Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#19 | Үхэлд Тавтай Морил

#19 | Үхэлд Тавтай Морил

Энэхүү өгүүллэгийг Рой Скрантоны бичсэн Learning How To Die in the Anthropocene өгүүлэмжээс сэдэвлэн бичив.

Динозавруудын амьдарч байсан эрин үеийг Месозоик гэж нэрлэдэг. Энэ үеийг одоогоос 250 сая гаруй жилийн өмнө эхэлсэн гэж үздэг. Энэхүү эрин үе дуусч араас нь Палеосин, Эосин, Олигосин, Миосин гэх мэт маш олон үе явсаар Холосинд хүрч харин одоо хүн төрөлхтөн өөрийн нэрээр бүхэл бүтэн геологийн эрин үеийг нэрлэх болоод байна. Үүнийг Антропосин гэж нэрэлнэ. Антроп язгуур нь "Хүн" гэсэн утгатай. 


Багдадад байлдаж буй Америк цэрэг эр доош гутал руугаа харан бодно: "Хэзээ ч үхэж магадгүй." Иракд байдал үнэхээр аймшигтай. Танкууд шатаж, цэлмэг тэнгэр нь хүний гараар бүтсэн хар утаанд хучигдан үгүй болж, засгийн газар нуран унаж, хана босч, хүмүүс айдас дунд амьдарна. Өглөө бүр сэрэхдээ ямар нэг I.E.D бөмбөгөөр бөмбөгдүүлж, эсвэл буудуулж, бүр эсвэл галд шатаж үхэх талаар төсөөлөхгүй байж даанч чадахгүй. Яаж үхэхээ хэн ч мэдэхгүй учраас тэр. Танкны доогуур орж бяцрах, нохойнд бариулах, эсвэл дайсанд олзлогдон тарчилж үхэж магадгүй. Үүнийг төсөөлж боддоггүй хүн үгүй. Учир нь тэд айсандаа дагжин чичирч байна... Хүн ер нь үхлээсээ ямар их айдаг юм бэ?

uhaarlin 7 honog 19.jpg

Өнөөдөр амьд гарсан ч маргааш дахиад л үхэлтэй нүүр тулж магадгүй хэмээн айна. Бид дотроо хичнээн их айсан ч амьд явах хүсэл нь түүнээс хэд дахин их тул айдастайгаа амьдрахыг илүүд үзнэ. Цэрэг эр өглөө бүр яг энэ айдастайгаа сэрдэг ч хаалгаар дайны талбар луу гарах тэр мөчид их айдас нь үргэлж алга болсон байдаг. Тэр өөрөөсөө "Хэрвээ өнөөдөр үхэх нь гарцаагүй бол би юу хийж байгаад үхмээр байна вэ?" гэж өглөө сэрэх бүртээ асууна. Харин түүний чин сэтгэлийн хариулт нь үргэлж "Би үхлээ гэхэд хэн нэгэн энэ дайнаас амар мэнд гэртээ хариасай. Гэртээ очиж үр хүүхдүүдээ хараасай. Хэрвээ өнөөдөр миний үхэл гарцаагүй бол ядаж өөр хэн нэгэнд амьд явах боломжийг олгочихоод үхэх юмсан" гэж бодно. Энэ мөчид түүний айдас ор мөргүй алга болсон байх бөгөөд бодол санаа нь цэгцлэгдэж, зорилго нь тодорхой болж, энхийн төлөө айдасгүй тэмцэх боломжтой болдог байв.

Өдөр бүр ингэж бясалгасаар 2.5 жилийг барж, Рой амьд гарав. Дайны талбараас холдож эх нутагтаа 2 жилийн дараа ирэх замд түүнд гэрэлт ирээдүй рүүгээ давхиж яваа мэт санагдсан... Гэтэл гэртээ ирээд удаа ч үгүй байтал телевизээр Катрина хар салхи Америкийн Нью Орлеанс хотыг сүйрүүлэхийг харав. Түүний байлдаж явсан Багдадын сүйрэлтэй яг адилхан дүр төрх харагдана. Яахаа мэдэхгүй хоцорсон орон гэргүй хүмүүс, нэгнийгээ алдсандаа гашуудсан харцууд... Гэвч энэ үзэгдэлд нэг л зүйл ондоо, хачин байв. Энэ нь хүмүүс энэ сүйрлээс Багдадад байсан цэргүүд шиг урьдчилж айгаагүй байсан явдал юм. Харин айгаагүй учраас үхэлдээ бэлдээгүй, мөн урьдчилж амьд гарах гарцаа олоогүй хэрэг. 

Үүнтэй төстэй үйл явдал удалгүй дахиад болов. Энэ удаа Санди хар салхи Америкийн зүүн эргийг тэр чигт нь хөмөрч 24 мужид их бага хэмжээгээр хохирол учруулав. Үр дүн нь дахиад л ижил... Дахиад л урьдчилж сэргийлэх бэлтгэл ажил тааруугаас амь эрсдэв. Эдгээрийг бид байгалийн гамшиг гэж нэрлэдэг. Мөн урьдчилж харах боломжгүй ч гэцгээдэг.

Бидний амьдарч байгаа энэ үеийг Антропосин гэж нэрлэдэг нь цаанаа учир шалтгаантай. Хүмүүс ухаалаг технологи зохион бүтээсэн учраас нэг бүтэн үеийг ийнхүү нэрийдсэн хэрэг биш л дээ. Дахин сануулахад энэ бол ГЕОЛОГИЙН эрийн зууны нэршил. ГЕО гэдэг язгуур "ДЭЛХИЙ" гэдэг утгатай. Өөрөөр хэлбэл дэлхийн дотоод бүтцийг нь өөрчилж байгаа эх үүсвэрийг хүн хэмээн тогтоосон учир энэ эрин зууныг Антропосин гэж нэрлэжээ. Бидэнд нүүрэлж буй байгалийн гамшгууд нь нэг үгээр бидний бүтээж буй бүтээл юм. Антропосин эхлэхээс өмнөх үеийг Холосин гэж нэрлэдэг байв гэж дээр дурьдсан. Энэ үе бол дэлхий дээр урьд хожид ажиглагдаж байгаагүй хамгийн тогтвортой, энх тайван үе байсан бол хүний эрин үе эхэлснээс хойш тэр эрин үе төгсөж бид урьд хожид үзэж байгаагүй их байгалийн гамшигтай нүүр тулах болжээ. Нэг газар ган болж, нөгөө газар үер болж, хар салхи, цунами болон газар хөдлөлт урьд өмнөхөөсөө эрс ихсэв. Энэ нь хүний үйл ажиллагаа байгалийн тэнцвэртэй байдлыг өөрчилснөөс үүсч буй сөрөг үр дагавруудын нэг юм. Ойрын ирээдүйд арлын орнууд далайд живэх болно. Иракд болсон дайн төгсөөгүй. Энэ дайн цаашид улам ихсэх болно. Хүмүүс хүн дайснуудаасаа зугтаж өөр орнууд руу дүрвэдэг байсан бол харин энэ удаа хүн төрөлхтөн цаг уурын өөрчлөлтөөс зугтан аюулгүй газрууд руу дүрвэцгээх болно. 

Бүх амьтад өөрсдийгөө үхэх гэж байгааг мэдвэл байгалийн жамаар эхлээд айж, дараа нь айдастайгаа нүүр туулж амьд гарах гарцаа эрэлхийлэн өөрсдийгөө хамгаалах ямар нэг зүйл хийдэг. Энэ бол байгалийн хууль. Энэ хууль хүн төрөлхтөнд ч бас хамааралтай. Иракд хүмүүс дагжин чичирч, эцэст нь цэргүүд айдастайгаа нүүр тулж нэг нэгнийгээ хамгаалахын төлөө тэмцсэн нь үүний тод жишээ юм. Харин Катрина, Санди хоёр хар салхинаас хүмүүс урьдчилж айгаагүй нь сонин жигтэй хэрэг. Бид маргаашийн өдрийг яг л өнөөдөр шиг байна гэдэгт бат найддагтай холбоотой биз. Магадгүй энэ нь хүн төрөлхтөн өөрийн нэг амьдралын насаар өөрчлөлтийн хурдыг хэмждэгтэй холбоотой байх. Хүний нас гэвч дэлхийн насны дэргэд юу ч биш юм. Дэлхий дээрх гамшиг асар хурдтайгаар ихэсч, илүү их сүйрэл дагуулж байгааг бид нэг амьдраад мэдэх арга үгүй. Гэсэн хэдий ч бид сохроор өөрсдийн нэг насны амьдралтай бүхнийг харьцуулаад өөрчлөлт огт байхгүй мэт сэтгэдэг. Энэ л бидний Санди хар салхинаас айгаагүйн гол шалтгаан ердөө л энэ. Энэ л бидний сэтгэлгээний алдаа. Өнөөдөр нам гүм байсан бол ирээдүйн бүх өдрийг нам гүм байна гэж бодож, айх айдасгүй, бэлдэх бэлтгэлгүй явсаар... асуудлыг улам хурцатгасаар эцэст нь хаа нэг газар хэзээ нэг өдөр биднийг үхтэл цохиход л буруу бодож явснаа гэнэт мэднэ.

Бидний өнөөдөр асуух ёстой асуулт бол цаг уурын өөрчлөлт байдаг эсэх биш. Инээдэмтэй нь цаг уурын өөрчлөлтөнд итгэдэггүй гэдэг хүмүүс ч бий. Гэхдээ итгэх эсэх асуудал бол бурхан шашин, сүсэг бишрэлтэй л холбоотой байж болохоос биш фактын эсрэг хэрэглэглэгдэхэд тохиромжгүй юм. Бидний асуух ёстой асуулт мөн цаг уурын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх вэ ч биш, харин Антропосины эрин үед хэрхэн үхэх вэ гэдэг асуулт юм. Бидний ирээдүйн гэр яг л Багдад хот шиг харагдана, магадгүй түүнээс ч долоон дор. Тэр үед амьдрахад таны амьдрал юуг илэрхийлэх вэ? Хүний амьдрал үхэхийн хооронд ямар утга учиртай вэ? Рой өөрөөсөө "Өнөөдөр үхэх нь гарцаагүй бол юу хийж байгаад үхэх вэ?" гэж асуусан шиг бид бүгд яг ижилхэн асуултанд хариулах хэрэгтэй болно. Тэрхэн үед л хүмүүс байгалийн хуулийн дагуу төгсгөлөөсөө зугтаж, бодитоор тэмцэж эхлэх байх...

Үхэлд тавтай морил.

Audio Essay:

#20 | 7 хоногийн турш 7 эд зүйл л хэрэглэж амьдарч үзлээ | Зочин А. Мөнгөнсаран

#20 | 7 хоногийн турш 7 эд зүйл л хэрэглэж амьдарч үзлээ | Зочин А. Мөнгөнсаран

#18 | Өөрчлөлтийг хармаар байгаа бол өөрөө тэр өөрчлөлт нь бай! Гандигийн сургаалиас...

#18 | Өөрчлөлтийг хармаар байгаа бол өөрөө тэр өөрчлөлт нь бай! Гандигийн сургаалиас...