Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#4 - Цагаан хоолтон болох нь дэлхийн дулаарлаас аварна гэж үнэн үү? Тэгвэл монголчуудыг хэн аврах вэ?

#4 - Цагаан хоолтон болох нь дэлхийн дулаарлаас аварна гэж үнэн үү? Тэгвэл монголчуудыг хэн аврах вэ?

2017.11.12

Энд тэндгүй цагаан хоолтон болох нь дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд чухал нөлөөтэй гэх нийтлэлүүд гарах болжээ. Фейсбүүк дээр ч энд тэндэхийн хүмүүсийн нийтлэсэн постууд дундаас мөн ижил утгатай тайлбар хийсэн нэг зургийг саяхан олж үзсэн юм. Нийтэлсэн хүн нь монгол хүн байсан. Ингээд би өөрөөсөө анх удаагаа "Дэлхий нийтээрээ цагаан хоолтон болвол дэлхийн дулаарлыг сааруулдаг юм байж, тэр ч дүүрч. Харин монголчууд бүх нийтээрээ цагаан хоолтон болчихвол... яах билээ?" гэсэн асуултыг асууж билээ. Дэлхийн дулаарлыг сааруулахад хүн бүр мэдээж нэгдэх ёстой. Харин бид цагаан хоолтон болвол энэ аянд эерэг үр дагаврыг авчрах болов уу? Бид энэ аянд нэгдэх ёстой гэж үү?

Блогийн зурагчин: Д. Дэлгэрзаяа

Блогийн зурагчин: Д. Дэлгэрзаяа

 

Эхлээд цагаан хоолтон яаж дэлхийн дулаарлыг сааруулах тухай ярилцъя. Цагаан хоолтон гэж хүн бол зөвхөн мах иддэггүй хүнийг хэлэхгүй. Энэ хүн бол мах, дээрээс нь амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байх ёстой. Өндөг идэхгүй, мөн сүү, цагаан идээ ч хэрэглэхгүй гэсэн үг. Олон улсын эрдэмтдийн цагаан хоолтнуудыг дэмжих болсон шалтгаан нь мах боловсруулах, түгээх, хадгалах зэрэгт асар их эрчим хүч шаардагддаг, дээрээс нь тэр эрчим хүчийг үл сэргээгдэх эрчим хүчний нөөцөөс гаргаж авдагт байна. Үл сэргээгдэх эрчим хүч гэхээр монголчуудын хувьд нүүрс, бензин шатахуунаа гэж шууд ойлгож болно. Эдгээрийг шатаах нь хүлэмжийн хийг их хэмжээгээр ялгаруулж, атмосфер дэх нийт хүлэмжийн хийг ихэсгэснээр дэлхийн дулаарал гэгч зүйлд нэмэр болоод байгаа хэрэг. 

Бусад орнууд "мах"-аа яаж үржүүлдгийг та гадарлах байх. Ой модоо тайрч хаяад оронд нь мал үржүүлгийн газраа бэлтгэдэг. Амазонд үгүй хийсэн ойн 80% нь мал үржүүлэх тал газар болсон тухай мэдээ бий. Ой мод нь уг нь байж байвал хүлэмжийн хийнүүдийн нэг болох нүүрсхүчлийн хийг өөртөө шингээж аваад дэлхийн дулаарлыг саармагжуулах үүрэг гүйцэтгэдэг юм. Тэгэхээр "мах" үржүүлэх нь зөвхөн их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулахын дээр мөн дэлхийн дулааралтай тэмцэгч гол эд ангийг нь бас үгүй хийдэг байх нь. 

Үүний дээр мөн "амьд мах"-нууд чинь өөрсдөө шууд "мах" болчихгүй шүү дээ. Тэдэнд тогтмол хоол тэжээл хэрэгтэй. Харин тэжээлийг нь хүмүүс өөр нэг газар ургуулж байх шаардлагатай болдог байна. Тэгэхийн тулд фермерчид илүү их модтой газруудыг зөвхөн "амьд мах"-нуудын идэх хүнсийг бэлтгэхийн тулд тайрч хаях болж байгаа юм.

Хэрвээ хүмүүс тэр фермерчдийн тарьсан тариаг малд өгөлгүйгээр өөрсдөө идчихсэн бол өлсгөлөн гэгч зүйл байхгүй болчих байсан ч юм бил үү? 

Дээрх бүх аргументууд таныг цагаан хоолтон болох хэрэгтэй юм байна гэсэн бодол төрүүлж байвал сайн хэрэг. Гэхдээ монголчууд цагаан хоолтон болвол үнэхээр юу болох вэ? Би энэ асуудлыг арай өөр өнцгөөс хармаар байна. Харин та үргэлжлүүлээд уншаад байгаарай.

Нүүрс, бензины тухай асуудал дээр надад хэлээд байх зүйл алга. Монгол орны хувьд мах идэхээ больдоггүй юм аа гэхэд нүүрснээс 100% татгалзах хэрэгтэй байгаа юм. 

"Байгальд ээлтэй" байх гэдэг санааны цаана "Тогтвортой хөгжил" гэдэг үг байнга хамт явж байдаг. Учир нь байгальдаа ээлтэй байснаар хүн төрөлхтөн дэлхий дээр илүү удаан оршин тогтнож, тасралтгүй үргэлжилж, тогтвортойгоор хөгжих боломж нээгдэх юм. Эсрэг өгүүлбэр нь ч мөн үнэн. Бид тогтвортойгоор хөгжихийн тулд байгальдаа ээлтэй байх ёстой юм. Харин байгаль гэж хэн бэ? Байгаль бол "гадаа" байдаг зүйл биш, харин "хүн та өөрөө" гэдэг санааг тайлбарлаж би бүтэн блог нийтлэл бичсэнийг та санаарай (блог нийтлэл #2). Эрүүл хүнгүйгээр хэн тогтвортой хөгжиж чадах билээ? Эрүүл хүнгүй нийгэмд "тогтвортой" гэх үг таарахгүй. 

Иймд тогтвортой хөгжихийн тулд хүн өөрөө эрүүл байх учиртай. Цагаан хоолтон хүмүүсийг мах, өндөг, цагаан идээнээс авч чадаагүй хэрэгцээгээ нэмэлт тэжээлээр нөх гэж эмч нар зөвлөдөг. Эс бөгөөс шаардлагатай амин дэмээ авч чадахгүйд хүрч, улмаар эрүүл бус хүн болох юм. Монголчууд ялангуяа бие организм нь хэдэн мянган жилийн туршид хэрэглэж ирсэн уламжлалт хоолны дэглэмдээ дассан байх учиртай. Биологийн нэг жишээ хэл гэвэл Амазоны нэг гүрвэлийг Монголын говийн гүрвэлийн иддэг ургамлаар хооллоод үз. Хэр эрүүл өсч торних бол, таны бодлыг сонсъё?

Тэгэхээр монголчуудыг цагаан хоолтон боллоо гэж бодъё. Монгол ард түмэн юу идэж амьдрах болж байна? Хүнсний ногоо. Хаана ургуулах вэ? Ер нь хөрсөнд нь ургах уу? Монгол эрс тэрс уур амьсгалтай. Анхнаасаа өвөг дээдэс маань газар тариалан биш, нүүдлийн аж ажуй эрхлэх болсон шалтгаануудын нэг ердөө л энэ. Хөрс, цаг уурын байдал нь зүгээр л газар тариалангаар дагнахад тохиромжгүй юм. Харин хээр талд бидний идэж болохгүй бас чадахгүй "өвс" гээч тааваараа ургадаг ургамлыг мал аж ахуй бидэнд "хоол" болгон хувиргаж өгдөг. Энэ л бидний тогтвортой амьдрах ухаан юм. Бид олон улсын судлаачдын хэлээд байгаа шиг малаа тэжээхийн тулд хаа нэг газар нэмэлт тариа тарьдаггүй. Бид тэдний хэлээд байгаа шиг ой модоо тайрч хаяж мал үржүүлдэггүй. Монголын мал аж ахуй бусад мал үржүүлдэг орнуудын "цэвэр бизнес"-ээс тэс ондоо зүйл. Энэ бол бидний тогтвортой аж төрөх соёл юм. Нэгэнт бид өөрсдөө өвс идэж чадахгүй, дээрээс нь хөрс нь тариалан эрхлэхэд тохиромжгүй юм бол дээр нь мал бэлчээж хоол "үйлдвэрлэх"-ийн муу талыг би л хувьдаа олж харахгүй байна. Ялангуяа тэр хоол үйлдвэрлэлт нь тариа тарихаас илүү байгальд ээлтэй байхад шүү дээ.

Тэгсэн ч гэсэн цагаан хоолтон болмоор байгаа бол би ч мөн үргэлжлүүлээд бичээд байя. Тэгэхээр дотооддоо хангалттай амин дэмээр хангаж чадахуйц "цагаан" хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй бол гаднаас л авна шүү дээ (хүнсний ногоо, шар буурцагны сүү гэх мэт).

Одоогийн байдлаар дотоодын хүнсний хэрэгцээ бүрэн хангагдахгүй, хойд болон урд хөршөөс импортын хүнсний бүтээгдэхүүн орж ирсээр байгаа. Би энэ удаа эдийн засгийн өсөлт, уналтын талаар ярихгүй, харин мах түгээлтийн асуудал руугаа эргээд оръё. Хэрвээ мах идэх нь махыг түгээх, хадгалахад зарцуулагдах эрчим хүчний нөөцний хэрэгцээг багасгана гээд байгаа бол алс холын Хятад, Орос улсаас машинаар, галт тэргээр (цааш нь нэрлээд байгаарай), бензин шатахуун тийм их хэмжээгээр хэрэглэн байж таны гар дээр "цагаахан хоол" чинь очно гэж мэд. Тэр их хэмжээний олон улсын хил давах их газрыг туулахад хэрэглэгдсэн бензин шатахууны хэмжээ Монгол орны нутаг дэвсгэр дээр нэг цэгээс нөгөө рүү мах түгээхээс илүү байж чадна гэж үү?  

Цагаан хоолтон хүн цагаан идээ ч идэхгүй гэж дээр дурьдсан. Харин одоогийн монгол хүний хүнсний хэрэглээний дийлэнх нь мах, цагаан идээнээс бүрдэх байх. Бид нүүдэлчин соёлтой учраас шүү дээ... Монгол хүнийг цагаан идээ идэхгүйн дээр, цагаан идээ хийхээ больж, цаашлаад малаа хариулахаа больж байна гээд та төсөөлөөд үз дээ. Энэ үнэхээр зөвхөн цагаан хоолны асуудал гэж үү? Залуу үе эхнээсээ уламжлалт хоолны дэмлэмээсээ татгалзаад ирэхээр эрэлтгүй зүйлд хэн нийлүүлэлт хийх болж байна вэ? Үүнийг эрэлтгүй бүтээгдэхүүн гэхээсээ илүү соёлын мөхөл гэж нэрлэх нь оновчтой болов уу. 

Монголын мал аж ахуй яг одоо байгаагаараа бүх нийтээрээ цагаан хоолтон болсноос ч илүүтэйгээр байгальд ээлтэй "амьдрах ухаан" гэж би хэлмээр байна. Дэлхийн дулааралтай бид тэмцэх ёстой. Хүн бүр гар бие оролцох хэрэгтэй. Судлаачид дэлхийн дулаарлын учир шалтгааныг тодруулж, хувь хүн бүр дор бүрнээ юу хийвэл эх дэлхийгээ илүү удаан "амьд явуулах" боломжтой тал дээр зөвлөгөөнүүдийг өгсөөр байна. Бид ч тэднийг сонсох хэрэгтэй. Гэхдээ сонсохдоо мэдээллийг шүүж сонсох хэрэгцээ бидэнд байсаар байна.

Бидний ихэнхийн зөвхөн одоохондоо ухаарч амжаагүй байгаа зүйл бол тэдгээр бүх зөвлөгөө Монгол оронд яг таг тохирох албагүй юм. Бүхэл бүтэн дэлхийн 7.4 тэрбум хүнд зориулагдсан зөвлөгөө учраас тэр шүү дээ.

Монголын мал ахуй бол бусад улс орнуудын мал үржүүлгийн "бизнес"-ээс тэс өөр зйүл. Энэ бол хэдэн мянган жилээр байгальд ээлтэй гэдгээ аль хэдийнэ баталсан шалгарсан амьдрах ухаан юм. Энэ бол бидний соёл. Таны хайртай, үргэлж хамгаалж явах учиртай соёл. Магадгүй цагаан хоолтон болохоос татгалзах хамгийн том шалтгаан тань Монголын соёл байвал би хэн хэнээс илүү баяртай байх болно.

#5 | Талархал

#5 | Талархал

#3 - Нэг Бүхэл Аравны Зургаа

#3 - Нэг Бүхэл Аравны Зургаа