Бидний тухай

Энэхүү блогийг бүтээгчид:

 

_MG_0614.jpg

Автор Д.Дэлгэрзаяа:

Ухаарлын 7 хоног блогийг санаачлагч.

Вашингтоны Их Сургуулийн оюутан

Байгаль орчин, эдийн засаг хавсарсан мэргэжлээр суралцдаг.

Энэхүү блог дээр бичигдсэн ширхэг үг бүр миний бодлоос урган гарсан бөгөөд миний оюуны өмч болно. Хуулбарлах шаардлагатай тохиолдолд эх сурвалжийг заавал дурьдах хэрэгтэйг хатуу сануулъя.

IMG_4271.jpg

Фото зурагчин Б.Хангай

Ухаарлын 7 хоног блогт зориулан тусгайлан зураг авдаг.

АНУ-ын Вашингтон мужид дижитал кино зураглаач мэргэжлээр суралцсан.

Блогийн ихэнх зургуудын эрхийг эзэмшинэ.

Монгол улсад “The Mongolian Connection” киноны туслах зураглаачаар ажилласан (Киноны нээлт 2018.10.05)

14290046_1097854696968786_6814562085947865981_o.jpg

Лого бүтээгч Б.Өлзийбат

Өлзийбат буюу ЗБ нь Ухаарлын 7 хоног блогийн логог анх бүтээсэн. Уг лого блогийн зураг болгон дээр тамга хэлбэрээр байрладаг.

Дижитал зураг эвлүүлэх нь түүний зөвхөн хобби бөгөөд тэрээр ХХБ-нд менежерээр ажилладаг.

Уг лого түүний оюуны өмч бөгөөд хуулбарлахыг хатуу хориглоно.


Өмнөх үг

“7 тэрбум хүнтэй дэлхийд хүн хүнээр дутна. Ярилцах хүнээр дутна. Би мэдрэмжийн талаар яриагүй байна. Би бодлын талаар ярьж байна. Хэн нэгний бодлыг сонсож, өөрийн бодлыг хуваалцах хүнээр дутна. Жижиг сажиг ярианууд бүгд алга болоосой. “Юу байна” гэдэг асуулт “Тайван даа” гэдэг хариулттайгаа далд ороосой.”
— Д. Дэлгэрзаяа

Би мэдрэмжиндээ тулгуурлан бичдэг. Юу ч мэдрэхгүйгээр бичсэн өгүүллэг энэ блог дунд нэг ч байхгүй. Бодлогоширч бодлогоширч, гуниж гуниж, дараа нь баярлаж, тэгээд бичих үедээ уйлж бичсэн бичвэрүүд цөөнгүй. Тэгэж байж үг хурц, өгүүллэг хэлэх гээд байгаа утгаа бүрэн олдог юм шиг санагдана. Өгүүллэг бүр хэдийгээр мэдрэмжээс урган гарсан ч тэдний өгүүлэх зүйлс мэдрэмж биш, харин бодол. Шулуухан хэлэхэд би мэдрэмжийнхээ талаар хуваалцаад байх дуртай хүн биш. Өдийг хүртэл бичсэн өгүүллэгүүд дундаас “Наоми”, “Эргэх цэг” өгүүллэгээс өөр өгүүллэгт мэдрэмжийнхээ талаар бичээгүй болно.

Блогийн гол зорилго бол хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа цаг гарган боддоггүй зүйлсийг гарган ирж бичихэд оршино. Энэ нь уг блог олон төрлийн чөлөөт сэдвүүдээс бүтэж болно гэсэн үг юм. Гэвч блог маань цор ганцхан зохиолчтой учир бичих сэдвийн хүрээ зохиолчийн тоо болон түүний сонирхлын цар хүрээг дагаад харьцангуй давчуу болно. Бусадтай нэгэн адилаар миний бичих зүйлс миний цаг гарган хийдэг зүйлсээс шууд хамааралтай байх билээ. Жишээ нь цэцэгчин бүсгүй хүн компьютерийн талаар ярихаас илүүтэйгээр цэцэгсийн гоо үзэсгэлэн, түүний үр ашгийн тухай ярих нь их байх биз. Нөгөө талаараа цэцэг тухайн эмэгтэйд баяр баясал бэлэглэдэг эсвэл түүний амьдралд ямар нэгэн ач холбогдолтой, өөрөөр хэлбэл үнэ цэнтэй учраас л уг эмэгтэй анхнаасаа цэцэг тарих сонголтыг хийж буй хэрэг. Би өөрийн үнэ цэний дагуу бичих сонголтыг хийсэн нь чухамдаа ийм л шалтгаантай. Мөн энэ бичвэрүүд миний үнэ цэнийхээ төлөө хийж буй нэгэн алхам гэж итгэж байна. Иймд блогийн жанжин шугам нь байгаль орчин, эдийн засгийн асуудлууд болно.

Блогийн маань гол элемент бол эргэцүүлэл хэлбэрийн бичвэрүүд. Энэ блог бол статистик мэдээ хүргэх мэдээний вэбсайт бус харин танин мэдэхүй, эргэцүүллийг фактанд тулгуурлан хүргэх боловсролын шинж чанартай. Эргэцүүлэл хэдий бодит баримтан дээрээс үүсч бий болдог ч дан ганцаараа баримт бол түүхий мэдээ юм. Харин олон салаа мэдээг хооронд нь харьцуулан, шүүлт хийсний дараа дүгнэлт хийсэн бол түүнийг сая эргэцүүлэл боллоо гэж хэлж болох юм. Миний дүгнэлт хэр оновчтой болохыг харин уншигчдын мэдэлд үлдээе.

Дээрх хоёр цогцолборыг уншиж үзсэний дараа энэ блогийн бичээчийн хувьд би хүн болгоны зүрхэнд ойр асуудлын тухай ярихгүй гэдэг нь ойлгомжтой болж байгаа биз. Энэ блог нь гагцхүү юу нь асуудал болоод байгааг, яагаад бид түүнийг өдөр тутамдаа эргэцүүлж боддоггүйг, яагаад цаашид үл ойшоож болохгүйг таниулах боловсролын шинж чанартай болохоос биш хүн болгоныг аль хэдийнэ шаналгаж байгаа асуудлыг яагаад шийдэх ёстой талаар нурших учиргүй. Мөн энэ блог ямар ч асуудалд практик шийдэл дэвшүүлэх зорилгогүй болно. Хэрэв би шийдлийг нь олж мэдээд түүнийг хэрэгжүүлэх хүчтэй нэгэн бол энд бичиж суухын оронд шийдлээ хэрэгжүүлэхэд цагаа зарцуулах байсан биз. Тиймээс олон асуудлын талаар, тэр дундаа хэчнээн байгаль орчинтой холбоотой байсан ч Улаанбаатарын агаарын бохирдлын асуудлын талаар, уг асуудлыг бусдаас өөр өнцгөөс харах хүртлээ, эсвэл хүмүүсийн үнэхээр мэдэх ёстой нэг зүйл гарч ирэх хүртэл энэ блогт магадгүй юу ч бичигдэхгүй байх. Ядуу хороололд өссөн хүнд ядуу байх ямар хэцүү байдгийг дахин сургах шаардлагагүй.

Блог бол миний өөрийн хөдөлмөр, гаргасан санаа, урласан зохиол. Би хорвоод үнэн байгаасай гэж хүссэн зүйлээ л дүрсэлж бичдэг ч тэр бүр миний туулж, амьдралаараа үзсэн туршлага минь биш.

Блогийн фото зурагчин Б. Хангай  Instagram @hann.bold

Блогийн фото зурагчин Б. Хангай

Instagram @hann.bold