Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#13 | Өнөөдөртөө амьдрах нь

#13 | Өнөөдөртөө амьдрах нь

Баасан гарагийн орой Меганаас зурвас ирэв: "Do you wanna go to the farmers market with Andrea and me? (Маргааш фермерчдийн зах руу Андреа бид 2-той хамт явах уу?)" Андреа, Меган хоёр бол миний дотны найз. Фермерчдийн зах гэдэг нь Сиатл хотын ойр орчимд ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээр Бямба гараг бүр 9-2 цаг хүртэл гадаа үйлчилдэг газар юм. Харин би дотроо бодно: "Надад цаг байгаа гэж үү? Бүтэнсайнд багтаагаад судалгааны эссэгээ дуусгааад явуулах ёстой. Үүнээс гадна номны нэг бүлгийг дуусгаад түүн дээрээ тайлан бичиж өгөх ёстой. Дээр нь нэмээд хоёр шинжлэх ухааны өгүүлэл уншиж шалгалтаа өгөх ёстой... Бүгд Даваа гарагаас өмнө..." Гэхдээ энэ бүгдээс илүүтэй надад нойр хэрэгтэй байв. Өнгөрсөн долоо хоног нь шалгалтын долоо хоног байсан учраас хоногийн 4-6 цагийн нойртой яваад байсан юм. "Унтах л хэрэгтэй байдаг..."

Ажлаа тарахын алдад би яагаад гэдгээ мэдэхгүй ч ингэж хариу бичив: "Sure. What time? (Тэгье ээ. Хэдэн цагаас?)"....

Хагассайны өглөө 9 гээд сэрэв. Гэхдээ их ядрангуй байсан учраас дахиад жаахан унтав. 10:15-ын үед Меганаас зурвас ирж байна. Фермерчдийн зах дээр бараг ирчихлээ. Охинтойгоо явж байна гэв. 10:30-аас уулзах цагаа товлосон байсан учраас гялс босоод биеэ бэлдэж аяга ус уучихаад хэрэгтэй зүйлсээ аваад шууд гараад явлаа. Нарны гэрэл... Удаан үзэгдсэнгүй шүү гэж бодов. Гадаа алхах үнэхээр сайхан байв. Цэвэр агаар, сэрүүн салхи, нарны гэрэл...

Би фермерчдийн захад дуртай. Хүмүүс нь их нөхөрсөг, ургац нь үргэлж шинэ, хүмүүс хүүхдүүдээ бас нохойнуудаа авчирна, ихэнх тохиолдолд кредит карт уншихгүй оронд нь бэлэн мөнгөөр тооцоо хийдэг, ногоо ургуулсан хүн өөрөө худалдагч нь байдаг учраас янз бүрийн сонирхолтой яриа өрнөнө. Гэтэл AmazonGo гээд ямар ч хүний харилцаа байдаггүй, очергүй дэлгүүр дэлхийд анх удаа Сиатл хотын төвд саяхан нээлтээ хийж байдаг. Уг дэлгүүр хүмүүсийн завгүй амьдралыг хөнгөвчлөх зорилгоор нэг ч худалдагчгүй, очергүй, ороод л авах бараануудаа сагсандаа хийгээд гараад ирэхэд автоматаар бараанууд нь бүртгэгдээд зээлийн картнаас нь мөнгө авах юм. Амьдралыг мөн хөнгөвчлөх байх даа... Хүн ер нь технологи хөгжихийн хэрээр амьдрал нь хөнгөвчлөгдөхийн оронд харин эсрэгээрээ илүү их ажиллаад байгаагаа хэзээ ухаарах юм бол оо?

Меганы нэг настай охин нь Андреад тэврүүлчихсэн нохой руу заагаад инээж харагдана. Харин Меган өөрөө алим сонгож авч байв. Би очоод юм ярилцангаа ямар ч төлөвлөгөөгүй 2 алим уутандаа хийв. Худалдагчтай нь ч бас ярилцав. "Гаднаасаа жаахан царай муутай л даа. Гэхдээ амт нь үнэхээр гоё" гэв. Би ч үгэнд нь итгээд хоёр алимаа авсан. Өнөөдөр тэгээд идэж үзлээ, дэлгүүрт байдаг алимнаас хамаагүй амттай байсан. Андреагаас өглөөний цайгаа уусан уу гэж асуувал уугаагүй ээ гэж байна. Би ч бас ууж амжаагүй байгаа гэхэд Меган "Тэгвэл манайд орж кофе уух уу?" гэв.

Блогийн фото зурагчин Б. Хангай   Инстаграм: @hann.bold.cr2

Блогийн фото зурагчин Б. Хангай

Инстаграм: @hann.bold.cr2

Ингээд дөрвүүлээ ямар ч төлөвлөгөөгүй Меганы гэрт кофе ууж суув. Охинтой нь тоглож баахан инээлдлээ. Буйдан налаад Мегантай органик хүнсний талаар ярьж байтал Андреа гитар барьчихсан Тейлор Свифтын 2009 оны хит дуу "You belong with me"-ийг тоглох сонсогдов. Магадгүй намайг Тейлорийн фен гэдгийг мэддэг учраас тоглосон ч байж мэднэ. Учир нь тоглож эхлээд удалгүй "Дуулаарай Заяа...." гэсэн юм. 

Удалгүй Меганы нөхөр Майкл гаднаас орж ирэв. "Воа Тейлор Свифтийн дуу юу даа? Та нар Sparks Fly гэдэг дууг нь мэдэх үү?" гэв. Түүний араас "Одоо тэгвэл Never Grow up, Back to December, Enchanted..." гээд л үргэлжлээд явчихав. Цаг хэр хурдан өнгөрч байгааг ч анзаарсангүй. Андреа хоолой салгаж би Мегантай үндсэн өнгөөр дуулсаар нэг мэдэхэд өдрийн 3 цаг болчихсон байлаа. Би тэндээ байгаад л баймаар байсан ч эцэст нь "За явах цаг боллоо. Ажил хичээл хэцүүдлээ. Та нарын ч ажил бас хэцүүдлээ" гэсээр Андреа бид 2 гэрээс нь гарав. Охин нь бид 2 луу баяртай гэж даллаад, чихмэл зааныхаа гарыг бас баяртай гэж даллав. Шатаар доош буухдаа Андреагийн өдрийн төлөвлөгөөг асуувал "Хичээл, хичээл, бас дахин хичээл" мэтийн хариулт өгч би ч мөн ижил утгатай юм ярьсаар гадаа гарч ирэв. Цаг агаар дэндүү сайхан байлаа. Гэр лүүгээ харих гээд замын гэрлэн дохио хүлээж зогсохдоо би "Өнөөдөр яг л паркаар зугаалж баймаар өдөр байна" гээд хэлчихэв. Андреа "Аль парк?" гэж асуувал би "Ковен, Равенна" гэж хариулав. Харин Андреа урдаас юу гэсэн гээч: "Тэгвэл явъя л даа!"

Андреаг хэлэх хүртэл би өөрийгөө хэчнээн их зүгээр л паркаар алхмаар байгаагаа даанч ухаарсангүй. Өөрөө өөрийнхөө бодол санаанд "хийх ёстой зүйлс" дундаа шоронгийн хоригдол нь болчихоод өөрийгөө чөлөөлж чадахгүй явжээ. Андреа ч магадгүй бас тийм байсан биз... Замдаа надад тэрээр эмэгтэй дүү нь удахгүй гэрлэх болчихоод байгаагаа, ийм жаахандаа гэрлэхээр яах бол гэх мэт санаа зовоосон асуудлуудаа ярьсаар нуурын эрэг дээр ирэв. Шувууд ниснэ. Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Олон зүйлсийг ярилцлаа. Сиатлд ирээд одоо хэн хэн болж өөрчлөгдсөн тухайгаа, үнэ цэнэтэй зүйлсээ хамгаалж амьдрах талаар ярьж суув. Аяндаа нар жаргах дөхөж хүйт даахын эрхэнд гэртээ харьцгаах цаг болсныг харилцан зөвшөөрч буцаад гэрийн зүг алхав. Андреа гэнэт "Чи кофе уумаар байна уу" гэх нь тэр. "Үгүй ээ, өнөөдрийн кофений доз хангалттай их байлаа" гэвэл "Тэгвэл bubble tea?" гэв. Ингээд Bubble tea-ний газар орж, дараа нь гэртээ харих замдаа би Андреад оройн хоол хийж өгөхийг санал болгоод Андреа ч зөвшөөрч манайд ирсэн юм. Ярилцаж суусаар цаг харвал оройны 10:15 болсон байв. Бурхан минь бүтэн 12 цаг. Намайг "Бид өнөөдөр юу ч хийсэнгүй" гэвэл Андреа "Өнөөдөр гэхдээ сайхан өдөр биш байна гэж үү?" гэв. Андреа гэртээ харьж би гал тогоогоо цэвэрлэж энэ өдрийг дуусгалаа. Аяга угааж байхдаа өөрийн эрхгүй инээмсэглээд дутагдаад байгаа зүйл нөхөгдчихсөн юм шиг тийм нэг амар амгалан мэдрэмжээр дүүрэн. 

Сэтгэл баяр баясгалангаар дүүрэн, амар тайван байж чадсан тэр өдөр миний хамгийн амжилттай өдөр байна. Гадаа нартай зугаалахад сайхан өдөр байсан учраас л зугаалж, дотны хүмүүстэйгээ ярилцаж, хамт хооллож өнгөрүүлсэн ганцхан өдөр. Ямар ч төлөвлөгөөгүй. Бороотой байсан бол өөр тийшээ явах ажилтай байсан ч түүнийгээ цуцалчихаад гэртээ амарч өнгөрүүлэх тийм л ганцхан өдөр. Бодоод байхад бидний бие ядрах биш тархи л их ядардаг болж дээ. Бороотой хүйтэн өдөр хэрвээ машин, компьютер, автобус, гар утас гэж байгаагүйсэн бол бид өөр хэн нэгэнтэй уулзахын тулд бие ядарчихна гээд хэдэн цаг бороонд алхахгүй шүү дээ. Оронд нь гэртээ байж нартай өдөр ирэхийг хүлээх байсан байх. Ийм замаар тархи ч мөн амралт авна. Харин одоо ядарч байвал алхахгүй такси барьчихна, тэнгэр нурж байсан ч уулзалтаа онлайнаар хийнэ, унтаагүй байсан ч кофе уугаад сэргэчихнэ. Бидний бие ядрахгүй байх хамаагүй ээ. Бидний тархи энэ их ажилд ядраад байна. Дэлгүүрт очерт хүлээж зогсохдоо ядаж л өөрөөсөө өөр хүмүүсийг ажиглан зогсож, өнөөдөр хийсэн зүйлсийнхээ тухай бодож, бага насандаа иддэг байсан чихрийн хайрцгийг лангуун дээрээс хүртэл таниад инээмсэглэх боломж олддогсон. Тэр цаг "дэмий" үрэгдээд байгаа цаг биш. Тэр цаг байж хэмээн тархи өөр зүйлд түр ч болов сатаарч, эргэн тойрноо харах боломжийг олгоно. Тархинд амралт болно. Харин бид яагаад тэр бүх цагийг үгүй хийх ёстой юм бэ? Хэдий болтол өглөөний 6-аас оройны 12 хүртэл "амжилт" гэх зүйлийн төлөө яг л мал шиг ажиллаж байгаа хүнийг "сайн байна" гэж биширч шүтсээр байх юм бэ? Бид "Амжилт" гэдэг үгийг дахин тодорхойлох хэрэгтэй байна! Аз жаргал бидний дэргэд байна!

#14 | Цаг боллоо!

#14 | Цаг боллоо!

#12 | Зочин П. Дэлгэржаргал: "Мөхөл рүүгээ явж байгаа зүйлийг хөгжил гэж нэрлэхгүй".

#12 | Зочин П. Дэлгэржаргал: "Мөхөл рүүгээ явж байгаа зүйлийг хөгжил гэж нэрлэхгүй".