Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#10 | Элизабет Уийтийн Аз Жаргалын Эрэлд

#10 | Элизабет Уийтийн Аз Жаргалын Эрэлд

2018.01.14 - Ухаарлын 7 хоног #10


Миний болон бусад маш олон оюутнуудын хамгийн хайртай профессор Элизабет Уийт өнгөрсөн зун бидэнд ингэж хэлсэн юм:

Би докторын зэргээ хамгаалчихаад цаашдаа юу хийж амьдрахаа шийдэх хэрэгтэй байлаа. Би фермер болохыг хүссэн. Харин эцэг эхдээ энэ шийдвэрээ дуулгах нь надад эмэгтэй хүнтэй гэр бүл болох гэж байгаагаа хэлснээс ч илүү хэцүү байсан...
— Элизабет Уийт

Тийм ээ, багш маань эмэгтэй хүн. Тэрээр бас эхнэртэй, бас охинтой, бас докторын зэрэгтэй фермер хүн. Уншигч танд сонирхуулж хэлэхэд өөр ямар ч ажил олдохгүй, бүр амьдралдаа өөр хийх зүйл байхгүй тийм хүмүүс л фермер болдог гэдгийг багш маань дурьдаж байсан юм шүү. 

Анх яг 2 жилийн өмнө 2016 оны 1-р сарын 4-ний өдөр Вашингтоны Их Сургуулийн Кейн хичээлийн байрны лекцийн танхимд багшийгаа хамгийн анх хараад The Ellen Show-ийн хөтлөгч Ellen DeGeneres-тэй ямар адилхан юм бэ? гэж гайхаж байсан удаатай. Нэг сонирхолтой зүйл хэлээд араас нь их хэрэгтэй мэдээлэл хэлсэндээ баярлаад чанга чанга инээж байсансан. Би тийм эерэг сэтгэл хөдлөлтэй багш байтугай хүүхэдтэй өмнө нь таарч байсангүй...

Блогийн фото зурагчин Б. Хангай  Follow on Instagram: hann.bold.cr2

Блогийн фото зурагчин Б. Хангай

Follow on Instagram: hann.bold.cr2

Би тэр багшийн удирдлага дор анх удаа ферм дээр 7 хоногт 5 цагаар нар, бороо, салхинд борлотлоо ажиллаж үзсэн билээ. Хэзээ ч өөрийгөө биеийн хүчний ажил хийнэ гэж бодож байгаагүй ч сүүлдээ сургуулийнхаа ферм дээр сайн дурын ажил хийдэг болсон юм. Хэт халуун, хэт хүйтэн, хорхой шавж идчихнэ, усжилт нь таарахгүй байна, туулай, шувуунууд хүртэл идээд байна, зэрлэг ургамлуудыг нь түүнэ гээд л... дээрээс нь аюултай, хүнд багаж, машинууд их хэрэглэнэ. Ажлаа дуусгаад толинд нүүрээ бүр хармааргүй санагдана гээч. Тэгэж зовж ургуулсан ногоо нь супермаркетуудаар 1 поунд (450гр) нь 2-хон доллараар зарагдахаар сэтгэл өөрийн эрхгүй өвддөг юм. Ингээд бодохоор хэн ч фермер болохыг хүсдэггүй нь гайхаад байх зүйл биш ч юм шиг. Их хөдөлмөр. Бага мөнгө.

Профессор Уийт харин насан туршдаа түүнийгээ хийж амьдарна гэж шийджээ. Одоо тэрээр Вашингтон мужаас нэг цагийн зайд байрлах Уидби арал дээр хувийн 20 акр газар дээр Sky Root гэх органик фермтэй. Түүн дээрээ ямаа, нугас, тахиа тэжээдэг, ногоо тарьдаг газраа тойроод жимсний моднуудтай. "Би хүмүүсийг эрүүл хүнсээр хооллох дуртай. Эндээ мөн хувь хүнийхээ зүгээс хүмүүсийг эрүүл органик хүнсээр хангахад хувь нэмрээ оруулж чадах хамгийн том хэлбэр нь энэ юм" гэж хэлж байсан. Ногоо угаасны дараа элс шороотой усыг яаж өөр зүйлд хэрэглэж болох вэ гэж бодсоор байгаад эцэст нь нугас тэжээхээр болж нугаснууддаа бяцхан цөөрөм барьчихсан байж билээ. Угаасан ус нь шууд цөөрөм рүү урсах бөгөөд цөөрөмний эргэн тойронд бий болсон бяцхан экосистем нь бусад шувуу шавжинд амьдрах нөхцлийг нь бүрдүүлэх юм. Үнэхээр гайхалтай санаа! (Би үргэлжлүүлээд эко угаалгын өрөөнийх нь тухай яримаар л байна... гэхдээ нийтлэл маань хэт урт болчихож магад)

Уийт багш маань надад сүүлд ингэж хэлж байсан юм. "Надад ер нь байгаа цор ганц зүйл бол миний тархи. Надад үнэндээ өөр гайхуулаад байх зүйл ерөөсөө байхгүй. Хэрвээ үнэхээр хүссэн бол би NASA-д ажиллаж болох л байсан байх. Одон орон судлаад л... хамгийн ухаантай тархитай хүмүүс тийшээ л явдаг биз дээ (инээв). Гэхдээ 2050 онд дэлхийн хүн ам 10.8 тэрбумд хүрэхэд тэр хүмүүсийг яаж хоол хүнсээр хангах аргаа бид нар олоогүй л байна шүү дээ."

Бид марс гариг руу хүсэх юм бол нисч хүрэх боломжтой болсон хэрнээ 11 тэрбум хүнийг хооллож чадахгүй нөхцөл байдалд байсаар байна. Үндсэндээ хоёр шалтгаантай хэрэг. Бидэнд нэгдүгээрт фермчид хангалттай их биш байна. Хоёрдугаарт тэр дундаа үнэхээр бодож сэтгэж, тэр ногоо угаасан усаа зүгээр урсгахын оронд өөр хэрэгтэй зүйлд зарцуулах мэтийг бодож олох ухаалаг тархи тэр салбарт дутаад байгаа хэрэг. NASA-д ажиллаж байгаа хүн ферм дээр ажиллаж байгаа хоёр хүний хэнийг нь бид илүү чадвартай хүн гэж бодох байсан бэ?

Өнөөдөр бүх салбар тэгш хөгжиж чадахгүй байгаа шалтгаан магадгүй энэ юм болов уу. Нэг салбарыг нөгөөгөөс нь илүү нэр хүндтэй, нэг ажлыг нөгөөгөөс нь илүү сайхан, нэг мэргэжлийг нөгөөгөөс нь дээр гэх үзлээс болж нийгмийн маш олон асуудлууд шийдэгдэхгүй байна.

21-р зуунд өлсгөлөн байсаар байна. Малчдын тоо цөөрсөөр байна. Улаанбаатарын утаа байсаар байна. Энэ асуудлууд хэзээ шийдэгдэх вэ? Хэн шийдэх вэ?

Олонд харуулах гэж сонгосон мэргэжил бүр харамсалтай нь аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдралыг дагуулахгүй. Бид үүний оронд өөрт баяр баясал, утга учир гэх зүйлийг авч ирэх зүйлээ олох хэрэгтэй юм болов уу. Бусдад зүгээр л "Би бизнесийн удирдлагаар сурдаг" гэж хэлэх тийм ч чухал биш баймаар. Хүнд зөвхөн харагдаж амьдрахын төлөө энэ нийгэмд хүмүүн болж төрөөгүй баймаар... Ажиллаж амьдрахад санхүү чухал байлгүй л яах вэ. Гэхдээ хийж байгаа зүйл тань таны хувьд ихээхэн утга учиртай бол сэтгэл ханамж гэж юугаар ч сольж авч болдоггүй зүйлийг та үлдсэн амьдралынхаа гуравны нэгийн цаг минут бүрт авна. 

Яагаад хүмүүс өнөөдөр хийж байгаа зүйлээ хийдэг вэ? Хүмүүс үнэхээр өөрсдийгөө аз жаргалтай байлгах сонголтыг хийдэг үү? Найзыгаа малчин болъё гэж хэлвэл та дургүйцэх хэвээрээ юу? Анхнаасаа нэг мэргэжлийг "муу" нөгөө мэргэжлийг "сайн" гэх ойлголтыг бидэнд хэн суулгав?

Зүгээр л хамгийн шилдгүүд тийм замыг сонгодог гэх харамсалтай ойлголт бидний тархинд байсаар байна уу? Би философид дургүй мөртлөө философиор сурдаг оюутнуудыг мэднэ, социологит илүү дуртай мөртлөө бизнесийн удирдлагаар сурдаг оюутнуудыг ч мэднэ. Хийж байгаа ажлаа үзэн яддаг бүр ч их хүмүүсийг танина. Харамсалтай юм... НЭЭРЭЭ ЯМАР ХАРАМСАЛТАЙ ЮМ БЭ.... 

Хүн ажилдаа чин сэтгэлээсээ дуртай биш бол бидний бүтээлч сэтгэлгээ үхдгийг би ч  та ч хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. 

Бид үнэхээр тэгэж аз жаргалгүй, утга учиргүй амьдрах хэрэгтэй гэж үү? Нийгмийн асуудлуудыг шийдэхийн тулд бүх салбар тэгш хөгжих шаардлагатай байна. Хорвоо дээр тийм олон хүн байхад тэн хагас нь нэг төрлийн мэргэжил сонгоно гэдэг өөрөө утгагүй, худал хэрэг.

Аз жаргалтай Монгол хаана байна...?

#11 | Бүхний дээд хүмүүн төрөлхтөн

#11 | Бүхний дээд хүмүүн төрөлхтөн

#9 | Яагаад эдийн засаг үүрд өсөх боломжгүй вэ?

#9 | Яагаад эдийн засаг үүрд өсөх боломжгүй вэ?