Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#31 | Амжилтанд хүргэх өөр зам

#31 | Амжилтанд хүргэх өөр зам

011818-43-Easter-Island-Rapa-Nui-History-Anthropology.jpg

Дам-Дам аварга хөшөөг босгосон Полинезчүүд хэрхэн байгаль орчноо сүйтгэснээр өөрсдийгөө сүйрүүлсэн тухай түүхийг өмнө нь 28-р дугаараар та бүхэнд бэлтгэн хүргэсэн билээ. Дам-Дамын Ийстер арлынхантай адил замаар маш олон өөр иргэншил өөрсдийгөө байгаль орчинтойгоо хамтад нь сүйрүүлж байсан юм. Жишээ нь Маяачууд болон Анасазиуд. Гэхдээ үүний яг эсрэг арга хэмжээг цаг алдалгүй авч амиа аварсан иргэншлийн түүхүүд мөн бий. Тиймээс энэ удаа өөрсдийгөө адил сүйрлээс аварсан аугаа аж үйлдвэржсэн нийгмийн амжилттай нэг жишээг толилуулъя.

Сүйрэл

japan-street-map.jpg

Япончууд өөрсдийн улсыг "Ногоон Арал" гэж нэрлэдэг. Азийн энэ орон бол Европын бусад орнууд шиг хотжиж хөгжсөн хэрнээ тэр жижиг газар нутгийн 80 хувийг хүн сийрэг суурьшсан ой мод эзэлдэг бөгөөд газар нутгийнх нь 20 ч хүрэхгүй хувьд ихэнх хүн ам, тариалангийн газар нутаг нь чихцэлдэж оршдог. Японы хүн ам болон газар нутгийн харьцааг уншигчдын маань хэн нь ч хэлүүлэлтгүй гадарлаж байгаа биз. Тийм олон сая хүн амтай бяцхан нутаг дэвсгэртэй орон яаж 80 хувийг бүрхсэн хэмжээний ой модыг хадгалсаар байна вэ? 

Японы ойн бүрхүүлийг өнгөн талаас нь харахад унаган ой модыг санагдуулах авч, үнэн хэрэгтээ 300 жилийн өмнө хүний хөл хүрсэн газрын дийлэнх ой модыг Япончууд өөрсдөө тайрч устгасан түүхтэй. Тиймээс Япончууд үхлээс өөрсдийгөө суга татсан гэхэд хэлсдэхгүй ээ.

Япон улс 15-р зууны төгсгөлд эзэн хааныхаа эрх мэдлийг үгүй хийж иргэний дайн дэгдээсэн юм. Дайны төгсгөлд эзэн хаан нь Киотодоо ёс төдий, бэлгэдлийн шинж чанартай амьдрах болж, 1603 оноос "гиёгүн" гэх нэрлэгдэх төрийн эрхийг барих цол хэргэмтнүүд Японыг дайн байлдаангүй энх амгалан байлгахад анхаарлаа хандуулах болсон байна. Дайн дажингүй байсны улмаас Японы хүн ам ихэд өсч, эдийн засаг ч мөн тэсрэлтийн байдалтай гэмээр огцом өссөн билээ. Гадаад харилцааг бараг бүр мөсөн хориглосон тул Европод гарсан үхлийн тахалд Япон өртөөгүй. Европод хүн ам нь түйвээгдэж байхад Японд эсрэгээрээ өсч, тариалангийн талбай өргөсч, өөрсдийн нөөцийг ашиглаж дотоодоосоо бүх хэрэгцээгээ хангах болсон юм.

Хөгжил цэцэглэл ирсэн энэ 1600-аад оны тусгаарлагдмал ертөнц харамсалтай нь удаан үргэлжилсэнгүй. Хөгжлийн үр дүнд бий болсон байгаль, хүн амын хямралын үндсэн хүчин зүйл нь ойгүүжүүлт байлаа. Хүн амын өсөлтөө дагаад модон эдлэл, ахуйн хэрэглээний модны эрэлт өссөн тул ойгүйжилт нь бараг л ойлгомжтой, тодорхой үр дүн гэмээр. Япон улс 19-р зууны эцэс хүртэл барилгуудаа дан модоор урладаг уламжлалтай байсан юм. Энэ уламжлал нь Японы түүхийн эхэн үед мод элбэг дэлбэг байсантай холбоотой. Дээр дурьдсан гиёгүнчүүд л гэхэд тайжуудтайгаа өрсөлдөж өөрсддөө өндөр өндөр цайзуудыг босгуулна. Модон хотууд сүндэрлэсээр... тайжууд хоорондоо өрсөлдсөөр... Дээрээс энгийн иргэд нь газар нутаг жаахан учраас байшингуудаа бие биетэй нь бараг л залгаа шавааралдуулж барьдаг байсны улмаас яндангаар нь цог гарахад санаандгүй гал алдах тохиолдлууд ихэсч тэр олон шавааралдсан модон байшингуудыг ор мөргүй шатаасан түүхүүд олон бий. Харин шатсаны дараа мэдээж хотоо дахиад л барих хэрэгтэй болно. Мэдээж дахиад л модоор шүү дээ. Иймэрхүү байдлаар гал алдаад байвал тайжуудын хоорондоо өрсөлдөж барьцгаасан хэдэн зуун цайзаас ч илүү олон энгийн иргэдийн орон сууц, барилга байгууламж хялбархан сүйдчихнэ. Тэгээд тэр хэмжээгээр ой модны устгал хурдацтай явагдаж байсан болж таарч байна. Олон удаа түймэр гарсны дотор хамгийн том нь одоогийн Токиогийн газар нутаг, тэр үед "Эдо" гэж нэрлэгддэг байсан газрын талыг сүйрүүлж, ойролцоогоор 100,000 хүнийг цааш харуулсан гал түймрийн тухай баримт бий.

Ой модны хэрэглээ барилга байгууламжаар дуусахгүй ээ. Орон сууцны халаалтанд хэрэглэгдэх модон түлш, шавар эдлэлийн үйлдвэрлэл, хоол хүнс бэлтгэхэд гээд л модны хэрэгцээ барагдахгүй. Хүн ам ихэссэнтэй холбоотой хоол хүнсний эрэлт хэрэгцээ нэмэгдэж, үүнийгээ дагаад газар тариалан ихэссэн. Тариалан тарих газрыг нэмэгдүүлэхийн тулд ой модыг тариалангийн газар болгохоор тайрч эхэлсэн байна. Дээрээс нь тариачид ногоо, будаагаа ургуулахад бордоо хэрэгтэй тул ойгоос "ногоон бордоо" буюу хөрсөнд шим тэжээл өгөх модлог ургамлуудыг түүж бордоо болгон ашиглах нь ихсэв. Үүнээс гадна иргэний дайны үед их хэмжээний морьд уналга ачилганд хэрэглэгдэж байсан ба тэдгээрийг хооллох, мөн өөрсдийн зэвсгийг хус модоор хийх гээд модны хэрэгцээ барагдахгүй, маш өндөр байжээ. 

Тэр үед хэний ч толгойд Япон улс мөхөл рүүгээ явж байна гэх бодол зурвас орж ирээгүй байх. Иргэний дайнд нэг нь ялж, нөгөө нь ялагдах нь тодорхой байсан цаг үед эцсийн мөчид хэн нь ялж, яаж ялах, хэнийг устгах, яаж устгахаас өөр алсын тэртээ хол, өөр ертөнцийн, харь гаригийн хүний бодол ч гэмээр  ой мод сүйрч байгаа тухай бодол хэнд ч түрхэн зуур төрөөгүй болов уу.

Амжилт өөд

Алсын хараа аливаа иргэншлийг цааш амьд үлдэх үү, үгүй юу гэдгийг шийдвэрлэх гол түлхүүр юм. Япон улсын төр газар тариалангаас болж ой модгүй болсноо ухаармагцаа загас ан агнуурыг хөгжүүлэх бодлого ихээр явуулах болсон юм. Энэ нь тариалангийн хоол хүнснээс хараат байх дарамтыг бууруулж, ой модыг газар тариалан эрхлэхийн төлөө тайрахыг зогсоох далд бодлого байлаа.Тариалангийн газруудад ногоон бордоо бус загасны махан бордоог түлхүү хэрэглүүлэх болов. Гадаад ертөнцөөс хараат бус, бие даасан эдийн засгийн бодлогыг баримталж байсан энэ орон байгаль орчин нь сүйдээд ирэхийн цагт бусад орнуудаас хоол хүнс их хэмжээгээр импортлох болж, үүд хаалгаа дэлхий ертөнцөд нээсэн юм. Тэд өнөөдөр оршин тогтнохоо больсон Айнучуудтай худалдаа хийж тэднээс яргай загас, далайн өргөст хэмх импортлодог болсон юм. Харамсалтай нь гадаа худалдаа хийгээд удаагүй дараа нь Айнучууд өөрсдөө мөхсөн билээ. Япон улсын эрэлтээс болж Айнучууд хэт их хэмжээгээр загас агнах болсон юм. Японы нөөцийн асуудлыг шийдвэрлэсэн шийдлийн нэг хэсэг нь Япон өөрийн нөөцийг арвилан гамнаж, бусдын нөөцийг цөлмөх бодлого явуулсныг анзаарч байна уу? Өнөөдөр ч Япон болон бусад хөгжингүй орнууд өөрсдийн нөөцийн хомсдлын асуудлыг хаа нэг газрын нөөцийг ашиглан доройтуулах замаар шийдэж байгаатай энэ нь нэн төстэй юм.  

Засгийн газар нь хоол хүнс хомсдох талаар нэлээдгүй тархи угаалт хийснээр хүн амын өсөлтийг тогтмол түвшинд барьж чадсан. Токугавагийн үеийн төрөлт нь цагаан будааны үнийн хэлбэлзлийг дагаж өсч, буурч байсан нь энгийн иргэд хүүхэдтэй болох шийдвэрээ хоол хүнстэй холбон гаргаж байсан гэхэд хэлсдэхгүй биз ээ. 

Цаашлаад Япончууд мод огтлохыг хориглох бодлого явуулж байснаа сүүлдээ мод тарихыг дэмжих бодлого болгон хувиргасан нь өнөөгийн Японы газар нутгийн 80 хувийг яагаад их ой шугуй эзэлдгийг тайлбарлаж чадна. Япончууд эдгээр бодлогуудаа шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлсэн ба ойжуулалтын талаар анхны шинжлэх ухааны бүтээл 1697 онд хэвлэгдсэн гэх баримтаар нотлогдож байгаа юм. 

Хэрхэн амжилтанд хүрэв

Япон улс өнөөг хүртэл амьд сэрүүн, өөрсдийн соёлыг хадгалсаар явааг зүгээр ч нэг байгальд хайртай, Күнзийн суртлыг дагасан, зөв бодолтой ард түмэн мэтээр тайлбарлаж болохгүй. Аливаа нийгэм зүгээр л байгальд хайртай байснаараа иргэншил соёлоо авч үлдэж чадаагүй олон тохиолдлууд бий. 

Япон улсын энэ түүх их хачирхалтай. Энэ түүхийг судалж байхдаа би Япончуудыг "АЗТАЙ" гэхээс өөр дүрсэлж хэлэх үг толгойд орж ирэхгүй байсан юм. Ой модыг нөхөн сэргээж, дахин тариална гэдэг өөрөө нүсэр хүнд, цаг хугацаа шаардах ажил юм. Энэ ажлыг зүгээр эхлүүлсний төлөө ургадаг цаг ууртай газар ховорхон. Японд галт уулын үнс нурам болон Азийн их газрын тоос их унаж улмаар газрын үржил шим байнга нөхөн сэргээгдэж хөрс нь залууждагаас гадна хур тунадас их ордог тул модны нөхөн ургалт түргэн байдаг. Энэ нь яах аргагүй Японы газар зүйн байршлын буюу экологийн давуу тал учир Япончууд өнөөгийн нутаг дэвсгэрийг эзэмшдэг нь тэдний АЗ.

Амжилтанд хүргэсэн байх өндөр магадлалтай дараагийн хүчин зүйл бол тэдний нийгмийн бүтэц. Ихэс дээдэс, үе залгамжлах нь Японыг сүйрлээс гаргахад маш том үүрэг хүлээжээ. Жишээ нь үймээн самуун, дайн намжсаны дараа захирагч шёгүн өөрийн үе залгамжлагчдыг Япон улсыг олон үе дараалан захирна гэж үзэж байсан бөгөөд тэд үнэхээр л Японыг 250 жилийн турш захирсан билээ. Энэ нь Японы шёгүнүүдийг өөрсдөө нас барч хорвоогоос арчигдсан ч үе удмаа бодох сэтгэлээр хойчдоо тустай шийдвэр гаргахад их нөлөө үзүүлсэн юм. Төр барих хугацаа нь үл мэдэгдэх орчин цагийн ерөнхийлөгчдийг бодвол Японы шёгүнүүд хүү нь угсаа залгамжилна гэсэн өөртөө болон ирээдүйдээ итгэх үзэл санаа нь өөрийн эзэмшлийн цаг хугацааг ирээдүйн төлөвлөлтөнд илүү анхаарал хандуулж, тархиа гашилгахад түлхэц болсон нь үнэн. Японы жирийн иргэдийн хувьд ч мөн ялгаагүй. Ядуу тариачид хүртэл өөрсдийн газар, үл хөдлөх хөрөнгө нь өв залгамжлагчдад өв улирна гэдэгт итгэлтэй, үгүй юм аа гэхэд горьдлоготой байсан юм. Энэ нь тэд газрын гэрээгээ маш урт хугацаагаар, янз бүрийн түрээсийн нөхцөлтэйгөөр эзэмшдэг байж.

Японы энэхүү жишээг хараад ойлгож авсан зүйл минь хувь хүний ашиг сонирхолдоо хөтлөгдсөн хүмүүс тэр бүр ирээдүйгээ бодсон шийдвэр гаргахаар сэтгэл, ухаангүй байдаг гэх зүйл юм. Тэд түр зуурын эрх ашигтаа хөтлөгдөх нь ч бий, богино хугацаанд ч урт хугацаанд ч үр ашиггүй үйлдэл хийх тохиолдол бий. Японых шиг засаглалгүй энгийн буурай ардчилсан орны хувьд нухацтай, даацтай шийдвэр гаргах эр зоригтой, түүнийг нь үргэлжлүүлэх найдвартай халаа нь байсны дээр төрийн бодлогоор санаачилга гарган хэрэгжүүлэх чадвартай удирдагчид байснаар нийгэмд нааштай өөрчлөлт авчирч асар их гавъяаг байгуулж чадна. Ингэхийн тулд доороос санаачилгыг нь ойлгон дэмжих идэвх зүтгэлтэй, оюун билэгтэй иргэдийн эр зориг ч чухал ажээ.

 

#32 | Амь

#32 | Амь

#30 | ПОДКАСТ | АНУ, Канадын Шилдэг 7 Оюутан/Төгсөгч | Мэдлэг Түгээхийн Учир

#30 | ПОДКАСТ | АНУ, Канадын Шилдэг 7 Оюутан/Төгсөгч | Мэдлэг Түгээхийн Учир