Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#15 | ОРГАНИК хүнс

#15 | ОРГАНИК хүнс

Хөрс болон хүний эрүүл мэнд хоёрын холбоог энэ ухаарлын 7 хоногт ярилцацгаая.

ХҮНС

Дэлгүүрээс худалдаж авдаг хоол хүнс тань хаана ургаж, хайрцаглагдаж, түгээгдэж таны гар дээр ирдэг вэ? Үүний хариултыг нь үнэндээ өнөөгийн нийгэмд бараг л мэдэх боломжгүй. Монголд ургасан ногоог хүртэл дэргэдээс нь ургахыг хараад ажиглах боломжгүй байхад Бразилийн кофе, Мексикийн авокадо жимс хэр эрүүл орчинд ургасныг мэдэх арга үгүй. Сүү, цөцгийн савны гадна хээр бэлчиж яваа үнээ, эрүүл бие, сайхан галбиртай хүний зураг байх нь маркетинг болохоос биш уг бүтээгдэхүүний доторх агууламж, бодит байдлыг илтгэх боломжгүй. Яг үнэндээ компаниуд гуравдагч шүүгч байгууллагын сертификат тэмдэг тавиагүй тохиолдолд савныхаа гадна юу дуртайгаа бичих эрхтэй тул "Байгалийн гаралтай," "Цэвэр экологийн бүтээгдэхүүн" мэтийн үгс чин үнэнийг гэрчилдэггүй юм. Тиймээс өнөөдөр тэр олон сертификат дундаас ОРГАНИК гэдэг тэмдгийн талаар буюу таны эрүүл мэндтэй холбоотой ямар чухал мэдээллийг энэ тэмдэг агуулдаг талаар ярилцъя.

Органик деликата хулуу, Фермерийн зах  Блогийн фото зурагчин Б. Хангай (Follow on Instagram: @hann.bold.cr2)

Органик деликата хулуу, Фермерийн зах

Блогийн фото зурагчин Б. Хангай (Follow on Instagram: @hann.bold.cr2)

Миний бие USDA буюу Америкийн Хөдөө Аж Ахуйн яамнаас тогтоосон органик стандартын дагуу бичих болно. Монголын Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХХҮЯ)-ны гаргасан мэдээллийн дагуу органик хүнсний тухай хууль Монголд 2017.01.01-нээс хэрэгжээд явж байгаа гэжээ. Хуулинд тусгагдсан зүйлсүүдийг харахад нэгээс бусад бүх шаардлага нь Америкийн стандарттай нийцэж байсан юм (түүнийг дор дурьдана). 

Органик сертификат авахын тулд үндсэн 3 том шаардлагыг биелүүлэх ёстой.

1. Нийлэг хорхой шавжны хор хэрэглээгүй байх. "Нийлэг" хор гэдэг нь хүний гараар бүтээгдсэн шавжны эсрэг бэлдмэл гэж ойлгож болно. Органик бус газар тариаланд хуулиар зөвшөөрөгдсөн л бол шавж устгаж байвал ер нь юу ч хэрэглэж байж магадгүй. Дэлгүүрт байдаг гялтганасан, өөгүй алимнууд толбогүй байгаа нь тийм ч баярлаад байх зүйл биш, ялангуяа органик гэсэн тэмдэглэгээ байхгүй бол шүү дээ. Органик шавжны эсрэг бэлдмэлд сармисны ханд, давсны уусмал гэх мэт зүйлс багтана. Гэвч зарим нэг химийн бодис бага хэмжээгээр хэрэглэхийг зөвшөөрдөг гэдгийг хэлэх хэрэгтэй. Ямартай ч хүчтэй химийн бодис хэрэглэдэггүйн улмаас шавж, туулай, бугатай фермерчид өөрсдөө тэмцэх хэрэгтэй болдог. Жишээ нь би туршлагаасаа хуваалцахад, нялцгай биетэн байцаа шиг далбагар навчтай ногоонд их дуртай байдгийн дээр биеийн хэмжээнээсээ 20 дахин их хоол иддэг "ширүүн" хортон. Мөн шөнийн цагаар хооллодог амьтан учраас өдөр хэчнээн хайгаад ч баригддаггүй. Тиймээс нэг өдөр би оройн 8 цагаас хойш нар жаргахаар ферм рүүгээ очиж гэрлийн чийдэнтэй нөхцөж, 20 гаруй нялцгай биетэнтэй "тэмцэж" байсан удаатай. Энэ нь органик ферм ямар их хүний хөлс хөдөлмөр шаарддагийн нэг л жишээ. 

2. Нийлэг бордоо хэрэглээгүй байх. Орчин үеийн фермүүдэд бордоондоо кальци, магни, фосфор гээд төрөл бүрийн ногоог хурдан ургуулах зорилгоор хооронд нь хольсон бэлдмэлүүдийг их хэрэглэдэг. Органик ферм харин бордоондоо модны үртэс, ургамал гэх мэт хөрсөндөө шингэхдээ цаг их авдаг байгалийн ногоон бордоог хэрэглэнэ. Эдгээр органик бордоо нь хөрсийн үр шимтэй байдлыг сайжруулдаг бөгөөд илүү үр шимтэй ногоо ургах нөхцлийг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Нэг үгээр хөрс ямар байна, түүнээс ургах ногоо ч шим тэжээлийн хувьд яг л тийм байдаг гэсэн үг. Харин нийлэг бордоо нь үр шим гэхээс илүүтэйгээр гүний усыг бохирдуулахааас эхлээд байгаль болоод хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй.

Дээрх хоёр шаардлагыг "органик" батламж авахаас 3 жилийн өмнөөс биелүүлж байж органик ферм болох боломжтой болно. Хөрсөндөө өчигдөрхөн янз бүрийн химийн бодис хэрэглэж байгаад маргааш нь хэрэглэхээ зогсоогоод органик болох боломжгүй. Учир нь хөрс нь бохир бол түүнээс эрүүл органик хүнс ургах нөхцөлгүй юм.

3. Генетикийн өөрчлөлттэй хүнс биш байх. Нэг ургамлын эсвэл амьтны генетикийн материалыг аваад өөр нэг ургамал, амьтанд шилжүүлж суулгаснаар урьд өмнө нь байгаагүй "шинэ" биологийн ургамал/амьтныг гаргаж авах боломжтой. Орчин үед яргай загасыг энэ байдлаар маш хурдан хугацаанд өсгөж том болгох, жирийн хэмжээнээс нь 3 дахин том болгох инженерчлэл хийж дэлхийн хүн амын томоохон хэсгийг тэжээж байна. Ургамал дээр ч мөн адил. Номхон далайн эргээр байрлаж генетикийн өөрчлөлттэй яргай загасны бизнесүүд загасаа санаандгүй байдлаар олон удаа далай руу алдаж, тэдгээр загас нь байгалийн зэрлэг яргай загасны амьдрах орчинд аюул учруулаад байгаа. Тиймээс энэ төрлийн бизнесүүд байгальд сөрөг нөлөө ихтэй. Одоогийн байдлаар энэ генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд хүчтэй сөрөг нөлөө үзүүлсэн тухай мэдээ гараагүй байгаа ч энэ төрлийн бүтээгдэхүүнийг органик стандарт зөвшөөрдөггүй.

Хэрвээ хүнсний бүтээгдэхүүн органик гэсэн тэмдэг тавьсан бол түүнийг олон улсын стандартаар 95% нь органик хүнснээс бүтсэн гэж ойлгож болно. (Харин Монголын ХХХАЯ-ны вебсайтан дээр үүнийг 90% хэмээн заасан байсан). Харин мах, махан бүтээгдэхүүн органик байхын тулд тэр амьтанд нэмэлт гормон, антибиотик хэрэглээгүй байх, амьтны тэжээл өөрөө органик байх ёстойн дээр амьтдыг торны цаана өсгөөгүй байх ёстой. Тиймээс органик хүнс худалдаж авах нь эрүүл мэнд төдийгүй, амьтны эрхийг хамгаалахад бага ч гэсэн нэмэр болно.

Хүний хөдөлмөр, цаг маш их шаарддаг учраас органик хүнс жирийн хүнснээс илүү өндөр үнээр худалдаалагддаг. Гаднаасаа харагдах байдал ялгаагүй ч органик хүнс сонгох нь эрүүл мэндийн хувьд тэр их химийн бодис, антибиотик, гормоныг хүн биедээ шингээснээс илүү ухаалаг сонголт болох нь тодорхой. Гэхдээ органик хүнс худалдаж авах хүсэлтэй ч санхүүгийн хувьд боломжгүй иргэдийн хувьд миний зүгээс хэлэх зөвлөгөө гэвэл:

-Худалдаж авч байгаа хүнсээ хаанаас ирснийг нь олж мэд. Монголд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүний дийлэнх нь органик батламж аваагүй байгаа. Тиймээс аль хэдийнээ дээрх шаардлагуудыг биелүүлчихсэн хэрнээ "органик" тэмдэггүй газрууд их бий. Худалдагчидтай сайн ярилцаад үзэхэд гэмгүй. 

-Ихэнх шавжны эсрэг хор хүнсний гадна талд цацагддаг. Тиймээс хальс сайтай бүтээгдэхүүн (жүрж, авокадо) органик бишийг худалдаж аваад харин хальсгүй бүтээгдэхүүнээ (гүзээлзгэнэ. байцай) органик эсэхийг шалгаж авах нь таны хувьд боломжийн сонголт байж мэднэ. Ингэснээр 100% органик бүтээгдэхүүн хэрэглэхгүй ч биедээ оруулах химийн бодисны хэмжээг хязгаарлаж болно.

-Эцэст нь ярилцах худалдагч байхгүй дэлгүүрт байгаа бол жимс, ногоон дээрх наалтууд дээр байгаа эхний тоог анзаарч хараарай. 4- органик биш, жирийн хүнс (химийн бодис хэрэглэсэн), 8- генетикийн өөрчлөлттэй, 9- органик.

#16 | Хогийн 7 хоног - Зочин: Э. Анар-Эрдэнэ

#16 | Хогийн 7 хоног - Зочин: Э. Анар-Эрдэнэ

#14 | Цаг боллоо!

#14 | Цаг боллоо!