Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#14 | Цаг боллоо!

#14 | Цаг боллоо!

Феминизмийн тухай ярилцъя. 

Энэ долоо хоногт манай их сургуулийн соёлын өдөрлөг болж өнгөрлөө. Миний бие өнгөрсөн жилийн өдөрлөгт "Монгол Бүсгүй" бүжгийг бүжиглэсэн бол энэ удаа "Ану Хатан" бүжгийг бүжиглэсэн билээ. Хоёулаа монгол бүсгүйн тухай бүжиг боловч харуулах зан төрх тэс ондоо. "Монгол бүсгүй" гэх бүжиг "үзэсгэлэнтэй" монгол эмэгтэйн төрхийг дүрсэлсэн дэглэлттэй гарны бүжиг бөгөөд маш уян налархай, дөлгөөхөн, нүдээрээ инээмсэглэсэн даруу төлөв монгол эмэгтэйг дүрсэлнэ. Ийм зөөлөн, ичимтгий эмэгтэйг "үзэсгэлэнтэй монгол эмэгтэй" гэж тодорхойлох ба энэ үзэсгэлэн гоог гарны маш уян хөдөлгөөнөөр харуулжээ. 

"Монгол Бүсгүй"  Вашингтоны Их Сургуулийн Соёлын Фестиваль 2017

"Монгол Бүсгүй"

Вашингтоны Их Сургуулийн Соёлын Фестиваль 2017

Харин "Ану Хатан" бол 17-р зууны үед амьдарч байсан түүхэн хатны амьдралаас сэдэвлэсэн, дайнд байлдаж яваа монгол эмэгтэйн сүр хүчийг илэрхийлсэн бүжиг. Уг бүжгийн үеэр миний бие нэг ч удаа инээмсэглээгүй бөгөөд духаараа үзэгчдийг ширтэж, замд тааралдсан дайсан болгоноо намнах их хүчийг дүрслэхийг оролдов. "Монгол Бүсгүй" дотор илэрсэн зан аалийг "Ану Хатан" дотроос хайгаад олохгүй. Учир нь "Ану Хатан" эмэгтэй хүнд биш харин түүний эр нөхөр Галдан Бошигтод л байх ёстой дайчин шинж чанарыг агуулна. Товчхондоо "Монгол бүсгүй" бол эмэгтэй хүн "ямар байх ёстой"-г харин "Ану Хатан" бол Монгол улсын түүхэнд дайнд үхсэн баатарлаг бодит эмэгтэйн төрхийг илэрхийлсэн нь хоорондоо асар их зөрчилдөөнтэй зан төрхийг илтгэнэ. 

"Ану Хатан" 2014 оны зураг

"Ану Хатан" 2014 оны зураг

Ертөнцийг бид байнга хоёр хуваадаг. Бүх зүйлийг шүү. Хүн ба байгаль. Логик болон сэтгэл хөдлөл. Эрэгтэй ба эмэгтэй. Уншигч та анзаарсан бол бид эхнийх нь хоёр дахиа захирдаг гэх үзэл суртлаар хүмүүжиж байна. Хүн байгалийн бүх амьтдаас дээгүүр гэх үзэл. Шийдвэр гаргахад логик сэтгэлгээ хамгийн чухал гэх үзэл. Логик сэтгэлгээ, хууль дүрэм журмаар аливаа ажлыг удирдах ёстой бөгөөд сэтгэл хөдлөлд захирагдаж үл болно гэх үзэл. Цаашлаад эмэгтэй хүн сэтгэл хөдлөл ихтэй харин эрэгтэй хүн дүрэм журам, логик сэтгэлгээгээр шийдвэр гаргадаг учраас эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү гэх дүгнэлтийг үүнээс хийж болно.  Эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээс дор, учир шалтгаан дээр үндэслэн шийдвэр гаргах чадвар муу гэх үзэл бүр эрт дээр үеэс үүсэлтэй. Үүнийг эртний гүн ухаанаас харж болдог.

Male is by nature the superior, and the female inferior; one rules, the other is ruled.
— Aristotle
Laborious learning or painful pondering, even if a woman should greatly succeed in it, destroys the merits that are proper to her sex.... and they will weaken the charms with which she exercises her great power over the other sex... Her philosophy is not to reason but to sense.
— Кант

Орчин үеийн философид харин Карол Гиллиган шинэ онолыг дэвшүүлсэн. Тэрээр сургуулийн өмнөх насны хүүхдүүд дунд судалгаа явуулсан байна. Асуулт: "Эхнэр нь маш хүндээр өвдсөн залууд эм авах мөнгөний тал нь л байв. Эмгүй бол эхнэр нь үхнэ. Эмийн санч дээр очиж гуйж үзвэл эмийн санч төлбөрөө бүтнээр нь төл, үгүй бол эм өгөхгүй гэжээ. Залуу эмийн санчаас эмийг нь хулгайлах хэрэгтэй юу?"

Хөвгүүдийн өгсөн хариулт: "Эхнэр нь эмгүй бол үхнэ, бас хулгай хийвэл шоронд орно. Гэхдээ магадгүй дараа нь шүүх дээр очвол шүүхч залууг ойлгоод тийм ч их ял өгөхгүй байх. Ямартай ч эхнэрээ алдаж байснаас шоронд орсон нь дээр. Тиймээс хулгайлах хэрэгтэй."

Охидын өгсөн хариулт: "Шоронд орох эсвэл эхнэр нь үхэх хоёр хоёулаа муухай сонголт байна. Эмийн санч яагаад анхнаасаа залууд эм өгөхгүй байгаа юм бэ? Магадгүй тэр залуу хангалттай сайн тайлбарлаж чадаагүй байх. Дахиад нэг удаа очоод учраа үнэхээр сайн тайлбарлаад үзвэл яасан юм? Өгөх байх."

Гиллиганы дүгнэлт: Эрэгтэй, эмэгтэй хоёр өөр өөрөөр сэтгэдэг. Гэвч хоёулаа учир шалтгаантай сэтгэж байна. Ердөө эмэгтэй хүний ёс зүйн хандлага эрэгтэй хүнийхээс өөр байсны төлөө түүнийг дорд үздэг хандлага байна. Эмэгтэйчүүдийн асуудалд уян хатан, нээлттэй ханддаг энэ чанар эрэгтэй хүний чанга хатуу, дүрэм журамт чанартай ижил үнэлэгдэх ёстой. Цаашлаад тэдний өөр өөр сэтгэдэг нь хүйс гэхээсээ илүү тэднийг багаас нь яаж хүмүүжүүлсэнтэй холбоотой байна. Эмэгтэй хүнийг гэр бүлээ хайрлах, зөөлөн байхад анхаарч, эрэгтэй хүнийг хатуу ширүүн байхаар хүмүүжүүлж байна. Ижил аргаар хүмүүжүүлэх аваас шийдвэр гаргалтын сэтгэлгээний ялгаа урт хугацаандаа үгүй болно.

Сургуульд сурах гэж гэрээсээ явснаасаа хойш би монгол уламжлалын талаар их боддог боллоо. "Угаасаа ийм байдаг", "ийм л байх ёстой" гээд хүлээгээд авчихсан байсан олон ёс жаягт яагаад гэж асуулт тавиад хариултыг нь олоогүйдээ өөртөө бухимдаж явна. Яагаад хар багаасаа "Эмэгтэй хүний үс урт, ухаан богино" гэдэг зүйр үгийг ой тооноосоо хэзээ ч гарахгүй болтлоо олон сонссоноо, яагаад Монголд ажлын байрны ярилцлаганд эмэгтэй хүн найз залуутай эсэх асуултанд хариулж, хэрэв хариулт нь "Тийм" байвал ажилгүй хоцордог талаар бухимдаж эргэцүүлсээр байна. Бухимдахгүй байхын аргагүй. Энэ нийгэм яг яачихаад байгаа юм бэ?

Хуулиар хүйсийн ялгаварлан гадуурхалтыг ардчилсан орнуудад зогсоохыг оролдож тэнцэтгэсэн ч бичигдээгүй хуулиар энэ хуваагдал хэзээ ч тэнцвэржиж чадсангүй. Өнөөг хүртэл маш олон орнуудад эмэгтэй хүнийг дорд үзэх хандлага маш хүчтэй байна. Саудын Арабд эмэгтэй хүн жолоо барих хориотой, Хятад Энэтхэг улсуудад охин хүүхдийг төрөхөөс нь өмнө үгүй хийх нь нийгмийн норм, Афганистанд 5 эмэгтэй тутмын 1 нь л сургуульд боловсрол эзэмшиж, бусад өөр олон орнуудад хувийн өмчтэй байх эрхгүй, жирийн эд зүйлс шиг худалдалдаа арилжааны хэрэгсэл байсаар байна... 21-р зуунд шүү дээ. Харин хуулиар "тэнцүү эрхтэй" болгосон хамгийн хүний эрхийг дээдэлдэг гэх нэртэй АНУ-д ч өнөөгийн байдлаар Конгрессийн суудлын 19%-ийг л эмэгтэйчүүд эзэлдэг, цалингийн хэмжээ дунджаар эрэгтэй хүнээс 25%-иар доогуур оршино. Өөрөөр хэлбэл хууль цааз хүртэл байгаад нэмэргүй бөгөөд бидний нэгийг нөгөөгөөс нь дээр гэж үзэх сэтгэлгээ өөрчлөгдөх хүртэл энэ байдал мөнх үргэлжлэх болно!

1973 онд эмэгтэй теннисчин Билли Кинг дэлхийн номер 1 эрэгтэй теннисчин Бобби Риггсийн эсрэг тулаанд дуудагдаж Боббиг 6-4, 6-3, 6-3-аар тус тус ялж нийтдээ 3-0 ийн харьцаатайгаар ялалтыг байгуулсан. Ийм жишээ түүхэнд мянга мянган удаа давтагдсан. Хэрвээ эрэгтэй хүн зөвхөн эрэгтэй болж төрснийхөө төлөө байгалиас эмэгтэй хүнээс дээгүүр байхаар "заяагдсан" гэдэг онол үнэн бол эдгээр эмэгтэйчүүдийн гаргасан амжилтыг няцаах хүчтэй байх ёстой. Гэтэл байдал эсрэгээ аж. Зөвхөн сэтгэлгээний хувьд ч биш бие бялдрын хувьд ч эмэгтэй хүн "мисс" байхаар заяагдсан өчүүхэн амьтад биш. Би эмэгтэй, эрэгтэй хүний потенциалийг эн тэнцүү үнэлэх зарчмын талаар ярьж байгаа болохоос биш хөгжөөн цэнгээний араас хөөцөлддөг эмэгтэйчүүдийг ухаантай гэж зөвтгөх гэж хичээгээгүй билээ. Харин энэ нийгмийн сэтгэлгээнээс болж олон олон эмэгтэйчүүд нүүрний арьс, биеийн жиндээ юу юунаас илүү санаа зовдог асуудал газар авчихаад байна. Яагаад гэвэл нийгмээс сайхан эмэгтэй хүн тийм л байх ёстой гэдэг норм бий болгочихсон учраас тэр..

Эрчүүд өнөөдөр уйлах ч эрхгүй байдаг нь гайхаад байх зүйл биш. Логикийн хувьд эмэгтэй хүн уйлдаг, мөн эмэгтэй хүн эрэгтэй хүнээс дор, тиймээс эрэгтэй хүн уйлах нь дорд хэрэг болно. Эрэгтэй хүн уран сэтгэмж, урлаг, уран зохиол, мэдрэмжтэй холбоотой ажил эрхэлж байвал бас гайхна. Дээрхтэй адилхан шалтгаантай. Мөн санхүүгийн тогтвортой байдлыг эрэгтэй нь хангах ёстой гэх дарамт бас бий. Энэ тохиолдолд эрчүүдийн эрхийн төлөө гэж тэмцэх нь харин инээдэмтэй асуудал болно. Учир нь гол асуудал нь эрчүүдийн эрх хангалттай их биш байгаад бус харин эмэгтэйчүүдийг дорд үзэх хандлага нийгэмд хүчтэй байгаа учраас үүнээс урган гарсан үр дагавруудын нэг нь эрчүүдэд нүүрлэх эдгээр дарамтууд болно. Тиймээс "эрчүүдээ хайрлая" гэхийн оронд эмэгтэйчүүдийг дорд гэх сэтгэлгээг засварлах ажилд орсон нь илүү үр дүнтэй алхам мэт санагдана. Эмэгтэй эрэгтэй хүмүүс адилхан байж хэмээн эрэгтэй хүн уйлах нь хэвийн үзэгдэл, мөн санхүүгийн хувьд гэр бүлээ ганцаараа тэжээх дарамт шахалт үгүй болно. 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр амиа хорлосон эрчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс харьцангуй их байсан нь үүний тод жишээ болно.

Бид хувь хүний ашиг сонирхол, хувь хүний үзэл баримтлал, хувь хүний давуу чанаруудыг хүндэтгэх цаг болсон. Нийгэмд тогтоосон нормоос болж хүний хийж чадах, чадахгүйг хараад л хүйсээр нь дүгнэх өнгөц дүгнэлт хийхээ, амьдралд хүсээгүй зүйлийг нь хүчээр хүсүүлэх албан шаардлагаа одооноос зогсоо. Хийсэн зүйлийнхээ шанг адилхан хүртэж, адилхан хөдөлмөрлөж, адилхан нийгэмд хувь нэмрээ оруулах боломжийг нээлттэй болгоцгооё!

"Эмэгтэй юм байж" гэх үгийг би амьдралдаа дахиж сонсохыг хүсэхгүй. Энэ үгийг сонсохгүйн төлөө нийгэмд тааруулан амьдарч насыг барахыг хүсэхгүй! Ээж аавын бахархал болсон охин байх, өөрийн хүсэл сонирхлынхоо эзэн нь байж амьдрах хоёр зөрчилдөх ёсгүй! Охин хүүхэдтэй айлууд хүүгүйдээ харамсаж, төрөхдөө сонгож чадаагүй хүйснээсээ болж хүсээгүй зүйлээ хүсч амьдрахаа болих цаг болсон! Учир нь бодит амьдрал дээр "Монгол Бүсгүй" шиг хүмүүсээс гадна "Ану Хатан" шиг эмэгтэйчүүд сая саяараа бий. 

ЦАГ БОЛЛОО!

#15 | ОРГАНИК хүнс

#15 | ОРГАНИК хүнс

#13 | Өнөөдөртөө амьдрах нь

#13 | Өнөөдөртөө амьдрах нь