Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#27 | Тусгай Дугаар - "Эргэх Цэг" (Дуутай блог)

#27 | Тусгай Дугаар - "Эргэх Цэг" (Дуутай блог)

Сэтгэлээ уудлахуй.

Бүр багадаа чихэвчний хөгжимний хоёр ширхэг цэнэглэгч авч ирүүлэхээр дүүгээ дэлгүүр гаргаад өөрөө CD, кассетний хайрцаг цэгцлэхээр гэртээ үлдэж билээ. Гэнэт үүд рүү хартал нэлэнхүйдээ цусанд будагдчихсан царай... Эргэж орж ирэх замдаа шатны ирмэг рүү бүдэрч унасны улмаас нүүр, хувцас нь нэлэнхүйдээ цусанд будагдчихсан дүү минь чимээгүй зогсож байжээ. Хараад үхтлээ айсан ч зогтусч гөлрөх сэхээгүй "ЮУ хийх билээ, ЮУ хийх ёстой вэ" гэхээс өөр зүйл бодогдоогүй тул нүднээс нулимс ч гарах завгүй бүх цусыг нь чийгтэй алчуураар цэвэрлэж, тэр өглөө нь өөрийн далд хийсэн шархны лентийг гаргаж ирж цус ундарсан баруун нүдний хэсэгт наасан боловч тогтохгүй байсан тул буйдан дээр дүүгээ эгц дээш харуулж хэвтүүлчихээд, хар хурдаараа гадагш гарч гүйн гэрийн ойролцоох хүнсний дэлгүүрийн цагаан утаснаас аав руу хэл хүргээд, эргэж гүйн орж ирсний дараа өөр хийж чадах зүйлгүйгээ гэнэт ухаарч, тэгснээ сая л сэхээ орсон юм шиг салганасан хоёр гараа нүүрэндээ наагаад чимээгүй уйлж билээ. "Дүүгийн нүднээс нь цус гараад байна!"... Хэдэн настай байснаа тод санадаггүй юм. Бага ангид байсныг бодвол 10 хүрээгүй байсан юм болов уу. Ямартай ч дүүгээ харах нүдгүй болгочихлоо гэж их айсан нь үнэн. Дүүг минь замд нь цусаа дараад дээш өгсөж байх үед, бүр гэрийн гаднах коридорт хүртэл олон хүмүүс харсан боловч нэг нь ч тус хүргэхийг хүсээгүй тойроод өнгөрсөн. Эргэн тойронд байгаа бусад хүн бусдын зовлонг анхаарах завгүй. Лай ланчиг ирэхийн цагт өөрөөс минь өөр тэр гайтай тэмцэх хүн байхгүй мэт аймаар санагдаж байжээ.


Энэ явдал болсноос хойш 10 гаруй жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд эмч болъё гэсэн бодол хачирхалтай нь нэг ч удаа болов орж ирээгүй ч тухайн үед тусламж үзүүлэхээс татгалзсан хүмүүст гоморхсон сэтгэлээр өөрөө л хүн байя гэж өөртөө зориулж шударга ёс, энхийн төлөөх зарчмуудыг бий болгожээ. 

"Хэрэв чи хүн болъё гэж бодож байвал өөрийн гэсэн үнэлэмж, чадвартай байх ёстой. Жишээ нь, энэрэнгүй байдал - чадал хүрэх бол сул дорой хүмүүст тусалж явах хэрэгтэй. Хүний амь, яаралтай ажил хоёрыг харьцуулж болохгүй ба хүний амь ямагт нэгдүгээрт байна. Шударга байдал - хэчнээн баян байлаа гээд сурагчдын эцэг эх нь баяраар багш нарт брендийн үнэртэй ус өгөх ёсгүй. Илэн далангүй байдал - хэн нэгэн зүгээр л шаардсаны төлөө аливаа зүйлийг хийх ёсгүй. Хиймээргүй байвал зүгээр л хэлчих хэрэгтэй. Бие даан шийдвэр гаргах - ядуу эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бусад хүмүүс гоочлон шоолбол чи ч бас тэгэх ёстой юм биш" гэх мэт.

АНУ-д суралцах үе сэтгэлгээг минь тэлэхэд их нэмэртэй байжээ. Бодох тусам дээрхтэй нийцэхгүй үйлийг зөвтгөх арга үгүй болж, миний жижигхэн ертөнцөд хэлэх ёстой цор ганц үнэн, хийх ёстой цор ганц зөв зүйл байх болсон байна. Хэчнээн хэцүү амьдрал үзэж туулсан ч хүн буруу зөвийг ялгаж салгадаг байх ёстой гэж толгойдоо суутал өөртөө хэлдэг байжээ. Хүн ер нь яагаад бүх зардлаа хэмнэж, хүн чанараа гээн байж бүх юмыг авах гэж оролдох ёстой юм бэ? Зөв амьдрах нь хүнд хүчир байхаас өөр аргагүй бөгөөд эрхэмсэг оршихуйн арай өндөр түвшинг биднээс шаарддаг болохоос биш боломжгүй зүйл биш гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Буянт үйлд итгэх миний итгэл дотны хүмүүст минь байхгүй тийм итгэл дээр тулгуурладаг. Миний шүтлэгийн гэж тайлбарлахаас татгалздаг тэр итгэл бол дотроо бодолтой, дороо суурьтай хүмүүс хувь тавилангаа тодорхойлж болно гэдэг итгэл юм. Хүнд бэрхийг давах зайлшгүй хэрэгсэл нь фатализм хэвээр үлдсэн, зайлшгүй үнэн бодит байдлаас тусдаа байдаг тийм газар би шашнаас ангид хүмүүнлэг ёсны ганцаардсан гэрч, цаасан дээрх либерализмын ганц дайчин болж байх шиг санагддаг байжээ. Гэхдээ би өөрийнхөө олон санаа, үзэл бодол нэлээн үл гүйцэлдэх зүйл гэдгийг мэдэх ёстой байсан юм.

Одоо бодоод байхад хэн нэгнийг буруу зүйл хийсний төлөө буруутгаж, гэм бурууг тогтоох гэдэг бол зөвхөн зовж үзээгүй хүмүүсийн эдэлдэг тансаглал аж. Би байгаа бүхнээ алдаж, өглөө сэрэхэд өлөн гэдэс нь тэсэж суухын аргагүй хонхолзох ямар байдгийг мэдэхгүй. Мөн аюулгүй байдалд хүрэх зам хэчнээн их шавааралдсан, аюултай, итгэл эвдсэн байдгийг ч мэддэггүй. Хамаг анхаарал, ухаанаа шавхаж, амьд гарахын төлөө тэмцэж байгаа хүнтэй буруу, зөвийн талаар ярих эрх надад үгүй. Учир нь зөв замыг сонгох гэж яваад тэр хүн магадгүй замаас гажиж дороо хөл алдан, арагш унах аюултай юмсанж. Эрх мэдэл хэн нэгнийг хамгаалж, хэн нэгнийг хамгаалалтгүй орхидог. Дөнгөж мултарчихлаа даа гэж бодож байсан тэр газарт нь буцаан авчирч, бүх жингээрээ дээрээс нь дарж, амьдрал нь өөрт нь хамаардаггүй гэдгийг мэдрүүлэх чадал юм. Юм гэдэг ийм л хатуу байдаг байна. Чи үүнийг өөрчилж чадахгүй, тиймээс эрх мэдэлтний дүрмийн дагуу амьдрах ёстой, нэг л сурчих юм бол их энгийн. Тэгээд л миний урьд нь яаж ч хичээгээд ойлгодоггүй байсан мянга мянган хүмүүс бурууг нь мэдсээр байж буруу зүйл хийн, мартахын амирлангуйд суралцаж эрх мэдэлтэй найрамддаг юм байна. 

Миний логик нүх ихтэй байжээ. Над шиг хүмүүсийг хамгаалалт хүссэн хүсээгүй удамшил, гэр бүл нь хамгаалдаг юм байна.  

Энэ өгүүлэл нь миний уншигчиддаа хэлсэн ярьсан бүрийг худал болгож болох ч туйлшралаас өөрийгөө аварсан эргэх цэг бололтой.

 

#28 | DUM-DUM-ын Мөхөл

#28 | DUM-DUM-ын Мөхөл

#26 | Өөрчлөлтийг доороос нь - ЖИНХЭНЭ АРДЧИЛСАН СУРГУУЛЬ

#26 | Өөрчлөлтийг доороос нь - ЖИНХЭНЭ АРДЧИЛСАН СУРГУУЛЬ