Байнгын уншигч болохыг хүсвэл хуудасны доор байрлах бүртгүүлэх хэсэгт имейл хаягаа үлдээгээрэй!

Таалагдсан бол share хийж бусаддаа түгээхээ бүү мартаарай.

#37 | Нэг жилийн ойн блог

#37 | Нэг жилийн ойн блог

2018 оны 10 сарын 14-ний энэхүү өдөр Ухаарлын 7 хоногийн 1 жилийн ой тохиож байна. Ямар сайхан байна вэ? Анх блогоо бичиж эхлэхдээ блогийг минь уншдаг ганц ч гэсэн байнгын уншигч байх аваас би үргэлжлүүлэн бичсээр байх болно гэж дотроо амлалт өгөөд эхлүүлсэн юм. Одоо эргээд харахад сүүлийн 365 хоногт шинээр нэг байтугай уншигчидтай болж, нөгөө талаар зарим уншигчдаа алдсан гайхалтай он жил өнгөрсөн нь миний хувьд “Ухаарлын жил” байлаа.

Тоо

“Уншигчдын тоо хэд байна даа?” гэдэг асуулт надад их ирдэг. Тооны араас хөөцөлдөх дэндүү амархан мөртлөө дотоод хүн, хүсэл мөрөөдлийг чинь уландаа гишгүүлж чадах хүчтэй зүйл юм билээ. Хэзээ ч тооны араас битгий хөөцөлд, учир нь тоо бол хэзээ ч дуусах боломжгүй хязгааргүй зүйл юм. Үүнийг ухаартугай. Уншигчдын тоо өсөх бүрт баярлаж, урам зориг авч байсан даа эхлээд. Хамгийн эхний блог “Аав юу захив” нэг дэх долоо хоногтоо 27 хүний хүртээл болж байсныг би тод санадаг. Дараагийн блог 50 хэд, түүний дараагийх 70, 80, 90, 100 болсоор нэг мэдэхэд 2000-д хүрч билээ. Гэхдээ тэр тоо хэсэгхэн хормын дараа тогтуун болж эргээд унаж эхэлсэн нь бичсэн нийтлэлүүдээ эргэн харах, өөрийн бодлыг зөв эсэхэд эргэлзэх, өөрийгөө сайн бичиж байгаа эсэхэд асуулт тавих, эцэст нь хамгийн аймаар зүйл нь өөрийгөө хүмүүст таалагдахгүй зүйл хийгээд байна уу даа гэх түгшүүр төрүүлж эхэлснийг би нуухгүй. Амьдралдаа бодол сэтгэлээ хэзээ ч блог дээрх шигээ нүцгэнээр нь дэлгэж тавьсан удаагүй надад нүүр лүүгээ хэд хэд балбуулсан юм шиг мэдрэмжийг тэр л жижигхэн уншигчдын тоо өгөөд байсан юм шүү дээ. Блог бүр минь сэтгэлээс гарсан миний дотоод ертөнц байсан учраас хүмүүсийн хандлага бүр ч хүндээр тусч байсан. Ер нь долоо хоног бүр нэг зүйлийг тогтмол хийх их хэцүү. Гэхдээ түүнээс ч хэцүү зүйл бол тухайн долоо хоногийн бичих гэж байгаа нийтлэл чинь өнгөрсөн долоо хоногийнхоос бага уншигчтай байхыгаа мэдсээр байж бичих юм. Зөвхөн энэ долоо хоног биш ирэх долоо хоног, түүний дараагийн, бас дараагийн, бас дараагийн, дараагийн долоо хоногуудад үүнээс бүр ч их буурсан үзүүлэлттэй байхыг мэдсээр байж өөрийгөө хүчилж босгоод компьютерийн ард аваачих нь ямар хэцүү гээч. “Би ер нь юугаа л хийгээд байна даа?” гэх асуултыг өөрөөсөө та асууж эхлэх болно. Түүний оронд Эверест рүү авирсан нь хамаагүй амархан санагдана. Зарим нэг хувь хүний хөгжлийн номлогчид хэлдэг дээ. “Өнөөдөр бид өчигдрөөсөө 1% илүү байхад л боллоо. Тэгэж байж хүн хөгжинө.“ Миний хувьд байдал эсрэгээрээ бөгөөд өдрөөс өдөрт гэгээлэг байдал минь хэчнээн их хичээснээс үл хамааран доройтож байлаа. Бодит байдалтай эвлэрч, хүлээн зөвшөөрөх чадварт бид суралцах хэрэгтэй юм байна билээ. Би бусдад таалагдах нийтлэл бичихийг урьтал болгоогүйн төлөө уншигчдын тоо эхлээд буурч байж. Зарим тохиолдолд шүүмжилсэн өнгө аястай бичсэн байгаль орчны асуудлын талаарх нийтлэлүүдийг минь нэлээн хэдэн уншигчид миний дотоод хүн, хувийн зан чанартай шууд холбож ойлгож байсан нь их асуудалтай санагдах болов. “Юм бүхэнд нэлээн шүүмжлэлтэй ханддаг байх аа тийм үү?”, “Өөрөө их хатуу чанга хүн байх тийм үү нийтлэлүүдээс чинь харахад?” гэх мэт коммент үл тасарна. Эцэст нь мэргэжлийн сэтгүүлч дээр очиж бичвэрээ харуулсны дараа шүүмжлэлтэй бичих зөв эсэхийг асуугаад “Сайн бичиж байна. Шүүмжлэлтэй бичихгүй бол хэн тэнд асуудал байгааг мэдэх юм? Сэтгүүлчид бүгд л тэгэж бичдэг юм” гэдэг үгийг сонсож эргэлзээгээ нэг тайлав.

Түүний дараа нь блогийн мөн чанар буюу миний бодол чухал уу, эсвэл хүн бүрийн унших дуртай сэдвээр бичиж илүү олон хүнд хүртээх нь илүү чухал уу гэдэг асуулт өмнө минь гарч ирсэн. Одоо эргээд харахад алийг нь сонгох нь ойлгомжтой харагдаж байгаа ч асуудал өмнө чинь тулж ирэхэд сонголт тийм ч ойлгомжтой биш байдаг юм шүү. Үүний талаар зүгээр л бодохын тулд бүтэн нэг сарын турш блогоо завсарлах шаардлагатай болсон. Тэгээд юуг олж мэдсэн бэ? Өөртөө өгсөн анхныхаа амлалтыг мартаад блогоо хүн бүрийн хүртээл болгохыг хүсч, кока кола шиг нийтийн бүтээгдэхүүнтэй зүйрлэж доош хийсэн нь миний өөрөө өөртөө өгсөн хамгийн том доромжлол байсан. Миний найзын хэлдгээр “Чиний блог бол олон нийтийн бараа биш. Чи төгөлдөр хуур худалдаалдаг хөгжимчин хүн төгөлдөр хуураа кока кола шиг их тоогоор зарж байсныг хэзээ харсан юм? Чи төгөлдөр хуур тоглохоо болиод коланы наймаачин болох гээ юу” гэдэг үг намайг бодит байдалтай нүүр тулж, өөрөө өөрийнхөө мөн чанарыг хүлээн зөвшөөрөхөд томоохон түлхэц болжээ. Баярлалаа!

Энэ бүхэн хувь хүний өөрийгөө хайрлах, өмгөөлөх, хамгаалалттай байх чадваруудыг минь хурцалж өглөө. Өөртөө бухимдаж явахдаа “Бусдад хэрэгтэй зүйл хийхийн төлөө биш дуртай зүйлээ хийж амьдар. Тэр дуртай зүйл чинь тохиолдлоор бусдад хэрэгтэй зүйл байж болно. Тэгэж байж л бусдад тэр зүйл хэрэггүй болох цагт чи ядаж хийх зүйлтэй үлдэнэ” гэдэг үгийг өөртөө зориулж бичиж байсан юм.

Бид чадлаа

Бид чадлаа шүү дээ, Ухаарлын 7 хоногийнхоон! Нэг сайхан зүйл хэлэхэд нэг дор бөөндөж биш, долоо хоногийн 5-10 хан минутыг долоо хоног бүр уншихад зарцуулна гэдэг бас хэцүү зүйл юм шүү дээ. Миний нэг нийтлэл дунджаар 3 хуудас болдог юм. Үнэтэй цагаа нийтлэлийг минь уншихад зарцуулна гэдэг миний хувьд томоохон хүндлэл билээ. Түүн дээр нэмээд сэтгэгдлээ хуваалцдаг уншигчиддаа тусгай талархал илэрхийлмээр байна. Хүнд өгч болох хамгийн сайхан бэлэг бол урам юм шүү. Та нартаа баярлалаа!


10-р сарын хуваарь: 2 долоо хоног бүрийн даваа гариг.

#38 | Анир

#38 | Анир

#36 | Үхлийн жор

#36 | Үхлийн жор