц зүйл нь англи хэлний мэдлэг байсан юм. Гадаадын шилдэг их сургуульд суралцахад англи хэлийг маш сайн эзэмшсэн хүнийг л авах нь шалгалтын комиссынхны зорилго байсан ажээ. Хүү ингээд сургуульгүй хоцорсон. Гэхдээ түүнд боломжийг олгосонсон бол, ердөө мөрөөдлийг нь хайхардаг хүн тэр ярилцлага авч байгаа "хүндэт" хүмүүсийн дунд байсансан бол мөрөөдлөөрөө өглөөг угтдаг хүү дараагийн 4 жилд ёстой л бужигнуулах байсан даа. Мөрөөдөл нь түүнийг сэрээж байхад хувийн сургуулиудын зарим нэг эрх жаал шиг сургууль дээр нь ганц нэг саад тотгор гарч ирэхэд хэцүү байна гэж гомдоллохгүй хичээх байсан. Бидний дунд боломжтойгоосоо боломжгүй хүмүүс нь их. Аан гэхдээ бас амьдралаас юу хүсдгээ мэддэгээсээ мэддэггүй хүмүүс нь аймшигтай олон. Хорвоо дээр хийж бүтээсэн хүмүүсийн амжилтын түлхүүрийг хүсэл эрмэлзэл, шаргуу хөдөлмөр хоёр гэх ба ба энэ хоёр байхад л болоод явчихна гэж сургууль цэцэрлэгт заадаг мөртлөө тэр параметрүүд бидний үнэлгээний гол төв байгаа эсэх нь асар эргэлзээтэй. Магадгүй бидний үнэлгээний систем аль хэдийнээ боломжоор хангагдсан нийгмийн тодорхой бүлэг хүмүүсийг онилж, тэдний хүсэл шаардлагыг биелүүлэхэд үйлчилдэг байх. Хүний дотоод сэтгэл рүү өнгийж харахгүй байх нь харамсалтай хэрэг шүү.

Зөвхөн хүнээс гадна бид байгууллагуудын эрэмбийн талаар ярих шаардлагатай. Надад энэ тал дээр том асуудал бий. Учир нь хүний хийж бүтээх сэтгэлийг үнэлдэггүй адил зарчим байгууллага, тэр дунд их сургуулиуд дээр ихээр үйлчилдэг.

Дэлхийн шилдэг 20 их сургуулийн жагсаалт

Дэлхийн шилдэг 20 их сургуулийн жагсаалт

Дээрх жагсаалтаас та дэлхийн шилдэг 20 их сургуулийн нэрийг харж байна. The New York Times болон U.S News and World Report гэх мэт байгууллагууд нь элсэж орж байгаа оюутнуудын дундаж шалгалтын оноо, номын санд байгаа номны тоо, багш ажилчдын хэвлэсэн зохиол бүтээлүүд болон pH.D зэрэгтэй профессоруудын тоо, багш ажилчдын авсан шагнал урамшуулал, төгссөн хүмүүсийн цалингийн хэмжээ, сургалтын төлбөр гэх мэт хүчин зүйлс дээр тулгуурлан сургуулиудыг эрэмбэлдэг юм. Гэвч боловсролын байгууллага гэдэг харамсалтай нь хөлбөмбөгийн баг биш. Төгсөгч нарын оюун ухаан, сэтгэлгээ, дэлхийн хойч үеийн амьдралын түвшин, чанар чансаа ямар байхыг тодорхойлох, түүнд эерэгээр эсвэл сөргөөр хувь нэмрээ оруулах боловсон хүчнийг бэлтгэж байгаа газрыг 11 хүнийг 90 минутын турш тасралтгүй гүйж чадахыг нь шалгах гэж байгаа мэт өнгөц шалгуураар дүгнэх нь тохиромжгүй юм. 

Ер нь юмсыг үнэлж, эрэмбэ дараа тогтоох нь уг зүйлс тоолоход хялбар, энгийн зүйлс дээр л тохиромжтой баймаар. Сайн боловсролын байгууллага нь гэвч нарийн төвөгтэй, бүхэл бүтэн зохион байгуулалт бүхий нэг том цогц систем тул тоогоор илэрхийлэхэд ихээхэн хүндрэлтэй. Орчин үеийн загвараар үнэлэх юм бол гүн ухаанч Платогийн Академийг U.S News and World Report байгууллага нь дэлхийн шилдэг ч биш, бүр "бүсийн" жижиг дотроо хамгийн жижиг сургуулиудын нэлээд доор бичигдэхээр эрэмбэлнэ. Платогийн академи нь хэдийгээр гайхалтай сэтгэгчдийг төрүүлсэн ч одоогийн ашиглагдаж байгаа үнэлгээний системийн дагуу бол номын сан нь маш цөөхөн номтой, сургууль байгуулсан улс нь өөрсдөө хичээлээ заадаг, зааж байгаа мэдлэг нь өвөг дээдсээс аман зохиол маягаар уламжилж ирсэн зүйл зааж байсан учраас доогуур үнэлгээний сургуульд тооцогдох юм. 

Цаашлаад их сургуулиудыг эрэмбэлэхдээ үнэлгээний систем нь бидний эргэн тойронд зогсолтгүй болж байгаа асуудлуудыг шийдвэрлэх хувь нэмрийг тоож авч хэлэлцэхгүй байгаа явдал юм. Аливаа сургууль бидний үнэ цэнэ болсон зүйлийг үнэхээр дэмжихээр ажиллаж байна уу, эсвэл нэр хүнд, мөнгөний төлөөх хүмүүсийг төрүүлэхээр тархи угааж байна уу гэдгийг бид асуух хэрэгтэй. Эргэн тойрны асуудлуудыг шийдвэрлэж, ирээдүйн сайн сайхныг дэлгэрүүлэхэд нэмэр болохгүй юм бол бид юмсыг үнэлж, эрэмбэлэхийн учир юу юм бэ? Сайн сургууль гэж төгсөгчид нь мөнгө сайн угаадаг сургуулийг хэлэх юм уу? Сургуулиа төгсөөд нийгэмд амьдрах хүмүүсийг сургах сургууль нь оюутнууддаа бодит байдал, өнөөгийн асуудлуудтай уялдаа холбоотой сэтгэх чадварыг суулгах тал дээр ажилладаг байх ёстой. Монгол өв соёл байхгүй бол Монгол улс мөхсөнтэй адил гэж нэгэн зэрэг ам амаа авалцан дуугарах боловч саяхныг хүртэл МУИС-д Монголын түүхийн хичээлийг заавал судлах хичээл болгож үздэггүй байсан. Бидэнд тулгарах нийгмийн болон байгалийн асуудлуудын гол эзэн нь хариуцлагагүй бизнесүүд гэх мөртлөө бизнесийн удирдлагаар сурч байгаа оюутнууддаа нийгмийн хариуцлага, байгалийн ёс зүйн талаар ямар ч хичээл ордоггүй. Гэхдээ тэр л их сургуулиуд дэлхийд дээгүүр байр эзлээд явж байна. Үүнээс илүү инээдэмтэй хэрэг гэж байх уу даа. Өөрсдийн үнэ цэнийг ойшоодоггүй, алсын хараагүй үнэлгээний систем нь нийгэм нь их хэмжээний хохирлоос өөр юу ч авч ирэхгүй. Жишээ нь аж үйлдвэржилтийн эрин үе эхлэх үед тухайн үеийн их сургуулиуд нь хүн байгалийг захирдаг буюу байгалийг дарангуйлах нь сайн зүйл гэх санаан дээр суурилж хичээлүүдээ заадаг байсан. Түүнээс улбаалан хариуцлагагүй бизнесүүд хүчээ авч, өнөөдөр бидэнд нөхөн сэргээж чадахгүй байгаа мянга мянган уурхай, устаж үгүй болох дээрээ тулсан амьтад, ус агаарын бохирдол, цөлжилт, дэлхийн дулаарал мэтийн асуудлууд шийдвэрлэж чадах хэмжээнээсээ хэтэрчихсэн байна. Хохирогчид нь үргэлж хойч үе байх ба эдгээр асуудлуудын эхийг тавьсан хүмүүс энэ хорвоог аль хэдийнэ орхин оджээ. Ийнхүү хариуцлага тооцох хүнгүй боловч тэдний үзэл санаа одоо ч хэрнэ маш олон сургууль дээр явагдсан хэвээр. Нутаг усны лус савдаг гэж дээдэлдэг монголчуудын шинэ залуу үе хүртэл байгаль бол бидэнд заяагдсан эд зүйл гэх юм. Эцсийн эцэст байгууллага, хувь хүмүүсийг одоо байгаа ертөнцийг илүү гэгээлэг болгоход нь системтэйгээр түлхэхийг огт зорилгоо болгоогүй үнэлгээний системээс илүү хэрэггүй зүйл гэж байхгүй. Тийм ээ, дэлхийд алдартай, мөнгөтэй болгоныг шилдэг их сургуулиуд төрүүлж байна. Гэхдээ тэдгээр хүмүүсийн хариуцлагагүй ажиллагаанаас болж дэлхий даяараа хангалттай зовлонд уналаа. Төгсөгчид нь хэр их цалинтай ажил хийж, ямар шагнал авснаар нь биш тэднийг нийгмийн сайн сайхны төлөө юу хийж бүтээж байгаагаар нь үнэлбэл тэр шилдэг сургуулиудын ранк доош навс унах нь гарцаагүй. Харин дараа нь... үнэлгээний системийн шаардлагын дагуу эргээд сургуулиуд оюутан, хойч үеийн тархинд зайлшгүй үлдэх ёстой ёс суртахуун, хүнлэг сэтгэлийг урдаа барих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэх нь зайлшгүй.

Үнэлгээний систем бол хүч юм. Яг л сайхан эмэгтэй гэж ийм хүнийг хэлнэ гэсэн шалгуур гаргаж ирснээс болж эмэгтэй хүмүүс байгалиас заяасан үзэсгэлэн гоогоо өөрсдөө боож, бүх эмэгтэйчүүд хэвийн жингээ таргалалт гэж харах болж, нийгмийн стандартад нийцэхгүй байгаа хөөрхөн царайгаа ад үзэх болсон шиг. Үнэлгээний систем нийгмийг өөрчлөх тийм л аугаа их хүчтэй. Хэрвээ үнэхээр эрэмбэлэх шаардлага байгаа юм бол, үнэхээр л ажил хөдөлмөр нь биенийхээ өмнө нэг тоо тавихгүй бол урагшилдаггүй юм бол хувь хүнийг эрэмбэлэхдээ эхлээд зөвхөн уг хүний л сэтгэл, хөдөлмөр, хүсэл эрмэлзлийг нь сонсооч. Хүсэл эрмэлзэлгүй хүн юу ч хийдэггүйг би мэднэ. Хэний ч асуудал өөрт нь хамаагүй байдаг, энэ дэлхийг өөрчлөхийг хүсдэггүй, тэнд хүн өлсөж үхэж, амьтан зовж, хүүхдүүд шаналж, дайн болсон ч өөрт нь наалдах зүйлгүй байдаг олимпиадуудын харгис их аваргуудаар ер нь бид яах билээ? Бидэнд олимпиадуудын мундаг аваргууд хэрэгтэй, гэхдээ толгой доторх бодох хүчийг ил харагдах үйл явц болгох сэтгэлгүй аваргууд дэлхий дээр оршсон оршоогүй үр дүн нь ямар ч ялгаагүй. Харин их сургуулиудын хувьд оюутнуудын бодит асуудалд хандах хандлагыг зүгшрүүлэх зорилготой хөтөлбөрөөр нь, зөв хүн болгон хүмүүжүүлэх боловсролын системээр нь үнэлэх хэрэгцээ шаардлага их байна. 

#34 | Шийдэгдэхгүй асуудал

#34 | Шийдэгдэхгүй асуудал

#32 | Амь

#32 | Амь