Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#18 | Өөрчлөлтийг хармаар байгаа бол өөрөө тэр өөрчлөлт нь бай! Гандигийн сургаалиас...

#18 | Өөрчлөлтийг хармаар байгаа бол өөрөө тэр өөрчлөлт нь бай! Гандигийн сургаалиас...

Энэ долоо хоногт Collin Beavan-ий бичсэн "No Impact Man" номын сүүлчийн хуудсыг уншиж дуусгалаа. Шинэ долоо хоногт бэлэглэх ухаарал минь энэ номноос эхтэй.

Хүн өөрийнхөө тухай төсөөлж бодсон шигээ хүн байх хэцүү. Тодорхой үр дүнг хүлээж, хэрвээ биелэхгүй бол ёс зүйгүй авир гаргана. Надад хааяа өөрийн хийгээд байгаа зүйлс хэнд ч хэрэггүй, утга учиргүй юм шиг сэтгэгдэл төрөх үеүд олон байдаг. Хийхийг оролдоод байгаа зүйлийг минь шүүмжлэх хүн олон, хичнээн оролдовч оролдлого муутын ард хоцрох үес их, бүр түүнээс ч дор нь хүмүүс хичээл зүтгэлийг минь зүгээр л үл тоох явдал юм. Тэр үед толгойд орж ирэх бодлууд их сонин. Шаардлагатай үр дүндээ хүрч чадахгүй байгаа учраас хийж байгаа зүйлээ нэг мөр орхих нь зөв, учир нь тэгэж байж стрессгүй байна гэх бодол, харин нөгөө нэг нь үр дүнгүй байсан ч өөрт чухал бол тэдгээрийг үргэлжлүүлж хийх нь зөв гэдэг эргэлзээ.

uhaarlin 7 honog 18-2.jpg

Өнгөрсөн долоо хоногт найзтайгаа ярилцаж суув. Хогийг дахин боловсруулах нь чухал гэдгийг мэддэг ч найз маань хогоо ялгаж хаядаггүй юм. Учрыг асуувал бусад хүмүүс ялгахгүй байхад өөрийн хогийг ялгалаа гээд эцсийн үр дүн өөрчлөгдөхгүй; 7 тэрбум хүн хог хаяж байхад 1 хүн хог хаяхгүй байлаа гээд дэлхий хоггүй болчихгүй гэв. Би иймэрхүү зүйлсийг олон хүмүүсээс сонсдог. Онгоцоор нисэх нь байгаль орчинд муу гэж хэлвэл нэгэнт авчихсан онгоцны тасалбараа урж хаяад тэр онгоцонд суухгүй байсан ч онгоц нэгэнт ниснэ, тэгээд үр дүн нь яг адилхан байхад яагаад нисэхгүй байх ёстой юм бэ? Ер нь өөрөө тасалбар авахгүй байлаа ч өөр хэн нэгэн түүнийг аваад нисчихнэ гэдэг. Валентины баяраар АНУ-д Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг хоёр дахин нугалсан хэмжээний их зардлыг зөвхөн цэцгэнд зарцуулдаг, энэ нь дэмий зардал шүү дээ гэвэл нэгэнт тарьж ургуулсан цэцэгсийг худалдаалж байхад тэр цэцгүүдийг авахгүй үхүүлэх нь харин дэмий зүйл биш үү гэж асууна. Энэ бодол зүгээр ч нэг зөвхөн миний эргэн тойронд байдаг хүмүүсийнх ч биш юм шүү. Бүр АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагаас ерөнхийлөгчийн сонгуулийн ажлынх нь үеэр Брайн Виллиамс түүнээс дэлхийн дулааралтай тэмцэхдээ хэрэгжүүлж байгаа өөрийн хувийн "ногоон" сонголтын талаар асуухад Обама их дурамжхан ийнхүү хариулж байсан удаатай: "What I'm thinking in my head is, 'Well, the truth is, Brian, we can't solve global warming because I f***ing changed lightbulbs in my house. It's because of something collective." “Би дотроо юу гэж бодож байна вэ гэвэл Брайн, үнэнийг хэлэхэд дэлхийн дулаарлыг би өөрийнхөө гэрийн гэрлийн чийдэнг f***ing сольсноор шийдэж чадахгүй. Энэ асуудал бол олон нийтээрээ шийдэх зүйл.”

ТИЙМ ЭЭ, ТИЙМ! Таны үйлдэл дангаараа дэлхийг өөрчилж чадахгүй. Бидний амьдралд тулгардаг ихэнх асуудал олон нийтийнх. Авилгал, ус, агаарын бохирдол, эдийн засгийн тогтворгүй байдал, ажилгүйдэл, инфляци, эрэгтэй эмэгтэй хүний хүйсийн тэнцвэргүй байдал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт, баян хоосны ялгаа… Бүгд олон нийтийн асуудал.  Гэхдээ ер нь ингээд цааш нь яриад байвал амьдралын ширхэг асуудал бүр олон нийтийн асуудал болж хувирах биш үү? Өнөөдөр таны ажилгүй байгаа нь төр засаг ажилгүйдлийг бууруулах арга хэмжээ хангалттай авахгүй байгаагаас, та хүссэн зүйлээ худалдаж авах чадваргүй байгаа нь ажилладаг компани эсвэл төр засаг цалингийн асуудлыг шийдэхгүй байгаагаас, таны гар утас амархан эвдрээд байгаа нь ч гар утасны компаний буруу болно шүү дээ.

Бид нийгмээрээ эдгээр асуудлыг шийдэгдээсэй гэж хүснэ. Харин нэг зүйлийг ойлгох хэрэгтэй бол тэр нь нийгэм хүнээс бүтдэг гэдэг ойлголт юм. Асуудал анхнаасаа үүсэх болсон шалтгаан нь хүн бүр шийдэгдээсэй гэж хүсдэг асуудлаа шийдэх гэж бус харин асуудлын нэг хэсэг болохыг хүлээн зөвшөөрдөгт байгаа юм. Багадаа "Би том болоод хэзээ ч энэ дэлгүүрийн эгч шиг орж ирсэн хүмүүстэй муухай харьцахгүй дээ" гэж бодсон хүмүүс л том болоод өөрсдөө ууртай дэлгүүрийн эгч болоод хувирчихсан байдаг юм шиг. Асуудалд том, жижгийн ялгаа гэж үгүй. Улсын томоохон эрхмүүдийг авилгалын асуудлыг зогсоох ёстой гэж үзэж байвал та ч өөрөө өөрийн эргэн тойронд байгаа бага хэмжээний авилгалын эсрэг тэмцэх учиртай. Гарч байгаа үр дүн нь хэдэн хүнийг хохироож байгаагаас үл хамааран гарсан үйлдэлдээ өөрөө хариуцлага хүлээх ёстой. Ер нь хэдэн хүнийг хохироож, хэр их авилгал авсан бэ гэдгээс хүний ёс зүйг үнэлнэ гэдэг өөрөө байж болшгүй асуудал. Жишээ нь Нью Йоркийн метроны зогсоол дээр 1000 гаруй хүний амь насанд хүрэх тэсрэх бөмбөг дэлбэлэх үйл ажиллагаа амжилттай болсон бол уг бөмбөг дэлбэлэгч шоронд хоригдож, харин амжилтгүй болсон бол уг хэрэгтэн ГЭМГҮЙ гээд эрх чөлөөтэй байх ёстой юу?  Хэдэн хүн хөнөөснөөс үл хамааран гаргасан үйлдэл нь өөрөө хор хөнөөлтэй учир уг гэмт хэрэгтэн шоронд л байх ёстой.

Ямар нэг ёс зүйн буруу үйлдэл томорсон хойноо л асуудал үүсгэдэг хэрэг биш. Буруу үйлдлүүдийг бага байхад нь эсэргүүцээгүйн улмаас томрох боломжийг нийгэм өөрөө олгож байна. Энэ боломжийг олгож байгаа хүмүүс бид өөрсдөө эхлээд өөрчлөгдөх хэрэгтэй.

Магадгүй энэ нь хүний амьдралд тулгарах хамгийн том даваа ч байж мэднэ. Би эрчим хүч их хэрэглэх нь байгальд сөрөг нөлөөтэйг мэддэг учраас цахилгаан шат хэрэглэх нь сэтгэлийг минь тавгүйтүүлдэг. Гэвч өдөржин ядарчихаад цахилгаан шат байгааг мэдсээр байж шатаар өгсөх надад мөн өөрийгөө албан хүчээр тарчлаагаад байгаа мэт санагдана. Уух дуртай цай нь дахин боловсруулагдахгүй цаасанд ороогдчихсон байхад дахин боловсруулагдах боломжтой цаастай байсны төлөө өөр цай худалдаж авах дургүйг минь хүргэдэг. Үнэнийг хэлэхэд эдгээр сонголтууд бүгд толгойны өвчин бөгөөд нэгэнт мэддэг болсон зүйлээсээ нүүр буруулах үнэхээр хэцүү учир аль ч сонголтыг сонгосон би сэтгэл хангалуун биш байна. Ядраад цахилгаан шатанд суусан ч надад онцгүй, өөрийгөө бүр ядраагаад шатаар өгссөн ч сайхан биш. Эцсийн эцэст юуны төлөө ингэж өөрийгөө зовоогоод байгаа юм гэж өөрөөсөө асууж байсан удаа надад бас цөөнгүй. Уншигч танд ч мөн миний энэ үйлдлүүд эргэлзээгүй сонин санагдаж байгаа биз. Би гайхахгүй ээ, энэ бол амьдралд тулгардаг хамгийн энгийн хэрнээ хамгийн төвөгтэй, туйлширсан жишээ байгаа биз? Миний энэ үйлдэл мэдээж дэлхийг аврахгүй. Гэхдээ л би шийдэгдээсэй гэж хүсдэг зүйлдээ хөрөнгө оруулалт хийхгүй, өөрөөр хэлбэл уг асуудал нийгэмд байнга оршин байх үндсийн нэг хэсэг байхыг би хүсэхгүй.

Би мэднэ ээ. Ганцхан хүний үйлдэл дэлхийг өөрчлөхгүй гэдгийг. Гэхдээ үйлдэл зүгээр ч нэг үйлдэл болоод дуусдаггүй юм. Хэрвээ нэг хүн өөрчлөлтийг огт авч ирэх боломжгүй байсан бол бид өнөөдөр Махатма Ганди, Мартин Лутер Кингийн талаар сонсох учиргүй. Үүний оронд бид үргэлж улс үндэстний төр, засгийн газар эсвэл компаниудын тухай сонсох ёстой. Гэхдээ бодит амьдрал дээр тийм биш. Өөрийн амьдардаг нийгмийг дараагийн түвшинд аваачсан эдгээр эрхмүүд “Төрийн төлөө оготно боож үхнэ” гэдэг сэтгэхүйтэй байсан бол эрх чөлөөний төлөөх хөдөлгөөн, хар болон цагаан арьст хүмүүсийн тэгш эрхийн тухай асуудал яригдахгүй байсан. Хэрвээ энэ нийгмийг өөрчлөхөд 100 ширхэг домино унаж байж амжилтанд хүрэх бол тэр 100 домино хамгийн эхний доминог унах хүртэл хэзээ ч унахгүй. Өөрчлөлтийг хэн нэгэн эхлэх ёстой. Харин эхлэхэд бусад доминонууд байх ёстой байрандаа байх хэрэгтэй. Би ганцаараа байгаль хамгаалж чадах уу? Товч хариулт нь -Уучлаарай, би чадахгүй. Гэхдээ миний дотроо бодож явдаг жинхэнэ үнэн гэвэл би ядаж оролдоод үзэхгүй бол чадахгүй байх магадлал 100% байх нь баттай гэдгийг л мэдэж байна. Мэдээж хэрэг би ганцаараа яагаад ч чадахгүй. Гэвч би бас хэдэн хүнд нөлөөлж чадахаа хэлж мэдэхгүй юм шүү дээ. Бидний дунд ер нь өөрсдийгөө хэдэн хүний бодлыг үйлдлээрээ харуулж өөрчилж чадна гэдгээ анхнаасаа мэддэг хүн байхгүй. Ер нь хүрэх үр дүнгээ мэдчихээд амжилттай ажил эхлүүлдэг хүн байдаг юм уу? Ганди ч тэр Доктор Кинг ч тэр мэдэж байсан гэдэг нь тун эргэлзээтэй. Би өөрийгөө Ганди шиг их үйлийг эхлүүлж байна гэж хэлэх гэсэнгүй. Харин үүний оронд шийдэгдээсэй гэж үнэхээр хүсч байгаа асуудал дээрээ хувь хүнийхээ хувьд чадах бүхнээ хийхийг өөртөө болон уншигч нартаа сануулах гэсэн юм. Би эхний домино биш байж болно. Гэхдээ хэзээ нэгэн цагт хаа нэгтээ домино нурах дээрээ тулвал би байх ёстой газраа зогсож дараагийн доминог нураах болно.

Бид хүсвэл соруулаар ч тэмээний нурууг ч хугалж болно. Мянга мянга, магадгүй сая сая соруул хэрэгтэй болж мэднэ. Мянга мянган соруулыг тэмээний нуруун дээр тавьсаар тавсаар... тавьсаар.... эцэст нь нэг соруул нэмж тавих тэр секундэд уг тэмээний нуруу баттай хугарах болно. Сүүлчийн соруул нурууг нь хугалсан хэрэг биш. Эхнийх нь ч хугалсан хэрэг биш. Учир нь аль нэг нь байхгүйгээр уг ажиллагаа бүтэлгүйтэх байсан. Өөрөөр хэлбэл амжилттай байхын тулд бүх соруул өөрсдийн байх ёстой газар байх хэрэгтэй. Асуудал шийдэгдэх гол түлхүүр нь соруул тус бүр тэмээний нуруун дээр гарах сонголтыг хийхээс л шалтгаалж байгаа юм. Үүнийг маш энгийнээр тодорхойлсон Гандигийн хэлсэн алдартай үг бий: “Be the change you wish to see in the world.” “Та өөрөө дэлхий дээр хармаар байгаа өөрчлөлт нь бай.”

АНУ-ын хүн амын дээд 1% нь доод 90%-ийн эзэмшдэг нийт хөрөнгөөс илүү их хэмжээний хөрөнгийг эзэмшдэг. Энэ нь АНУ-ын баялгийн хуваарилалт хэр тэгш бус байгааг харуулдаг. Аавын минь иш татаж хэлсэн "Олонх нь цөөнхөө баян болоход үйлчилдэг учраас л цөөнх нь баяждаг юм аа" гэх үгийн биеллээ олсон сонгодог хувилбар энэ байна. Нийгмийн дунд ангид байгаа хэрнээ топ 1%-д байгаа хүмүүсийг улам баяжихыг нь дэмждэг учраас л дунд анги нь улам жижгэрч, ядуурал улам ихэснэ. Өөрөөр хэлбэл асуудал зөвхөн төр засагт байгаа хэрэг биш. Сонголт бидний гарт бий. 

2018 оны 5-р сарын 22-ны өдөр Тейлор Свифт Сиатл хотноо ирж тоглолтоо хийх болно. Энэ хүний уран бүтээлийг би сонсоод яг 10 жил болсон байна. Багаасаа хэзээ нэг өдөр уулзаж үзэх юмсан гэж хүсч байсан хүмүүсийн маань нэг юм. Гэхдээ миний хийсэн сонголт танд одоо ойлгомжтой болсон байх аа гэж бодож байна. Би уг тоглолтонд хөрөнгө оруулж чадахгүй. Харамсалтай байна гэж үү? Үнэндээ энэ нь тийм ч харамсмаар зүйл огт биш. Харин илүү их харамсалтай байх ёстой зүйл бол үнэ цэнээ уландаа гишгээд тэр тоглолт руу зүглэх байх. Дахиад нэг бодоод үз. Таны үнэ цэнэ нэг тоглолтын л дайны үнэтэй гэж үү? Тийм "үнэгүй" амьдралаар амьдрах гэж үү?

Бид юуны төлөө амьдарч байна вэ?

Оюун ухаантай гэдгээрээ хүн бахархдаг юм бол тэр оюун хаана илрэх ёстой вэ?

Та бодож байгаагаасаа илүү их эрх мэдэлтэй. Домино эхнээсээ нурж байна. Харин таны зогсох цэг хаана байх вэ?

#19 | Үхэлд Тавтай Морил

#19 | Үхэлд Тавтай Морил

#17 | Амьд барилга

#17 | Амьд барилга