Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#32 | Амь

#32 | Амь

Зүүд гэдэг сонин шүү.

Нэг удаа хөдөө сум шиг газар цэнхэр хашааны гадаа том биетэй мөртлөө эцэж турсан хар нохой амь тавихын наах нь хэвтэж байхыг олж үзээд "Авраач. Би энд амьтан хамгаална л гэж ороо биз дээ!" гэж өөрийгөө хашааны цаана байгаа хүмүүс рүү орилж байна гэж зүүдэлсэн.  Энэ зүүдээ удаан хугацаанд мартчихсан байжээ. Тэр өдөр сэрээд дотроо "Юун хачин зүүд вэ, юун амьтан, юун нохой" гээд л өнгөрч билээ.

Харин одоо амьтан судлалын багт судалгаа хийхээр бүр яваад ирсэн байдаг. Шавж судлахын тулд спиртийн уусмалд түүврийн аргаар барьсан шавжнуудыг живүүлж алахыг харсан тэр үед л зүүд минь гэнэт бодит биеллээ олсон юм шиг над дээр эргээд ирэв. Бодит байдал, хийсвэр ертөнц хоёрын аль нь вэ гэдгийг ялгахгүй хэсэгхэн хором зогтусахын хажуугаар хөнгөн гуниг, цөхрөл мэдрэгдсэн.

Иймэрхүү зүйлсийг бид шинжлэх ухааны тусын тулд хийж байна гэх юм. Ховордсон шавж, амьтан хамгаалахын тулд тэднийг эхлээд судлахаас өөрцгүй гэдэгтэй би санал нийлнэ ээ. Манай ахлах тэр өдөр барьсан шавжнуудаа үнэхээр л живүүлж байж судлах шаардлагатай байсан юм. Ахлах бид хоёр өөрсдийгөө баясгах гэж амьтны амь таслаагүй хэрнээ надад нэг л хүйтэн мэдрэмж төрсөн дөө. Тусдаа өөрийн гэсэн "амьд" гэсэн тодотголтой бүхэл бүтэл организмын гол амь сүнсийг нь зүгээр л таслах чадвар бололцоотой байсны төлөө амьд амьтан ална гэдэг цаанаа л хэрцгий, нэг л ойлгомжгүй учир битүүлэг шалтгаан юм. Хүний бяцхан үрийн амийг таслах чадвар, бололцоо, боломж ямар ч насанд хүрсэн том хүнд бий. Гэтэл тэглээ гээд хүүхдийн аминд хүрэх эрүүл ухаантай хүн байдаггүй шүү дээ. Харин гэтэл амийг нь таслах биет нь хүн биш өөр организм болоод ирэхээр бид тэднийг алахдаа хамаагүй зоригтой, шулуухан бөгөөд бодох зүйлгүй цааш нь харуулах ажээ.


Тийм дээ. Дэлхийн аль ч орны хүмүүсээс устаж үгүй болох гэж байгаа амьтны амь болон хүний амь хоёрын аль нь чухал вэ гэвал харьцуулж, дэнсэлж үзээд хүний амь ямагт ямар ч амьтнаас илүү чухал гэсэн дүгнэлтийг хүргэдэг. Дийлэнх тохиолдолд шүү дээ. Мэдээж тэр дунд амьтны амийг илүү чухал, эсвэл хүн болон амьтан хоёул адил тэгш эрхтэй байх ёстой учир нь тэд хоёулаа байгалийн “гишүүд” гэсэн хүмүүс ч олон бий. Ийм байр суурьтай нэг жишээ нь Кени улсын засгийн газар болно. Энэ байр суурийг нь олон ч хүмүүс “эсрэгүү” гэж үзээд байгаа. Кенид хирс гэдэг амьтан ховордсон амьтдын жагсаалтанд ороод удаж байна. Зөвхөн Кенид байдаг хирс тул энэ нь зөвхөн Кенид ч биш бүр дэлхийд ховордсон амьтан болж таарч байгаа юм л даа. Яг л Монголын мазаалай шиг. Ингээд Кени улс хирс агнахыг хориглоод зогсохгүй, агнасан хүнд цаазаар авах ял оноохоор болсон билээ (дэлгэрэнгүй унших). Адил хууль Африкийн Зимбабве улсад хэрэгжээд өдгөө аль хэдийнээ 150 хүнийг цаазаар авчихаад байгаа.

Маш олон хүн энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, энэ нь хүний амьд явах эрхэнд халдсан шийдвэр болсон тухай олон маргаан дэгдээсэн нь газар авсан. Яагаад гэвэл Кени улс нь харьцангуй ядуу буурай орон. Тиймээс тэнд ан хийж амиа зогоодог хүмүүс олон бий. Тиймээс Кенид нэг ядуу эр өлсөж цангаж, орон гэргүй болж, өлбөрч үхэх дээрээ тулаад явж байтал хирстэй таарвал яах вэ? Тэр тохиолдолд зүгээр өлбөрч үхэх үү, эсвэл хирс агнаж идэх үү гэдэг сонголт гарч ирэхэд хүн мэдээж хирс агнах сонголтыг хийх биш үү? Энэ тохиолдолд авч хэлэлцэх ёстой хамгийн гол асуудал нь уг хүн хирсийг зүгээр л явж байхад нь өөрийнхөө сэтгэл санааг сэргээхийн тулд спортын бай болгох гэж агнаагүй гэх шалтгаан юм. Тэр хүнд нэн яаралтай хоол идэх хэрэгцээ байсан. Ямар ч хүн гэр орон, хоол хүнс, эмнэлгийн тусламж гэх мэт наад захын хэрэгцээгээр бүрэн хангагдах үндсэн эрхтэй байх ёстой. Гэтэл хөөрхий ядарч яваа нэг хүн ердөө л өөрийн үндсэн эрхээ эдлэхээр амьтан агнасныхаа төлөө бүр цаазын ял сонсоно гэдэг байж болох хэрэг үү?

Тийм ээ, мэдээж байж болох хэрэг.

Миний мэдэхээр хүний наад захын хэрэгцээг хангах нь хүн төрөлхтний номер нэг зорилго хэзээ ч байгаагүй.

Дэлхийн хүн ам 7.5 тэрбумд хүрчихээд байгаа билээ. Хүн амын 1% нь дэлхийн нийт эд баялгийн 50%-ийг эзэмшиж байна. Харин нийт хүн амын доод 71% нь цөмөөрөө, хамтаараа, олноороо, бултаараа нийт хөрөнгөө нийлүүлээд баялгийн ердөө 3%-ийг л эзэмшдэг юм. Бидний амьдарч байгаа нийгэм нь дэлхийн топ 1%-ийн амьдралыг улам цэцэгжүүлж, тэдний тансаг хэрэглээг бэлтгэхэд үндсэндээ үйлчилнэ.

Incomes of the poorest 10% increased by less than $3 a year between 1988 and 2011, while incomes of the richest 1% increased 182 times as much.
— Oxfam's "Global Inequality Crisis"
1988-2011 оны хооронд нийт хүн амын хамгийн ядуу 10%-ийн орлого 3 доллароос багаар өссөн байхад хамгийн баян 1%-ийн орлого 182 дахин өссөн байна.

Тансаг зэрэглэлийн хэрэгцээнд амьд явахад зайлшгүй шаардлагагүй буюу эмнэлгийн тусламж, хоол хүнс, орон байрнаас хэт давсан үрэлгэн хэрэглээ болох нэг хүнд зориулагдсан дэлхийн өнцөг булан бүр дэх хоосон байшин, орд харш, хувийн онгоц (энгийн жишээ) зэрэг багтана. Харин тэдгээр хүмүүсийн тансаг хэрэглээг улам ихэсгэхийг биш эсрэгээрээ дэлхий дээрх бүх хүний амьдралын наад захын хэрэгцээг хангахыг зорилгоо болгосонсон бол хувийн онгоц үйлдвэрлэх нөөцөөрөө бид хоол хүнс ургуулан орон гэр барих бүрэн боломжтой. Хэдэн жишээнүүдийг дурьдъя.


$20
Buys enough maize to feed a family of four in the Rift Valley of Ethiopia for six months.

Африкийн Этиоп улсын Рифт Валлид 4 гишүүнтэй гэр бүлийг 20 доллароор 6 сар тэжээж хүрэлцнэ.

$50
Grows substantially more crops in a region of scarce resources, harsh terrain, and prevalent malnutrition in Peru.

Перу улсад 50 доллароор нөөц багатай, хүнс тэжээлийн хомсдол зонхилсон, хүнд нөхцөлтэй нутаг дэвсгэртэй газарт үлэмж их хэмжээгээр тариа тарих боломжтой.

$100
Provides a young student living in poverty in Mali with the vocational training and financial support necessary to start her own weaving business.

Малид ядуу амьдралтай залуу оюутанг тусгай мэргэжлийн сургалтанд хамруулж, өөрийнх нь хувийн бизнесийг эхлүүлэхэд шаардагдагдах хөрөнгө ердөө $100.


Энэхүү маш энгийн статистик мэдээ нь нийгмийн хамгийн “баян цөөнх” бүлгийн их хэмжээний хөрөнгийг дахин хуваарилснаар байгальд нэмж хор хөнөөл учруулахгүйгээр доод ядуу бүлгүүдийн наад захын хэрэгцээг хангах бүрэн боломжтойг маш тодорхой харуулж байгаа юм.

Гэхдээ топ 1%-д хамаарагддаггүй байлаа ч жирийн ард иргэд бид өөрсдийн дэргэд буй ядуу хэн нэгний наад захын хэрэгцээг хангах бус харин оронд нь үнэтэй ресторанд хооллох, найздаа төрсөн өдрөөр нь тансаг бэлэг авч өгөх мэтээр хувийн баялгаа зохицуулдаг нь үнэн. Тэр сонголтыг хийхдээ бид өөрсддөө маш их сэтгэл хангалуун байж, Кенид эсвэл бүр дэргэд нь өлсөж үхэхийн даваан дээр байгаа хүнд туслах сонголтыг огт ойшоож үздэггүй нь бидний үнэн төрх, зорилго, хүсэл сонирхол хаана байгааг тодхон харуулна. Бидний үнэн төрхийн тухайд хэлэх зүйл дэндүү их. Бидний нийтлэг жинхэнэ хүсэл сонирхлын талаар би ганц л зүйл хэлж чадна. Бидний номер нэг хүсэл сонирхол ХЭЗЭЭ Ч дэлхийн хүмүүсийн үндсэн эрх, тэдгээр хүмүүсийн наад захын хэрэгцээг хангах биш байсан. Одоо ч биш, цаашид ч магадгүй биш хэвээр байна. Бид хүний амийг аврахыг эрхэм зорилгоо болгочихоод үнэтэй ресторанд хооллонгоо хэд хэдэн үнэтэй машин унаад явж байж таарахгүй.

Тиймээс… Кени улсын засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, Зимбабве улсыг нэн ховордсон амьтан агнагчдыг цаазалсны төлөө хүний эрхийг дээдэлсэнгүй, ядуу иргэдийг хоолноос нь салгаж буудаж аллаа хэмээн бухимдах эрх танд бас надад байхгүй юм. Хэрвээ ан хийсэн хүмүүс бизнесийн зорилготой байсан бол тэдгээрийг хороох нь зүйтэй. Харин ядуу тарчиг амьдралаасаа болоод хирс агнаж идэх дээрээ тулсан бол тэдгээр ядуу иргэдэд туслах боломж бидэнд бүгдэд нь байсан. Тэр үед та Кени эрийг дараагийн өдөр буудуулахыг хүлээн зөвшөөрөөд боломж нөөцөө үнэтэй үдэшлэг зохиож, ууж идэхэд ашигласан бол та өөрийн сонголтыг нэгэнт хийсэн байна. Харин хүлээн зөвшөөрч тийм сонголт хийчихээд Кенийн засгийн газрыг байгаль хамгаалах хуулиа мөрдсөний төлөө “хүний эрх” гэдэг үгийг хэн ч амнаасаа бүү унагатугай.


ХЭРВЭЭ... Дэлхийн бүх хүний наад захын хэрэгцээг байгальд нэмж хор хөнөөл учруулахгүйгээр зохицуулах боломжтой бол...

Хэрвээ... Дэлхийн хүн амын хэт их хэрэглээнээс болж уг амьтан ховордсон бол...

Хэрвээ... ядуурал, хүний эрхийн төлөө тэмцэл бидний номер 1 зорилго биш юм бол...

Хэврээ... Ресторанд хооллож, үнэтэй бэлэг төрсөн өдрөөрөө авах чинь өөр хэн нэгэн хүний аминаас илүү үнэтэй байгаа бол...

Тийм ээ, хэрвээ тийм бол тэр үед бид хүнийг биш амьтны амийг аврах хэрэгтэй.

 

#33 | Зөв үнэлгээ бол хүч

#33 | Зөв үнэлгээ бол хүч

#31 | Амжилтанд хүргэх өөр зам

#31 | Амжилтанд хүргэх өөр зам