Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#41 | Том Цэнхэр

#41 | Том Цэнхэр

Энэхүү өгүүллэгийг Дан Бортоллоттигийн “Wild Blue” номноос сэдэвлэн бичив.

Би энэ номыг зүгээр л хүчээр унших хэрэгтэй байсан юм.

-Яагаад? —Юу ч мэдэхгүй болохоор тэр.

-Юуны талаар? -Далайн талаар. Далай байтугай нуурын талаар. Усны талаар. Би уснаас айдаг. Гэхдээ би сэлдэг. Усанд живж үхэхээс айдаг учраас сэлдэг юм. Усанд толгойгоо дүрснээс хойш амьсгалах аргагүй болдог учраас, далайн усны доод ёроол нь харагддаггүй учраас, доошлох тусам харанхуй болдог учраас, тэр гүнд юу байгааг мэдэхгүй учраас ус аймаар.. Тэр гүнд нэг том амьтан амьдардаг. ЦЭНХЭР ХАЛИМ.

Калифорниагийн Санта Барбарагийн музейд 22 метр урт цэнхэр халимны яс бий. Ер нь Калифорниа мужийн эрэг тэр чигээрээ цэнхэр халимны зун цагт ирж хооллодог газруудын нэг л дээ. Тиймээс халимны яс Санта Барбарагийн музейн хойморт заларна гэдэг угийн гайхаад байхаар зүйл биш. Дотроо их догдоллоо. Учир нь хэдхэн цагийн өмнө харсан тэр аварга амьтныг маш ойроос ажиглах боломжтой болж байна шүү дээ. Далайд гарахдаа цэнхэр халимыг заавал харна даа гээд завиндаа суусан юм. Тэгээд ч харсан. Түүнийг амьдаар нь харсан тэр үед өмнө нь ямар ч амьтан, ямар ч загас, ер нь ямар ч гайхалтай зүйл харж байгаагүй юм шиг сэтгэгдэл төрж билээ. Эйфелийн цамхаг, Эгиптийн пирамид, Цагаан хэрэм гэв үү? Инээдтэй юм… Далайн усыг дундуур нь зүсч гарч ирээд хар цэнхэр өнгийн асар том нуруу нь үргэлжилсээр маш их удсан нь яг л хэдэн км газар туулав уу гэмээр. Тэгэж тэгэж заламгай нь нэг юм цухуйгаад уг халим буцаад ус руугаа шумбасан даа. . .

Удалгүй завин дээр хэт их удаан сууснаас болж дотор муухайрч, халуун наранд цохиулсан баатар Санта Барбарагийн музейд орж ирэв. Гэтэл тэнд хэдэн бага сургуулийн хүүхдүүдтэй бас таарлаа. 12, 13хан настай гэмээр нэг жаал халимны маань яс руу заагаад “Хараач, динозавр!” гэх нь тэр. Өөр нэг жаал тэр үед “Үгүй ээ, наадах чинь цэнхэр халим” гэж үгийг нь зөвтгөлөө. Тэгэхэд тэр хүү эргээд халимны яс руу харахдаа ганцхан секунд болсон ба амнаасаа “Шал уйтгартай юм” гэдэг үг унагачихав.

Би юу ч ойлгосонгүй. Сая уйтгартай гэв үү? Ажиглаад байвал дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүд динозаврыг их гайхамшигтай гэж боддог нь илт юм. Дэлхийн хаанаас ч хайгаад олдохгүй, байсан гэдгийг нь зөвхөн яснаас нь л мэдэх боломжтой динозавраас Цэнхэр халим доогуур үнэлэгдэж байна гэж үү. Энэ нь алдарт Холливудын тусгай эффекттэй кинонуудын л үр дүн биз. Авенжерсийн Инфинити Уар-ын гунигтай төгсгөлийн эхлэлийг тавьсан Крис Праттын тоглосон Журассик Парк мэтийн киног хэлж байна. Эдгээр кинонуудын динозаврыг олон нийтэд гуйвуулан алдаршуулж байгааг би буруутгаж чадахгүй бас хүсэхгүй. Гэвч дэлхийн түүхэнд оршиж байсан одоо ч оршсоор байгаа БҮХ амьд биетдийн хамгийн том амьтан болох Цэнхэр халим нэг сургуулийн жаалын анхаарлыг нэг секундээс илүү хугацаанд татаж чадахгүй байгаа нь харамсалтай. Хэрэв Цэнхэр халим устаж үгүй болоод далайн ёроолд ясаа үүрд тавьбал бид динозаврын биш харин “Дэлхийн хамгийн том амьтны амьдрал ямар байсан бол?” гэх асуултыг яснаас нь асуух байсан болов уу?

Цэнхэр халим түүхэн дэх хамгийн том амьтнаас гадна хамгийн чанга дуутай нь, мөн хамгийн хүнд жинтэй нь. Бас хамгийн их хоол голж шилэмтгий нь. Багадаа “Немогийн Эрэлд” хүүхэлдэйг үзэж байхдаа Доритой таарсан тэр халим амандаа яагаад ямар ч шүдгүй, харин баахан шаргал бор өнгийн үстэй байсан юм бол оо гэж би их гайхдаг байж билээ. Халимыг үргэлж хурц соёо, шүдтэйгээр төсөөлдөг байсан би тэр үед магадгүй зураглаачид халимны шүдийг зурж мэддэггүй байсан байх гэж бодсон. Гэтэл халим нь дотроо шүдтэй, шүдгүй гэдэг хоёр төрөл байдаг гэдгийг сүүлд олж мэдсэн юм даа. Доритой таарсан тэр халим Цэнхэр халим байсан эсэхийг мэдэхгүй ч яах аргагүй Цэнхэр халимны ойрын төрөл байж таарна. Учир нь Цэнхэр халим нь шүдгүй төрөлдөө ордог, мөн сам хорхойтой тун төстэй крилл гэдэг жижиг биетээр хооллодог юм.

Шүдгүй, харин шаргал бор өнгийн үстэй байгаа биз?

Шүдгүй, харин шаргал бор өнгийн үстэй байгаа биз?

Доритой таарсан энэ халим Цэнхэр халим байх тун магадлалтай. Яагаад гэвэл энэ хоёрыг залгиулахаас өмнө кинон дээр ийм нэг хэсэг бас гардаг юм.

Krill-үүд: -Зугтаарай!  Дори: Хараач, криллүүд байна!

Krill-үүд: -Зугтаарай!

Дори: Хараач, криллүүд байна!

Одоогоор хэмжигдсэн хамгийн урт халим 30м урттай, 200 тонн жинтэй байдаг юм. Харин толгойноос нь сүүл хүртэл хэмжсэн хамгийн урт динозавр 26м байдаг. Дэлхийн хамгийн том заан Африкт байдаг ба түүний жин нь 6 тонн. Тэгэхээр хуурай газар, далай 2-ыг нийлүүлсэн ч хамгийн хамгийн рекордыг Цэнхэр халим л эзэмшдэг юм. Гунигтай түүх рүү орцгооё.

Хүн төрөлхтөн их аймшигтай гэдгийг ямар ч амьтны түүхийг судлаад мэдэх боломжтой. Бид их ой гутмаар, хүнлэг сэтгэл ярьдаг хэрнээ түүнийхээ утга учрыг яг ойлгодог уу гэдэг их эргэлзээтэй юм л даа. Өнөөдөр Цэнхэр халимны талаар ярьж байгаа нь бүх амьтны төлөөлөл болж чадахуйц хар түүхийг энэ амьтан нуруун дээрээ үүрч явдаг болоод тэр. Ердөө ширээн дээр чинь гэрэлтэх лааны тос, цөцгийний оронд хэрэглэгдэх маргарин болохын төлөө энэ амьтан бүхэл бүтэн 100 жилийн турш нуруундаа хэдэн арван жад зоолгуулж, зарим үед дотроосоо дэлбэлүүлж, ус юүлдэг нүхээ цусаараа юүлж байсан. 1912 он гэхэд л 95фут урт хээлтэй Цэнхэр халим далайн уснаас дөнгөж цухуйгаад тугалаа төрүүлсэн байдаг юм. Ядарч сульдсан эх дөнгөж төрсөн тугалтайгаа байж байхад халимчид ирээд дөнгөж төрснийг нь мэдсээр байж тугалтай нь хамт жадалж алсан баримт байдаг. Тугалыг нь сүүлд хэмжихэд 7м байсан.

Хүн төрөлхтний амьтан агнах бизнес ямар зарчмаар явагддаг вэ гэвэл бид өөрт таалагдсан нэг амьтныг сонгож аваад үе үеэр нь хядаж эхэлдэг. Харин тэр амьтан ховордож дуусаад эдийн засгийн хувьд олоход хэцүү, ашиггүй болоод ирэхэд дараагийн амьтан руу шилжинэ. Энэ маягаар явсаар хуурай газар, далай тэнгисийг хоосолдог билээ. Цэнхэр халимыг анх хэн ч агнаж дийлдэггүй байсан юм. Бусад халимуудыг бодвол маш хурдан, мөн үхэхээрээ шууд живдэг амьтан учраас алсны дараа живэхээс нь өмнө өргөөд зөөвөрлөх чадвар бидэнд даанч байдаггүй байлаа. Харин технологи хөгжихийн хэрээр жадаа буугаар сольж завиа усан онгоцоор сольж өргөжүүлж чаджээ. Үүний ачаар Антарктикийн 300 мянган Цэнхэр халим байснаас ердөө 70 жилийн дотор 330 мянгыг алж усгтаад өнөөдөр энэ амьтан “Ховордсон” амьтдын жагсаалтанд бүртгэгдээд байна.

Техник технологи, зохион бүтээгчдийг бид ямар тохиолдолд магтаж сайшаадаг юм бол? “Сайн” гэдэг тодотгол зөвхөн бидний өнцгөөс харсан тодорхойлолт байдаг юм бол хорвоо дээр хүн амьтан хоёрт зэрэг үйлчлэх нэг тогтсон ёс суртахууны хэм хэмжүүр байдаггүй гэсэн үг. Миний дайсан надад муу ч өөр хэн нэгний найз нөхөр байх жишээтэй. Дайны гавъяат баатар өөр улс орны үзэн яддаг дайсан байдагтай яг ижил.

Анхандаа Цэнхэр халимыг зөвхөн мах, хоол хүнсний зориулалттай агнаж байгаад бензин олж илрүүлэхээс өмнө шатахуун болгож ашигладаг байсан юм. Хэдийгээр газар доорх нөөцийг тэгэж шатаах нь дэлхийн дулаарал, агаарын бохирдлоос эхлээд томоохон байгаль орчны асуудлын эхийг тавьсан ч шатахуунд ядаж тосыг нь хэрэглэхгүй болсон нь энэ амьтанд зол болсон юм. Гэхдээ бидний шунал буураагүй. Бидэнд шүхэр яагаад ч юм хэрэгтэй болсон. Бидэнд юм оёх утас хэрэгтэй болов. Цаашлаад саван ч үйлдвэрлэх шаардлагатай боллоо. Ингээд мянга мянган цэнхэр халим ердөө гар угаах саван болохын төлөө алагдаж эхэлсэн юм даа. Дэлхийн хоёрдугаар дайн болоход ихэнх эрчүүд цэрэгт татагдаж халим агналт буурах нь уу гэж горьдсон ч тэгсэнгүй. Улс орнууд Антарктикийн халимыг цусаар юүлүүлэн алчихаад тосоор нь дэлбэрэх бодис үйлдвэрлэж Европ дахь хүмүүсийг дэлбэлж эхэлсэн юм. Бодоод үзвэл энэ их сонирхолтой жишээ юм шүү. Хүмүүс бие биенийгээ дэлбэлж алахын тулд Антарктикийн цэнхэр халимыг дэлбэлж алж байсан юм. Тэгээд үр дүнд нь хэн баярласан юм бэ?

Эдгээр түүхүүдийг уншсаны дараа нэг л зүйл надад их ойлгомжтой санагдана. Цэнхэр халим бидэнд ямар ч өргүй байхад бид түүнд асар их өртэй гэдгээ мэддэггүй юм. Цэнхэр халим яг хэд насалдгийг ч бид мэддэггүй юм шүү дээ. Бас амьдралынхаа туршид хэдэн тугал дунджаар төрүүлдгийг ч мэдэхгүй. Энэ амьтан дээр хийгдсэн судалгаа их бага, учир нь эрдэмтэд судалгааны санхүүжилт олж чаддаггүй юм. Магадгүй бид авахаа л мэддэг учраас их буу барихад хэдэн тэрбумаар нь цацсан боловч амьтан хамгаалах болоод судлах гэхээр хэн ч хөдөлдөггүй тийм хүнлэг сэтгэлгүй амьтад юм болов уу. Түүнийг агнах их бууг бүтээсэн Ноён Фойд 10-хан жилийн дотор патентаа зөвхөн өөртөө үлдээснээрээ тэрбумтан болсон түүхтэй. Харин тэр хөрөнгийн ширхэг зоос Цэнхэр халимны нөхөн сэргээлтэнд зарцуулагдаагүй юм.

#42 | Бидний сэтгэлгээний алдаа

#42 | Бидний сэтгэлгээний алдаа

#40 | Өвчнөө өөр хүнд өгөх

#40 | Өвчнөө өөр хүнд өгөх