Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#3 - Нэг Бүхэл Аравны Зургаа

#3 - Нэг Бүхэл Аравны Зургаа

Өнөөдрийн факт: Бид 1.6 дэлхийг хэрэглэж байна. 

Од эрхэс дунд бидэнд Дэлхий гэгч гариг цор ганц бий. Та өөрийгөө харин хэдэн дэлхий дээр амьдарч байна гэж боддог вэ? Нэг үү, хоёр уу, бүр эсвэл хязгааргүй юм уу? 

Дэлхийн хүн ам нэгэнт 7.4 тэрбумд хүрч, бид нэг ширхэг дэлхийтэй хэрнээ 1.6 дэлхийн хэмжээний нөөцийг эх дэлхийгээсээ ухаж авч байна. Эх дэлхий харин өөрөө өөрийгөө энэ хурдаар нөхөн төлжүүлж амжихгүй. Уул шугамандаа бид НЭГ л дэлхийг хэрэглэж, тайрсан модод маань буцан ургаж, агнасан амьтад маань эргээд тэнцвэртэй тоо толгойндоо очих ёстой. Нүүдэлчин соёлтой Монгол ард түмэн минь үүнийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх учиртай. Нүүдэл суудал хийж, бууриа сэлгэдгийн учир юусан билээ? Юуны учир өвс ногоог дахин ургахгүй болтол нэг газраа суурин амьдардаггүй билээ? 

Монголчуудын нүүдэлчин соёлыг байгаль дэлхийдээ ээлтэй гэж нэрлэдэг нь цаанаа учиртай. Гэхдээ та монгол хүн байлаа гээд байгальдаа "автоматаар" ээлтэй болчихгүй. Хөдөө орон нутаг хотжихын хэрээр, тог цахилгааныхаа эх үүсвэрийг нүүрснээс авахын хэрээр, өөрт чинь iPhone 7 байсаар атал iPhone X авах гэсэн "шунал"-ын тань хэрээр бид амьдралын цор ганц эх үүсвэр болсон дэлхийгээ идэж дуусах дээрээ тулаад байна. 


Энэ удаа би танаас гар утсыг юугаар хийдэг вэ гэсэн энгийн нэг л асуултыг асууя.

Бодоод үз. Тэр ганцхан утсыг хийхэд хэр их эрчим хүч, материал, химийн бодис шаардагдсан бол? Эрчим хүчийг бид хаанаас гаргаж авдаг вэ? Дэлхийгээс. Бүтээгдэхүүний түүхий эдийг хаанаас авдаг вэ? Бас л дэлхийгээс. Тэгвэл химийн бодисууд нь эргээд хаашаа урсдаг вэ? Мөн л таны дэлхий рүү. Би Apple компанийг буруутгах гэсэнгүй, энэ бол дэлхий дээрх тоолж баршгүй олон бүтээгдэхүүний зөвхөн нэг л жишээ юм. Бид эх дэлхийгээ амьд амьдралыг тэтгэдэг цор ганц эх үүсвэр гэдгийг мартаж, харин түүнийг богино хугацааны хэрэглээний түүхий эд бэлтгэдэг газар шиг санаад байх шиг байна. 

Дэлхий нийтээр хийгдсэн гар утасны судалгаагаар гар утсаа 4 болон түүнээс дээш жил хэрэглээд сольдог хүн ердөө 7% байдаг. Үлдсэн 93% нь шинээр утас авснаасаа хойш 4 жилийн дотор дахиад л шинэ гар утас худалдаж авдаг гэсэн үг юм. Хэрэглэх аргагүй болсон утастайгаа насыг бар гэж би хэлэх гэсэнгүй. Дэлхийг урт удаан оршин тогтнуулъя гэж байгаа бол эвдэрсэн утсыг харин засаж янзлуулаад ав, элдэв "мода" дагах их маягаасаа болж зүгээр ажиллаж байгаа утсыг "мода"-наас гарчихлаа гээд шинэ утас гэж янцаглах хэрэггүй.

Бизнесүүд бол "ашгийн төлөө байгууллага." Тэд ажлаа л хийж байна. Харин хэрэглэгч та "хэрэглэгч" учраас өөрт байгаа эрх мэдлээ анзаарагтун. Бизнес эрхлэгчид хэрэглэгчдийн хүсэл шаардлагад л нийцүүлж бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлдэг юм. Хүмүүс худалдаж аваад байгаа учраас жил бүр 230 сая iPhone ухаалаг гар утасны зах зээл дээр худалдаалагдсаар байна. Тэр эрэлтийг хүн бүр гар утасныхаа "нас"-ыг ердөө хоёрхон жилээр уртасгаснаар хоёр дахин багасгах боломж бид нарт байна. 

Таны хэрэглээ мэдээж үүгээр хязгаарлагдахгүй. Танд өөрт чинь одоо байгаа зүйлс ердөө хангалтгүй санагдсаны төлөө эх дэлхийгээ цөлмөх шийдвэрийг гаргаж байгаа нэгэн бол та. Та шатахуун их хэрэглэдгийг нь мэдсээр байж олны дунд "нэр хүндтэй" гэж үнэтэй машин авч унадаг. Та ердөө гуравдугаар давхар луу гарахын тулд ганцаараа цахилгаан шатанд суугаад явдаг. Дэлгүүрт орох бүртээ байгальд шингэдэггүйг нь мэдсээр байж гялгар уут хэд хэдээр нь авдаг. Автобусанд "алалцна" гээд таксинд сууж явдгийг чинь би мэднэ.

Такси, автобус хоёрыг ижил хэмжээний шатахуун хэрэглэдэг гээд төсөөлье. Автобус маш олон хүнийг зөөж яваа тул хүн тус бүрт ногдох шатахууны хэмжээ яг үнэндээ асар бага. Эсрэгээрээ тэр олон хүн тус тусдаа машин авч унаад яваг гэж төсөөлье л дөө. Ямар их шатахуун зарцуулагдахыг, тэр шатахууныг тань хангахын тулд хэр их "газар ухах" шаардлагатайг, мөн цаашлаад агаарт цацагдах тэр их бохирдлыг бодоод ч хэрэггүй. Хэрэглэгч та өөрөө тийм сонголт хийчихээд Чингисийн талбай дээр "Агаарын бохирдлын эсрэг" гэсэн бичиг бариад зогсохдоо үнэндээ юуны төлөө тэмцэж байгаагаа ухаарсан гэж үү?

Хүнд нэг л амьдрал заяадаг. Мөн та бидэнд нэг л дэлхий заяажээ. Энэ амьдралын хэв маягаа үргэлжлүүлсээр байвал харин та өөрөө өөрийгөө өнөөдрийн ийм бохирдолтой нийгэмд амьдарч байгаадаа баярлах хэрэгтэй болох байх. Учир нь таны хойч үе тань таны хийсэн сохор сонголтоос тань болж бүр дэлхийгүй хоцрох вий. Харин тэр үед та тэнгэр дээрээс гэмшээд юуг өөрчлөх билээ?

#4 - Цагаан хоолтон болох нь дэлхийн дулаарлаас аварна гэж үнэн үү? Тэгвэл монголчуудыг хэн аврах вэ?

#4 - Цагаан хоолтон болох нь дэлхийн дулаарлаас аварна гэж үнэн үү? Тэгвэл монголчуудыг хэн аврах вэ?

#1 | Аав юу захив?

#1 | Аав юу захив?