Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#28 | DUM-DUM-ын Мөхөл

#28 | DUM-DUM-ын Мөхөл

"Night at the Museum" буюу "Музейд Өнгөрүүлсэн Шөнө" нэрт кино 2006 онд гарч байсныг санаж байна уу? Энэ кинон дээр Dum Dum нэрээрээ алдартай аварга хөшөө музейн хамгаалагч Ларригаас бохь өгөхийг гуйдаг. "Хөөе, Дам-Дам, надаа Гам-гам өг" гээд л... Дам-Дам уг кинон дээр өөрийн түүхээ хуваалцаагүй. Нью Йоркийн музейд явж байхдаа би түүнтэй хамт зургаа хүртэл авахуулсан атлаа түүхийг нь шууд сонирхож судалсангүй. Үнэндээ дараа нь эрт судлаагүйдээ жаахан харамссан. Харин ямар азаар олон жилийн дараа надад тэр түүхийг судлах боломж бас сэдэл гарч ирсэн юм. Ямартай ч энэ түүх миний чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэх их ухаарлыг бэлэглэснийг та бүхэнтэйгээ хуваалцъя!

Дам-дамын түүхийг сөхөж үзвэл Ийстер (Easter) арлын Полинез хүмүүсийн барьсан хөшөө болно. Ийстер арал нь Чилийн эргээс баруун тийш орших хорвоогийн хамгийн алслагдсан бяцхан газар билээ.

Хэдэн зуун ширхэг 10-270 тонн жинтэй Дам-Дамын хамаатнууд энэ арал дээр хэвтээ, босоо янз бүрийн байрлалтай хэвтэж байдаг. Хачирхалтай нь ойр хавьд нь одоо хэн ч амьдардаггүй бөгөөд Египтийн пирамидыг яаж барьсан бэ гэдэгтэй адил асуулт судлаачдыг гайхшруулдаг. Ямар ч өргөгч кран ашиглахгүйгээр энгийн чулуун цүүц мэтийн багажаар энэ хөшөөнүүдийг яаж босгов? Нээрээ л ийм аварга ХЭВТЭЭ чулууг яаж БОСГОВ? Тэднийг барих шалтгаан яг юу байв? Бас тэднийг барьсан хүмүүс яагаад бүгдээрээ ор сураггүй алга болцгоов? Ийстер арал дээр очвол Дам-Дамын хамаатнуудын зарим нь дөнгөж ургаа хаднаас салсан эсвэл хагас дутуу хийцтэй байгаагаас нь харвал барималчид хийж байсан ажлаа шууд хаяад явсан мэт сэтгэгдэл төрмөөр... Тэр ажилчид хаачсан бэ?

Эхлээд судлаачид төрөл бүрийн таамаг дэвшүүлдэг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу, миний зүгээс уншигчиддаа хамгийн бага няцаагдсан таамаглалуудыг хүргэх гэж байна.

Арал дээр нийтдээ 10 гаруй омгууд байсан ба тэд Дам-Дам шиг хөшөө барихаар хоорондоо өрсөлддөг байв. Энэ нь тэдний шашин, сүсэг бишрэлтэй холбоотой бөгөөд нэгнээсээ үргэлж илүү өндрийг, илүү томыг хийхийг зорино. Зарим тохиолдолд өрсөлдөгчдийнхөө урласан хөшөөг түлхэн унагаж нураадаг ч байж. Харин барьж босгохдоо хөшөөг ургаа хаднаас эхлээд салган авч, сийлээд дараа нь 15 км гаруй газар модон чарган дээр тавиад, олсоор оосорлоод татаж эсвэл гулгуулж зорьсон газартаа хүргэдэг байжээ. Энэ арга нь Номхон далайн бусад арлуудад нэлээн түгээмэл хэрэглэгддэг байсан арга бөгөөд бодит амьдрал дээр туршиж үзэж хөшөөнүүдийг аюулгүй зөөвөрлөж чадсанаар нотлогдсон юм. Хөшөөнүүдийн зарим нь 5 давхар байшин шиг тийм том хэмжээтэй байх ба энэ тохиолдолд 500 гаруй хүн зэрэг түрэх шаардлагатай болж байгаа юм. Ямар нүсэр ажил гээч!

Хөшөөг түрж явахын тулд модон чарга, олс хийсэн гэдгийг сонсов уу? Хачирхалтай нь Ийстер арал дээрх одоогийн нөхцөл байдлыг харвал ердөө хэдхэн арван ургамал ургадаг ба тэр дунд мод гээд байх зүйлгүй, хамгийн том нь бут сөөг шиг хэмжээтэй байна. Тэгвэл хэдэн зуун ширхэг аварга Дам-Дамыг бүтээхэд хэдэн ширхэг чарга үйлдвэрлэх хэрэгтэй байсан гэж бодож байна? Олс болон чарга, модон шат, дээрээс нь Ийстерийн иргэд өөрсдийн өдөр тутмын амьдралдаа буюу байшин барилга, түлшинд хэрэглэгдэх модны нөөц гэвэл Ийстер арал бүхэл бүтэн ширэнгэн ойтой байх ёстой юм. Гэтэл өнөөдөр тэнд ганц ч ширхэг өндөр ургамал алга....

Хамгийн гайхалтай нь судлаачид ургамлын тоосны шинжилгээ хийж үзэхэд өнөөдөр дэлхий дээр устаж үгүй болсон 5 төрөл зүйлийн модны тоосыг тэндээс илрүүлсэн ба тэр дунд дэлхийн түүхэн дэх хамгийн том далдуу мод байсан нь Ийстер нэгэн цагт ой шугуйгаар хучигдсан газар байсныг гэрчлэв. Гэвч тэр ой нь 1400-1600 оны хооронд аварга хөшөөг өрсөлдөгчдөөсөө түрүүлж олныг барих гэсний улмаас бүрэн устаж үгүй болсон ба хамгийн сүүлчийн модыг Полинезчүүд өөрсдийн гараар тайрч хаясан гэж үздэг.

Ингээд ой модоо устгасан ард түмэн эдийн засгийн нөөцгүй, хүн ам нь хоол хүнсэнд хэрэглэх ан амьтангүй болжээ. Мод, олс, хувцас, амьтны бүтээгдэхүүнээр хийж болох бүх зүйл нэг бол түүхий эдгүй, үгүй бол тарчиг болсон. Ийстер арлынхан далайд гарч загасчлах завь хийх модгүй болов. Иймд уламжлалт хоол хүнс болох далайн хоолоо эргээсээ барьж идэж чадахаа байлаа. Цаашлаад модгүй болоход салхи өмнөхөөсөө ч илүү ширүүсч тариа будаа ургахаасаа өмнө хийсч алга болж, өвлийн шөнө хүмүүс түлэх түлшгүй болно. Ийстер арал нь их салхитай газар тул ой модтой байхад ч газар тариалан эрхлэх нь нүсэр хүнд ажил байсан юм. Модгүйн улмаас хуурай газрын шувууд бүр мөсөн алга болж, далдуу модны самар, шүүс, байгалийн жимс хоолны цэснээс хасагдлаа. Ойгүй газар салхинд хөрс их хэмжээгээр эвдэрч хэт халуун нар, хэт хүйтэн салхинаас хөрсийг хамгаалах сахиулгүй болжээ. Ийнхүү хөрс хатаж, үржил шимгүй болсноор газрын чийгийг барих аргагүй болж газар тариалан бүрмөсөн зогсоход хүрэв.

Харин үүний дараа болсон хэрэг бүр ч аймшигтай. Хаашаа ч гарах гарцгүй болсон хүмүүс туранхай, жижиг, өрөвдмөөр дүр төрхтэй болж, ан амьтан, загас жараахай олдохгүй болоод ирэхийн цагт уураг, шим тэжээлийн хамгийн том эх үүсвэр нь арлынхан өөрсдөө л болсон юм. Хүний яс зөвхөн оршуулгын газар л тааралддаг байсан бол газар тариалан зогсож, ан амьтангүй болсон тэр үеэс чөмгийг нь авах гэж хугалсан хүний яс хаа сайгүй хэвтэх болжээ. Арлынхан энэ тухайгаа аман зохиолдоо хүртэл дурьдсан байдаг: "Эхийн чинь мах цус миний шүдний завсраар урсана" гэх мэт.

Байдал хурцдаад ирэхийн цагт лам нар сайн ургац авахыг бурхнаасаа гуйж залбирах нь ихэссэн ба тэд өмнөхөөсөө ч том хөшөө барьж, өргөл барьц тавих нь ихсэв. Хожим нь энэ зан үйл хүссэн үр дүнг нь өгөөгүй, хоосон зүйл байсанд арлынхан хилэгнэж удирдагчдынхаа эсрэг бослого гаргаж, дээд ноёрхлыг авч хаян, өөрсдийн шашныг ч үгүй хийжээ. Тэд өөрсдийнхөө барьсан хөшөөг өөрсдөө үгүй хийж, өвөг дээдсийнхээ бүтээсэн бүтээлүүдийг цааш харуулсан. 

Ийстер арлынхан дараа нь яг юунд найдаж сүүлчийн модыг тайрч хаяв? Яагаад өөрсдийн оршин тогтнолд тийм чухал гэдгийг нь мэдсээр байж юуны төлөө хэрэгцээтэй зүйлээ устгах билээ? Ийстер эр арал дээрх сүүлчийн модыг тайрч хаяж байхдаа чухам юу бодож байсан бол? Тэнд өнөөгийн мод бэлтгэгчид шиг "Бидэнд мод биш ажлын байр хэрэгтэй!" гэсэн бүлэг хүмүүс байсан болов уу? Эсвэл "Өндөр технологитой болохын цагт мод байтугайг гаргаад авчихна!" гэсэн хүмүүс байсан юм уу? Аан, биш юм байна. Ерөөсөө "Арал дээр мод үлдээгүй гэдэг баталгаа нь хаана байна? Илүү сайн судалгаа шинжилгээ хийж, баталгааг нь гаргаж ирчихээд дараа нь намайг мод тайрахыг хориглоорой!" гэсэн хүмүүс илүү олон байсан байх, үгүй гэж үү?

ҮГҮЙ гэж үү? 

Ийм асуулт байгаль орчноо эргэлт буцалтгүйгээр хөнөөж дууссан иргэншил бүр дээр гардаг. Полинезчүүд бол өөрсдийн соёлыг өөрсдийн хүн амтай нь, байгальтай нь, амьтадтай нь газрын хөрснөөс арчиж хаясан олон зуун жишээнүүдийн зөвхөн нэг нь. Гэхдээ энэ тусгаарлагдмал газар зүйн байршилтай бяцхан арал дээрх хүмүүсиийн иргэншлийн мөхөл надад их онцгой санагддаг. Гэхдээ түгшүүртэй хэлбэрээр онцгой санагддаг юм. Ийстер арал бол өнөө цагийн нийгэмтэй тун төстэй, түгшүүртэй гэмээр илт адил түүхийг өгүүлж байна. Эрт цагт Ийстер хэнээс ч хараат бус байсан учир өөрөөсөө бусад ямар ч иргэншлийг оролцуулалгүйгээр гав ганцаараа мөхөж чадсан байна. Энэ бол нэг талаараа амжилт юм. Харин өнөөдөр даяаршлын улмаас улс орнууд, дэлхий даяараа нэг улс шиг хоорондоо холбоотой бөгөөд нэг нэгнээсээ шууд хамааралтай болсон. Хүссэн хүсээгүй бидний хязгааргүй гэж боддог байсан дэлхий нэг бяцхан Ийстер арлын чинээ агшиж жижгэрсэн байна. Нэг газар модоо огтолчиход бүгд дагаж унана гэсэн үг юм. Бид мөн газар дэлхийнхээ хязгаарлагдмал нөөцийг Ийстерийн 10 омог шиг өрсөлдөх байдлаар хамтран эзэмших ба эдийн засгийн өсөлт болон хий тансаглал болох амьд явахад нь ямар ч хэрэгцээгүй "Дам-Дам" гэдэг нэртэй хөшөөг босгохын төлөө хайр найргүй хөлс хүчээ шавхаж, бие биетэйгээ хэн нь илүү тансаг амьдарч, хэн нь илүү том хөшөө босгосноо гайхуулахын төлөө бүхнээ зориулж байгаа хэрэг бус уу? Ийстер арлынхан өөрсдийн амин сүнс болсон сүүлчийн модыг өөрийн гараар тайрч хаясан гэхэд хэрвээ танд гайхах сэтгэл төрсөн бол хариулт нь яг энд байна. Бидний өрсөлдөөн, бидний өнөөгийн амьдрал үүнээс яг ямар ялгаатай гэж?

Полинезийн Ийстер арал Номхон далайд гарах гарцгүй болж гээгдсэнтэй адил дэлхийн бяцхан бөмбөрцөг огторгуйд ч бас гээгдсэн тусгаарлагдсан ертөнц. Ийстер арлынхан лай ланчиг ирэх цагт арлаа орхиод явах боломж тэдэнд байсангүй. Бидэнд ч мөн адил. Газар дэлхийн асуудал хурцдахад бид эх дэлхийгээ орхиод хаашаа нисэх гэж? Ямар гариг руу? 

(Фактуудыг Jared Diamond "Collapse" номноос)

#29 | Наоми

#29 | Наоми

#27 | Тусгай Дугаар - "Эргэх Цэг" (Дуутай блог)

#27 | Тусгай Дугаар - "Эргэх Цэг" (Дуутай блог)