Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#9 | Яагаад эдийн засаг үүрд өсөх боломжгүй вэ?

#9 | Яагаад эдийн засаг үүрд өсөх боломжгүй вэ?

ХЭРЭГЛЭЭГЭЭ БАГАСГАХ

Амьтан ургамал хамгаалмаар байгаа бол ХЭРЭГЛЭЭГЭЭ БАГАСГА... Өөрийн ирээдүй хойч үеийнхээ төлөө ХЭРЭГЛЭЭГЭЭ БАГАСГА... Дэлхийн дулааралтай тэмцмээр байгаа бол ХЭРЭГЛЭЭГЭЭ БАГАСГА гээд л... Өмнөх нийтлэлүүд дээрээ энэ үгийг би дэмий баахан хэлж залхаасан бол уншигчдаасаа уучлал хүсье! Бодоод байхад би та бүхэндээ "Өлсөж байхдаа битгий идэж уугаад бай" гээд байгаа юм шиг санагдсан байх даа? Миний хэлэхийг хүссэн санаа бол ердөө хэрэгтэйгээсээ илүүг битгий хэрэглэ гэсэн санаа юм шүү. Харин энэ 7 хоногт яагаад бид байгаа нөөцөө илүү үр ашигтай ашиглах хэрэгтэй талаар, мөн эдийн засаг одоогийн системээр хэрхэн үргэлжлэх боломжгүй талаар товчхон тайлбар хийе гэж бодлоо.


Би байгаль орчин судлал гэх мэргэжилтэй зууралдсанаасаа илүү хугацааг эдийн засагтай зууралдаж өнгөрүүлсэн байна. Байгаль орчин болон эдийн засаг хоёр бол хэзээ ч салшгүй мөртлөө нэг нь өсөх гэхээр нөгөөх нь нурж унах гээд байдаг хүн төрөлхтний амьдралын хоёр тулгуур багана ажээ.

Бидэнд амьдралаа залгуулахын тулд ажил хэрэгтэй, цалин хэрэгтэй. Гэхдээ бидэнд мөн амьдрахын тулд амьсгалах цэвэр агаар, идэх эрүүл хүнс, уух цэнгэг ус бүр ч хэрэгтэй...

Эдийн засаг, байгаль орчин бие биедээ шууд нөлөөлөх хамгийн энгийн жишээ дурьдвал Монгол орны уул уурхайн салбар сонгодог хувилбар болно. Эдийн засгийн өсөлтийг авчрахын тулд хөрсөө малтаж их хэмжээний байгалийн хохирол учруулаад буй салбар бол яах аргагүй уул уурхай мөн. Энэ нь зөвхөн хөрсний тухай ч асуудал биш. Хүндхэн бөгөөд харамсалтай мэдээ дуулгахад дэлхийд нэн ховордсон амьтан болох мазаалай, хавтгайн нутаг дэвсгэр буюу Говийн Их Дархан Газарт олборлолт хийх хүсэлтийг монголчууд бид өөрсдөө удаа дараа тавьсан тухай мэдээ бий. Тиймээс асуудал хөрс ухахдаа гол нь биш. Энэ нь цаашлаад ан амьтан, цэвэр ус, агаар, цөлжилт, бидний ирээдүй хойч үеийн тухай асуудал билээ.

Гэхдээ анхаарлаа түр нааш нь... уул уурхай бол нэг л жишээ юм. 24 цагаар асаалттай байгаа шинэ жилийн гэрлэн чимэглэлүүд ч эрчим хүчээ бас байгалиас авч таарна. Монголд бол нүүрснээс. Нүүрснээс эрчим хүч авдаггүй орнуудад гэхэд нарны гэрлээс, эсвэл салхинаас, эсвэл усны эрчим хүчнээс авна. Эрчим хүч гаргаж авахын тулд мэдээж салхин тээрэм, далангуудыг бас л барих хэрэгтэй. Тэгэхийн тулд дахиад л газар ухах шаардлагатай болж байгаа биз... Ер нь эргэн тойронд байгаа бүх зүйлс тань хэзээ нэгэн цагт байгалийн нэг хэсэг байсан зүйлс: зам, барилга байшин, дэвтэр ном, аяга сав, утас компьютер, гэрлийн чийдэн гээд л... Ингээд бодохоор хүн төрөлхтний амьдрал биднийг өөрсдийгөө нийгмийн амьтан гэж тодорхойлсноос үл хамааран байгалиас шууд хамааралтай болж байгаа юм. ЭДИЙН ЗАСАГ ТЭР ЧИГЭЭРЭЭ БАЙГАЛИАС ШУУД ХАМААРАЛТАЙ БУЮУ БАЙГАЛЬГҮЙГЭЭР ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ ОРШИН ТОГТНОХ НӨХЦӨЛГҮЙ.

Эдийн засгийн шинжлэх ухаан нь хязгаарлагдмал нөөцийг хэрхэн үр ашигтайгаар хуваарилалт хийн хүний хязгааргүй хэрэгцээг хангах вэ? гэх асуултанд хариулдаг шинжлэх ухаан юм. Мөн эдийн засгийн өсөлтийг дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлтөөр тодорхойлдог гэдгийг та эрх биш гадарлах биз ээ. ДНБ-ний өсөлт нь үйлдвэрлэлийн өсөлт бөгөөд энэ нь өмнөх жилээсээ илүү ихийг энэ жил үйлдвэрлэж байж эдийн засаг өснө гэсэн үг юм. Харин илүү их материалыг байгалиас авч байж тэр үйлдвэрлэлийн өсөлтийг бий болгох боломжтой болно. Дүгнэлт: Эдийн засаг өсөх бүрт байгаль илүү ихээр сүйдэж байдаг.

Харин бидэнд цор ганц дэлхий бий. Өнөөдөр бид 1.6 дэлхий хэрэглэж байна гэсэн судалгаа бий (Дэлгэрэнгүйг Блог нийтлэл #3-аас). Яаж ийм зүйл боломжтой байх билээ? Олон жилийн өмнө бид 1 дэлхийн хэмжээний нөөц ашигладаггүй байсан юм. 1961 онд жишээ нь бид 0.75 дэлхийг л хэрэглэдэг байжээ. Харин өнөөдөр тэр үед хэрэглээгүй үлдсэн үлдэгдэл нөөцөө хэрэглээд дуусч байна. Харин ирээдүйд бидэнд энэ байдлаараа хэрэглэе гэж хүсээд ч тийм нөөц байхгүй болно. Үйлдвэрлэл үүнийг дагаад зогсох аюултай. Тиймээс эдийн засаг яг өнөөгийн үрэлгэн системийн дагуу хүн амын өсөлтөө дагаад мөнх өсөх боломжгүй юм.

Гэвч эдийн засгийн өсөлт юунд хэрэгтэй вэ? Би Ухаарлын 7 хоног #7 дээр эдийн засаг, техник технологийн өсөлт хүн төрөлхтний иргэншил дэлхий дээр оршин тогтнохоос илүү чухал уу гэх асуултын хариуг хайсаар байгаа гэж хэлж байсан. Харин одоо энэ асуултандаа эргээд хариулах гэж оролдъё. 

Дотоодын нийт бүтээгдэхүүн бол ЗАРДАЛ-ын хэмжүүр юм. Бид хэр их бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдсанаараа ДНБ-г тодорхойлдог. Тэгэхээр эдийн засгийн өсөлт нь үйлдвэрлэлийн буюу нөөцийн зардлын өсөлтийг хэмждэг нэгж болохоос биш хүмүүсийн сайн сайхан байдлыг илэрхийлэх чадваргүй хэмжигдэхүүн юм. Эдийн засгийн өсөлт сайн байлаа гээд ард түмний амьдрал сайжирна гэсэн үг биш. 2011 болон 2012 оны Монголын эдийн засгийн 17-18 хувийн өсөлттэй үеийг эргэн санацгаая. Мөн АНУ-д 1969 оноос хойш аз жаргалтай хүмүүсийн эзлэх хувь жил бүр улам буурсаар байгаа үзүүлэлт байна. Гэвч АНУ-ын эдийн засаг тогтвортой өссөөр ирсэн билээ. 

Нухацтай бодож үзвэл үнэхээр эдийн засаг үр ашигтай бол тэгтлээ их өсөх учиргүй. Байгалийн нөөцийг үнэхээр маш үр ашигтайгаар ашиглан үйлдвэрлэл явуулдаг бол бага эрчим хүч, бага нөөцөөр хүмүүсийн хэрэгцээг хангах учиртай. Түүнийг дагаад эдийн засгийн үйлдвэрлэлийн түвшин доогуур байх ёстой юм. Гэтэл дэлхийн хүн ам сүүлийн 50 жилийн дотор 2 дахин өссөн байхад дэлхийн эдийн засаг 15 дахин өсөв. Харин хүн амын сэтгэл ханамж буурсаар байна. Ард түмний амьдрал сайжрахгүй байхад эдийн засаг их өсөөд байна гэдэг бол хүн төрөлхтний сайн сайхан байдлыг хангахгүйгээр хий дэмий байгалийн нөөцийг үйлдвэрлэлд ашиглаад байна гэсэн үг болж таарч байна. Энэ нь эргээд үр ашиггүй эдийн засаг өнөөгийн нийгэмд байгаагийн илрэл болно.

Үр ашигтай эдийн засгийн систем байхгүй энэ цаг үед нөөцийг илүү үр ашигтай ашиглах хэлбэр нь та хэрэглээгээ багасгах явдал юм. Зайлшгүй шаардлагагүй бол худалдаж авахаасаа татгалзах хэрэгтэй. Хүн төрөлхтөн нөөцийг илүү үр ашигтай ашиглах систем рүү шилжихгүй аваас хэдэн үеийн дараа зайлшгүй хэрэгцээгээ хангаж чадахгүй нөхцөлд хүрч, улмаар хүн төрөлхтний иргэншилд аюул учрах юм.

Амьдралдаа сэтгэл хангалуун хүмүүс яагаад нийгмийн улам бага хувийг эзлэх болов? Үүний хариултыг би ирээдүйд шинэ нийтлэлээрээ эргэн ирж бичиж магадгүй. Үгүй ч байж мэднэ. Харин танд санаа оноо байвал ичиж санаа зоволгүйгээр блогийн доорх цэнхэр хайрцганд саналаа үлдээгээрэй. 

 

Ашигласан материалууд: "Developing a Science of Infrastructure Ecology for Sustainable Urban Systems" by Ming Xu

"Overcoming systematic roadblocks to sustainability: The evolutionary redesign of worldviews, institutions, and technologies" by Rachael Beddoe.

"No Impact Man" by Collin Beavan


Надтай хамт байсанд баярлалаа!

~DZAYA~

#10 | Элизабет Уийтийн Аз Жаргалын Эрэлд

#10 | Элизабет Уийтийн Аз Жаргалын Эрэлд

#8 | Бүрхүүл минь дэндүү хэврэг | 2018 оны зорилго

#8 | Бүрхүүл минь дэндүү хэврэг | 2018 оны зорилго