Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#29 | Наоми

#29 | Наоми

Хүнийг ойлгоно гэдэг өөрөө урлаг байх аа даа. Зөөлөн, уян хатан байдлыг шаарддаг хэцүүхэн урлаг байх.

Америкт хоёр жил хамт амьдарсан "байшингийн найз"-ыг минь Наоми гэдэг. Надтай нэг сургуульд хэл судлалаар сурдаг юм л даа. Унаган Америк хүн бөгөөд Франц хэлээр дажгүй ярьчихна, Солонгосоор ойр зуур бичнэ, бас саяхан Хятад хэлийг эхлүүлсэн. Түрүү жил кирилл үсэг надаар заалгаж, "Сайн уу, юу байна даа" гэж монголоор бараг акцентгүй ярьж, намайг гал тогоонд анхаарал сарничихсан зогсож байхад гэнэт хэлж цочоодог байлаа. "Монгол хүн ороод ирлээ л гэж бодлоо!" гэж намайг хашгирвал элдэв аялгагүй ярьсандаа баярласандаа инээмсэглээд, араас нь "Уучлаарай, айлгая гэж санаагүй шүү" гэнэ. 

Тэр тийм л хүн.

Америкийн уламжлалт гэр бүлийн баярууд болох Зул Сар, Талархлын баяр, Улаан Өндөгний баяраар би тэр том байшинд ганцаараа үлдсэн удаа гэж үгүй. Үргэлж л Наомигийн гэр бүлийнхэнтэй цуг хооллож, хамтдаа жигнэмэг хийн, унтлаганы өрөөнийх нь орон дээр юм ярьж байгаад хоёулаа нам унтчихна. 

Тэр тийм л хүн.

Найз залуу нь одоо болтол цэцэг бэлэглээгүй гэдэг ч "Охин дүү эсвэл эгчгүй хүн шүү дээ. Одоохондоо тийм зүйлийг мэдэхгүй байгаа юм. Хожим нь өөрөө мэддэг болохоороо өгнө шүү дээ" гээд л инээмсэглэнэ.

Тэр тийм л хүн.

Би гэртээ олон өдөр бухимдалтай ирж байлаа. Хүнтэй бухимдалтай эсвэл гунигтай үедээ ярилцах гэдэг зүйлийг огт мэддэггүй бөгөөд тайвширсан үедээ л ам нээнэ гэж санадаг байсан нь миний нэг хэсэг болж, зан ааш гэхэд буруудахааргүй болжээ. Ууртай үед амнаас олигтой үг гарахгүй нь мэдээж шүү дээ. Тиймээс яагаад ярилцах гэж? Гэхдээ миний логик бас л нүхтэй байсан даа. Тайвширна гэдэг нь асуудалдаа ямар нэг арга замыг олж харсны шинж байсан юм. Харин арга замаа ганцаараа олчихсны дараа хүнтэй ярилцах хэрэг юусан? Наоми гунигтай надаас "Ярилцах уу?" гэж байнга асууна. Харин би бахь байдгаараа "Үгүй ээ, би зүгээр" гэдэг хатуу үгээ эгц урдаас нь чулуудчихаад нүүрэн дээр нь хаалгаа хаачихсан удаа цөөнгүй. Тэгээд ганцаар шаналахыг илүүд үзнэ. Тун ч хатуу байсан байгаа биз. Наомигийн бухимдлыг би хамтдаа хуваалцдаг хэрнээ өөрийнхийгөө хэзээ ч дэлгэдэггүй байсан юм. Бухимдлыг нь хуваалцах гэсэнд дургүйцлээ гэж нүүр буруулмаар байсансан бол Наомид тийм өдрүүд гарын таван хуруунаас ч олон байсан биз. Харин тэр намайг удаан байсны эцэст өрөөнөөсөө гарч ирэхэд "Чи зүгээр үү?" гэж дахиад л асууна.

Тэр тийм л хүн.

Энэ байдал их удаан сунжирсан. Намайг мэдрэмжийнхээ талаар ярилцах дургүйг мэддэг хэрнээ "Чи ганцаараа уйлаа юу?" гэж асуух нь ер цөөрсөнгүй. 

Тэр үнэхээр тийм л хүлээцтэй хүн.

Харин цаг хугацаа өнгөрч эргээд харахад Наоми миний доторх нэг зүйлийг зөөлрүүлээд тайвшруулчихсан ч юм шиг. Тэр хүлээцтэй, хүнийг ойлгох гэж мэрийсэн зөөлөн зангаараа намайг ч мөн хүлээцтэй болгосон шиг санагдана. Учир нь нэг л өдөр. Нэг л өдөр би гэртээ ирэхдээ өөрөө Наомигийн өрөө рүү зүглэж очиж үүдэнд нь суугаад, мөрийг нь дэрлээд их удаан уйлсан даа. Нэг л өдөр Наомигаас "Надтай ярилцаач" гэж гуйхыг өөрийнхөө амнаас сонсов. Нэг л өдөр хичнээн сул дорой, ядруу харагдсан ч түүнийгээ нуух хүсэлгүй, шалтгаангүй болчихсон. Харин оронд нь Наомигийн байгаа байдал намайг тайвшруулаад байгааг мэдрэх болов. 

Зөөлөн нь хатуугаа иддэг гэж энэ л байх. Өнгөрсөн хугацаанд би Наомигаас зүгээр эсэхийг нь асуух нь олширч, бусад хүмүүсийг өөртэйгөө ярилцаач хэмээн хэлэх нь ихсэв. Хүн ямар ч байдалтай байж болно. Гагцхүү адилтай бол адилтай, годилтой бол годилтой гэдэг санаа хүний нийгэмд, бие биесээ ойлгох хэцүү урлагт дэмжлэг болохгүйг л маш сайн ойлгосон байна. Юмс бүгд ижил тэнцүү байж байж бүгд ялдаг хэрэг биш, харин бид хүлээцтэй байдалд суралцах хэрэгтэй ажээ. Хүн хүнээр дутаж амьдардаг хорвоо шүү дээ. Хэн нэгнээс арай илүү хүлээцтэй байхын буруу гэж байхсан уу даа?

Эцсийн эцэст алтны дэргэдэх гууль шарална гэдэг үг биеллээ олоогүй гэж үү?

#30 | ПОДКАСТ | АНУ, Канадын Шилдэг 7 Оюутан/Төгсөгч | Мэдлэг Түгээхийн Учир

#30 | ПОДКАСТ | АНУ, Канадын Шилдэг 7 Оюутан/Төгсөгч | Мэдлэг Түгээхийн Учир

#28 | DUM-DUM-ын Мөхөл

#28 | DUM-DUM-ын Мөхөл