Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#23 | Гүүглээс Авах Боломжгүй Мэдрэмж

#23 | Гүүглээс Авах Боломжгүй Мэдрэмж

"Гоо үзэсгэлэн

Сургуулийн кампусын төв цэгээс зүүн зүгт алхвал сакура модод ургадаг газар бий. Сакура цэцэглэх үеэр тэр газар оюутнууд өөрсдөө суух газаргүй болтол гадны камертай хүмүүсээр дүүрдэг тийм л үзэсгэлэнтэй цэг билээ. Энд 3 жил сурахад наснаасаа олон удаа гэрлэх гэж буй хосууд яг энэ газар хуримын зургаа авахуулж байгааг харж, заримынх нь зурганд садаа болчихгүй юмсан гэж холуур тойрч явсан удаа бишгүй олон. Гэхдээ энэ хүмүүсийн их хөл хөдөлгөөн сакура унахтай зэрэгцээд 14 хоногийн дотор алга болцгоодог юм. Сакураг гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг гэдэг нь маш оносон нэр юм шиг. Маш богинохон хугацаанд ирээд л буцаад явчихдаг үзэсгэлэн гоо.

"Гоо үзэсгэлэн нүдийг баясгана, амар амгалан тархийг баясгана."

Энэ жилийн хөл хөдөлгөөнүүд яг сакура унаж эхлэхэд яг таамаглаж байсан шиг алга болцгоов. Газарт унасан сакурагийн зургийг авах гэж үнэтэй цагаа хэн үрэх билээ. Харин хүмүүс явчихсан яг энэ үеэр кампус хамгийн амар амгалан, цэвэр агаар, зөөлөн салхийг мэдрээд нүдээ аниад суухад хамгийн тайван үе. Яг энэ үед л хүмүүс цэцгийг харж нүдээ баясгах биш сэтгэлийн амар тайван байдлыг мэдэрч тархиа баясгах алтан үеийг алдчихдаг. 

"Байгаль болон ухаарал"

Тэгэж байтал тэр газрыг тойроод л алхаад баймаар санагдтал санааг минь зовоосон өдрүүд ирэв. Ер нь намайг ямар нэг зүйл түгшээх юм бол агаартай, салхитай, байгалийн ямар нэг бодит хэсэгтэй газар очиж өөрөө өөртэйгөө хатуухан ярьж байж тайвширдаг болсон. Энэ дэлхийн ямар өчүүхэн жижиг хэсэг болохоо тэр үед л ухаарч, ертөнц намайг биш би ертөнцийг тойрч эргэдгээ ойлгодог юм. Ийм жижигхэн хэсэг нь би юм бол надад тулгараад байгаа асуудал түүнээс ч жижигхэн байж таарна. Ер нь сэтгэлээр унахаараа орноосоо босохгүй өрөөнөөсөө гарахгүй нэг газраа бүгэх нь хүний өөрөө өөртөө хийж болох хамгийн аймшигтай зүйл биш гэж үү. Харж байгаа зүйл чинь өөрийн чинь аль хэдийнээ мэддэг болсон өрөөний тавилга, мэдэрч байгаа бүхэн чинь бусдаас холбоогоо тасалчихсан шоронгийн хоригдлын мэдрэмж. Гэхдээ хамгийн том асуудал нь та өөрөө өрөөнийхөө эзэн нь учраас хэзээ ч энэ ертөнцөд тэр асуудлаас чинь илүү том зүйлс байдаг гэдгийг ухаарахгүй. Та том зүйлс байдаг гэдгийг аль хэдийнэ мэддэг байж магадгүй, гэхдээ тайвшрал хэрэгтэй тэр мөчид өөрөөсөө том зүйлсгүй орчинд тархинд чинь тийм бодол төрдөггүй юм. 

"Сакурагийн дараа навчис ургана. Гэхдээ хаанаас гарч ирэв?"

Тэр өдөр би сакурагийн моддыг тойроод л асуудалтайгаа цуг алхаад байлаа. Явган хүний замыг хажуугийнх өвснөөс тусгаарласан өндөр цемент дээр багадаа байнга гарч алхдаг байсан шигээ гарч тэнцвэртэйгээр удаанаар анхаарлаа төвлөрүүлж алхсаар л байв. Асуудлаа бодож хэсэг алхсаны эцэст нэг сонин зүйлийг анх удаа анзаарсан юм. Нийт сакурагийн талаас илүү нь уначихсан байсан цаг. Зарим сакура унаагүй модон дээрээ байж л байна, гэхдээ тэдгээр сакурагийн хажуугаар навчнууд дагаад ургачихсан байв. "Тэр навчнууд сакура цэцгийн ишнээс ургаад байна уу?" гэж гэнэт сониучирхаж эхлэв. Сакура цэцэг яаж унадаг гээч. Дэлбээ дэлбээгээрээ. Нэг нэгээрээ. Тэгээд яагаад ч юм иш нь тэнд цэцэггүй үлдчихээд түүнээс нь навч ургадаг болж таарч байна уу. Тэр навчнууд яг хаанаас ургаад байгаа юм бол? Хамгийн доор ургадаг сакуранууд бүгд унаад дуусчихсан зөвхөн навчнууд үлдэж хоцорчээ. Харин дээр байгаа сакуранууд гарт баригдахгүй дэндүү хол. Би нэг модыг тойрсоор, дээш гөлрөөд бараг 10 минут өнгөрлөө. Нүдээрээ хараад хараад тэр сакура, навч хоёр адилхан ишнээс ургасныг хэлэх боломжгүй, тэд дэндүү олноороо нэг дор ургачихаж. 

"Асуултын хариулт заримдаа яг ч асуулт урган гарч ирсэн газар байдаггүй"

Хүзүү чилж эхлэв. Гүүглэдэх санаа эхлээд төрсөн. Маш хялбархан. Утсаа гаргаж ирээд "Сакурагийн навч хэрхэн ургадаг вэ" гэж хэдэн товчлуур дараад хариулт нь гараад ирнэ шүү дээ. Цаг ч хэмнэнэ. Гэхдээ дараа нь яахаа би мэдэж байсан, хэрвээ амархан хариулт байвал ийм юмыг яагаад анзаараад мэдчихэж чадаагүй юм бэ гэж гутарна, хэцүү бол "Хм сонирхолтой л юм" гэдэг үгийг ямар ч сонирхолгүй мэт хэлнэ. Ингэхэд яг ийм шалтгаанаар сүүлийн үед хүмүүстэй ярилцаад баяр баясалтай болдог минь байчихсан. Асуудлын гол нь хүмүүс хэт мэдэмтгий, түүнээсээ болоод нэг бол шүүмжилнэ үгүй бол сургааль айлддаг болжээ. Харин мэдэхгүй зүйл гарч ирээд яриа яг сонирхолтой болох гэж байтал юм мэдэхгүйдээ нөгөө хүн маань яагаад ч юм ичнэ, мөрөө хавчина, эцэст нь зүгээр л гүүглэдчих гэж хэлдэг. Тэр үед сониуч зан алга болж, бидний яриа бүр мөсөн дуусдаг юм. 

Утсаа цааш нь хийв. Хүзүүнийхээ чилээг гаргаж доош харж зогсвол миний зогсож байгаа газар унасан сакурагийн дэлбээгээр дүүрэн. Доошоо суугаад дэлбээнүүдийг ажиглалаа, тэгээд нэг зүйлийг анзаарав. Дэлбээ газрын хөрснөөс яг эсрэг өнгөтэй учраас нүдэнд маш тод ялгарч харагдаад байж. Бараг л цагаан, усан ягаавтар өнгө. Гэхдээ сайн ажиглавал тэдгээрийн хажууд хэдэн мянган сакурагийн иш бас хамт хэвтэж байв. Хар бор өнгөтэй, хөрснөөсөө бараг ялгагдахгүй болчихсон, нэг ч дэлбээгүй ишнүүд гэнэт хаа сайгүй харагдаж эхлэв. Дээр байсан сакурагаас бусад бүх газар, миний 10 хэдэн минут тойрч алхсан тэр модны дор, салхинд туугдаад өвсөн дунд, бүр тэр модны мөчир ургаж эхлэх зааг дээр унасан ишнүүд дүүрэн. "Хариулт хаа сайгүй байж." Заримдаа асуудлын хариултыг асуудал гарч ирсэн яг тэр газраас хайгаад дэмий байдаг. Хариултууд хааяа нүдний яг өмнө, гарт баригдах газар хэвтэж байдаг. Тиймээс асуудлыг шийдвэрлэхдээ эргэн тойрныг бүхлээр нь харах хэрэгтэй. Тэгэхээр сакурагийн ишнээс тэр навчнууд ургаагүй байх нь, навч бүр тусдаа өөр ишнээс сакураг бүрэн унасны дараа ургадаг ажээ. 

"Шинэ нээлт хийхийн баяр баясгалан"

uhaarlin 7honog 23.jpg

Хачирхалтай л даа, хүн төрөлхтөн сакура яаж ургадгийг хэдэн зуун жилийн өмнөөс мэддэг болчихсон гэдэгт эргэлзэхгүй байна, гэвч энэ миний хувьд өөрөө өөртөө олж нээсэн бяцхан цоо шинэ нээлт байсан юм. Тэр жижигхэн эхний ишийг зуу зуун дэлбээн дундаас олоод ямар их аз жаргалтай байсан гэж бодож байна. "Энэ байна шүү дээ! Би олчихлоо!" Хамгийн гол нь Гүүглгүйгээр, хэн нэгний тусламжгүйгээр чадчихлаа. Багадаа авсан анхны медаль минь алтан медаль байж таарч тэр үед нэг чихнээс нөгөө чих хүртлээ өөрийн эрхгүй өдөржин инээмсэглэж байсансан. Тэр өдөр би хорвоогийн хамгийн аз жаргалтай хүүхэд байлаа. Энэ өдрийн мэдрэмж ЯГ ТҮҮН ШИГ байж чадсан. Шинэ зүйл олж мэдэх сайхан, түүнийг хүнээр заалгах, бусдаас сонсох, гүүглээс унших ч сайхан, гэвч эдгээрийг энэ мэдрэмжтэй зүйрлэшгүй. Шинэ юмыг өөрөө ухаж олж мэдэх, нээлт хийхийн баяр баясгалан юм уу даа. Энэ мэдрэмж медаль авахдаа ч биш, хэн нэгний урд гарахдаа ч биш, харин өөрийн хүчээр нэг зүйлийг хийж чадсаны баяр баясгалан юм.

Хэн нэгнээс юу ч сурахгүйгээр, сургааль сонсохгүйгээр өөрөө бүхнийг олж мэдээд амьдарна гэж ч юу байх вэ. Гэхдээ бас бүх зүйлийг бусдын заасны дагуу сурч, гадны мэдээлэл дунд амьдарна гэдэг өөрөө өөрийнхөө сониуч занг үгүй хийж буйгаас өөрцгүй. Заримдаа хүнд зүгээр л өөрийн хийж чадах чадахгүйг бусдаас хамааралгүйгээр, өөрөө өөрийн замаар хийх нь амьдралд их баяр баяслыг авч ирэх түлхүүр байж болзошгүй. Сакурагийн навчны талаар олж мэдсэнийхээ дараа дэндүү баяртай, гаднаа юу ч хэлээгүй ч дотроо бол "Юу гэнэ үү, сэтгэл зовоосон асуудал гэв үү. Тиймхэн зүйлийг одоо шийдэхэд юухан байхав..." гэсэн өөдрөг сэтгэлээр нэг л догь амьтан гэрийн зүг алхсан. Магадгүй өөрийгөө бага зэрэг зовоож хариултыг нь олсон зүйл бидний дотоод хүч чадлыг бидэнд илүү бодитоор ухааруулдаг байх. Хэн нэгэнтэй өөрсдийгөө харьцуулах шаардлагагүйгээр сэтгэл өөдрөг, өөртөө итгэлтэй, бардам алхах боломж зөвхөн дотоод хүчээ ухаарсан цагт л бий болдог биш гэж үү. Магадгүй бид гаднаас авах мэдээллээ тодорхой хэмжээнд хязгаарлаж, өөрсдөө бага зэрэг зовох хэрэгтэй байх. Хүмүүсийн амжилтанд хүрсэн түүхийг байнга сонсож, яг л адилхан замаар араас нь алхахыг хүссэн залуус дэндүү их. Түүнийг сургадаг хүмүүс бүр ч их. Нэг талаар биднийг идэвхжүүлж, мөрөөдөлдөө хүрэх боломж байдаг гэдгийг тэдгээр түүхүүд харуулдаг ч нөгөө талаас хэрэв тэдэн шиг байж чадахгүй бол биднийг ямар сул дорой, өчүүхэн амьтад болохыг давхар заагаад байдаг юм шиг. Харин тэр хүмүүсийн мөрөөдлөө биелүүлсэн зам нь зүгээр л хорвоо дээр байж болзошгүй триллион триллион зам дундаас зөвхөн ганц нь бөгөөд таны олж нээх хаалга тэдгээр хүмүүсийнхээс тэс өөр байж болох ч бага зэрэг зовж олсон хаалга тань илүү их баяр баяслыг авчрах зам байж ч мэднэ.

Ертөнц дээр ийм гайхалтай зүйлс бидний эргэн тойронд байхад анзаардаггүй нь бидний хэлдгээр "ямар амьдралгүй" амьдрал вэ? 

Дараагийн удаа гартаа кофе бариад уулзалтаас уулзалт руу, утасны нэг аппаас нөгөө апп руу үсэрч, бусдаас суралцах гэж төрөл бүрийн гадны мэдээллээр чихээ бөмбөгдөхөөсөө өмнө өөрийнхөө эргэн тойронд юу болж байгааг эхлээд нэг анзаараарай. Олж авсан мэдээллээсээ хавьгүй их өөртөө итгэх итгэл, дотоод хүч чадлыг түүнээс олж авч та магадгүй юм.

 

#24 | ХӨӨСӨН ЧИХЭР

#24 | ХӨӨСӨН ЧИХЭР

#22 | "Зорилгодоо Хүрэхэд Зайлшгүй Баримтлах Хоёр Зарчим" Зочин хөтлөгч: Э.Анар-Эрдэнэ

#22 | "Зорилгодоо Хүрэхэд Зайлшгүй Баримтлах Хоёр Зарчим" Зочин хөтлөгч: Э.Анар-Эрдэнэ