Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#21 | Ойн цаадахыг давж харцгаая

#21 | Ойн цаадахыг давж харцгаая

            Анх 1946 онд Америкийн сэтгүүлч Henry Hazllit чөлөөт зах зээлийн эдийн засгийн тухай “Economics in one lesson” номоо гаргасан. Харин энэ бүтээлийг уншсаны дараагаар та бүхэнтэй нэгэн шинэ ухаарлаа хуваалцах гэж байна. Аливаа бүтээл цаанаа асар олон ухаарлыг тээх бөгөөд нэг ухаарлын цаана мянга мянган утга давхар агуулагдана. Өнөөдөр бид дээрх бүтээлээс зөвхөн «Төөрөгдөл», түүний цаад олон утга санааг олж харахыг хичээх болно.


Уг номондоо Хенри хэлэхдээ “Төрийг олон түмний төлөөх ажлыг «ажлын байр хангагч» гэж үзэх, эсвэл нийтэд «баялаг хуримтлуулж өгөгч» (өөрөөр баялаг хуримтлуулж чадахгүй тул) гэж үздэгт миний санаа зовдог” гэсэн байдаг. Учир нь төрийн үүргийг зөвхөн нийтэд баялаг хуримтлуулж өгөх гэж иргэдийн зүгээс харах нь олон сөрөг үр дагавруудтай. Харин тэдгээр буруу ойлголтуудыг энэхүү бичвэрт "төөрөгдөл" хэмээн нэрлэх ба энэ нь дэлхийн бүх улсуудын иргэд болон төр засгуудад хамааралтай.

Төөрөгдлийг танд ойр байлгах үүднээс Улаанбаатар дахь бяцхан жишээгээр тайлбарлая.

Улаанбаатарт хавар цаг ирэхэд явган хүний хуучин замыг хуулж, шинэ зам тавих ажил жил бүр хийгддэг бөгөөд үүнийг зарим хүмүүс сайн зүйл гэцгээдэг. Учир нь хэсэг бүлэг хүмүүсийн хувьд энэ нь ажилгүйдлийг багасгаж, хоногийн хоолтойгоо залгах нөхцлийг бүрдүүлж өгч байна. Нэг ёсондоо төр ажлын байр хангах үүргээ биелүүлчихэж байгаа нь энэ юм. Хэрвээ зам тавих асуудал үнэхээр шийдвэрлэх зайлшгүй чухал асуудал байсан бол ард иргэдийн татварт өгсөн мөнгө хэрэгцээтэй зүйлд зарцуулагдаж аль аль талдаа эсэргүүцэх зүйл гарахгүй. Тэгвэл явган хүний элэгдэж дуусаагүй шинэхэн замыг «ажлын байраар хангах» гэж эсвэл арай он залуухан замаар алхуулах гэж л ахин шинэ зам тавьбал утгагүй. Татвар төлөгчдийн мөнгөний өчүүхэн бага хэсэг зам тавигч ажилчдын халаас уруу, харин дийлэнх нь зам тавилтын зардалд зарцуулагдах учир энэ нь үр ашиггүй эдийн засгийг бий болгож, тэр тусмаа ажилгүйдлийг бууруулах зөв шийдвэр байж яагаад ч таарахгүй. 

Гэвч нийгэмд энэ нь хичнээн илхэн байвч хэсэг бүлэг хүмүүс нэгэн төөрөгдөл дунд амьдарна. "Зам шинэчлэх үнэхээр хэрэгтэй юу? Зүгээр байгаа замыг зүгээр л байлгаач" хэмээн шаардсан хэсгийг нөгөө хэсэг нь эсэргүү болгодог явдал байна. Монголд төөрөлдсөн ард иргэд өөрсдөө тэрхүү эсэргүү хэсэгт «шүүмжлэгч, эсвэл өөрөө юу ч хийдэггүй мөнгө үрэгчид (төр-засаг)-ээс дор нэгэн» гэсэн нэрийг зүүлгэдэг нь харамсалтай биш гэж үү. Тэрхүү хэсэг бол ажлын байраар хангах, шинэ бүтээн байгуулалт, хотын өнгө үзэмж зэрэг үгсийн нөлөөнд төөрөлдсөн гэж хэлж болох юм аа.

Үнэндээ ард иргэдийн татвараар үйл ажиллагаагаа явуулдаг төр засаг оновчтой зарцуулалт хийж, төлөвлөх нь туйлын чухал. Тиймээс ч төсөл, тендер зарлаж, судалгаа шинжилгээ хийх ёстой. Гэвч судалгаа шинжилгээгүйгээр зөвхөн тодорхой хэсэг бүлгийг дэмжих зорилготой төслүүд ч мөн олон. Эдгээр төслүүдийн харагдах байдлыг илүүд үзвэл ард иргэд бид л олон нийтээрээ татварын мөнгөө салхинд хийсгэж буй хэрэг болох юм. Гэвч бид ил харагдах үр дагаврыг илүүд үзэж, дараагийн далд үр дагаврыг бүхлээр нь, системтэйгээр харж чадахгүй, төөрөгдөл дунд манантаж явна.

Монголд иймэрхүү жишээ олонтаа. Саяхан дэвшүүлсэн өсөх шатлалтай татварыг эсэргүүцсээр эцэстээ цуцлагдсан. Дундаас дээш, сард олон саяын орлоготой хүмүүсээс авах татвар ихэснэ гэдэг нь нийт ард түмэн, тэр тундаа дунд анги болон түүнээс доош ангийн ачааг бага ч гэсэн хөнгөвчилж, орлогын тэгш бус байдлыг багасгах байсан билээ. Харамсалтай нь өндөр орлоготой хүмүүст ирэх ачааг яагаад ч юм дундаж давхаргын иргэд өөрсдөө ялгаагүй хамт үүрэлцнэ гэж ойлгосон нь сонин жигтэй хэрэг. Хэдийгээр энэ нь өндөр орлоготой хэсэг хүмүүсийг хохироож буй хэрэг мэт боловч гарах үр дүн нь нийт орлогын хуваарилалтыг тэгшитгэх алхам болох байсан тул үр ашиг нь хохирлоосоо их байсан хэрэг шүү дээ.

Улсын экспортын хэмжээ заавал импортоосоо их байж хэмээн эдийн засаг хөгжинө гэдэг сэтгэлгээтэй хүмүүс ч маш их харагдана. Шулуухан хэлэхэд 17-р зууны үед амьдарч байсан хүмүүс л ингэж боддог байсан юм шүү дээ. Тухайн үед меркантализмын онол газар авч байв. Өнөөдөр АНУ-ын экспортын хэмжээ импортоосоо байнга давсан үзүүлэлттэй, мөн Герман мэтийн өндөр хөгжилтэй орнуудад ч энэ хэв маяг мөн ажиглагддаг. Импортоор орж ирсэн бараа бүтээгдэхүүн их байх нь монгол мөнгийг салхинд хийсгээд байгаа юм шиг, "Дотооддоо л үйлдвэрлэх нь зөв," "Дотоодын эдийн засгаа дэмжихийн тулд дотоод үйлдвэрлэлээ дэмжиж, дотоодын үнэтэй барааг нь авцгаая" гэдэг ойлголт өөрөө маш өрөөсгөл. Импортоор орж ирэх бүтээгдэхүүн нь монгол төгрөгөөр худалдаалагдах бөгөөд гадны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн гар дээр ирсэн төгрөг Монгол улсаас өөр газар зарцуулагдах боломж огт байхгүй. Тиймээс урт хугацаандаа тэр төгрөгийг зарцуулъя л гэвэл Монгол улсад л эргээд зарцуулах хэрэгтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл импорт нь гадны хөрөнгө оруулалтыг дэмжих үндсэн хэрэглүүр юм. Харин гадны хөрөнгө оруулалт нь мэдээж дотоодын зах зээлийг ажлаар хангаж, улсын орлогыг нэмэгдүүлнэ. Энэ тохиолдолд улсаас гадагш гарсан мөнгө тэр чигтээ гадна үлдэх юм шиг санах нь бас нэгэн "төөрөгдөл"-ийг илтгэнэ.

Цаашлаад татвар төлөхийн ач холбогдол,  түүний үр дагаврыг үл ойлгох хэсэг бүлэг хүмүүс ч байна. Татвар төлснөөр тэдэнд ил харагдах орлого багасаж, улмаар энэ нь тэднийг хохироогоод байгаа мэт санагдана. Гэвч улсын төсвийн дийлэнх нь татварын орлогоос бүрдэх тул татварыг багасгах нь төсвийн орлогыг бууруулах буюу төрийн нийгмийн сайн сайхан байдлыг хангах бололцоог хязгаарлах юм. Төрийн албан хаагч эмч, цагдаа, багш, татварын байцаагч гэх мэт олон хүн үүний улмаас бага цалинтай ажиллаж, эргээд төрийн үйлчилгээ муудна. Үүнийг харсан ард иргэд төр засгийг ажлаа хийхгүй байгааг мэдээж гайхаж таарна. Гэвч төрийн үйл ажиллагааны үндсэн сувгуудыг мэддэг бол эдгээр үр дагаврууд таныг, бүр ялангуяа татвараас зугтагч бүлгийг уцаарлуулж гайхшруулах ёсгүй. Монголд хийх зүйлээ хийгээд үүргээ биелүүлээд татвараа төлж буй иргэд бий. Түүнээс гадна татвараас зугтаагчид ч олон бий. Гэвч татвар төлөөгүй хэрнээ төрөөс үйлчилгээ шаардаж уцаарлах нь логикийн хувьд байж болшгүй асуудал юм.

Мөн эрүүл эдийн засагт ажилгүйдэл бага хэмжээгээр заавал байх хэрэгтэй, эс бөгөөс уг орны эдийн засаг хэт халалттай гэсэн үг. Энэ тохиолдолд ажилгүй байсныхаа төлөө төр засгийг буруутгах нь тоомжиргүй хэрэг болох юм. Хэдийгээр энэ бүгд бүхэл бүтэн улсыг хамарсан томоохон жишээ мэт боловч энэ нь эргээд манай нийгэмд учир шалтгааныг олж мэдэлгүйгээр туйлширдаг сэтгэлгээ ямар их байгааг харуулж байгаа хэрэг биз ээ. Энэ мэтчилэн бидний амьдралд жижиг сажиг төөрөгдөл олон гардаг. Жишээ нь шалтгаангүйгээр дарга болохыг хүсэх, ойрын ирээдүйд устаж үгүй болох мэргэжлээр сурах, өөртөө хэрэгтэй үгүйг ч мэдэлгүйгээр хэрэгцээгээ дээшлүүлэх зэрэг олон төөрөгдөл бидэнд тохиолддог билээ.

“Ойн цаадахыг давж харах хэрэгтэй” гэж багш маань хэлж байсан удаатай. "Ой дотор орчихоод нэг ширхэг модон дээр очиж наалдчихаад ганцхан түүнийгээ л хараад байвал ой байгааг ч анзаарахгүй, тэр ойгоос хэзээ ч гарч чадахгүй ээ" гэж аав маань мөн хэлж байсан билээ. Та ч гэсэн амьдралаа төөрөгдөл дунд өнгөрүүлэхгүйн тулд өөрийн ертөнцийн өчүүхэн жижгийг ухаарч, нэг модыг харж насыг баралгүйгээр ойг бүхэлд нь дээрээс нь хараарай. Тэгэж байж гэмээнэ ойн цаадахыг давж харах болно.

Зохиогч: Э. Анар-Эрдэнэ (МУИС - Эдийн засгийн онол), Д. Дэлгэрзаяа (University of Washington - Эдийн засгийн онол)

 

 

 

 

 

#22 | "Зорилгодоо Хүрэхэд Зайлшгүй Баримтлах Хоёр Зарчим" Зочин хөтлөгч: Э.Анар-Эрдэнэ

#22 | "Зорилгодоо Хүрэхэд Зайлшгүй Баримтлах Хоёр Зарчим" Зочин хөтлөгч: Э.Анар-Эрдэнэ

#20 | 7 хоногийн турш 7 эд зүйл л хэрэглэж амьдарч үзлээ | Зочин А. Мөнгөнсаран

#20 | 7 хоногийн турш 7 эд зүйл л хэрэглэж амьдарч үзлээ | Зочин А. Мөнгөнсаран