Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#25 | Энгийн Сонголт. Хор уу, Ядуурал уу?

#25 | Энгийн Сонголт. Хор уу, Ядуурал уу?

Тэд гэр бүлээрээ өвчтэй. Хоёр хүү нь саажилттай төрснөөс гадна өөрөө 40 насандаа хорт хавдрын улмаас эмнэлгийн орон дээр гарсан. Дахиад хэр удаан амьдрах юм бүү мэд. Амьдрал нэг л утгагүй. Ажиллахгүй бол үхнэ. Ажиллавал бас л үхнэ. Ажиллахгүй байснаасаа арай хойно үхнэ л дээ. Гэхдээ илүү тарчилж үхнэ. Амьдрал гэдэг тийм л хатуу юм даа. Төр засаг нь ч үүнийг мэдэж байгаа царай ч үгүй. Үгүй ээ, мэдэж байсан ч тоох царайгүй. Бүр биш ээ, тоож байсан ч төсвийн алдагдал, энээ тэрээ гээд ядуу төрсөн, тарчиг амьдралтай бид хэдийгээ “хүнээс их юм энэ оронд чинь алга” гээд хөгжиж буй орны эдийн засгийн өнөөх л өндөр өсөлтөө яриад харсан ч хараагүй мэт царайлж байгаагаас гарцаагүй. Гэхдээ ер нь төр юм хийж байснаас хийгээгүй нь дээр дэг ээ. Аягүй бол энэ хоолтойгоо залгуулж байгаа ганц ажлаасаа хагацаж өлбөрч үхэх дээрээ тулна. Тэгэхээр хэнд ч мэдэгдэхгүй чимээгүйхэн амьдарч байгаад л үхье.

guiyu.jpg

Энэ заваан ажлаас л бүх юм болж байгаа юм. Хэн 5 настай хүүгээ хүртэл ажиллуулна гэж бодох юм бэ? Гэхдээ тийм л шаардлагатай тулгарсан. Амьсгалахад одоо уушги хорсоно. Миний уушги муудсандаа ч биш ерөөсөө хэний ч уушги хорсохоор болчихсон. Хуучин байнга л будаа тарьдаг газар нь  энэ заваан ажлын хар гайгаар ургахаа ч байгаад хүмүүс ч энд тарьсан будааг бүр авахаа байлаа. Худлаа л хэлж зарна шүү дээ. Аая… хаа нэгтээ өөр газар ургасан будааг ах нь замаас нь хямд аваад зарж байгаа юм аа гээд л. Гэхдээ үнэндээ зүгээр л тэр худал үгсэд хууртагдах гэнэн үйлчлүүлэгчдээ хордуулан байж ганц нэг юм олж амьдралаа залгуулж байна шүү дээ.

Гүеюү дэх фермерчид

Гүеюү дэх фермерчид

За тэр ч яах вэ дээ. Ямар миний амьдрал биш. Гэхдээ ахынх нь амьдрал түүнээс ч өрөвдөлтэй. Би тэр будааг нь жинхэнэ “будаа болгож” байгаа хүн юм чинь. Ганцаараа байсансан бол төр засгаасаа айгаад чадахгүй л дээ. Гэхдээ бүх хөршүүд маань тэгэж л амьдарч байна. Тэгэж амьдрахгүй бол үхэх гээд байна шүү дээ.  Зөвхөн хөршүүд ч биш, хөршүүдийн хөршүүд ч яг адилхан ажил хийж амьдардаг. Зөвхөн хөршүүдийнх нь хөршүүд ч биш тэдний хөршүүд, цаашлаад саахалт айлуудаараа нийлээд бүгд яг адилхан. Бүгд л үхэхээс хойш ер нь яадаг юм. Энэ газарт оршин суугаа хүмүүсийн талаас илүү нь будааг жинхнээсээ “будаа болгож” байхад би ганцаараа гэмшиж суулаа гээд өлбөрч үхэхээс өөр сонголтгүй. Хогийг хараал идээсэй билээ…

Гуравдагч хүн миний нүдээр

Энэ ах электрон хаягдлаас алт, мөнгө, зэс зэрэг үнэт металл “олборлож” амьдардаг юм аа. Бараг л уурхайчин юм уу хаашаа юм. Хүүхдүүд нь ч бас дагаад уурхайчид болцгоосон. Сонголт байсан уу гэж үү? Юу асуугаад байгаа юм, мэдээж үгүй. Тэр нь тэгээд юуны төлөө? Эвдэрхий хэмхэрхий гар утасны 10 гаруйхан хувийг л эзлэх жаахан металлын төлөө шүү дээ. Тэр хувь нь угаалгын машин энээ тэрээ болчихвол улам л багасаад явчихна. Аль 10-аад жилийн өмнө нүцгэн гараараа мөнгөн ус, хар тугалгатай гар утсыг задалж, элдэв химийн бодис, бүр хүчил дотор шалдан гараа хийн байж, хэдхэн грам хямдхан зэсийг ялгаж авдаг энэ “ДАХИН БОЛОВСРУУЛАЛТ”-ын аргачлалыг хуулиар хориглочихоод байхад өдийг хүртэл хэрэгжүүлсэн хүн байхгүй.

Бүх л бүтэн улсын нэг том бүс нутаг тэр чигээрээ тийм болчих гэж. Уламжлалт эдийн засгийн хөдөлгүүр нь будаа тариалдаг байсан энэ газрыг Хятадын Гуандоний Гүэюү гэдэг. Дэлхий нийтийн бүх электрон хаягдлын 80% нь ийшээ ирдэг юм. Асар их зардалтайгаар. Тэр зардлыг мэдээж иргэдийн эрүүл мэндээр төлдөг юм. Ёстой л электрон хогийг хараамаар.

Энэ улс яагаад электрон хаягдлын цех болчихов?

Олон Улсын Худалдааны сөрөг тал:

Аливаа улс өөрт хэрэгцээтэй бүх зүйлээ дотооддоо үйлдвэрлэдэггүйн гол шалтгаан нь бусад улс оронд зарим бүтээгдэхүүнийг илүү бага зардалтайгаар үйлдвэрлэж болж байгаатай холбоотой. Тэгвэл улс орон бүр товчхондоо бусад орнуудаас илүү давуу чанараа ашиглаж, хямд үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж хоорондоо худалдаалснаар олон улсын худалдаанд оролцогч бүх тал хождог. Өөрөөр хэлбэл дотооддоо үйлдвэрлээд хэрэглэх байсан хэмжээнээсээ хамаагүй их зүйлийг яг ижил мөнгөөр худалдаж авах боломжтой болох юм. Ийм л үндсэн логикт тулгуурлаж олон улсын эдийн засаг оршин тогнодог. Тэгвэл электрон барааг хэн үйлдвэрлэх вэ? Хүний хөдөлмөр гэхээс илүү өндөр техник технологи шаарддаг бүтээгдэхүүн учраас мэдээж өндөр хөгжилтэй улс орнууд үйлдвэрлэж таарна. Компьютер, гар утас, телевиз, таблет, хөгжим тоглуулагч, Амазоны Алексагийн алиныг нь ч Бангладеш, Энэтхэг мэтийн орнуудад үйлдвэрлэдэггүй. Харин хэрэглээд дууссаны дараах хаягдлууд эдгээр орнууд руу, ялангуяа Хятад руу асар их хэмжээгээр хууль бусаар экспортлогддог. Учир нь эдгээр орнуудад байгаль орчин, хүний эрхийн хууль маш сул дээр хүний хөдөлмөр асар хямд байдаг нь хөгжингүй орнууд хөгжиж буй орнууд руу хогоо явуулах томоохон шалтгаан болж байна. Дээрээс нь олон улсын худалдаа хэдэн зууны туршид хөгжсөөр ирсний улмаас олон улсын тээвэр, холбооны зардал шаланд тултлаа навс унасан нь энэ байдалд томоохон дэмжлэг үзүүлсээр байгаа. Өөрөөр хэлбэл хөгжингүй орнуудын давуу тал бол өндөр технологи бүхий бүтээгдэхүүнийг хямд үйлдвэрлэх бол хөгжиж буй буурай орнуудын “давуу тал” нь хүний хямд хөдөлмөр, байгаль орчин, хүний эрхийн муу хууль болж байгаа юм. Эдийн засгийн өнцгөөс харвал энэ тохиолдолд Хятад улс ердөө олон улсын худалдаанд үүргээ гүйцэтгэн оролцож байгаагаас өөр зүйлгүй буюу электрон хаягдлыг дахин боловсруулахаас өөр өгөөжтэй хийх зүйлгүй аж.

Хятадын электрон хаягдал боловсруулах үйл явц

Хятадын электрон хаягдал боловсруулах үйл явц

Яагаад энэ асуудал бидэнд хамаатай гэж?

Би үүнийг хүний ёс зүйн томоохон асуудал хэмээн маргаж чадна. Хүн өөрт нь хичнээн хамааралгүй байлаа ч ёс зүйгүй үйлдлийг таслан зогсоож гэмээн энх тайван илүү удаан оршин тогтнох учиртай. Гэхдээ энэ удаад ёс зүй бус ирээдүйд бидэнд нүүрлэж болзошгүй аймшигтай зүйл энэ асуудлыг хичнээн чухал болохыг дангаараа гэрчилж чадна.

1970-аад оны үед гарсан химийн аюултай бодисуудаас үүдэлтэй хүний эрхийг зөрчсөн нэлээн хэдэн хэрэг гарсны улмаас Basel Convention-ийг байгуулж байсан. Энэ конвенцийн хувьд хөгжингүй орноос хөгжиж буй орнууд руу электрон хаягдал худалдаалахыг хууль бус болгосон. Харин одоо АНУ-д байрлалтай уг конвенцийг дэмжих зорилготой Basel Action Network гэх байгууллага саяхан 2018 онд маш сонирхолтой туршилт хийснийг сонирхуулъя.

АНУ-д бүтээгдэхүүний дахин боловсруулалт гэдэг нь нийгэмд маш эерэг хүлээн авалттай байдаг. Тиймдээ ч электрон барааг дахин боловсруулах төвүүд олноороо оршдог юм. Гэхдээ байгаль орчны тийм өндөр стандарттай газар электрон хогийг дахин боловсруулах нь асар их зардалтай бизнес байх нь зайлшгүй тул Basel Action Network байгууллага тэдгээр “сайн” компаниуд үнэхээр дотооддоо дахин боловсруулалт хийдэг эсэхийг шалгахаар болжээ. Тэд 200 гаруй хуучин зөөврийн компьютер цуглуулж дотор нь жижиг GPS буюу байршил тогтоогч суурилуулан АНУ-ын орон даяар дахин боловсруулагч компаниудад аваачиж өгсөн юм. Тэгсний дараа байршил тогтоогчоороо дамжуулан тэдгээр и-хог яг хаана очихыг тагнасан хэрэг л дээ.

Хятад руу очих нь уу гэж тагнасан ч 2013 оноос хойш Хятад улс электрон хогтой тэмцэхээр хуулиудаа эрс чангатгах бодлого хүчтэй явуулж эхэлсэн билээ. Хэдийгээр 2002 он гэхэд л электрон хогны импортыг хориглосон боловч хуулийн хэрэгжилт төдий л үр дүнгүй байсны улмаас энэ байдал саяхныг хүртэл даамжирсан. Харин өнөөдөр Хятадад хувь хүмүүс электрон хогийг хүссэнээрээ ил задгай задалж боловсруулах нь бараг л боломжгүй болсон гэж хэлж болно. Үр дүнд нь Гуандон мужийн Гүеюү тосгоны агаар, хөрсний бохирдол эрс буурсан байна. Гэвч дэлхий нийтийн электрон барааны хэрэглээ буурах биш эсрэгээрээ нэмэгдсээр байгаа тул тэдгээр хог Хятад руу биш юм бол хаана очиж байна вэ гэдэг асуулт Basel-ийнхний анхаарлыг татаад байсан юм.

Туршилтын үр дүн: 200 гаруй компьютерийн дийлэнх нь хөгжиж буй орнуудад очсон байна. Харин тэдгээрээс олонхи нь Тайландад очжээ. Энэ туршилтаа баталгаажуулахаар Basel-ийнхэн drone ашиглан дээрээс камер нисгэн зургийг нь авч баталгаажуулсан байна. Хамгийн сонирхолтой нь тэр хууль бус дахин боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс нь Тайландынх бус харин Непал, Мянмар зэрэг буурай орнуудаас ирсэн хууль бус ажилчид байж таарсан. Тэгэхээр энэ асуудал нь улсын өөрийнх нь хөдөлмөрийн насны хүн амаас хамаарахгүй байж болох талтай. Хүн ам бага улс орны хувьд ч тэр гадны зөвшөөрөлгүй ажилчдаар энэ “сул тал”-аа нөхөх боломжтойг энэ туршилт тодорхой харуулаад байгаа юм. Электрон хог нь аль нэг орон хуулиа чангатгахад өөр нэг орон руу зүгээр л шилжчихдэг чанартай асуудал болж таарч байна. Уул шугамандаа Хятад хуулиа чангатгаснаар асуудал огт шийдэгдээгүй бөгөөд байгаль орчны хараа хяналт муу ямар ч хөгжиж буй орон ирээдүйд Хятад шиг болох нь цаг хугацааны асуудал аж. Монгол орон ч байгаль орчны маш тааруухан хууль, хараа хяналттай, томоохон газар нутагтай улсын хувьд өнөөгийн Тайланд болж болохыг бид үгүйсгэж ердөө чадахгүй юм.

Тайландын хууль бус үйлдвэрийн дроун ашиглан дээрээс авсан зураг

Тайландын хууль бус үйлдвэрийн дроун ашиглан дээрээс авсан зураг

Тайланд дахь хууль бус ажилчид

Тайланд дахь хууль бус ажилчид

Тиймээс хувь хүнийхээ хувьд та өөрийнхөө электрон барааны хэрэглээнд хязгаарлалт тавиарай. Таны хаясан утас хаа нэгтээ хэн нэгний хайртай хүүхдийг хорт хийгээр утаж байна. Тэгээд юуны төлөө? Мода, загвар? Тэр стиль имидж чижь хүний аминд хүрэхээр тийм чухал зүйл гэж үү?

#26 | Өөрчлөлтийг доороос нь - ЖИНХЭНЭ АРДЧИЛСАН СУРГУУЛЬ

#26 | Өөрчлөлтийг доороос нь - ЖИНХЭНЭ АРДЧИЛСАН СУРГУУЛЬ

#24 | ХӨӨСӨН ЧИХЭР

#24 | ХӨӨСӨН ЧИХЭР