Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#40 | Өвчнөө өөр хүнд өгөх

#40 | Өвчнөө өөр хүнд өгөх

Өөрийгөө өвчтэй болсон гэж төсөөлөөд үзээрэй. Эдгэж магадгүй, эдгэхгүй ч байж мэднэ. Өвчнийг тань эмчлэх үндсэндээ хоёр арга байна л даа: эхнийх нь анагаахын шинжлэх ухааны тусламжтай онош тавьж, оношлогооны дагуу эм тариа хэрэглэх, харин удаах нь эм тариа гэлгүйгээр өвчнөө өөр хүнд шилжүүлэх юм. Өөрөө тусчихсан өвчнөө өрөөлд шилжүүлэх нь өвчнийг тань эдгээх бөгөөд өрөөл нь эм ууж байж өөрийгөө эмчлэх боломжтой болох юм. Өөр хүнийг зовлонд унагах замаар өөрийнхөө эрүүл мэндийг аврах хоёр дахь сонголт арай л хувиа хичээсэн шинж чанартайн дээр ёс зүйн асар том доголдолтой хүний хийх үйлдэл гэдгийг ойлгож байгаа биз.

Хэрэв бусад хүний эрхэнд ийнхүү халдахыг ёс зүйн буруу үйлдэл гэдэгтэй санал нийлж байгаа бол өнөөгийн нийгмийн системүүд яг энэ гаж зарчим дээр суурилан үйл ажиллагаа явуулдаг гэдгийг төдий л анзаардаггүй нь хачирхалтай.

АНУ-ын Калифорниа муж, Вашингтон муж хоёр хоорондоо их ялгаатай. Калифорниа муж нь газар зүйн байршлын хувьд далайн эрэг даган орших боловч хойд зүгт нь нэг уртрагийн дагуу орших Вашингтон мужаас тэс өөр цаг ууртай. Хоёул далайн эрэгтэй боловч Калифорниа муж хуурай, Вашингтон муж харин ногоон, чийглэг уур амьсгалтай. Калифорниа үргэлж нарлаг байтал Вашингтоны дийлэнх хэсэг үргэлж бүрхэг, бороотой байна. Учир иймд Калифорниагийн зарим хэсгийг цөл гэж нэрлэж болох ба ундны усны нөөцөө дотоодоосоо хангах боломжгүй тул өөр мужаас татаж авч хэрэглэдэг юм. Түүгээр ч зогсохгүй энэхүү муж дэлхийн эдийн засагт эзлэх хувиараа дангаараа 5-р байрт жагсдаг. АНУ-ын 50 мужийн зөвхөн нэг нь ганцаараа бүхэл бүтэн улс, тэр дундаа Европийн өндөр хөгжилтэй Английн Нэгдсэн Вант Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс 66 сая доллараар илүү үйлдвэржилт явуулдаг гэхээр энэ мужийн эдийн засгийн цар хүрээ их том. Зөвхөн энэхүү мэдээллээс Калифорниа мужийн газар нутаг дээрх хүмүүсийн хэрэглээ асар өндөр гэдэг дүгнэлтийг гаргаж болно. Учир нь эдийн засгийн хэмжээ бол тэр чигээрээ хэр их зүйл хэрэглэж байгааг хэмждэг зардлын хэмжүүр билээ (Дэлгэрэнгүйг Блог 16-аас).

Энэ их үйлдвэржилтийг явуулах гээд уснаас эхлээд байгалийн нөөцөө цөлмөж дуусч байна уу гэж Калифорниа мужийн бизнес эрхлэгчдээс асуумаар. Гэвч ажиглаад байвал Калифорниа мужийн бяцхан ой шугуй анх байсан чигээрээ хадгалагдсан хэвээр, хөрсөн доорх баялагийг нь малтаж авсан тохиолдол ховор. Иргэд нь ногоон байгууламж ихтэй, байгалийн чанга хуультай газар амьдарч байгаагаа зарлах их дуртай бөгөөд байгаль орчиндоо ийнхүү анхаардаг газарт амьдарч байгаадаа сэтгэл нь их хангалуун байх ажээ.

Хэдэн жилийн өмнө Калифорниагийн байгаль орчны хурлын үеэр нэгэн байгаль хамгаалагч ярианыхаа дундуур “Та нарын хэд нь модоор хийгдсэн байшинд амьдардаг вэ?” гэхэд дийлэнх хүмүүс гараа өргөж байсан юм. Харин удалгүй уг илтгэгч дахиад л “Тэгвэл хэд чинь байшин чинь Калифорниа мужийн модоор хийгдээгүй учраас хайхралгүй тэр модон байшингаа худалдаж авсан бэ?” гэхэд танхим чимээгүй болоод явчихав. Удаж удаж нэг хүн “Наад асуулт чинь таалагдахгүй байна” гэж хариулсан юм даа.

Калифоринагийн эдийн засаг өсөх тусам Амазоны ой шугуй хорогдож байдаг. Калифорниагийн байгаль орчны хууль чангасах тутамд хортой химийн бодисоор амьсгалах хүүхдийн тоо өөр нэгэн буурай газар өссөөр байдаг. 2015 оноос хойш уг мужид мөнгөн усны стандарт, агаарын чанарын стандарт, мөн озоны стандартууд улам чангарч байгаль орчин хамгаалагчид ч ура хашгирч байсан юм. Эдийн засгийн өсөлт болон байгаль хамгаалалтыг хоёуланг нь жигд дэмжиж чадлаа гэж хүмүүс итгэж байсан. Гэвч байгаль орчны хуралд ирсэн тэдгээр хүмүүсийн аль нь Амазоны хорогдсон ойн модоор хийгдсэн байшин худалдан авч эдийн засгаа өсгөчихөөд өөрсдийн модоо хав дарж хангалуун амьдарч байгаагаа ухаараагүй. Хачирхалтай хэрэг шүү.

АНУ-ын ганцхан мужийн жишээ гэхэд л ийм. Энэ ёс зүйн буруу тогтолцоо үнэндээ газар сайгүй байх аж. Магадгүй үүнийг ёс зүйн доголдолтой алхам гэдгийг ухаардаггүй хүмүүс байдаг юм болов уу? Жишээ нь жилийн өмнө л гэхэд нэг залуу илтгэл тавьж байхдаа хувийн хувцасны фирмийг Монголдоо байгуулмаар байна гэж хэлж байсан юм. Харин шүүгчдийн нэг нь “Хувцас үйлдвэрлэх чинь үйлдвэрлэж байгаа хүмүүстээ их хортой шүү дээ. Тэр олон химийн бодисны асуудлыг яаж зохицуулах вэ?” гэж асуусан. Хариуд нь залуу “Яг тэр хортой үйлдвэржилтийн хэсэг нь Монголд явагдахгүй л дээ. Материалыг нь гадаадаас, магадгүй урд хөршөөсөө оруулж ирээд үйлдвэрлэх юм. Тэгээд ажлын байрыг нэмэгдүүлнэ” гэхэд шүүгчид толгой дохиод чимээгүй болчихсон нь их харамсалтай санагдаж билээ. Түүний хариулт нь химийн бодисыг хамгийн бага байлгах тал дээр анхаарч, үйлдвэрлэж байгаа үндсэн профессийн аюулгүй ажиллагааг бүрэн хянана гэсэн байсан ч болоосой… Тэр бусад хүмүүс яах болж байна? Амазонд хүн амьдардаггүй гэж үү? Хятадад хүүхэд өсдөггүй гэж үү? Аль нэг химийн бодис үндэстнүүдийг ялгаж өөр өөр хэмжээгээр нөлөөлдөг юм уу? Бид өөрсдийн хэрэглээнээс урган гарч байгаа хорныхоо үр дагаврыг яагаад өөрсдөө эдлэх чадваргүй бас хүсэлгүй тийм хариуцлагагүй байдаг юм бэ? Хэрэглэсэн зүйлийн чинь хариуцлагыг яагаад өөр хэн нэгэн хүлээх ёстой гэж?

#41 | Том Цэнхэр

#41 | Том Цэнхэр

#39 | ПОДКАСТ | "Монгол Бахархлын Өдөр" Зочин: П. Дэлгэржаргал

#39 | ПОДКАСТ | "Монгол Бахархлын Өдөр" Зочин: П. Дэлгэржаргал