Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#38 | Анир

#38 | Анир

Би унадаг дугуйтай явж байгаа нэг залуу гудманд ээжийнхээ гараас хөтлөөгүй алхаж явсан жаахан хүүхдийг дайрахыг харлаа. Тэр жижигхэн бие нь агаарт хөөрөөд цементэн зам дээр хоёр удаа резинэн бөмбөг шиг ойгоод пидхийтэл буусан юм. Миний зүрх тэрхэн хоромд хэр удаан зогссоныг би хэлж мэдэхгүй нь. Магадгүй нэг минут? Эсвэл хэдэн секунд? Агаарт хөөрөөд шидэгдэхдээ орилсон жаалын дуу, ээжийнх нь чарласан авиа, унадаг дугуйны огцом зогсоод цементэн зам дээр үрэгдэх хамерын чимээ бүгд тэр өдрийн бүрхэг тэнгэртэй хамт уусаад алга болсон юм шиг л чимээгүй байсан. Хүүхэд зүгээр л дээш өргөгдөж агаарт нисээд бөмбөг шиг чимээгүй ойгоод газарт чимээгүй уначихсан. Харин одоо бол уншаад хаясан сонин шиг орооцолдож хэвтэнэ.

Энэ бүгд зүгээр л чимээгүй болж өнгөрсөн дөө. Энэхүү явдлыг харах нь надад яг л холын хол оддыг телескоп дурангаар харж байгаа юм шиг байв. Чив чимээгүй. Хүүг агаар дээр нисч байх тэрхэн ганц хоромд дэлхий түүнийг тэнхлэгээрээ эргэхдээ зүүн зүгт 800 м, харин нарыг тойрч эргэхдээ баруун зүгт 64 км аваад нисчихснийг хэн ч мэдээгүй. Хүү гадна харагдахдаа хагас метр орчим шидэгдсэн ч бүтэн огторгуй ертөнцөд галактикийн 500-аад км газрыг туулсан юм.

Харин галактикт энэ явдал хамаагүй. Хичнээн их орилсон ч тэр ээжийн дуу тэр гудамжнаас цааш хэтрээгүй. Ганцхан блокийн цаана алхаж байсан надад хүртэл тэр дуу хүрсэнгүй. Тэр эхийн чарлаан, хүмүүсийн бужигнаан ердөө л тэр гудамжинд үргэлжлээд дэлхий ертөнцийн гаднах огторгуйд харин анир чимээгүй байсаар байв.

Нэг удаа Хятад улсад нэгэн од дэлбэрэхийг 1054 онд тэмдэглэж үлдээсэн гэсэн мэдээг уншиж байсан юм. Хэдэн долоо хоногийн турш тэр од дэлхийгээс харахад Сугар гарагаас ч илүү тодоор асч бадарсан гэдэг. Бүр гэгээн цагаан өдрөөр хүртэл дэлбэрэлтийг ажиглаж болж байсан ба түүнээс хойш 900 жилийн дараа буюу өнөөдөр ч энэ одны дэлбэрэлт үргэлжилсээр л байна. Үүнтэй адилхан хэдэн арав, зуу, сая жил үргэлжлэх асар том дэлбэрэлтүүд галактикт үргэлж болдог. Тэрбум тэрбум одод бутарч унана. Дурангаар дээш харж тэдгээрийг ажиглавал өөрийн эрхгүй чихний хамгаалалт зүүмээр санагдах юм. Тийм хүчтэй дэлбэрэлтүүд дэлхий гэдэг жижигхэн гариг дээрээс харахад хүртэл тийм л сүрдмээр. Харин дурангаа аваад чих тавин сонсвол юу ч сонсогдохгүй анир чимээгүй. Тэд зүгээр л чимээгүй дэлбэрнэ.

Би хааяа бодох юм. Яагаад бид өөрсдийгөө дэлхийн төв гэж боддог юм бол оо. Тэртээ алсад хэдэн тэрбум км-ийн цаана одод дэлбэрч, нийлж, дэлхий биш дэлхийгээс ч том нар үүсч бас мөхөж, гэрэлтэж бас унтарч, нартай өдөр хүртэл хүний нүдэнд харагдахаар тод асч байна. Хэдэн сая км-ийн цаанаас бидэнд харагдаж байна шүү дээ. Гэхдээ тэр бүгд чимээгүй л болж өнгөрдөг. Дээш агаарт шидэгдсэн тэр хүү газарт унахад хүмүүс бужигнаж 10 гаруй минут шуугилдсан. Түргэн дуудах нь дуудаж, эхийг нь тайвшруулах нь тайвшруулна. Харин хэдхэн хормын дараа Бийкон гудамжинд сүлжилдэх машинууд эргээд хөдөлгөөнд орж, нар манддагаараа мандаж, сар гардгаараа гарсан.

Энэ дэлхий дээрх бидний оршихуй дэндүү өчүүхэн жижиг юм л даа. Галактикийн тэрхүү том дэлбэрэлтүүд хүртэл бидний сонорт хүрэхээр их дууг үүсгэж чадахгүй байна.

Асуудал хүн бүрт тулгарах ч жижиг гэлтгүй юм болгоныг сүртэй болгох хүмүүс их олон. Жишээ нь би л гэхэд өчигдөрхөн блогоо бичээд сууж байхдаа зөөврийн компьютерийнхээ цэнэглэгчийг эвдэрснийг бараг унтрах гэж байхад нь мэдсэн. Тэгээд яах билээ? Орой нь бичиж дуусгана гэсэн амлалтаасаа ухрах болсондоо жаахан ундууцсан л даа. Ийм зүйлс хааяа ар араасаа тохиолддогсон. Утас эвдэрчихнэ, гэрийнхээ түлхүүрийг мартчихна, хичээлдээ хоцорно, гараа хугална, ер нь амьдрал яасан хүний зовлонд ханаж цаддаггүй юм бэ гэж өөрийн эрхгүй бодогдоно. Гэхдээ байна аа, тэр алсад чи хэчнээн ориллоо ч галактик чамайг сонсохгүй. Энэ л чин үнэн юм шүү дээ.

Бидэнд гуравдагч ертөнцийн асуудлууд их байна. Хаа нэгтээ цэвэр усгүй үхэж байгаа ард түмэн байхад бас хаа нэгтээ өрөөнийх нь интернет хангалттай хурдан биш байгаад бухимддаг хүн ч бас бий. Дэлхийн дулаарал дэлхийн өнцөг булан бүрт хамаатай учраас л дэлхийн асуудал болсон юм. Бусдыг нь бид орон нутгийн, мужийн, бүс нутгийн гэх мэтээр ангилаад явна. Найз минь надад ингэж хэлж байсан юм. Дээр үед эртний Ром улсад ихэс дээдэс хүмүүс л өнөөдөр бидний аль ч дэлгүүрт ороод авах боломжтой хиамыг иддэг байсан байх. Тэр хиамыг хүн болгоны хүртээл болгох гэж хэдэн зуун жил зарцуулагдсан байна. Тэгтэл чиний өнөөдөр ярьж байгаа асуудал дэргэд нь юу юм бэ?

Таны асуудал галактикийн дэргэд нээрээ л юу юм бэ? Бодох л ёстой асуудал. Бодоод эхэлвэл шантрах, цөхрөх, стрессдэх талаар бодоод ч хэрэггүй. Тэр бүгд бидний байгаа асуудлыг байгаагаас нь том болгож харсантай л холбоотой бидний тархинд байдаг хий номлогчид.


Ухаарлын 7 хоногийн 11-р сарын хуваарь 2 дахь долоо хоног тутмын Даваа гариг.

#39 | ПОДКАСТ | "Монгол Бахархлын Өдөр" Зочин: П. Дэлгэржаргал

#39 | ПОДКАСТ | "Монгол Бахархлын Өдөр" Зочин: П. Дэлгэржаргал

#37 | Нэг жилийн ойн блог

#37 | Нэг жилийн ойн блог