Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#7 | Покохантастай хийсэн уулзалтаас...

#7 | Покохантастай хийсэн уулзалтаас...

Ахлах сургуульд Америкийн түүхийн хичээл үзэж байхад "Индианчууд" буюу "Уугуул иргэд" гэх үгийг би нэг ч сонсож байгаагүй. Жеорж Вашингтон, Жон Адамс, Томас Жефферсоны эрин үеэс эхлээд 21-р зууныг хүртэлх түүхэнд уугуул иргэд гэж нэг ширхэг ч дурьдагдсангүй. Кристофер Колумбын аялалын тухай түүх, Уолт Диснейн Покохантасын тухай мушгин гуйвуулсан хүүхэлдэйн киноноос өөр бид уугуул иргэдийн талаар ойлголтгүй ажээ.  Орчин үеийн Америкийн мэдээ мэдээллийн хэрэгслүүдээр уугуул иргэдийн талаар яригддаггүй нь энэ ард түмэн мөхсөн мэт сэтгэгдэл төрүүлнэ...


ТЭД АМЬД! 

БИ ТЭДЭНТЭЙ БИЕЧЛЭН УУЛЗСАН.

Блогийн фото зурагчин Б. Хангай   Follow on Instagram: @hann.bold.cr2

Блогийн фото зурагчин Б. Хангай

Follow on Instagram: @hann.bold.cr2

Уугуул ургамал гэж бий. Тэр нутагт л ургадаг, аль хэдийнэ байгалиасаа хөрсөндөө дасан зохицсон ургамал учир тэндээ ургасаар л байна. Хүн ирж бүхнийг бусниулах хүртэл шүү дээ.  "Гадны" ургамал хүний гараар, хайраар тэр хөрсөнд ургаж илүү тэмцэгч байж чадах аваас уугуул ургамал мөхөхөд хүрдэг. 

Уугуул хүмүүс гэж бий. Тэр нутагт л амьдардаг, аль хэдийнэ байгальтайгаа харилцан зохицож, түүн дээрээ тулгуурлан өөрсдийн соёлыг бүтээсэн хүмүүс учир тэндээ амьдарсаар л байна. Гадны соёл ирж бүхнийг бусниулах хүртэл шүү дээ. 

Индианчууд амьд мэнд байгаа. АНУ-ын газар нутаг дээр, тодруулбал ИНДИАНЧУУДЫН нутаг дэвсгэр дээр өнөөдөр 567 омог албан ёсоор "өөртөө засах эрхтэй улс" (sovereign nation) тодотголтойгоор оршин тогтнож байна. 

АНУ-ын нэг гол бүрэлдэхүүн бол яахын аргагүй уугуул иргэдийн өөртөө засах орнууд байдаг. Өнөөдөр АНУ Америкийн НЭГДСЭН Улс гэж нэрлэгддэг нь ийм учиртай. Дэлхий нийтээрээ үлгэж жишээ болгож, хөгжлийн замналыг нь ёс юм шиг дагадаг, Америкийн мөрөөдлийг хүн бүрт амладаг энэ улс зүгээр ч нэг амар жимэр замаар нийгэмд сайн сайхныг хийж өдийг хүрээгүй ээ. Тиймдээ ч булаан эзлэгчид түүхийн номондоо өөрсдийн бусармаг явдлын талаар юу ч бичээгүй хэрэг.

Өнгөрсөн зун би Вашингтон дахь Tulalip Treaty Right Office дээр Индианчуудтай уулзалт хийсэн юм. Энэ оффис бол 1855 онд АНУ-ын засгийн газар болон Тулейлип нэр дор харъяалагдах цөөнгүй хэдэн омгуудын хооронд байгуулагдсан Пойнт Эллиотын Энхийн Гэрээний дараа байгуулагдсан, уг хэлэлцээрт заагдсан эрхийг хамгаалах газар билээ.

Тэнд янз бүрийн хүмүүс байснаас нэг том биетэй, ахимаг насны эрэгтэйн хэлсэн үг нүүр лүү цохиод авах шиг болов. Түүний хэлсэн үгийг би 100% үг бүрчлэн мэдээж санаж чадахгүй учир өөрийн ой санамжинд хадгалагдсан үгсээ бичье. Тэрээр "Барууныхан (Европ, тэр дундаа булаан эзлэгчдийг хэлж байна) нэг зүйлийг ашиг тустай гээд мэдчихвэл тэр зүйлийг үндэсгүй болтол нь тастаж аваад явдаг. Тийм учраас бид мэдлэгээ хэнтэй ч хуваалцдаггүй" гэв. Тэгээд нэгэн эмийн ургамлын талаар ярив. Нэг хэцүү өвчинг анагаадаг эмийн ургамал. Гэхдээ би сүүлд эргээд бодоход тэр хүн хэзээ ч уг ургамлын нэрийг надад хэлээгүй байж таарсан. Нэгдүгээрт би аль ч омгийн гишүүн биш, хоёрдугаарт би тэдний итгэлийг олж авах хэмжээний танил биш. Надад хэлэх аваас би ч мөн тэр ургамлыг мөхөлд аваачтал нь түүж болно, эсвэл аваачиж хаа нэгтээ тариад өөр нэг ургамлын ургадаг газрыг гадны ургамлаар дүүргэх эрсдэлтэй. Тэд өөрсдийн болон өрөөлийн ургамлыг хамгаалж буй хэрэг энэ юм. Энэ ургамлын талаар бүх индианчууд ч мэдэхгүй. Тэдний дунд итгэл даах маш цөөхөн хүнийг "мэдлэг хадгалагч" (knowledge keeper) болгон сонгож аваад багаас нь бэлддэг. Чухал мэдээлэл цөөн, итгэл даах хүмүүст байснаар ирээдүйд учирч болох эрсдлээс өөрсдийгөө хамгаалж чадна гэж тэд үздэг аж. Бодоод байхад хүн байдгийг нь мэддэггүй зүйлдээ яаж шунаж чадах билээ?

Индианчууд хүн төрөлхтнийг байгалийн амьтан гэж үздэг. Нэг модноос жимс авлаа гэж бодоход тэд хэзээ ч өнөөдөр хэрэгтэйгээсээ илүүг авдаггүй байна. Миний уулзсан хүмүүсийн хэлснээр нэг газраас жимс жимсгэнэ түүвэрлэх шаардлагатай бол дараагийн хүн ирэхэд урьд нь хэн нэгэн тэнд огт байгаагүй мэт анзаарагдахгүй хэмжээгээр авах ёстой гэсэн юм. "Зарим үед хэрэгтэй байгаагаасаа дутууг авна, яагаад гэвэл тэгэж байж дараа жил нь жимстэй байна". Мөн тэгэж байж бусад бүх хүмүүс жимстэй байна. Тэдний сэтгэлд тэд бол байгалийн нэг хэсэг болохоос биш байгалийн дээрх хаад биш. Байгаль бол амьд бүхний эх үүсвэр болохоос биш хүний хэрэгцээг хангадаг түүхий эдийн эх үүсвэр биш ажээ.

Миний уулзсан индианчууд дотор 14 настай жаахан хүү хүртэл байсан. Дараа нь багшаасаа асуух нь ээ тэр хүү том болоод "мэдлэг хадгалагч" болохдоо  бэлтгэгдэж байгаа юм гэсэн. Мөн түүн дээр дээд тэнгэрээс "нэг шидэт юм" бууж ирээд хүү дээрээс ирсэн захиасыг дамжуулна. Ингэхийн тулд хүү бас сонин жигтэй хувцас өмсөх хэрэгтэй болдог гэж тайлбарласан нь надад бөөгийн шашинг санагдуулсан юм.

Уг уулзалтыг дуусахад би анх удаа л өөрөөсөө "Ер нь хүн юуны төлөө амьдардаг юм бэ?", "Эдийн засаг, техник технологийн хөгжил хүн төрөлхтөнд тийм чухал гэж үү?" гэсэн асуултуудыг асуусаар гарч ирсэн юм. Хариултыг нь би хайсаар байгаа. Нэг өдөр Карук омгийн талаар судалгаа уншиж байсан юм. Уламжлалт нутагладаг байсан газраас нь АНУ-ын засгийн газар хүчээр шилжин суурьшуулах болсны улмаас уламжлалт хүнсээ идэхээ байж, түүнийгээ дагаад уламжлалт зан үйлсээ үйлдэх боломжгүй болсон. Индианчуудын ажилгүйдлийн түвшин дунджаар 50% байна гэв. Тэгвэл яаж аж төрөөд байгаа хэрэг вэ? Бидний "ажил" гэж нэрлэдэг зүйлс тэдний "ажил"-аас өөр хэрэг. Одоог хүртэл олзворлох, түүвэрлэх аж ахуй эрхэлж, байгалиа хамгаалахын тулд цөөхөн хэдэн мэдлэг хадгалагчтай байдаг, орой үдэш задгай гал тойрч суугаад хайртай авга ах, эгч нар нь хэрхэн нас бараад бүргэд эсвэл чоно болсон учраас тэдгээр амьтдыг хайрлах ёстой тухай сургааль айлддаг энэ соёл ямар гайхалтай юм бэ!

Миний болон миний багшийн харж байгаагаар өнөөгийн нийгэмд ийм соёл байсаар байгаа нь туйлын гайхалтай хэрэг. Монголын нүүдэлчин соёл ч мөн ялгаагүй.

Би хүн төрөлхтөнд энэ дэлхий дээр удаан оршин тогтнохоос илүү эдийн засаг, техник технологийн хөгжил чухал эсэхэд хариулт олж чадаагүй л дээ. Гэхдээ индианчууд болон монгол малчид шиг хүмүүсээр дамжуулаад харин байгаль хамгаалах боломжтой гэдэг санааг дэмжиж байна. Та бодоод үз дээ. Бид хүний эрхийг хамгаалах ёстой. Мөн индианчууд болон монгол соёл хоёулаа байгалиа хамгаалах, байгальтайгаа эв найртай зэрэгцэн орших үндсэн шинж чанартай. Харин эдгээр хүмүүсийн эрх ашгийг хамгаалах нь соёлыг нь хамгаалаад зогсохгүй, байгаль мөн цаана нь давхар хамгаалагдаад явах боломжтой  болж байна. Тэгэхээр эдгээр соёлуудыг дэмжсэнээр байгаль хамгаалах боломж нээгдэж байгаа юм. Ингэхийн тулд хамгийн түрүүнд тэдний газар нутаг болон өдөр тутмынх нь амьдралд саад бэрхшээл нэмж учруулахгүй байхад оршино. Өвөг дээдэс, ёс заншил, газар нутгийг нь хүндэтгэе. Энэ нь таны байгальд оруулах хувь нэмэр болно.

Та энэ асуудал дээр нэмж хэлэх санаа, санал болгох унших ном сэтгүүл, эсэргүүцэж хэлэх зүйлс байвал энэ хуудасны дор байрлах цэнхэр хайрцагт имейлээр саналаа ирүүлээрэй.

chief seattle.jpg

Нэг сонирхолтой мэдээ хэлэх үү? Уншигч та намайг Вашингтон мужийн Сиатл хотод амьдардгийг мэдэх байх. Сиатл гэж үнэндээ Вашингтон мужид байдаг Suquamish болон Duwamish гэх Индиан омгуудын ахлагчийн нэр байсан юм. 

Бүр илүү сонирхолтой мэдээ хэлэх үү? Ахлагч Сиатл гэж хүн тэр Пойнт Эллиотын энхийн гэрээнд гарын үсэг зурсан хоёр хүний нэг байсан байна билээ.

#8 | Бүрхүүл минь дэндүү хэврэг | 2018 оны зорилго

#8 | Бүрхүүл минь дэндүү хэврэг | 2018 оны зорилго

#6 | МИНИЙ АЛИМ

#6 | МИНИЙ АЛИМ