Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#44 | 2018-аас 2019 он руу | Шинэ жилийн тусгай дугаар

#44 | 2018-аас 2019 он руу | Шинэ жилийн тусгай дугаар

Та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэе!

Нэг жил өнгөрч, дахиад нэг жил ирнэ. 12 сарын 31-нээс 1 сарын 1 хүртэл өнөөдөр маргаашийн хоорондох ганцхан өдрийн л зай байна шүү дээ. Тогтож бодвол нэг онд тохиолдсон өдөр хэзээ ч дахиж давтагддаггүй, 2017 оны 12-р сарын 31 бол цагийн урт шугамд ард хоцорсон нэг өдөр болохоос биш бид нарын дахин зочилж буй 2018 онд давтагдаж байгаа өдөр яагаад ч биш. Гэвч шинэ жил бол биднийг догдлуулдаг өдөр. “Би бусад ямар ч баяраар хардаггүй тийм гоё гэрлэн чимэглэлүүдийг зөвхөн шинэ жилээр л хардаг” гэж нэг найз минь хэлж байсан юм. “Би бусад ямар ч өдрөөр хардаггүй тийм их догдлол, итгэлийг шинэ жилийн өдөр л хардаг” гэж би харин хэлж байна.

2018 оныг үдэж байгаатай холбогдуулан энэ жил болсон баяр баясалтай өдөр хоногуудын хамгийн их сэтгэлд үлдсэн хэдийг та бүхэнтэй хуваалцъя. Гэвч энэ түүхүүдээ хуваалцахад хаана хэзээ болсон бэ гэдгийг би дурьдахгүй. Учир нь энэ түүхийн гол утга учирт аливаа байгууллагын нэр, нэр хүнд, албан тушаал огт хамаагүй билээ. Аливаа байгууллагад тэнцэж ажиллах болсон нь, хашсан албан тушаал өндөр байсан нь, авсан сертификатууд, тэтгэлгүүд энэ оны онцлох зүйлс биш. Харин түүхүүд болон тэдний надад үлдээсэн сэтгэгдлүүд миний 2018 оны онцлох үйл явдлууд болоод байна.

  1. Сайн дурын багшаар ажилласан явдал. Би энэ ажлыг ямар ч цалин авалгүйгээр өдөр болгон хийж чадахаар байв. Өдөр болгон маргааш нь оюутнуудынхаа сониучирхсан асуултуудыг сонсох гэж нойргүй хонож өглөө бүр 5.30-д босч байсан нь надад хамаагүй байв. Хүнийг бид дотоод хүчтэй гэж их ярьдаг, тэр нь харин чин сэтгэлээсээ хийхийг хүссэн зүйлс дээр л гарч ирдэг нь үнэн байх. Миний хувьд авч байгаа шан харамж нь сурагчдын шинээр юм мэдсэндээ баярласан харц байсан юм. Ойлгосон харц. Тэмүүлсэн харц. Өдрөөс өдөрт улам сониучирхсандаа асуух асуултууд нь ихсэх нь л миний авч болох хамгийн том шагнал байсан. “Заяа, хэрвээ амьтны эрх гэж ярьвал тэжээвэр амьтан авахыг бас хориглоно гэсэн үг мөн үү? Тэгэхээр дэлхийн 2-р дайн болоогүй бол зарим хүмүүс хоорондоо уулзахгүй байх байсан, тиймээс яг адилхан хүмүүс төрөхгүй байх байсан гэсэн үг үү” гээд л. Хэн мэдлээ, миний ихэнх амьдрал дөрвөн хананы дунд өнгөрсөн. Харин анх удаа Дэлхийн Банкинд ажиллахыг биш эсрэгээрээ сургуулиа төгсөөд үүргэвчиндээ багтах юмнуудаа чихэж аваад Европ эсвэл Африкийн хаа нэг тийшээ багшлахаар явбал яасан ч харамсахгүй гэдгээ л энэ үед ухаарсан юм.

  2. 1-р ангийнхаа багшийнхаа гэрт нь хичээлийн шинэ жилээр очив. Энэ хүнтэй уулзсаныхаа дараа би дараах богино бичвэрийг бичсэн байна. “Энэ хүний талаар их зүйл ярьж болно. А үсэг заасан анхны багш гэх мэт. Гэхдээ 14 жилийн дараа хамгийн анхны багштайгаа уулзаад өнөөдөр л тэр хүнийг анх удаа том хүний нүдээр харахдаа ямар намбалаг хүн байсныг сая мэдлээ. 7 настай жаахан хүүхдүүдийн ар гэрийн амьдралыг ойлгож ажилладаг хоёрдогч ээж байжээ. Аав ээж нь Солонгост ажилладаг байсны улмаас сурлага нь муудсан хүү, ар гэрийн боломжгүй охин. Яах вэ дээ, сурдаггүй хүүхэд гэж байна, хамгийн гол нь өөрийгөө голдог хүн биш байгаасай гэсэндээ чичилж доромжилдоггүй, хүнлэг ханддаг хүн байж. Дэлгэрзаяагийн өөртөө итгэх итгэл гэдэг зүйл энэ багштай уулзахаас өмнө дэлхий дээр оршдоггүй байсан байх. Магадгүй тоос тортог чинээ байсан юм болов уу. Дээр нь зурах ёсгүй байсан зургийн дэвтэр дээр зурмаар санагдаад хэрэмний зураг зурсан байсныг хараад “Ямар хөөрхөн зураа вэ” гээд онц тавьсан цор ганц багш. Яах вэ, зурах дуртай л хүүхэд байгаа биз гэж бодоо байлгүй. Гэтэл би дотроо түг түг хийгээд яг загнуулна даа гээд айж суулаа шүү дээ. Өөрийнх нь дүрмээр байгаагүй ч хөдөлмөр авъяасыг минь тэгэж үнэлсэн нь надад үнэтэй байж, сэтгэлд үүрд үлдсэн онцгой нэгэн. Жил болгон Оюунцэцэг багшийгаа дурсахдаа очиж уулзна даа, яг дараа жил гэж хойш тавьсаар энэ жил очихдоо л аль хэдийн тэтгэвэрт гарсныг нь мэдэх… Эртхэн уулзаж чадаагүй муу шавийгаа уучлаарай. Уучил…”

    Энэ хүн 14 жилийн турш царайг нь хараагүй сурагчаа хараад л “Өө, Дэлгэрзаяа ирсэн байна шүү дээ” гэсэн юм даа. Та багштайгаа заавал очиж уулзаарай.

  3. Тагтан дээр хувин дотор уначихсан хараацайг аварсан нь. Тагтан дээр шувуу нисэх дуу 3 хоног сонсогдсон юм. Нэг юм сар сур хийгээд л алга болчихно. Заримдаа шөнөөр, заримдаа өдрийн цагаар. Би дотроо “Тагтны цонх онгорхой учраас л гадаа нисч байгаа шувуу нь дуугараад байна” гэж бодож 3 хоносон юм даа. 3 дахь хоног дээр нь ааваар нэгжлэг хийлгүүлэв. 2 хараацай олсон бөгөөд нэг нь амьд, нөгөөх нь үхчихсэн байлаа. Амьд нэг нь айсандаа хувингаас гарангуутаа хүний гар хүргэхгүй зугтаж хайрцагны ардуур нуугдана. Бараг цаг гаруй суллах гэж оролдов. Гадаа гаргаад өвстэй газар олоод тавья. Үгүй, нохойнд бариулчихвал яана. Барьж аваад цонхоор шидчихье. Тагтан дотор нисч чадахгүй байгаа шувууг яаж гаргаад шидэх юм бэ? Магадгүй далавч нь гэмтчихээд л нисэхгүй байгаа биз. Бас яаж барьж авна гэж? Айсандаа үхчихвэл яана. Ингээд би ч инстаграм, гүүгл 2-оос тусламж эрээстэй, Оюу Толгойн шувуу судлаач ахлах руугаа хүртэл амралтын өдөр утастаж яагаад ус ууж, улаан лооль идэхгүй байгааг нь асуув. Ингэж байгаад битгий л цангаад үхчихээсэй. Эцэст нь аав МУИС орж Биологийн тэнхимийн профессортой уулзаад яахыг асуутал хараацай шувуу хөл богино, далавч урттай учир шууд дээш хөөрч нисдэггүй, доош унаж байж моментумаа олдгийг олж мэдэв. Тэгээд л урт дамнуурга мод олж аваад нуугдсан газраас нь нээлттэй цонх хүртэл дагуулж тавиад хүлээв. Нэлээн хэдэн удаа хоосон шил мөргөж унасаар эцэст нь нээсэн цонхнуудын нэгээр нь гарч доош унаад буцаад дээшээ хөөрөөд ниссэн юм даа. Би их баярласан... Энэ бол гэр бүлийн хамтын ажиллагаа байсан бөгөөд тэр хөөрхий шувуунд сайн сайхныг хүссэн нь эцэст нь сайн үр дагаварыг авчирсан мэт байсан юм.

Энэ мэт энэ жил сайхан дурсамжуудаар дүүрэн ажээ. Нэгнийгээ өвдөхөд бүлгээрээ дуу дуулж өгсөн нь, төрсөн өдрөөрөө яг ч төрсөн өдрөө биш харин оронд нь найзуудынхаа төгсөлтийн баярыг хамтдаа тэмдэглэсэн нь, зам цэвэрлэж байсан ахад ундаа аваачиж өгсөн нь, найзууддаа банантай талх барьж өгсөн нь, дэлгүүр явахдаа ширхэг ч гялгар уут энэ жил хэрэглээгүй нь, найзыгаа төрсний дараа жижигхэн хоёр бойтог бариад очсон нь энэ жилийн хамгийн дурсамжтай үеүд болсон байна.

Жилийн өмнө би ямар их стресстэй байсан тухайгаа ярьж байсан. Үнэнийг хэлэхэд, энэ жил ч мөн стресстэй байсан юм шүү. Гэхдээ сэтгэл бол хувирч өөрчлөгддөг зүйл, харин баяр баясал бол бусдад сайхан зүйл хийснээр авдаг хариу бэлэг юм гэдгийг энэ жил ухаарч ойлголоо. Дэлгүүр явах бүртээ “Би чинь гялгар уут хэрэглэхгүй байж чадаад байна шүү дээ” гэж бодох бүрт инээмсэглэж байсан. Халуунд зам цэвэрлэсэн ах “Баярлалаа” гэж хэлэхэд би л өдөржингөө баяртай байсан. Аз жаргал нэг ундааны л үнэтэй байсан юм гэж үү? Магадгүй л юм. Зөв цагт нь яаж хэрэглэж байгаагаас болоод ямар ч үнэтэй байж болох биз.

Эцэст нь юу гэх гээд байна вэ гэхээр дээрхийн алийг нь ч би нэр төр эсвэл ажлын шугамаар хийгээгүйд бүх юм оршоод байна. Эргээд харвал энэ нь яг л миний блог шиг. Хүссэн учраас л хийж, надад баяр баясал авчирсан учраас л үргэлжлүүлсээр бүтэн жилийг барчихаж. Тэгээд л бид ихэнх тохиолдолд бусдад зориулж юм хийх нь эргээд өөрт аз жаргал авч ирдэг юм гэдгийг ойлгодоггүй юм болов уу гэж одоо гайхаж сууна. Та өнөөдөр тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирээд зоолттой дараа жилийн төлөвлөгөөнүүдээ гаргах болно. Яг л би 2016 онд гаргаж байсан шиг. Тэр үед зорилго дотор авахыг хүсч байна гэж бодсон зүйл болгон минь авчихсны дараа баяр баясал биш стрессийг надад бэлэглсэснийг 2017 оны 12 сарын 31-ний өдөр та бүхэнд маш тодорхой хэлж байсныг санаж байгаа байх. Өнөөдөр дэвтэртээ бичсэн зорилгуудаа нэг хараарай. Гадаад руу явах, жин хасах, булчин нэмэх, англи хэлээ сайжруулах, ажил олох, дүнгээ ахиулах…. энэ жагсаалт хэзээ ч дуусахгүй. Гэвч тэр дуусахгүй жагсаалт дунд хэзээ ч “Зам цэвэрлэдэг ахад ундаа аваачиж өгөх” гэдэг зорилго байхгүй байгаа гэдэгт би итгэлтэй байна. Таны жагсаалт арай л хувиа хичээсэн байгааг анзаарч байна уу? Та жагсаалтдаа яагаад өөрт тань баяр хөөр авч ирэх зорилгуудыг нэмдэггүй юм бэ? Амьдрал тийм урт гэж үү?

Нэмээд хэдхэн амархан мөртлөө бичихгүй бол хэзээ ч биелэхгүй зорилгуудаа бичиж эхлээрэй. Жишээ нь

  1. Бага ангийнхаа багш дээрээ очих

  2. Найзууддаа хоол хийж өгөх

  3. Эцэг эхдээ талархсан 1 минутын видео хийж явуулах

  4. Гялгар уут огт хэрэглэхгүй байснаар 22,000 ширхэг гялгар уут хэмнэж чадахыг мэдэх үү? Даавуун тор л ашиглах

  5. Кафед авч явахаар биш сууж кофе уух. Яагаад? Авч явбал пластик саванд кофе хийж өгнө, сууж уувал шаазан аяганд хийж өгнө. Хаягдлаа багасга.

  6. Найзынхаа охиныг 2 цаг харж өгөх

    Энэ тал дээр цагаа яаж хуваарилах нь таны авъяасын асуудал.

    2019 онд та аз жаргалтай байх болтугай!

#45 | Үг, Үйлдэл Хоёр

#45 | Үг, Үйлдэл Хоёр

#43 | Подкаст | Шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх лекц

#43 | Подкаст | Шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх лекц