Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#24 | ХӨӨСӨН ЧИХЭР

#24 | ХӨӨСӨН ЧИХЭР

Сайн байцгаана уу, Ухаарлын 7 Хоногийнхоон!

5-р сарын 20-ны өдөр би албан ёсоор 1 сарын завсарлага авахаа мэдэгдээд сарын дараа илүү эрч хүчтэйгээр блогоо эхлүүлнэ ээ хэмээн зарласан билээ. Өнөөдөр 6-р сарын 18-ны өдөр энэхүү сарын хугацаа дуусч, блогийн минь шинэ хуудас мэндлэх өдөр ирлээ. Миний нэг сарын турш уншигчидтайгаа хуваалцаагүй бодол бүр арай илүү боловсрогдож, блогоо мөн хааш нь чиглүүлэх талаар илүү ойлголттой болсон гэж итгэж байна.


Энэ шинэ 7 хоногт миний бие хичээлийн шинэ жилээ дуусгаж буй сурагч, оюутан, ирээдүйд байдаг аз жаргалын төлөө ажиллаж буй залууст зориулан дотроо их удаан хурааж явсан нэгэн "ухаарал" буюу амжилтын талаарх өөрийн харах өнцгийг тайлбарлан бичих гэсэн юм. 

Хүн бүр өөрийн гэсэн онцгойлох шинж чанартай. Тийм ч учраас дэлхий дээр яг адил хоёр сэтгэлгээтэй хүн байх боломжгүй. Өөр өөр орчинд өссөнөөс хамааран ухаарч ойлгох зүйлс нь ондоо байх ба түүнийгээ дагаад хүсэл тэмүүлэл нь ч мөн өөр. Харин амжилт гэдэг зүйлийг ярихад бид бүгдээрээ яагаад ч юм нэг шугаманд орчихсон хавтгайрсан зүйлийг төсөөлөх юм. Шулуухан хэлэхэд бид Опрагийн амьдралыг төсөөлдөггүй гэж үү. Яагаад ч юм тэсвэр тэвчээр, хатуужлыг бид үнэлдэг (Энэ өгүүлбэрийг санаарай). "Сайн" мэргэжил, нийгэмд эзлэх өндөр байр суурь, орлого их байдалтай шууд холбож ойлгох юм. Хэрэв хүн бүр өөр гэдэгтэй бид санал нийлдэг бол амжилт бол тийм хавтгайрсан ганц бус харин харьцангуй олон төрлийн байх ёстой биш гэж үү. Өөрөөр хэлбэл хүн өөрийн амьдралыг ямар байлгамаар байгаагаас хамааран өөр өөр зүйлд тэмүүлж болно. Харин тэр тэмүүлэл нь өнөөгийн нийгмийн бидний хүсэх ёстой албан амжилтаас "гажууд" зүйл байх бүрэн боломжтой. Жишээ нь залуу насандаа эх хүн болох, гэрлэхгүй байх, хүүхэдгүй байх, хэний ч тоож хийдэггүй ажлыг сэтгэл дүүрэн хийх, цэвэр цэмцгэр хувцас өмсөөд оффист ажиллах бус гадаа шороон шуурганд илүү эрч хүчтэйгээр ажил хийх нь хүний сонголт. Эдгээр нь зарим хүнд аз жаргалыг авчирч мэднэ. Бид мэдэхгүй. Бусад хүмүүст яг юу аз жаргал авч ирээд байдгийг бид зүгээр л мэдэхгүй. Тиймээс тэдгээр хүмүүсийн аз жаргалыг бид шүүж болохгүй.

Jay Shetty гэх хүмүүст маш хэрэгцээтэй ухаарлын видео хийдэг залуу байдаг. Энэ хүний хийсэн зарим видеог би Ухаарлын жагсаалтандаа оруулах талаар бодож байгаа. Харин түүний 16 сая удаа үзэгдсэн хүмүүсийн амжилттай явах эсэхийг урьдчилан таамаглах тухай нэг видео нь миний ой тойноос ер гарсангүй. Энэ нь түүний энэ бичлэг надад эерэгээс илүү сөрөг сэтгэгдэл үлдээсэнтэй холбоотой. Энэхүү видео нь амжилтын талаар юм.

Цааш уншихаасаа өмнө тэрхүү видеоны эхний 1 мин 20 секундыг доорх линк дээр дарж үзээрэй.

Уг видеонд Мичио Какугийн ярьсан Marshmallow Test буюу хөөсөн чихрийн шалгалтыг товч тайлбарлая. Хүүхдийг багад нь том болоод амжилттай явах эсэхийг хөөсөн чихрийн аргаар шалгаж болдог гэжээ. Хүүхдэд нэг хөөсөн чихрийг яг одоо авах эсвэл хоёр хөөсөн чихрийг хэдэн цагийн дараа авах сонголтыг санал болгоно. Хэрэв тэр нэг хөөсөн чихрийг яг одоо авах сонголтыг хийж байвал шулуухандаа бол уг хүүхэд залхуу, хүнд ажил хийж ирээдүйд илүү сайхан боломжийг хүлээж авахын тулд өнөө үеийн түр зуурын хүслээ дарах чадваргүй нэгэн гэсэн үг. Харин хэдэн цагийн дараа хоёрыг авах сонголт хийсэн хүүхдүүд ирээдүйд илүү өндөр орлоготой, нийгэмд өндөр байр суурьтай, салалтын хувь бага, товчхондоо амжилтанд хүрсэн хүмүүс байдаг юм гэлээ. Ноён Какугийн хэлж байгаагаар энэ нь шинжлэх ухааны хувьд батлагдсан, шалгарсан арга бөгөөд хүүхэд багаасаа хоёр хөөсөн чихэр хүсч байх нь сайн зүйлээр барахгүй тийм сэтгэлгээтэй хүүхэд ирээдүйд амжилтанд хүрэх нь зайлшгүй аж.

Гэхдээ... хүүхэд зүгээр л ганцхан хөөсөн чихэр хүсч байвал яах вэ? Түүнд аз жаргалтай байхын тулд хоёр биш нэг хөөсөн чихэр хангалттай байвал яах вэ? Бүр эсвэл ирээдүйд одоо байгаагаасаа илүү ихийг авъя гэх шуналгүй хүүхэд байвал яах вэ? Энэ шалгалт хүүхэд бүр хөөсөн чихрэнд дуртай гэдэг хийсвэр таамаг дэвшүүлчихсэн биш гэж үү? Хүн бүр илүү их эд хөрөнгө хүсдэггүй байж болохгүй гэж үү? 

Дэлхийн 7.5 тэрбум хүний 1.9 тэрбум нь хүүхэд байдаг. Хэрэв хүн бүр өөр хүсэл сонирхолтой гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг л юм бол тэр дунд мөн хөөсөн чихрэнд дургүй хүүхэд байх магадлал нэлээн өндөр болно.  Түүнтэй ижил ирээдүйд олох их эд хөрөнгө, нийгмийн статуст хүн бүр дурлах албагүй. Товчхондоо гэвэл ирээдүйн хоёрын төлөө шунадаггүй, ердөө одоо байгаадаа сэтгэл хангалуун байж чаддаг хүн энэ шалгалтанд зайлшгүй унана. Гэвч үүнээс илүүтэйгээр энэ шалгалтын хамгийн том, байж болшгүй алдаа нь амжилтыг эд баялаг, хөрөнгийн хэмжээгээр үнэлж байгаа нь юм. Яагаад миний харах өнцгийн хувьд энэ шалгалт буруу вэ гэж үү? 

Яагаад ер нь хүн илүү ихийг хүсдэг юм бэ? Үүнд ганц л хариулт бий. Одоо байгаа нь ямар нэг шалтгааны улмаас хангалтгүй байгаа хэрэг. Нэг хөөсөн чихрийг хоёр болгож авъя гэж бодож байгаа нь тухайн хүүхдийн нэг хөөсөн чихэртээ сэтгэл ханамжгүй байгаагийн тод илрэл. Нэгтээ ханаж цадахгүй байгаа учраас хоёр луу тэмүүлж байгаа хэрэг биш гэж үү. Харин бодит амьдрал үнэхээр тийм сэтгэлгээтэй хүүхэд бидний хардгаар амжилтанд чинь хүрчихсэн юм шиг харагдаж болно. Уг хүүхэд хүрэх нь гарцаагүй. Гэвч тэр хүн нэг хөөсөн чихэртээ угаас ханадаггүй тул бидний хүсэх ёстой тэр амьдралд амьдарч байгаа хэрнээ түүнийгээ хоёр болгохыг хүсэх нь ч мөн зайлшгүй. Үүний аюултай зүйл гэвэл хүний алдар хүнд, эрх мэдэл, олж болох мөнгөний хэмжээнд нэг хүний амьдралын хувьд хязгаар гэж үгүй. Өөрөөр хэлбэл нэгэнт илүүг харах л юм бол амьдралд олж болох илүү их мөнгө, авч болох илүү их эрх мэдэл байнга оршин тогтносоор л байдаг. Тиймээс хөөсөн чихрээс нэг биш хоёрыг авахыг хүсч буй хүн өнөөдрийн сайн сайхан байдлаа үргэлж ирээдүй рүү шилжүүлнэ. Түүний сэтгэлгээ өөрчлөгдөхгүй тохиолдолд энэ байдал бүр түүнийг үхэх хүртэл ирээдүй рүү шилжих боломжтой. Үр дүнд нь өөрийн амьдралаас байнга илүү ихийг шаардаж байдаг, өнөөдрийн амьдралдаасаа сэтгэлийн ханамж авдаггүй хүн болох боломж дэндүү өндөр. Тэгэхээр энэ бичлэг бидэнд яг юуг заагаад байна вэ?

Хүн ер нь юуны төлөө амьдардаг юм бол?

Хоёр сарын өмнө би Instagram дээрээ "Хүн юуны төлөө амьдардаг вэ?" гэдэг асуултыг нээлттэй асууж, өөрийн сошиалын "найзууд"-аа бодлоо хуваалцахыг хүссэн билээ. Хариуд нь би нэлээн олон хүнээс хариулт авч, хүний амьдралаас авмаар байгаа зүйл бол аз жаргалтай байх гэдэг нийтлэг хариултыг олж харав. Харин яавал аз жаргалтай байх вэ гэж асуухад хариуд нь сэтгэл амар байх, амар тайван байх, гэр бүлийнхнийгээ аз жаргалтай байлгах гэсэн нийтлэг хариултуудыг олж харсан. Тэр дунд их мөнгө, нэр хүнд, одоо байгаагаасаа илүү сайхан амьдрал, үнэндээ бидний амжилттай холбож ойлгодог Опрагийн амьдралын тухай сэжүүр байсангүй. Энэ нөхцөлд амжилт гэдэг үгийг бид нэр алдар, нийгмийн статус, үнэтэй машин, том байшингаар төсөөлөх нь тун өрөөсгөл ойлголт болж байгаа биз. Дотроо хүн амар тайван, сэтгэл амар байхыг аз жаргал гэж ойлгодог бол сэтгэлийн амар тайвныг олох нь миний асуултанд ийнхүү хариулсан хүмүүсийн хувьд амжилт юм. Тэдгээр хүмүүсийн хувьд хоёр хөөсөн чихэр хүсч амьдрах нь амьдралаас хүсч буй зүйлтэй нь нэн зөрчилдөөнтэй үйлдэл төдийгүй амьдралаас хүсч буй зүйлдээ хүрэх замаасаа хазайсан хэрэг болно. Учир нь хоёрыг хүсэх хүнд цаана нь дөрөв гэдэг тоо үргэлж оршиж, сэтгэлийн амар тайван байдал үүсэх нөхцөлгүй болно.

Бид тэсвэр тэвчээр хатуужилийг үнэлдэг гэж дээр би танд сануулж байсан. Энэ үнэн. Нийгмийн зарим нэг бүлэгт өөрөөсөө том зүйлийг эсвэл зовлон бэрхшээлийг даван туулж байж түүнээсээ сэтгэл ханамж авдаг хүмүүс байдаг. Харин хүн бүрийн зовлон туулах тэвчээр, түүнээс авах сэтгэл ханамж ондоо. Бусадтай адил их зовлон туулах тэнхээгүй, түүнийг туулснаараа тийм их сэтгэл ханамж авахгүй байлаа гэдэг нь таны үнэ цэнийг бууруулах учиргүй.

Жишээ нь би блогоо хэрвээ нэг сар амралгүйгээр үргэлжлүүлж бичсэн бол дахин сэхэхгүйгээр та бүгдийн толгой руу хогийн сав чулуудах байсныг би хэлж мэдэхгүй байна. Миний блогоо амралтгүйгээр биччихээд баярлаад авах сэтгэл ханамж сарын өмнө тэнцвэртээ очоод тэглэчихсэн. Амлалтандаа хүрнэ гээд гүрийх үү, үгүй юу гэдэг сонголт өмнө минь гарч ирсэн. Гэхдээ хааяа амлалтаа биелүүлэхээс илүү чухал зүйл байдаг, миний хувьд тэр зүйл нь уншигчийнхаа толгойг хогийн сав болгохгүй байх байсан юм. Би өөрийн баяр баяслынхаа төлөө ийм сонголтыг хийсэн. Харин энэ нь надтай адилхан зогсолтгүй блог бичээд явж буй нөхдөөс минь намайг сул дорой болгохгүй. Харин таны хувьд юу хамгийн их чухал вэ? Юунаас сэтгэл ханамж хамгийн ихээр авдаг вэ? 

PS: Энэ блог ёс зүйн хувьд буруу асуудлуудын хувьд хамааралгүй болно. Яг одоо хулгай хийх, хэдэн сар хүлээгээд найзаасаа мөнгө зээлэх хоёр дээр энэ тестийг хийх боломжгүй. Яг одоо сэтгэл ханамж авчирч байсан ч хулгай хийх нь ёс зүйн хувьд буруу учир тухайн үйлдлийг яг одоо хийх, ирээдүйд хүлээж байгаад хийх хоёр ямар ч ялгаагүй буруу зүйл болох тул энэ блог үүн шиг ёс зүйн буруу асуултуудад хариу өгөх боломжгүй.

 

#25 | Энгийн Сонголт. Хор уу, Ядуурал уу?

#25 | Энгийн Сонголт. Хор уу, Ядуурал уу?

#23 | Гүүглээс Авах Боломжгүй Мэдрэмж

#23 | Гүүглээс Авах Боломжгүй Мэдрэмж