Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#26 | Өөрчлөлтийг доороос нь - ЖИНХЭНЭ АРДЧИЛСАН СУРГУУЛЬ

#26 | Өөрчлөлтийг доороос нь - ЖИНХЭНЭ АРДЧИЛСАН СУРГУУЛЬ

Ухаарлын 7 хоногийн уншигч нартаа өдийг хүртэл надтай хамт байдагт баярлалаа! Унаж, цөхөрсөн үед хүртэл "Амжилт Хүсье!" гэж хэлдэг эрхэм уншигч, сонсогчиддоо үнэхээр их талархаж байна. Энэ долоо хоногийн нийтлэл их онцгой. Учир нь та бүхэндээ талархсан сэтгэлээр хэнтэй ч хуваалцаагүй дээрх өөрийн дуулсан дуугаа сонсгох гэж байна. Миний хайртай уншигчид аа, дараах эерэг ухаарал бэлэглэх нийтлэлийг минь энэхүү дуугаа сонсонгоо уншаарай!


Ардчилал гэхээр яах аргагүй шударга өрсөлдөөн л санаанд орох юм даа. Энгийн иргэд нь сонголтыг хийж, төрийг хөдөлгөх нь жинхэнэ ардчиллын түлхүүр юм. Энэхүү үндсэн логикийг ашигласнаар бид асуудлыг дээд албан тушаалтнуудынхаас өөр нүдээр харж шийдвэрлэх боломж магадгүй бүрддэг байх. Би улс төртэй холбогдолтой нэг ч асуудлыг сонирхон судалж байгаагүй хүний хувьд энэ тухай олон зүйл ярих нь илүүц хэрэг болох биз. Энэ нийтлэл маань ч гэсэн улс төртэй огтхон ч холбоотой биш юм аа. Гагцхүү би ардчиллын тэр ганц түлхүүр нь их дээд сургуулиудад хэрхэн үйлчилж болохыг харуулахыг хүслээ. 

АНУ-ын Вашингтоны Их Сургууль өөрийн гэсэн органик фермтэй. АНУ-ын хамгийн том хотуудын нэг болох Сиатл хотын төвтэй ойрхон оршдог энэ сургуульд ферм байна, бүр сургуулийн кампус доторх олон дэлгүүр, кафе, мөн хоолны газрууд тэр фермээс хүнсний ногоо, жимс жимсгэнээ авч байна, цаашлаад 45 мянган оюутнууд багш нартайгаа нийлээд тэр газруудаар үйлчлүүлэхдээ сэтгэл ханамжтай байна гээд төсөөлөөд үз дээ? 

Энэ ч нэг их гайхамшиг биш л дээ.

Жинхэнэ гайхамшиг юу гээч... 2006 онд энэ ферм Вашингтоны Их Сургуулийн хүнсний тээвэртэй холбоотой бохирдолд санаа зовнисон оюутнуудын санаачилгаар бий болсон юм. Анх гуравхан эгнээнд ногоо тарьж эхлүүлж байсан юм шүү дээ. Аяндаа ойр хавийн хүмүүс, бусад оюутнууд улам ихээр ирэх болж, яг л тэр газар олон нийтийн цагийг үр бүтээлтэй, аз жаргалтай өнгөрүүлэх бяцхан орон зай болж хувирсан. Ингээд 2011 онд хойч үеийн оюутнууд уг ажлыг үргэлжлүүлж, тухайн газрыг эзэмшдэг хүмүүсийг шахаж, энэ орон зай ямар олон хүмүүст хэрэгцээтэй зүйл болох тухай ухуулгыг хүчтэй хийснээр, хэлэлцээр хийж нийтдээ сургуулийн кампус гурван газар өөрсдийн идэх ногоог тариалах болсон байна. Одоо тэр ногоог хэдэн арван өрх сар бүр худалдан авч, мянга мянган оюутан, багш нарыг эрүүл хүнсээр хангах эх үүсвэр болсон юм. Миний бие энэ газар хагас жилийн турш сайн дурын ажил хийж, ногоо тарив.

Вашингтоны Их Сургуулийн "ХОТЫН ФЕРМ"

Вашингтоны Их Сургуулийн "ХОТЫН ФЕРМ"

Энэ явдал болохоос бүр өмнө 2002 онд Вашингтоны Их Сургуулийн хэсэг бүлэг оюутнууд мөн нэгдэж бухимдлаа илэрхийлцгээв. Нийтдээ 11 давхар өндөр сургуулийн дотуур орон сууцад амьдардаг уг оюутнууд сургуулиа шүүмжилж эхэллээ. Тэдний бухимдсан зүйл бол Вашингтоны Их Сургууль өөрийгөө хогийг дахин боловсруулдаг сайн, эко сургууль хэмээн бусдад магтдаг мөртлөө 11 давхар байшингийн дотор талд дахин боловсруулах хогийн сав огт байдаггүй байсанд юм. Нэг ширхэг картон цаасыг дахин боловсруулахыг хүссэн оюутан 11-р давхраас бууж ирж, гадаах хогийн саванд хийх ёстой байсан. Үр дүн нь мэдээж Вашингтоны Их Сургуулийн удирдлагуудын төсөөлсөн шиг байгаагүй. Боломжийг нь бүрдүүлж өгөөгүй учраас дийлэнх оюутнууд дахин хэрэглэх боломжтой бүх хаягдлыг жирийн хогийн сав руу чулуудаад байсан юм. Харин бяцхан бүлэг оюутнууд үүнд ихэд ундууцаж, SEED буюу Students Expressing Environmental Dedication гэх өөрсдийн клубыг байгуулсан ажээ. Өөрсдийн хүсэлтийг дээд албан тушаалтнууд руу уйгагүй явуулж, бусад оюутнуудыг өөрсдийг нь дэмжихийг уриалж, өөрсдийн гэсэн оффисыг хүртэл байгуулсан 4 жилийн дараа л тэд Вашингтоны Их Сургуулийн удирдлагыг өөрсдийн амьдардаг байрныхаа давхар бүрт дахин боловсруулах хогийн савыг тавих даалгавар өгөхөд хүргэсэн юм. 

Энэ клубын хойч үеийн оюутан гишүүд бүр ч зогссонгүй. Вашингтоны Их Сургуулийн Housing and Food Services буюу оюутнуудын дотуур байр болон хүнсний үйлчилгээний цэгт асар их ундааны савны хог хаягдал гарч буйг анзаарч сургуулийн удирдлагуудыг Кока Кола компанитай хамтарч ажиллахыг шаардах болов. Ийнхүү Кока Кола компани дэлхийд хамгийн анх удаагаа судалгааны сургуультай хамтран ажиллаж хэрхэн зөвхөн ургамлын гаралтай нэг удаагийн аяга үйлдвэрлэж болох тухай судалгаа явуулж эхэлсэн байдаг. Хэрэв цэвэр ургамлаар хийгдсэн бол ямар ч бүтээгдэхүүн байгальд шингэх буюу уг бүтээгдэхүүнийг бордоо болгон ашиглах боломжтой байдаг. 2009 он гэхэд Кока Кола өөрсдийн пластик тагийг ургамлаар хийх талаар судалгаагаа хараахан дуусгаагүй байгаа ч үргэлжлүүлэхээ мэдэгдээд ундааны савны их биеийг ургамлаас гарган авах болсноо мэдэгдсэн юм. 

I have no idea how many thousands of cups we consume, but it’s a lot. We have to therefore do everything we can to minimize the impact on this wonderful place that we all love.
— UW President Mark Emmert
Бид яг хэдэн мянган аяга хэрэглэдгийг би хэлж мэдэхгүй юм. Гэхдээ би маш их гэдгийг л мэдэж байна. Тиймээс бид өөрсдийн хайртай энэ гайхалтай газартаа учруулж байгаа хор нөлөөллийг багасгахын төлөө чадах бүхнээ хийх ёстой юм
— Вашингтоны Их Сургуулийн ерөнхийлөгч Марк Эммэрт
Кока Кола НОГООН болов

Кока Кола НОГООН болов

Харин сүүлд SEED клуб маань сургуулийн кампус дахь бүх кофены газруудыг үйлчлүүлэгчдийн өөрсдийнх нь авч ирсэн аягаар үйлчлэхийг зөвшөөрүүлж чадсан юм. Ингэснээр аяга кофе уусныхаа төлөө байгальд хор хөнөөл учруулмааргүй байгаа оюутнууд өөрсдийн аягаа авч ирж кофегоо хийлгээд аваад явах боломжтой болсон юм.

АРДЧИЛАЛ

Нэг хүнд ногдох эрх мэдэл хамгийн бага хэсэг буюу жирийн иргэд уг чанартаа, нийтээрээ, олноороо, бүхлээрээ хамгийн их эрх мэдэлтэй байх нь өөрөө гайхамшиг. Их сургуулиудын хувьд энэ доор буй, эрх мэдэл хамгийн бага хэсэг бол оюутнууд юм. Жинхэнэ ардчилсан сургуулийн хувьд оюутнуудад эрх мэдлийг шилжүүлэн ажиллах нь гол хөдөлгүүр нь болж байгаа юм. Манай сургуулийн хувьд энэ нь оюутнуудын тархийг өөрсдөөр нь ажиллуулж, сурсан зүйлийг нь амьдралд хэрэгжүүлэх нээлттэй боломжоор хангаж байгаа хэрэг. Мэдээж эдгээр оюутнуудад амар байгаагүй. Ганц ширхэг хогийн савыг амьдардаг дотуур байрныхаа давхар бүрт тавиулах гэж бүтэн 4 жил зүдэрцгээсэн хүмүүс шүү дээ. Өөрчлөлтөнд мэдээж цаг хугацаа орно. Ялангуяа өөрчлөлтийг хийх шууд эрх мэдэл танд байхгүй цагт бүр ч их хугацааг тэмцэж өнгөрүүлэх хэрэгтэй болно. Гэхдээ сайн мэдээ нь тэр зүйл хэзээ нэгэн цагт бүтэх юм. Хичнээн их цохиж унагаасан ч байнга босч ирээд байдаг хүнийг ялан дийлэх уул шугамандаа бараг л боломжгүй юм. 

Монголд ийм ардчилал алга гэж үү? Тэгвэл түүнийг нь ч бас та бүтээ!

 

 

#27 | Тусгай Дугаар - "Эргэх Цэг" (Дуутай блог)

#27 | Тусгай Дугаар - "Эргэх Цэг" (Дуутай блог)

#25 | Энгийн Сонголт. Хор уу, Ядуурал уу?

#25 | Энгийн Сонголт. Хор уу, Ядуурал уу?